Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/02065

 

 

 

 

 

 

 

 

  2020          06          04                                                 101/ШШ2020/02065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ж

 

Хариуцагч: А.П

 

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч А.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оноос хойш А.П той хамтран амьдарч байгаад 2018 оны 7 дугаар сарын 02-нд охин Пүрэворжийн Дөлгөөнийг төрүүлсэн. Охин П.Дөлгөөнийг төрүүлээд удаагүй байхад А.П  нь намайг зэрлэгээр зодсон. Түүнээс хойш салж тусдаа амьдрах болсон. Салснаас хойш нэг л удаа эргэж ирсэн. Хүүхдээ харж үздэггүй, хүүхэддээ ядаж нэг витамины мөнгө өгөөч гэхээр тэжээж чадахгүй бол надад өг гэдэг. Иймд хүүхдийн тэтэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Жтай хамт амьдрах гэж зүтгэсэн. Надаас олон удаа салж, аль болох амьдралыг бүтэхгүй талаас нь харж байсан. Би тогтсон ажилгүй, хөдөө найз нартайгаа, уул уурхайгаар явдаг. Олсон мөнгөө бүгдгийг нь явуулдаг байсан. Би энэ хүнийг зэрлэгээр зодсон удаа байхгүй. Би охин П.Дөлгөөндөө бололцоогороо мөнгө өгөхөд татгалзахгүй. Охин маань төрснөөсөө хойш олон удаа өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд байнга л хамт байсан.

Чамаас салж тэтгэмж тогтоолгоно гэж байнга л ярьдаг байсан. Би хөөж тууж нэг ч удаа явуулж байгаагүй. Хөдөө яваад ирэхэд салаад хамаг юмаа аваад явсан байдаг. Би буцаагаад гуйгаад авчирдаг.

Хамгийн сүүлд гэр орны бүх тавилга эд зүйлийг бүгдийг нь эвдээд, гэрт минь будаа агшаагчинд баачихаад явсан байсан. Өөр ярих юм зөндөө байна.

Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч А.П ид холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

А.П , Д.Ж нар 2005 оноос хойш хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр охин П.Дөлгөөнийг төрүүлсэн, зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас салж, тус тусдаа амьдрах болсон, одоо охин П.Дөлгөөн нь эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, “Хасагт эрдэнэ” ӨЭМТ-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 911 дүгээр тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно” 40.1.1.-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2.-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, П.Д / охиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.П оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.П оос улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                       

  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАА