| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/01775/И |
| Дугаар | 101/ШШ2020/01841 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2020/01841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Б
Хариуцагч: Т.Э
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т.Э т 5,000,000 төгрөг зээлдүүлээд одоог хүртэл авч чадахгүй байна.
Т.Э нь миний нөхрийн холын хамаатан бөгөөд надтай холбогдоод байрны урьдчилгаа захиалга өгөх гэсэн юм, 2 сарын дараа удаахгүй өгье гэж хэлээд авсан бөгөөд гэрээг бичгээр хийгээгүй, хүү, алданги тооцох тохиролцоо байхгүй. Зээлсэн мөнгөө шаардаж гар утас руу нь олон удаа ярихад удахгүй тэтгэвэрт гараад мөнгөтэй болоод өгье гэх зэргээр худлаа ярьж, сүүлдээ утсаа авалгүй таслаж, ажил дээр нь очиход тэтгэвэрт гарсан байсан.
Иймд Т.Э ээс 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан харуй тайлбартаа: Би, өөрийн нөхөр Сүрэн овогтой Сүхбаатарын том эгч С.С*******ийн нөхөр байсан Г.А*******ын төрсөн дүү Г.Б*******аас 2018 оны 9 дүгээр сард утсаар ярьж, байрны урьдчилгаа өгөхөд мөнгөний туслалцаа өгөөч, тэтгэвэртээ гараад тэтгэвэрээ аваад өгнө гэж хэлсэн. 3 хонгийн дараа Г.Б******* өөрөө яриад, танд хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэж асуухад, би өөрөө дараа нь төлөх боломжоо бодож 5,000,000 төгрөг өгөөч гэж хэлэхэд Г.Б******* ажил дээр ирээд ав гэсэн. Би ажлыг нь мэдэхгүй гэхэд дансаа өг гээд шилжүүлсэн юм. Энэ үед би Хавдар судлалын үндэсний төвийн туяаны тасагт туяаны техникчээр ажиллаж байсан.
Ш.Бтай утсаа ярьж мөнгө гуйгаагүй, мөнгө аваагүй. Харин Г.Б*******ыг багын сайн мэдэх би ч гэсэн ах дүү хамаатан саданд нь өвчин зовлон тохиолдсон үед нь чадах чинээгээрээ тус дэмжлэг болж байсныг бодоод надад итгээд мөнгө зээлдүүлсэнд нь баярладаг.
Би уг нь 2019 оны 10 дугаар сард төлөх боломжтой байсан боловч манай нөхөр зүрхний шигдээсээр өвдөж 10, 12, 01 дүгээр саруудад зүрх судасны хагалгаанд орж, 4 сар гаран 3 дугаар эмнэлэг, 1 дүгээр эмнэлгээр явж, одоо зүрхний эмчийн хяналтад байдаг. Одоо нөхөр бид хоёр тэтгэврийн зээлтэй, 2021 оноос дуусах тул дараа нь зохих журмын дагуу төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Т.Э т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Ш.Бтай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлдүүлсэн хүндээ төлнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ш.Бгийн эзэмшдэг Хаан банк дахь ******* дугаартай данснаас ******* дугаартай данс руу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хамаатны хүн Г.Б*******аас 5,000,000 төгрөгийг зээлэхээр хэлэлцэн тохиролцож, 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, тэтгэврийн зээлээ 2021 онд төлж дуусгаад уг 5,000,000 төгрөгийн зээлийг төлөх тухай хариуцагчийн хариу тайлбар, Г.Б*******, Ш.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд, Ш.Бтай зээлийн гэрээ байгуулаагүй тул төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч Т.Э нь Г.Б******* болон түүний эхнэр Ш.Б нараас 5,000,000 төгрөг зээлэхээр харилцан тохиролцсон, улмаар хүссэн 5,000,000 төгрөгийн зээлийг авсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.
Дээр дурьдсанаар талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.
Зээл буцааж төлөх хугацааг нэхэмжлэгч нь 2 сар, хариуцагч нь тэтгэвэрт гарахаараа өгнө хэмээн харилцан адилгүй тайлбарлаж байх тул зээлийг буцааж төлөх хугацааг талууд тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч Т.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд тухайлан заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Т.Э ээс 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э ээс улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА