| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/01940/И |
| Дугаар | 101/ШШ2020/01892 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2020/01892
2020 05 25 101/ШШ2020/01892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ТН” СӨХ
Хариуцагч: Г.У
593,354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ТН” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор СӨХ-ны төлбөрийг хог 2800 төгрөг, лифт 4000 төгрөг, цэвэрлэгээ 3500 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ м.кв нь 200 төгрөг, дундын гэрэл 1000 төгрөг байхаар шинэчлэн баталсан. Үүнээс өмнө жижүүрийн төлбөрийг 10,000 төгрөг байсныг уг тогтоолоор 5,000 төгрөг болгон бууруулсан. Тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг СӨХ-ны холбоодын дээд зөвлөлөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-нд баталсан жишиг үнийн хамгийн доод хэмжээгээр тогтоож, оршин суугчдаас төлбөрийг авсаар ирсэн.
Гэтэл 36Б байрны 155 тоотод оршин суугч Г.У нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.2, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д заасан СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд сар бүр төлөх ёстой төлбөрөө 2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл нийт 22 сарын хугацаанд төлөөгүй.
Энэ хугацаанд хуримтлагдсан төлбөр 593,354 төгрөгийг хариуцагч Г.У аас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ТН” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Бодын Ганзаяа “ТН” СӨХ-ны удирдах зөвлөлд холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг асуудал нь шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болно.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байгаа тул уг асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТН” СӨХ нь хариуцагч Г.У т холбогдуулан, СӨХ-ны төлбөрт 593,354 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тодорхой тайлбар гаргаагүй ба нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа тусгажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл бий болсон эсэхийг нотлох баримтгүйн дээр СӨХ-ны гүйцэтгэх удирдлага ажлаас чөлөөлөгдсөн тухай хөдөлмөрийн маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа тохиолдол нь СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардал буюу СӨХ-ны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахгүй.
Хариуцагч Г.У нь “ТН” СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, ТН хотхоны 36Б байрны 155 тоот хаягт оршин суугч болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон, тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар талууд маргаагүй тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.
Тус СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тогтоолд зааснаар, харуул хамгаалалт 5000 төгрөг, хог 2800 төгрөг, лифт 4000 төгрөг, цэвэрлэгээ 35000 төгрөг, жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв нь 200 төгрөг, дундын гэрэл 1000 төгрөгийг сууц өмчлөгч нь СӨХ-д төлөхөөр байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 36Б байрны 155 тоот өрхийн СӨХ-ны төлбөрийн жагсаалтаас үзэхэд, 2018 оны 6 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар дуустал хугацаанд төлөх төлбөрийн үлдэгдэл 593,354 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэж нотлоогүй. Өөрөөр хэлбэл, СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын тогтоолоор баталсан төлбөрийг оршин суугчийн өмчилж буй орон сууцны талбай хэмжээ, үйлчилгээнд тооцож гаргасан төлбөрийг хариуцагч үгүйсгээгүй.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.У аас 593,354 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТН” СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,450.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У ас улсын тэмдэгтйн хураамж 18,450.62 төгрөгийг гаргуулж “ТН” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА