| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/01938/И |
| Дугаар | 101/ШШ2020/01891 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2020/01891
2020 05 25 101/ШШ2020/01891
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба
Хариуцагч: “ХЯ” ХХК
“Гэрээний үүрэг хангуулж, 12,105,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Саранцэцэг, Ө.Содов, хариуцагчийн төлөөлөгч Н.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2008 оны 02 дугаар сард “ХЯ” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 19 дугаартай “Эрх олгох тухай” 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 23 дугаартай захирамжаар 1,5 га газрыг худалдаа, үйлчилгээ, агуулахын барилга байгууламжийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 08/14 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ” 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 42 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.
Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй” үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. “Алтанбулаг” чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “ХЯ” ХХК-иас “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.5-д Газрын төлбөрийг ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуй нэгж нь зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 2,120,000 төгрөг, 2010 онд 2,520,000 төгрөг, 2011 онд 2,520,000 төгрөг 2012 онд 2,520,000 төгрөг, 2013 онд 2,425,000 төгрөг нийт 12,105,000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлттэй байна. “ХЯ” ХХК-нь “Газрын тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийн тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийг бүрэн төлөх үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч “ХЯ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс орны эдийн засгийг нээлттэй хөгжүүлэх Чөлөөт бүсийн үйл ажиллагаа гэдэг нэрээр явсан. 2007 онд “ХЯ” ХХК-ийг Алтанбулагийн чөлөөт бүсэд очиж ажиллахаар байгуулсан. Эхнэр бид Орос улсад сургууль төгссөн тиймээс ажиллах боломжтой гэж үзсэн. Компаниа байгуулаад Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллаж эхлэхээр очиж уулзахад эхний 3 жил татваргүй, дэл бүтэц байгуулагдаад ажил эхэлнэ гэж ойлгоод гэрээ байгуулсан. Ажлаа эхлэхийн тулд бетон зуурагч, портер машин зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч нэлээн бэлтгэл хангасан. Дөнгөж компани байгуулж эхэлж байгаа учраас хөрөнгө байгаагүй блокоо цохиод барилга баригдаж эхэлнэ гэж ойлгосон. Барилга хөгжлийн төвөөс 5 давхар барилга барих зөвшөөрөл авсан. Жил бүр хойшоо явж байсан уулзалтад орж Алтанбулагийн чөлөөт бүсийг сонирхохоор ирсэн хүмүүсийг дагуулж үзүүлдэг байсан. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зөвшөөрөл авсан. Ажилдаа нэлээн бэлдсэн. Жил бүр очиход ямар ч ажил эхлээгүй усгүй, тоггүй байдаг. Алтанбулаг чөлөөт бүсэд жил бүр албан бичиг хүргүүлдэг байсан. Албан бичигтээ чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ, эхний 3 жил татваргүй гэсэн яасан бэ, хөрөнгө оруулагч нартай уулзах уу, хөрөнгө оруулагч нартай уулзахдаа чөлөөт бүсийн удирдлагууд чөдөр тушаа болж мөнгө нэхэхээс өөр ажил хийхгүй байгаа тухай сануулах зэрэг зүйлс байна та бүхэн ажлаа эхэлнэ үү гэсэн 2011 оны бичиг Алтанбулаг чөлөөт бүсийн архиваас олдсон. Алтанбулаг чөлөөт бүсэд 2 удаа төсөл хийж хүргүүлсэн. 6 төрлийн барилга барих өргөн мөрөөдөлтэй байсан. ажлаа эхлүүлэх гэж очоод тоггүй, усгүй майханд амьдарч байгаад ирсэн. 2014 оны 06 сард нээгээд 2014 оны 07 сард манай эрхийг хассан. Заргалдаад төсөл өгөөд хариу ирдэггүй. Эрхээ сэргээлгэж чадаагүй. 2013 оноос хойш х тайлан гаргадаг болсон. Өнөөдрийг хүртэл нэг ч гүйлгээ хийгээгүй. Гэрээний 3.1-т дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, 3.2-т хөрөнгө оруулалт ажил саадгүй явагдах эрх зүйн нөхцөлийг хангана гэж заасан. Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын эрх зүйн нөхцөл бүрдээгүй. Эхнэр бид 2 тэтгэвэрт гарсан. 2014 онд тухайн үед нь нэхэмжлээгүй байж одоо нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь “ХЯ” ХХК-д холбогдуулан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүрэгт 12,105,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг нэхэмжлэгч тал олгоогүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын эрх зүйн нөхцлийг бүрдээгүй атлаа хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай “Эрх олгох тухай” захирамжаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар хүсэлт гаргасан “ХЯ” ХХК-тай хөрөнгө оруулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, бүртгэлийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх олгож, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар, “Алтан булаг” худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, худалдаа үйлчилгээний барилга байгууламж барьхад зориулан “ХЯ” ХХК-д 1,5 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
Улмаар дээрх захирамжуудыг үндэслэн мөн оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08/14 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр 42 дугаартай “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г талууд байгуулсан байх бөгөөд дээрх гэрээнүүд нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаартай захирамжаар “...газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй” үндэслэлээр “Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээ”-г цуцалжээ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээг цуцалснаас хойш “ХЯ” ХХК-иас газрын төлбөр нэхэмжилсэн, шаардаж байсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргаж байгаагүй нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасныг баримтлан, хариуцагч “ХЯ” ХХК-иас “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүрэгт 12,105,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн “Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийг бүрэн төлөх үндэслэлтэй” хэмээн шаардсан.
Гэвч нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулиар зохицуулагдсан татварыг бус Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зохицуулсан Чөлөөт бүсийн аж ахуйн үйл ажиллагааны орлого буюу мөн хуулийн 19.1.3-т заасан газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй тул Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй хэмээн шаардах эрхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “ХЯ” ХХК-д холбогдох, “Газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 12,105,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА