Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/01856

 

 

 

 

 

 

   2020        05         22                                     101/ШШ2020/01856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХЗХ

 

Хариуцагч: Л.Э

 

409,753.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Давааням, хариуцагч Л.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ нь Монгол Улсад аж ахуйн нэгж, иргэд харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргаж, Харилцаа холбооны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм.

Иргэн Л.Э  нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороотой 450/R/INQ350 тоот тусгай дугаар ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулан, тусгай дугаар ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшин ажилласан байдаг. Гэтээний дагуу Л.Э  нь тусгай зөвшөөрлийн төлбөрт 409,753.42 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Би 1900-1975 тусгай дугаарыг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажиллуулсан. Энэ хугацааны тусгай дугаарын төлбөрийг зохих ёсоор төлсөн. Харин 2016 ноы 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ашиглаагүй. Гэтэл нэхэмжлэгчээс ашиглаагүй үеийн зохицуулалтын хураамжийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр гэрээг 2 жилээр байгуулсан ч ашиг орлогогүй байсан тул 1 жил ажиллуулж үзсэний дараа гэрээг цуцлуулах хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан. Учир нь тусгай дугаарын олсон ашгийн 40 хувийг Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл зэрэг компаниудад өгдгөөс дугаараа хаахаас аргагүй байдалд хүрсэн юм.

Мөн 2016 оны зохицуулалтын хураамжийн асуудал яригдаж байгаа тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ нь хариуцагч Л.Э д холбогдуулан, “Тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний үүрэгт 409,753.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 450/R/INQ350 дугаартай, “Тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, 1-900-1975 тусгай дугаарыг иргэн Л.Э  2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд ашиглахаар харилцан тохиролцжээ.

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлөх төлбөр 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацааны төлбөрийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь тухайн дугаарыг гэрээ байгуулснаасаа хойш нэг жилийн хугацаанд ашигласан тул шаардаж буй хугацааны төлбөрийг төлөхгүй хэмээн маргасан.

450/R/INQ350 дугаартай, “Тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тусгай дугаар эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд заасны дагуу тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсийг Зохицуулах хорооны Голомт банк дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор багтаан төлнө” хэмээн тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг тодорхой тусгажээ.

Гэрээний дээрх заалтыг баримтлан төлбөр төлөх хугацааг тооцоход, 2016-2017 онд хамаарах төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор багтаан төлбөр төлөх үүргийг хариуцагч хүлээнэ.

Нэхэмжлэгч нь дээр дурьдсан төлбөр төлөх хугацаанаас хойш үйлчилгээний хөлсийг хариуцагчаас шаардаж байсан эсэхээ нотлоогүй бөгөөд энэхүү 409,753.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Дээр дурьдсан хугацааг тооцоход, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, гурван жилийн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Л.Э гаас 409,753.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.УНДРАА