| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 171/2012/0177/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2012-08-29 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2012 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2012/0177/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Тө.Энхжаргал, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Ганболд, Ц.Цэндсүрэн, Ж.Шагдар
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М.Д-,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
хохирогч М.М.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт - Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000351 дугаартай хэргийг 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, - Б- /РД:/, 1966 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***********” ТӨХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, зээ, хадам нарын хамт Дархан-Уул аймгийн ********** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Б.Б- нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар Дархан-Уул аймгийн **********тоотод өөрийн гэртээ хадам ах М.М.Д-той маргалдаж түүний нуруунд хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ консерв задлаад сууж байхад гаднаас М.Д- ах согтуу орж ирээд манай эхнэрээс архины мөнгө нэхээд түүнийг зодоод байсан юм. Тэгэхэд нь тэсэхгүй босож ирээд М.Д- ахад хандан боль гэж хэлэхэд М.Д- ах намайг цохиж аваад надтай зууралдаад байсан. Тухайн үед миний гарт хутга байсан бөгөөд бид хоёр зууралдсан чигээрээ газар унасан. Тэгээд л түүнийг би хутгалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч М.М.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би архи ууж байгаад орой нь Б-ы гэрт нь согтуу очсон юм. Тэгээд би өөрийн дүү буюу Б-ы эхнэрээс архи нэхээд түүнийг бас Б-ыг хоёр удаа цохисон юм. Тэгтэл Б- консерв задалж байсан хутгатайгаа босож ирээд надтай зууралдаж байгаад намайг хутгалсан. Энэ бүх үйлдэл миний буруугаас болсон юм. Би ер нь архи ууж ирэхдээ дүүгээсээ болон Б-аас дандаа архи нэхэж дарамталдаг байсан” гэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-ыг “2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар Дархан-Уул аймгийн **********тоотод өөрийн гэртээ хадам ах М.М.Д-той маргалдаж түүний нуруунд хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\Б.Баярсайхан- 96.1-156.doc
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.Б-ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн: “2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ консерв задлаад сууж байхад гаднаас М.Д- ах согтуу орж ирээд манай эхнэрээс архины мөнгө нэхээд түүнийг зодоод байсан юм. Тэгэхэд нь тэсэхгүй босож ирээд М.Д- ахад хандан боль гэж хэлэхэд М.Д- ах намайг цохиж аваад надтай зууралдаад байсан. Тухайн үед миний гарт хутга байсан бөгөөд бид хоёр зууралдсан чигээрээ газар унасан. Тэгээд л түүнийг би хутгалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг
Хохирогч М.М.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би архи ууж байгаад орой нь Б-ы гэрт нь согтуу очсон юм. Тэгээд би өөрийн дүү буюу Б-ы эхнэрээс архи нэхээд түүнийг бас Б-ыг хоёр хоёр удаа цохисон юм. Тэгтэл Б- консерв задалж байсан хутгатайгаа босож ирээд надтай зууралдаж байгаад намайг хутгалсан. Энэ бүх үйлдэл миний буруугаас болсон юм. Би ер нь архи ууж ирэхдээ дүүгээсээ болон Б-аас дандаа архи нэхэж дарамталдаг байсан” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд М.Р- хохирогчоор байцаагдсан “…Нөхөр зээ охин бид гурвыг гэрт яваад ортол манай ах М.Д- согтуу сууж байсан. М.Д- ах надаас “Архи авч өг чамд мөнгө байна уу” гэсэн тэгэхэд нь би ахад “Надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд М.Д- ах чи ажил хийдэг байж дандаа мөнгө харамлаж байх юм гээд миний зүүн талын хөл рүү өшиглөөд толгойны дагз орчим руу нэг удаа гараараа цохисон тэгээд би “Ёоёоо” гэж орилсон гэтэл чамайг ална гээд миний дух руу гараараа нэг цохитол миний духнаас цус олгойдсон тэгэхэд манай нөхөр гал тогооны ширээн дээр лаазалсан загас задалж идчихээд зүүрмэглээд сууж байсан намайг ах цохихыг мэдээд яаж байна гээд босоод ирэхэд манай ах “Чамайг ч бас ална” гээд манай нөхрийг заамдаад толгой руу нь цохиод би цагдаа дуудна гээд зээ охиноо аваад гэрээс гараад цагдаа руу хажуу айлынхаа Эсээ гэх хүний утсаар дуудлага өгсөн. Би цагдаа иртэл хашаанаас зайтай зогсож байсан тэгэхэд манай ах М.Д- байшингийн үүдэнд доошоо харчихсан хэвтэж байсан. Цагдаагийн албан хаагчийг ахын цамцыг сөхөөд үзтэл түүний нуруунаас цус гарч байсан тэгээд цагдаагийн албан хаагч эмнэлэг дуудсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,
- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 486 дугаартай актын дүгнэлт
1.М.М.Д-ийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, доод уруулын орчим, духны шарх, аюулхай орчмын зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. /хэргийн 49 дэх тал/
- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 485 дугаартай актын дүгнэлт
1.М.Р-ийн биед тархи доргилт, духны шарх, зүүн өвдөг орчмын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. /хэргийн 44 дэх тал/
- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 483 дугаартай актын дүгнэлт
1.Б.Б-ы биед зүүн сарвуун шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. /хэргийн 38 дахь тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь байдлууд тогтоогдож байна. Үүнд:
2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн **********тоотод шүүгдэгч Б.Б-, түүний эхнэр М.Р-, зээ охин С.Уянга нарыг гэртээ байхад хадам ах М.М.Д- нь согтуу ирж, дүү М.Рэнцэмядагаас “Архи авч өг, чамд мөнгө байна уу” гээд, “Надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд нь М.М.Д- “Чи ажил хийдэг байж дандаа мөнгө харамлаж байдаг. Ална чамайг” гээд түүний зүүн хөл рүү өшиглөөд, толгойны дагз орчимд гараараа цохин, улмаар дух руу гараараа цус гаргажээ. Энэ үед Б.Б- нь гал тогооны ширээн дээр лаазалсан загас задалж идчихээд сууж байсан бөгөөд М.М.Д-ийг “Яаж байна” гээд босох үед М.М.Д- “Чамайг ч бас ална” гээд Б.Б-ыг заамдаад түүний толгой руу нь цохиж газар унагаажээ.
Улмаар М.Р-, зээ охин С:У- хамтаар цагдаад дуудлага өгөхөөр гарахад М.М.Д- нь “Цагдаа дуудвал ална шүү” гэж заналхийлэхэд нь Б.Б- гал тогооны ширээн дээр байсан хутгыг авч түүний цээжин тус газарт хутгалснаас М.М.Д-ийн бие махбодид цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлийг учруулсан болох нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Б.Б-, хохирогч М.М.Д-, гэрч М.Р- нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжилгээний 486 тоот дүгнэлт, Б.Б-, М.Р- нарын биед М.М.Д-ид зодуулснаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх шинжилгээний 485, 483 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл Б.Б- нь М.М.Д-ийн цээжин тус газарт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг учруулах үйлдэл нь өөрийн болон, гэр бүлийн гишүүдээ түүний согтуурсан үедээ халдсан халдлагаас хамгаалахдаа хийсэн үйлдэл байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан тул М.М.Д-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан Б.Б-ы үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй, цагаатгахаар шийдвэрлэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч М.М.Д- нь “Энэ бүх үйлдэл миний буруугаас болсон юм. Би ер нь архи ууж ирэхдээ дүүгээсээ болон Б-аас дандаа архи нэхэж дарамталдаг байсан…”гэж мэдүүлснийг дурьдаж байна.
Хохирогч М.М.Д-оос иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдаж байна.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутгыг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн - Б-ы үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр, түүнд холбогдох эрүүгийн 201209000351 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, - Б-ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т зааснаар Б.Б-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутгыг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй орхисон болохыг дурьдсугай.
5. Хохирогч М.М.Д-оос иргэний нэхэмжлэл гараагүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Тө.ЭНХЖАРГАЛ