Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/02091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ** тоот хаягт оршин суух, Сүмбэрэл овогт Ш*******ийн Х/регистрийн дугаар: ЦА67111991/-т холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх  хуралдаанд гаргасан тайлбарт: Б.А  нь өөрийн ах Б.Анхбаярын хамт 2018 оны 9 дүгээр сард Ш.Х, Ш.Дамдиндорж нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон.

Энэхүү бизнесээ эхлүүлэхийн тулд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ээж Н.Цогзолмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн *** тоот, ***тоот хоёр орон сууцыг Капитрон банкинд 70,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэх зорилгоор 25,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш.Хын Хаан банкны ******* дугаартай дансанд шилжүүлсэн.

Ингээд автомашины сэлбэг оруулж ирэх бизнес амжилтгүй болж хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөгийг Ш.Хаас нэхэмжилсэн боловч өгөхгүй хохироож байна.

Иймд 20,000,000 төгрөгийг Ш.Хаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ш.Х нь нэхэмжлэгч Б.А ийн 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Ш.Хын төрсөн дүү, автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг Ш.Дамдиндоржтой нэхэмжлэгч Б.А  болон түүний ах Б.Анхбаяр нар харилцан тохиролцож Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэн худалдах, олсон ашгаа хуваахаар 2018 оны 9 дүгээр сард хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, өөрсдийн зүгээс 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон.

Гэвч тохиролцсоны дагуу 50,000,000 төгрөгийг оруулаагүй бөгөөд өөрсдийн ээжийн байрыг барьцаанд тавьж зээл авснаас 30,000,000 төгрөгийг энэхүү хамтын бизнестээ оруулсан байдаг. Энхүү 30,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг Ш.Дамдиндоржид өгч, үлдсэн 25,000,000 төгрөгөөр нь Япон улсаас 4 ширхэг Делика автомашин авч ирүүлэхээр Ш.Дамдиндоржийн ах Ш.Хт шилжүүлсний дагуу хариуцагч Ш.Х нь тэдний даалгаврыг биелүүлж, захиалсан автомашинуудыг нь худалдан авч задлан оруулж ирэн тэдэнд хүлээлгэн өгсөн. Үүнээс өөрөөр тэдний хамтын ажилд оролцоогүй. Хөрөнгө оруулаагүй, олсон ашгаас нь хуваан авахаар тохирсон зүйлгүй. Харин ч банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байна, мөнгө зээлээч гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 27-нд 1,170,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-нд 320,000 төгрөгийг тус тус зээлдүүлж тус болсон, тэднээс авах авлагатай юм.

Ш.Дамдиндорж, Б.А , Б.Анхбаяр нар нь оруулж ирсэн сэлбэгээ анхны тооцоолж байсан үнээрээ худалдан борлуулж чадаагүй зарим сэлбэгүүд нь доголдолтой байснаас ашиг олж чадаагүй гэсэн байдаг. Энэхүү ашиг олж чадаагүй сэлбэгийг нь оруулж ирсэн тэдэнд хүлээлгэн өгсөн Ш.Хт хамаагүй. Ш.Дамдиндорж түүний дүү байгаа нь төлбөрийг хариуцах үндэслэл болохгүй. Иймд тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Ш.Х биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Ш.Хт холбогдуулан, 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь өөрийн ах Б.Анхбаярын хамт 2018 оны 9 дүгээр сард Ш.Х, Ш.Дамдиндорж нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 20,000,000 төгрөгийг Ш.Хт шилжүүлсэн боловч бизнес амжилтгүй болсон тул уг мөнгөө буцаан авахаар шаардаж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгч Б.А ийн ах Б.Анхбаяр болон өөрийн төрсөн дүү Ш.Дамдиндорж нарын хамтран явуулж байсан автомашины засвар, сэлбэгийн худалдааны бизнест огт оролцоогүй, нэхэмжлэгч Б.А тай хамтран ажиллахаар тохиролцоогүй, хэлцэл хийгээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан. 

Хариуцагч Ш.Хын дүү гэх, гэрч Ш.Дамдиндорж нь нэхэмжлэгч Б.А тай хамтран ажиллахаар хэлэлцэж тохиролцсон зүйлгүй, харин түүний ах Б.Анхбаяртай автомашины засвар, сэлбэгийн худалдаа эрхлэх, Япон улсаас сэлбэг оруулж ирэхээр тохиролцож, ах Ш.Хын объектыг ашиглан ажиллаж байх хугацаанд Б.Анхбаяр бэртэж ажиллах боломжгүй болсноор нэхэмжлэгч Б.А  нь ах Б.Анхбаярынхаа өмнөөс ажилд туслалцаж байсан хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн.

Зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.А ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох өөрийн ах Б.Анхбаярын хамт Ш.Х, Ш.Дамдиндорж нартай хамтарч Япон сэлбэгийн худалдаа болон автомашины засвар үйлчилгээ эрхлэхээр, хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцсон гэх байдал тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгч Б.А ийн эзэмшдэг Хаан банкны ******* дугаарын данснаас хариуцагч Ш.Хын эзэмшдэг Хаан банкны ******* дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 47 минутад 10,000,000 төгрөг, 16 цаг 55 минутад 10,000,000 төгрөг шилжүүлсэн нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.” гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд үүрэг бүхий эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн хэлцэл үүсээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж зааснаар хариуцагч Ш.Хыг 20,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Хаас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Хаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Хаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УНДРАА