| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 125/2025/0074/З |
| Дугаар | 221/МА2026/0336 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0336
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Б
Хариуцагч Х аймгийн Боловсролын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2026/0005 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 125/2025/0074/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Буяндэлгэр нь хариуцагч Х аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Х аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц-ийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Ч.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан “Х аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаартай “Ч.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Цэцэг сумын цэцэрлэгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Манай байгууллага ажилтан авахдаа тухайн тусгай комисс гарч шалгаруулалт хийсний үндсэн дээр тухайн шалгаруулалтад нэгээр гарсан этгээдийг авдаг. Маргааны үйл баримтад тухайн хүнийг ажилд авах сонгон шалгаруулалтын комисст би ороогүй, тухайн сонгон шалгаруулалтын үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн оролцсон үйл баримт байхгүй. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбараа гаргасан байхад хууль зөрчиж, өөртөө болон хэн нэгний эрх ашгийг хохироосон буруутай үйлдэлд эс үйлдэхүй гаргасан мэтээр илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Өөрийн төрсөн хүүгийн эхнэрийг ажилд авсан гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох шударгаар хөдөлмөрлөх эрхийн агуулга зарчимд нийцэхгүй.
3.2 Х аймгийн Цэцэг суманд нэг л цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шударгаар ажлын байрны сонгон шалгаруулалтад өрсөлдөөд нэгээр гарсан хэн ч тухайн ажил хөдөлмөрийг эрхлэх эрх нээлттэй бөгөөд хэрвээ ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсэхээр бол энэ тухай мэдэгдэх, мэдүүлэг хөтлөх үүрэг үүсдэг бөгөөд тухайн хүний аль нэгийг нь заавал ажлаас халах, ажилд томилохгүй байх үндэслэл болдоггүй болно. Гэтэл шүүх бэрийгээ ажилд авч ажиллуулсан нь шууд энэ хуулийг зөрчсөн мэтээр дүгнэж хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүй шийдвэрлэсэн.
3.3 Х аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн актууд гарсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэсэн нь тус хуулийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Учир нь тухайн байгууллагад акт тогтоогдсон бол тухайн дарга, нягтлан шууд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл мэтээр хэтэрхий явцуу байдлаар тайлбарласан байна.
3.4 Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Х аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга В.С болон Ч.Б нар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан, нэхэмжлэгч Ч.Б нь тус цэцэрлэгт 2004-2011 онд багшаар, 2011-2014 онд арга зүйчээр, 2014-2017 онд багшаар, 2017 оноос хойш Х аймгийн Цэцэг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд ажиллаж байсан.
4. Х аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/182 дугаар албан бичгээр “Тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Ч.Буяндэлгэр нь Соёлын төвийн ажилчдыг үг хэлээр доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргаж ёс зүйн тухай хууль зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авч хамтран ажиллана уу” гэж, мөн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/193 дугаар албан бичгээр “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулж хамтран ажиллана уу” гэх албан бичгийг аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн байна.
5. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Боловсролын газрын даргын өрөөнд Сонсох ажиллагааг явуулж, “ажлын хариуцлага алдаж чөлөө зөвшөөрөлгүй 3 хоног ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй Ч.Б-ийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн” тухай тэмдэглэл, мөн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “...холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлэн удирдлагаас тавьсан албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй. ...11 цагт Боловсролын газрын даргын өрөөнд сонсох ажиллагаа явагдана” гэж Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг тус тус үйлдсэн байна.
6. Улмаар аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б/*** дугаар тушаалаар “Х аймгийн Ц сумын цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б-ийг 2025 оны 06 дугаар сарын 12, 13, 16-ны өдрийн ажлыг холбогдох чөлөө зөвшөөрөлгүй тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж” шийдвэрлэжээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, 123.5-д “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.
8. Маргаан бүхий актад дээрх хуулийн заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийг ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг.
9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Ц сумын цэцэглэгийн багш, ажилчдын хурлаар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Шиньжян орны Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хот Тэнгэр уул руу аялалд явахаар шийдвэрлэж, тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр Ц сумын Засаг даргад, мөн өдрийн 12 дугаар албан бичгээр Х аймгийн Боловсролын газарт “... хамт олны хурлын шийдвэрийн дагуу аялал зохион байгуулах үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахыг хүсэмжилье” гэх хүсэлтийг тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул Цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б-ийг 2025 оны 06 дугаар сарын 12, 13, 16-ны өдрүүдэд чөлөө зөвшөөрөл аваагүй, ажил тасалсан гэж үзэхгүй.
10. Учир нь, нэхэмжлэгч нь Цэцэрлэгийн багш, ажилчдын хамт олны хурлаас Үрүмчи хот Тэнгэр уул руу аялалд явах шийдвэрийг дэмжиж, энэ тухайгаа албан бичгээр сумын Засаг дарга болон Ховд аймгийн Боловсролын газарт мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагч нь энэхүү албан бичгийн дагуу Ч.Б-т ямар ч хариу өгөөгүй, чөлөө олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа түүнийг ажлын 3 өдөр ажил тасалсан гэж ажлаас халах 1 үндэслэлээ болгож буй нь үндэслэлгүй.
11. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр “өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үйл баримттай холбоотой баримтууд”-ыг нотлох баримтаар гаргуулахаар Ховд аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн боловч хариуцагчаас энэ талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх үндэслэлээ хариуцагч захиргааны байгууллага үндэслэлтэйгээр нотолж чадаагүй тул уг зөрчлийг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
12. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд, Х аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/*** дугаар албан бичгээр “Тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б нь Соёлын төвийн ажилчдыг үг хэлээр доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргаж ёс зүйн тухай хууль зөрчсөн” талаар Соёлын төвийн хамт олны өргөдлийн хамт аймгийн Боловсролын газарт хүргүүлжээ.
13. Энэ талаар анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмаар гомдол, мэдээлэл гаргаж шийдвэрлүүлсэн байхыг шаардана. Хариуцагчаас энэ талаар гомдол, мэдээлэл гаргаж шалгуулаагүй, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар тогтоогоогүй атлаа ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн, хэрэв ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол мөн хуульд зааснаар ёс зүйн хариуцлага тооцох байтал Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамааруулсан нь үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
14. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.4-д “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж;
14.1 Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж;
14.2. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж тус тус заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Б нь Ц сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа (2020-2025 онуудад) өөрийн хамаарал бүхий этгээд болон садан, төрлийн холбоотой нэр бүхий 7 хүнийг ажилд авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
15. Тодруулбал, 2020-2025 онуудад тус цэцэрлэгийн нягтлан бодогч П.Д, бүлгийн багш Б.С, бүлгийн багш Б.И, бүлгийн багш М.У, туслах багш Г.Б, үйлчлэгч Л.А, жижүүр М.Н нарыг Цэцэрлэгийн эрхлэгч Ч.Б-ийн тушаалаар ажилд томилсон, ажиллаж байгаа болох нь тогтоогдож байх ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй садан, төрөл, хамаарал бүхий этгээд байх тул нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5-д заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
16. Хэдийгээр маргаан бүхий актын үндэслэл болсон зөрчлүүд тогтоогдоогүй боловч хариуцагчаас “нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхолд автаж, хамаатан садан, ах дүү нарын хүүхдүүдийг тушаал гаргаж ажилд авсан” гэх үндэслэлээр тайлбар гаргаж маргасан.
17. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтан болохын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.5-д “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
18. Түүнчлэн нэхэмжлэгч нь Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ түүний хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байх тул уг ноцтой зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үндэслэлд хамаарна.
19. Нэхэмжлэгчийн гаргасан “...шалгаруулалт хийсний үндсэн дээр тухайн шалгаруулалтад нэгээр гарсан этгээдийг авдаг. Маргааны үйл баримтад тухайн хүнийг ажилд авах сонгон шалгаруулалтын комисст би ороогүй, тухайн сонгон шалгаруулалтын үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн оролцсон үйл баримт байхгүй, Өөрийн төрсөн хүүгийн эхнэрийг ажилд авсан гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох шударгаар хөдөлмөрлөх эрхийн агуулга зарчимд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА