| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/00332/И |
| Дугаар | 184/ШШ2020/01578 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2020/01578
2020 05 11 184/ШШ2020/01578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: На ХХК /РД:2897/
Хариуцагч: Ц.Д /РД:222222/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 303 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух На ХХК-ийн захирал Гөрөөчинсэд овогт Насанжаргалын Наран /РД:ТЕ91052619/ нарт холбогдох
На ХХК-д ажил гүйцэтгэсний хөлс болох 14 770 200 төгрөг, хүнээс зээлүүлсэн 2 500 000 төгрөгийн хүү болох 1 050 000 төгрөг, Н.Нараныг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт На ХХК-иас 15 890 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч На ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг бөгөөд 2016 оны 10 дугаар сард хамаатны дүү болох Н.Наран Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Суруга ХХК-ийн барьж байгаа Дөрвөн улирал цэцэрлэг хотхонд гадна фасадны ажил хийх хэрэгтэй байна. Та ажилчдын бригадаа оруулчих, би мөнгийг нь өгнө гэж хэлэхээр нь би түүнд итгэж тухайн хотхоны барилгын заслын ажлыг хийлгэхээр Хойд Солонгосын 25 ажилчидтай бригадаа оруулж ажлыг гүйцэтгэсэн боловч Н.Наран ажилчдын цалинг өгөөгүйн улмаас 2017 оны 7 дугаар сард ажлаа зогсоосон.
Гэтэл 2017 оны 8 дугаар сард Ц.Дар холбогдож Та ажилчиддаа өгөөгүй ажлын хөлсний үлдэгдэл 2 500 000 төгрөгөө өөрөө хүнээс зээлээд ч хамаагүй ажилчдадаа өгөөд, ажлаа үргэлжлүүлээд дуусгаад өгөөч, гүйцэтгэлийн мөнгө орж ирэнгүүт хүнээс зээлсэн 2 500 000 төгрөгийг хүүтэй нь өгнө, мөн таны үлдэгдэл мөнгийг ч өгнө гэж хэлэхээр нь би итгэж 2017 оны 08 сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 08 сарын 02-ны өдөр 500 000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг Э.Мөнхзулаас 8 хувийн хүүтэй зээлж ажилчдадаа өгч, бүх ажлыг нь хийж гүйцэтгэж дуусгаж өгсөн.
2017 оны 11 сард Н.Наран намайг залилан мэхэлж, итгэл эвдэж хохироосон гэж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэст би гомдол гаргасан. Цагдаагийн мөрдөн байцаагчийн байцаалтад Б.Бд ажлын хөлсний үлдэгдэл 14 770 200 төгрөгийг өгөх нь үнэн, мөнгийг нь төлнө гэж мэдүүлсэн байдаг. 2017 оны 12 сарын 04-ны өдөр нотариатч дээр Н.Нарантай хамт ажлын гүйцэтгэлийн тооцоо нийлсэн акт үйлдэж нотариатаар батлуулсан. Ц.Дары эхнэр болох Н.Нандинцэцэг /Н.Наранын эгч/, Ц.Дар нар аав Ч.Насанжаргалын эзэмших эрхийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-26 тоот хаягт байрлах 582 м.кв газрын гэрчилгээг мөнгөө өгөх хүртлээ барьцаа болгон надад үлдээсэн.
2017 оны 9 дүгээр сарын 06-нд Н.Наран, Ц.Дар нар манай гэрт ирж хийсэн ажлын тооцоо бодож, үнийн дүнг бодоход 24 770 200 төгрөгийг ажлын хөлсөнд надад өгөхөөр тооцоо нийлж, Н.Наран, Ц.Дар нар Суруга компаниас мөнгөө авмагц өгнө гэж тохироод явсан. Гэвч Н.Наран Суруга компаниас бүх мөнгөө авсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 25-нд надад Ц.Дараар 10 000 000 төгрөгийг өгүүлж, үлдэгдэл 14 770 200 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй хохироосоор байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Суруга Монгол ХХК-ийн С5 үйлчилгээний барилгын дулаалгын хөөсөнцөр наах, замаск, шавар хийх, зоорийн давхрын дулаалгын хөөсөнцөр наах, шавар хийх гэсэн ажлуудаар Наран тээл ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан.
2016 оны 10 дугаар сараас ажлаа гүйцэтгэж эхлээд, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгасан. Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Би Наран тээл ХХК-ийн захирал Н.Нарантай хамаатан садан хүн учраас түүнтэй итгэлцлийн журмаар гэрээгээ амаар тохиролцож явуулж байсан. Би ажлаа гүйцэтгэх явцдаа гэрээ байгуулъя гэсэн саналыг удаа дараа тавьсан боловч Н.Наран бид хамаатан садан хүмүүс юм чинь заавал гэрээ байгуулах шаардлагагүй. Би ажлынхаа хөлсийг найдвартай өгнө шүү дээ гэж хэлж байсан. Тиймээс гэрээг бичгээр байгуулаагүй юм. Тухайн үед хариуцагч Ц.Дар талбай дээр ерөнхий инженерээр ажиллаж байсан. Би эхлээд балконы хөөсөнцөр наах, шавар хийх ажлыг 1мк-ыг 7 500 төгрөгөөр, цонхны амалгааг 1 метрыг 2 500 төгрөгөөр тохиролцоод хийсэн. Энэ ажлыг 2016 оны 10 дугаар сарын дундуураас 2017 оны 3 дугаар сар хүртэл хийсэн бөгөөд амаар гэрээ байгуулж ажиллахдаа бид ажлаа яг хэдийд дуусна гэж тодорхой цаг хугацааг тохиролцоогүй. 2017 оны 03 сард балконы хөөсөнцөр наах, шавар хийх ажил тэр чигтээ дууссан учраас 2017 оны 3 дугаар сараас зоорийн давхрын 4 метрийн өндөртэй таазан дээр хөөсөнцөр наах, шавар хийх ажлыг эхлүүлсэн. Мөн энэ ажлыг хийх хугацааг тодорхой тохиролцоогүй. Гэтэл захиалагч 2017 оны 04-05 сараас эхлээд ажлын хөлсөө дутуу өгч эхэлсэн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 10 206 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан.
Үнэлгээний хувьд зоорийн давхрын 4 метрийн өндөртэй таазны хөөсөнцөр хийх ажил 4371мкв-ыг 1мкв-ыг 9 200 төгрөгөөр тохироод ажиллаад явж байтал дээврийн давхарт хөөсөнцөр наах, шавар хийх ажил гарч ирсэн бөгөөд уг ажил нь 544 мкв талбайтай 1мкв-ыг 10 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар хариуцагч нь нийт 13 918 000 төгрөг өгөхгүй байсан тул ажилчдаа татаж авсан юм. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилчдаа татсаны дараа монголчуудаар ажлаа хийлгэсэн боловч тэдний хийсэн ажил гологдож, үлдэгдэл зарим ажлыг надаар хийлгэсэн. Энэ ажил нь замаска татах 70 мкв-ыг 3 000 төгрөгөөр нийт 210 000 төгрөг, арзгар хар замаска татах ажил 2 400 мкв-ыг 2000 төгрөгөөр нийт 4 800 000 төгрөг болсон. Ингээд өмнөх гүйцэтгэсэн ажилтайгаа нийлээд нийт 62 163 200 төгрөгийн ажил хийсэн боловч ажлын хөлсөө увуулж, цувуулж авч байсан.
2017 оны 09 сарын 06-ны өдөр Н.Наран Ц.Дар, түүний хүү нар манайд ирээд бид тооцоо нийлэхэд ажлын хөлсний үлдэгдэл 23 810 200 төгрөг байсан. Тооцоо нийлснээс хойш буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл дахин 960 000 төгрөгийн ажил нэмж хийсэн. Ингээд нийт 24 770 200 төгрөгийн тооцоотой үлдсэн. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би Н.Наран луу ажил дууслаа, үлдэгдэл тооцоо чинь 24 770 200 төгрөг байна шүү гээд фэйсбүүк мессенжер явуулсан. Үүний дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 14 770 200 төгрөгийг 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй тул 2017 оны 11 сард Н.Нарантай утсаар ярихад тэрээр би өрөнд орчихсон. Надад мөнгө байхгүй байна. Мөнгөтэй болохоороо өгнө. Одоо надад ямар ч арга алга гэж хэлсэн. Тиймээс би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хүн залилаад ажлынхаа хөлсийг өгөхгүй байна гэж гомдол гаргасан. Н.Наран нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ би Наран тээл ХХК-ийн захирал ажилтай. Б.Бын ажлын хөлсийг 2018 оны 07 дугаар сард Суруга Монгол ХХК-иас үлдэгдэл мөнгөө авахаараа өгнө. Үлдэгдэл төлбөрийнхөө барьцаанд Сонгинохайрхан дүүрэгт байрлах хашааг барьцаанд үлдээсэн гэж хэлсэн байдаг.
2018 оны 06 сард Н.Нарантай дахин утсаар ярихад би 2018 оны 07 дугаар сард үлдэгдэл мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би Н.Нарантай чи үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн яасан бэ. Чи Суруга Монгол ХХК-иас мөнгөө авчихсан байна ш дээ гэхэд Н.Наран Наран тээл ХХК одоо надад хамааралгүй болсон. Ц.Дар гүйцэтгэх захирал болоод жил болж байна. Би өрөнд орчихсон. Одоо наад ажил чинь надад хамаагүй гэж хэлсэн. Үүнээс хойш би Н.Наранын хойноос мөнгөө авах гээд байнгын хэрүүл маргаантай 2 жил явж байна.
Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Наранбаатрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр гэрчийн мэдүүлэг өгч байхад нь уулзаад 14 770 200 төгрөгийн тооцоо нийлсэн акт дээрээ гарын үсэг зуруулаад, нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Мөн Н.Наранбаатрыг эрэн сурвалжилсан 70 200 төгрөг нэхэмжилж байна. 1 050 000 төгрөг яагаад нэхэмжилсэн гэхээр 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаа зогсоохдоо би ажилчиддаа 2 500 000 төгрөгийн ажлын хөлс өгч чадаагүй байсан. Гэтэл Ц.Дар надад Баянаа эгчээ та ажлаа хурдан дуусгаад өгөөч. Н.Наран таныг 2 500 000 төгрөг ажилчиддаа өгч чадаагүй байгаа бол хүүтэй ч хамаагүй зээлээд ажлыг маань явуулаад өгөөч гэж байна. Хүүг нь Н.Наран өөрөө төлнө гэж хэлж байна гэсэн. Тиймээс би 2 500 000 төгрөгийг Мөнхзул гэх хүнээс нэг сарын 8 хувийн хүүтэй зээлж ажилчиддаа цалин болгож тависан юм. Зээлсэн мөнгөний ядаж 50 хувийг олж авья гээд 1 250 000 төгрөг гаргуулна гэж бодсон, Н.Наран нь тооцоо нийлсэн актан дээр 200 000 төгрөгийг төлнө гээд гарын үсэг зурсан байгаа. Тиймээс 1 250 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг хасаад 1 050 000 төгрөгийг нэхэмжилсэн.
2017 оны 10 дугаар сард эхлэсэн балконы дулаалгын ажил дээр маргаан гараагүй бөгөөд 1мкв-г нь 7 500 төгрөгөөр хийсэн. Гэтэл дараа нь яагаад 9 200 төгрөг болгож үнээ нэмсэн бэ гэвэл өмнө нь ханын ажил байсан бол төрөл нь өөрчлөгдөж 4 метр өндөр таазны ажлыг хийх болсон. Энэ ажлыг хийхэд маш хүндрэлтэй байсан учраас үнээ нэмэхээс өөр арга байгаагүй. Мэдээж үнээ тухай бүрт нь тохиролцоод явж байсан. Тухайн үед ийм ажлын хөлс зах зээл дээр 1 мкв нь 15 000-16 000 төгрөгийн ханштай байсан бөгөөд харин ч маш хямдаар хийсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн байдал нь 1мкв ажлыг 9 200 төгрөгөөр хийсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Наран тээл ХХК нь өрөнд орохоороо туслан гүйцэтгэгч намайг хохироож болохгүй. Энэ бол шударга бус тул би гомдолтой байна. Н.Наран Ц.Дар нар ажил гүйцэтгэх явцдаа гүйцэтгэх захирлынхаа ажлыг хоёр биендээ шилжүүлснээ надад мэдэгдээгүй. Мөн хоёулаа хариуцлагаас зугтаж, бултаж байгаад маш их харамсалтай байна. Би ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө аваагүйгээс болоод одоо 30 000 000 гаруй төгрөгийн өрөнд орчихсон явж байна. Би ажлаа хийж байхдаа ямар нэгэн гологдол гаргаагүй. Би маш их гомдолтой байна гэв.
Хариуцагч На ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэгчийг нийт 10 ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Үүнд балконы амалгаа /300 метр х 2 000= 6 000 000/ төгрөг, балконы шавар /60 мкв х 600 000=3 600 000 төгрөг/, тааз, ханын ажил /4 778 мкв х 7 500=35 835 000 төгрөг/, дээврийн ажил /40 мкв х 10 000=400 000 төгрөг/, дээврийн яндан /51мкв х 7 500=382 500 төгрөг/, хөөсөнцөр тогтоох /70 мкв х 3 000=210 000 төгрөг/, балконы арзгар татах /2 400 мкв х 2 000=4 800 000 төгрөг/, цонхны амалгаа /28 метр х 2 500=70 000 төгрөг/, зоорийн давхрын гадна хана /404 мкв х 7 500=3 030 000 төгрөг/, дээврийн цонхын амалгаа /66 метр х 2 500=165 000 төгрөг/ нийт 54 492 500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Нэхэмжлэгчийн өөрийх нь гаргасан тооцоолол дээрээс үзэхэд 2 500 000 төгрөг зээлж авсны хүү 2 000 000 төгрөгийг нэмээд 63 323 200 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж оруулсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээ тайлбарлахдаа шаврын ажлыг 7 500 төгрөгөөр хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч явцын дунд өөрөө дур мэдэн 9 200 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Үүний дараа цагдаад гомдол гаргаж, Наран тээл ХХК-ийн захирал Н.Нараныг айлгах сүрдүүлж 9 200 төгрөгөөр ажил гүйцэтгэсэн гэж бичсэн тооцоо нийлсэн актан дээрээ гарын үсэг зуруулсан. Тухайн үед Н.Наран айсан байсан учраас үнийн дүнг харалгүй гарын үсэг зурсан. Яг аман гэрээг нь нягтлаад үзвэл нэхэмжлэгч нь өөрөө 7 500 төгрөгөөр ажлаа гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн явцын дунд буюу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа зогсоосон гэдгээ ч хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн ажиллуулж байсан ажилчид нь бичиг баримтын зөрчилтэй, ажлаа хаяад явчихдаг хүмүүс байсан. Үүнээс болоод Наран тээл ХХК нь маш их хохирсон. Нэхэмжлэгч нь нийт 54 492 500 төгрөгийн ажил гүйцэтгэж, 48 551 000 төгрөгийг ажлын хөлсөндөө авсан бөгөөд 5 941 500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Тиймээс үлдэгдэл төлбөр болох 5,941,500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т заасны дагуу анх тохиролцсон ажлын хөлс 7 500 төгрөгөө үндэслэлгүй нэмсэн тул өмнөх үнэлгээгээр тооцоод үлдэгдэл төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага нь маш тодорхой бус байсан. Үүнээс болж улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байсныг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Нэгэнт Наран тээл ХХК нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаж байсан учраас шүүхийн шийдвэрээр гаргасан төлбөрийг төлөх болно. Харин нэхэмжлэгч ажлын хөлсөө 9 200 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь На ХХК-д ажил гүйцэтгэсний хөлс 14 770 200 төгрөг, хүнээс зээлүүлсэн 2 500 000 төгрөгийн хүү 1 050 000 төгрөг, Н.Нараныг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт На ХХК-иас 15 890 400 төгрөг гаргуулах-аар шаардсаныг
На ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд ажлын хөлс 5 941 500 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргана.
Шүүхээс тус хэрэгт 2020 оны 01 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч, хариуцагч Ц.Дары итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наран шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул албадан ирүүлэх захирамжийн дагуу /хх-39/, 2020 оны 02 сарын 14-ний өдөр шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж 2020 оны 02 сарын 28-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэхээр тогтоосон /хх-43/ боловч тогтсон хугацаанд тайлбар ирүүлээгүй байна.
Хариуцагч, хариуцагч Ц.Дары итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарант 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг 2020 оны 04 сарын 10-ны өдөр хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн /хх-88/ боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, 2020 оны 05 сарын 04-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч На ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд нь Н.Нарант утсаар хэлсэн /хх-107/, 2020 оны 05 сарын 11-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 2020 оны 05 сарын 06-ны өдөр утсаар /хх-113/ тус тус мэдэгджээ.
Үүнээс дүгнэхэд нэг талаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наран нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, зайлсхийсэн нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх ... үүргээ зөрчсөн тул 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд ... хэргийг хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахаа шийдвэрлэж На ХХК, Ц.Дар, Н.Наран нарыг хариуцагчаар татжээ. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг На ХХК, түүнийг төлөөлж захирал Н.Нарантай амаар байгуулсан, ажил гүйцэтгэж байх үед хариуцагч Ц.Дар талбайн ерөнхий инженерээр ажиллаж байсан, Н.Наран, Ц.Дар нар На ХХК-ийн захирлаар ээлжлэн ажиллаж байсан, энэ тухайгаа надад хэлээгүй гэж тайлбар гаргасныг хариуцагч няцаахгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар На ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирлаар 2007 оны 02 сарын 01-ний өдрөөс Ч.Насанжаргал, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс Н.Наран, 2017 оны 06 сарын 08-ны өдрөөс Ц.Дар нар тус тус бүртгэгдсэн /хх-51, 99/ байна. Үүнээс дүгнэж үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний хугацаа буюу 2016 оны 10 сараас 2017 оны 09 сарын 15-ны өдрийн хооронд На ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Дар, Н.Наран нар болох нь тогтоогдож байх тул хуулийн этгээд, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг буруутгах аргагүй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сард хамаатны дүү Н.Наран ... Дөрвөн улирал цэцэрлэг хотхонд гадна фасадны ажил хийх хэрэгтэй байна. Та ажилчдын бригадаа оруулчих би мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би ... итгэж ... ажлыг нь гүйцэтгэсэн ... гэж тайлбарласныг хариуцагч На ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б болон На ХХК, түүнийг төлөөлж захирал Н.Наран нарын хооронд Суруга Монгол ХХК-ийн Дөрвөн улирлын цэцэрлэг хороололын С-5 үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч /хариуцагч/ ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүрэг хүлээх ба ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Суруга Монгол ХХК-ийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 18/279 дугаар мэдэгдэл /хх-8/, 2017 оны 10 сарын 05-ны өдрийн ажлын хөлс хүлээлцсэн акт /хх-10/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тул хөлс төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэсний хөлс 14 770 200 төгрөг шаардсаныг хариуцагч нь барилгын тааз, хана, яндангийн хөөсөнцөр наах, шавар, замаск хийх ажлыг мкв-ийг нь 7 500 төгрөгөөр тохирсон атал нэхэмжлэгч 9 200 төгрөгөөр тооцож үнэ нэмснээс зөрүү үүссэн ... ажлын хөлс 5 941 500 төгрөг төлнө гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, ... тэдгээрийн төлөөлөгч ... нь өөрийн ... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэжээ. Тодруулбал хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч барилгын тааз, хана, яндангийн хөөсөнцөр наах, шавар, замаск хийх ажлыг мкв-ийг нь 7 500 төгрөгөөр тохирсон атал нэхэмжлэгч 9 200 төгрөгөөр тооцож үнэ нэмснээс зөрүү үүссэн ... ажлын хөлс 5 941 500 төгрөг төлнө гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ зөрчжээ.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь Н.Нараныг дарамт, шахалтад автаж ажлын тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх бөгөөд дарамтад орж мэдүүлэг өгсөн бол энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан талаарх тайлбар, нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч На ХХК, Ц.Дар, Н.Наран нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 770 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь Н.Нараныг эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүнээс зээлүүлсэн 2 500 000 төгрөгийн хүү 1 050 000 төгрөг гаргуулах-аар шаарджээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Н.Нараныг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, төрийн буюу шүүхийн үйлчилгээг авахын тулд тэмдэгтийн хураамж төлөх ба энэ нь шүүхийн зардал, татвар хэлбэрээр улсын төсөвт ордог болно. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч нарын хооронд 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлдүүлэгч Э.Мөнхзул нь Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан гэх тайлбар, баримт хэрэгт авагдаагүй байгаа нь тухайн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн 70 200 төгрөг, 1 050 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 14 770 200 төгрөгийг хангаж, үлдэх 1 120 000 /70 200+1 050 000 = 1 120 000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 152 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 14 770 200 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 231 801 төгрөгийг хариуцагч На ХХК, Ц.Дар, Н.Наран нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч На ХХК, Ц.Дар, Н.Наран нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 14 770 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх 1 120 200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 152 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 14 770 200 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 231 801 төгрөгийг хариуцагч На ХХК, Ц.Дар, Н.Наран нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР