Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1513

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

ЦХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/01504 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Тт холбогдох

 

97 012 837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЦХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЦХ” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороололд 2448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. Хариуцагч иргэн Б.Т нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас 2015 оны 10 сарын 07-ны өдөр 324/4 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулан м.кв нь 1 840 000 төгрөг, нийт 91 816 000 төгрөгийн үнэтэй, 49.9 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон. Талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.2, 5.1, хавсралт 1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 81 хувийн төлбөр 74 043 600 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үндэслэгдэж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Гэрээнд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор 81 хувийн төлбөр 74 043 600 төгрөг хийгдэх байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл 74 043 600 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй 620 хоногийн хугацаа хэтэрсэн. ЦХ ХХК нь Б.Тт утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мөн биечлэн уулзаж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 тоот орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тушаалаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, Капитал банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5/6076 тоот албан бичиг ирсэн хугацаанаас тооцож 487 хоногийн алданги нэхэмжилсэн.

Иймд орон сууц захиалгын гэрээний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324/4 тоот орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 74 043 600 төгрөг, 487 хоногийн алданги 10 817 769 төгрөг, нэхэмжлэгчид учирсан хохирол буюу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан хадгаламжийн хүүгийн орлого 12 151 468 төгрөг нийт 97 012 837 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 324/4 тоот орон сууц захиалгын гэрээг ЦХ" ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээгээр 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр тохиролцсон. Би гэрээнд зааснаар 20 хувийн урьдчилгаа төлсөн. ЦХ ХХК нь орон сууцыг борлуулахдаа ипотекийн зээлээр авах боломжтой, бид Капитал банк" ХХК-тай хамтран ажиллаж байгаа гэснээр би орон сууцны үлдэгдэл 80 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр Капитал банк ХХК-аас зээл хүссэн. Капитал банк ХХК-ны 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2068/25 тоот мэдэгдэлд зээл хүсэгч С.Саруулын орон сууцны ипотекийн зээл батлагдсан бөгөөд санхүүжилт нь орж ирсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг харилцагчийн нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ гэсэн. Хариуцагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байгаагүй, нэхэмжлэгч өөрийн санаачлагаар Улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргасан. Капитал банкаас зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлийг зээлдэгчид бодитойгоор олгоогүй. 

Хариуцагч нь үл хөдлөх гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гарган үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж, үүнээс хойш алданги тооцсон нь үндэслэлгүй. Төлбөр төлснөөр шилжүүлнэ гэснээ зөрчсөн. Зээлийн хорооны шийдвэрээр төлбөр төлөгдсөний дараа гэрчилгээ гаргаж барьцаална. Үүнийг зөрчиж гэрчилгээг гаргасан. Нэхэмжлэгч нь өөрөө хамтран ажиллах гэрээтэй гээд Капитал банкыг санал болгосон. Жилийн дараа мэдэгдэл өгсөн боловч банкинд өгөх юм гэж гарын үсэг зуруулсан. Бусад мэдэгдэлд гарын үсэг зуруулаагүй тул хүлээн аваагүй гэж үзнэ. Хариуцагч гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний хугацаа дууссан байхад алданги нэхсэн нь үндэслэлгүй тул алданги төлөхгүй. Үндсэн төлбөрийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 97 012 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 643 014 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд "ЦХ" ХХК-тай С.Саруул бид хоёр хамтран "орон сууц захиалга"-ын гэрээг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж С.Саруул нь Капитал банкинд үндсэн зээлдэгчээр зээлийн хүсэлт гаргасан. Гэрээний захиалагч 2 хүн байхад хариуцагчаар зөвхөн намайг татсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар С.Саруулыг хамтран хариуцагчаар татахгүй гэрээнээс үүдэлтэй бүх хариуцлагыг надад үүрүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн С.Саруул нь шүүхийн шийдвэрээр гарсан алданги болон хадгаламжийн хүүгийн орлогыг хамтран төлөхөөс татгалзсан.

            Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй. "ЦХ" ХХК нь 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой, бид Капитал банктай хамтран ажилладаг гэснээр 5 хувийн хүүтэй зээлд хамрагдана гэж итгэж гэрээ байгуулсан. Анхнаасаа 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах байсан бол гэрээг байгуулахгүй. Бид байрны мөнгөө төлөхөөр Капитал банкинд 20 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг өөрчилсөн шалтгаанаар Капитал банктай шүүхийн маргаантай байсан, гэрээ байгуулахад нөлөөлсөн хүчин зүйл, талуудын хүсэл зоригийг анхаарч судлаагүй төдийгүй чухал нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан. Хууль мэдэхгүй намайг нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, хамтран хариуцагчаар С.Саруулыг татаагүй, тэгж болно гэдгийг тайлбарлаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүх "эвлэрэх хүсэлтэй байгаа эсэх"-ийг асууж тодруулаагүй, алдангийн хэмжээг багасгах хүсэлт гаргах боломжтой тухай тайлбарлаж өгөөгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхээр хэлэлцүүлж чадаагүй нотлох баримтаа гаргаж өгөх, үнэлэгдээгүй нотлох баримтуудаа үнэлүүлэх, өмгөөлөгчийн туслалцаа авах бололцоогоор хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 97 012 837 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Т нь 74 043 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг  “үүрэг гүйцэтгэх боломжгүй болсонд өөрийн гэм буруу байхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

            Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч,  худалдагч “ЦХ” ХХК нь  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 88в байрны 37 тоотод байршилтай 49.9 м.кв  талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Т, С.Саруул нарын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч Б.Т нь эд хөрөнгийн үнэд төлөх 91 816 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 17 772 400 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан орон сууцны захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-10-12, 14 дэх тал/ Иймээс нэхэмжлэгч “ЦХ” ХХК нь хариуцагч Б.Тээс гэрээний үүргээ гүйцэд биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

            Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй харин үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үндэслэл, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйд алданги, хохирол тооцон мөнгөн төлбөр шаардах эрх үүссэн эсэх талаар маргажээ. Хариуцагч “... банкны 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэхээр нь итгэж гэрээ байгуулсан ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцжээ.

            Гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.Т, иргэн С.Саруулын нэр дээр 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжсэн байна. /хх-14 дэх тал/ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...”-ээр, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан бичгээр гаргахаар зохицуулсан тул орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр хариуцагчид шилжсэн гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “ЦХ” ХХК, хариуцагч Б.Т нар төлбөрийн хуваарийг гэрээний хавсралтаар баталж, хариуцагч нь орон сууцны үнийн 4 хувь буюу 4 000 000 төгрөгийг, Улаанбаатар орон сууцны сангаас 15 хувь 13 772 000 төгрөгийг, үлдэх 81 хувь болох 74 043 600 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш  7 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байх бөгөөд эхний 19 хувь нь хуваарийн дагуу төлөгджээ. /хх-12 дахь тал/ Нэхэмжлэгч тал хариуцагчийг орон сууцны үнэ болох 81 хувиа төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 6.1-д заасны дагуу анз төлүүлэхээр шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь заалтад нийцэж байгаа хэдий ч хэргийн үйл баримтаар мөн зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан анзын хэмжээг багасгах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь талууд орон сууцны үлдэгдэл төлбөр 74 043 600 төгрөгийг орон сууцны ипотекийн зээлд хамрагдан төлөхөөр тохиролцож, уг зээлийг Капитал банкнаас хариуцагчийн охин гэх иргэн Г.Саруул авах хүсэлт гарган зээлийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр 91 816 000 төгрөгийн зээл олгохоор батлагдсан үйл баримт нь хэрэгт авагдсан орон сууцны захилгын гэрээ, Капитал банкны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2068/25 тоот албан бичиг, хариуцагч Б.Тийн, нэхэмжлэгч компанид гаргасан хүсэлт, зохигчдын хэн алины тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх-10-12, 13, 16, 77 дахь тал/

Капитал банкнаас нэхэмжлэгч “Цагаан хуаран” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/6076 тоот албан бичгээр “тус банкинд санхүүжүүлэгч байгууллагаас зээлийн эх үүсвэрийг олгоогүйгээс батлагдсан зээлийг хариуцагчид олгох боломжгүй болсон” тухай мэдэгдэл хүргүүлжээ. /хх-46 дахь тал/ Нэхэмжлэгч уг албан бичгийг мөн сарын 03-ны өдөр хариуцагчид мэдэгдэж, байрны төлбөрийг төлөх талаар шаардсан гэдгээ баримтаар нотлоогүй атлаа уг өдрөөс эхлэн үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хариуцлага тооцон анз нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч компанийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/136 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх тухай мэдэгдлийг хариуцагч Б.Т мөн сарын 30-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байх тул энэ өдрөөс хариуцагч тал зээл төлөх үүргээ бие даан хэрэгжүүлэх шаардлага үүссэн, мөн талууд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, орон сууцны үнийг зээлээр төлөх боломжгүй болсноо мэдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-48 дахь тал/ Иймд гэрээний дагуу тооцох алдангийн хэмжээг 5 793 658 төгрөгөөр бууруулан 5 024 111 төгрөг анзад гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхээс анзын хэмжээг бууруулахдаа хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацаа, талуудын хооронд ипотекийн зээлээр төлбөр төлөх тухай аман тохиролцоо, ипотекийн зээлийн хүүгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзсан болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12 151 468 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн Капитал банк болон Худалдаа хөгжлийн банкуудтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч компанийн хадгаламжийн дансанд хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс хүү тооцох боломжгүй болсон гэх шалтгаант холбоо, гэм буруу байхгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйн гадна шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх учиртай. Хариуцагч тал уг үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах, шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/01504 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Тээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 79 837 258 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 175 579 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас 643 014 төгрөг” гэснийг “хариуцагчаас 595 936 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 796 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД