Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/01965

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр         Дугаар 101/ШШ2020/01965             Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.Г

 

Хариуцагч: Э эмнэлэг 

 

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчид С.Батбаатар, Д.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Э” эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар тус эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгчийн албанд томилогдсон. Энэ цагаас өөрийн албан үүргийн дагуу хөдөлмөрийн гэрээнд заагдсан болон харъяалах ажлыг нэг мөр, чин сэтгэлээсээ үнэнчээр хашиж ирсэн ба ямар нэгэн ажлын алдаа дутагдалгүй идэвхи зүтгэл гаргаж ажиллаж байсан.

“Э” эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Амартүвшин нь Амбулаторийн тасгийн Сэтгэцийн эмч ажилтай М.Ундармаа жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж, ажилдаа орох хүсэлт гаргасан хэмээн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж нэхэмжлэл гаргаж байна. М.Ундармаа эмч тасгийн эрхлэгчийн алба хашиж байгаагүй.

Э эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “З.Г ийг ажлаас чөлөөлөх тухай” Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа “Э” эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Амбулаторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Э” эмнэлэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, Д.Цэвэлмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Г  нь анх тус эмнэлгийн Амбулаторийн сэтгэцийн эмч М.Ундармааг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй буюу эзгүй байх хугацаанд түр түүний үүрэгт ажлыг хийж байсан.

Ажилтан М.Ундармаагийн ажлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажиллаж байсан ажил, албан тушаалд эргэн, буцаж орох хүртэл хадгалах үүргийн дагуу хадгалж байсан тул З.Г ийг үүрэгт ажлаас нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар чөлөөлсөн болно.

Эмнэлэгт З.Г ийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллуулах сэтгэцийн эмчийн орон тоо байхгүй.

Тус эмнэлэг Улаанбаатар хотын хэмжээнд эмзэг, ядуу, гэр оронгүй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй, төрийн өмчит хуулийн этгээд буюу эрүүл мэндийн байгууллага юм.

Тиймээс батлагдсан орон тоо, төсвийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасны дагуу хүний нөөцийг авч ажиллуулах ёстой тул З.Г ийг цааш нь өөр ажил, албан тушаалд ажиллуулах боломжгүй байсан.

Түүнээс гадна З.Г  нь өмнө төрийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, энэхүү сэтгэцийн эмчийн орон тоон дээр түр хугацаагаар ажиллуулж байсан.

Манай эмнэлэгт Амбулаторийн тасгийн эрхлэгч гэж орон тоо, албан тушаал байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Г  нь хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа “Э” эмнэлэгт холбогдуулан, ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 2,640,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа “Э” эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2-т тус тус заасныг баримтлан, тус эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч З.Г ийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч нь тус эмнэлэгт Тасгийн эрхлэгч гэх орон тоо, албан тушаал байхгүй гэх ба Амбулаторийн тасгийн Сэтгэцийн эмч ажилтай М.Ундармаа жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж, ажилдаа орох хүсэлт гаргасан тул түүний орон тоон дээр ажиллаж байсан З.Г ийг ажлаас чөлөөлсөн хэмээн дээрх тушаалын үндэслэлийг тайлбарлав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд, ажил, үүргээ гүйцэтгээгүй ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах ажил олгогчийн үүргийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаал тушаалыг хэвээр хадгална.

 

Дээрх тушаалд дурьдагдаж буй эмч М.Ундармаа нь тус эмнэлгийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар Сэтгэцийн эмчээр томилогдон ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд нэхэмжлэгч З.Г ийг түүнийг албан тушаалын орон тоон дээр ажиллуулж байсан талаар зохигч маргаагүй бөгөөд З.Г ийг тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар, мөн өдрөөс эхлэн Амбулаторийн тасгийн эрхлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг Хүний нөөцийн менежерт үүрэг болгож, албан тушаалын цалингийн зэрэглэлийг тогтоосон байв.

 

Нэхэмжлэгч З.Г ийг “Э” эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/127 дугаар тушаалд дурьдсанчлан Амбулаторийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан эсэх талаар талууд маргаагүйн дээр Сэтгэцийн их эмч, тасгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдсон З.Г тэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Нууц хадгалах тухай гэрээ”, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” хэрэгт авагсан тул нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй байдлаар хэрэгт авагдсан “Э” эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/127 дугаар тушаалыг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

“Э” эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай тушаалд дурьдсанаас үзэхэд, Амбулаторийн тасгийн Сэтгэцийн эмчийг бус Амбулаторийн тасгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлсөн нь тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасантай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч З.Г  нь “Э” эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар тасгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд томилогдсон, албан тушаалын ТҮЭМ-5 дугаар зэрэглэлийн 5 дугаар шатлалыг тогтоосон, “Э” эмнэлгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/58 дугаартай тодорхололтод түүний үндсэн цалин 820,631 төгрөг хэмээн тодорхойлсон зэргээс үзэхэд, нэхэмжлэгч З.Г ийн нэг өдрийн цалин хөлс 38,168 төгрөг байх бөгөөд түүний ажилгүй байсан 84 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоолоход, нэхэмжлэлээр шаардаж буй цалин 2,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа “Э” эмнэлгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, З.Г ийг “Э” эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2,640,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа “Э” эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгч З.Г т олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа “Э” эмнэлэгт даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Г  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА