Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0340

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “О” ХХК

          Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч Б.О, татварын Улсын байцаагч Г.О

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0293 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

          Хариуцагч татварын Улсын байцаагч Б.О, татварын Улсын байцаагч Г.О

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 128/2026/0085/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч Б.О, татварын Улсын байцаагч Г.О нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48, 82 дугаар зүйлийн 82.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч Б.О, Г.О нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000*** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Тусгай зөвшөөрлийг эзэмшигч “О” ХХК-ийг 100 хувь эзэмшигч Т.Б-аас Х.Б-д 50 хувийн хувьцаагаа 2022 оны 03 дугаар сард шилжүүлсэн, энэ хувьцаагаа 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцааж авсан. Татварын улсын байцаагч нар энэ үйл явдлыг тогтоохдоо зөвхөн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн буцааж авсан хэсэг дээр орлого олсон гэж үзэж төлбөр ногдуулснаар дараах алдаанууд гарсан. 2022 оны 03 дугаар сард авахдаа үнэгүй байсан хувьцаа 2022 оны 08 дугаар сард буцааж өгөхөд 398,860,000 төгрөгийн үнэтэй болсон. Татварын орлого, зарлагын уялдаатай байх зарчим алдагдсан. Татварын хуулийг давсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргаар тооцох аргыг ашигласан. Өөрөөр хэлбэл хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогын албан татварыг тооцохдоо борлуулсан үнээс худалдан авсан үнэ, эсвэл үлдэгдэл өртгийг хасаж тодорхойлдог байтал энэ аргачлалыг ашигласнаар үйл ажиллагааны ашигт татвар ногдуулах байдал үүссэн.

          3.2 Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр дээрх MV****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Иймд дээрх тусгай зөвшөөрөл бүхий газарт хайгуулын болон олборлолтын зардал гаргаагүй, олборлолт хийгээгүй, ашиг хүртээгүй нөхцөл байдалд хэн нэгэнд татвар ногдуулах нь татвар ногдуулах үндсэн зарчимд нийцэхгүй юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Нэхэмжлэгч “О” ХХК нь уул уурхай, олборлолтын туслах бусад үйл ажиллагаа эрхэлдэг, Т аймгийн З сумын нутаг дэвсгэрт “Т” нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. 

          4. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд;

          -2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Хувьцаа эзэмшигч 1 хасагдаж, хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөн, Т.Б (100 хувь хувьцаа эзэмшигч)-г Гүйцэтгэх захирлаар томилсон” өөрчлөлтийг,

          -2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хувьцаа эзэмшигч 1 нэмэгдэж, хувьцаа эзэмшигчийн тоо нийт 2 болж (Х.Б 50 хувь, Т.Б 50 хувь)  өөрчлөгдсөн, Х.Б-ыг Гүйцэтгэх захирлаар томилсон” өөрчлөлтийг,

          -2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Хувьцаа эзэмшигч 1 хасагдаж (Х.Б), хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөн, Т.Б (100 хувь)-г Гүйцэтгэх захирлаар томилсон” өөрчлөлтийг,

          -2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хувьцаа эзэмшигч 1 хасагдаж (Т.Б), 1 нэмэгдэж, хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөн, Б.Г (100 хувь)-г Гүйцэтгэх захирлаар томилсон” нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

          5. Б аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Т.Б нь “...улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авах” өргөдөл гаргасан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Т.Б-г Гүйцэтгэх захирлаар сонгосныг бүртгэж” Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгожээ.

          6. Мөн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Б.Г-ыг Гүйцэтгэх захирлаар сонгосныг бүртгэж” Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон үйл баримтууд тогтоогдсон.

          7. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч Б.О, Г.О нар нь “О” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2524****** тоот томилолтоор Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус - Иж бүрэн шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтыг тус тус үндэслэн 39,886,000 төгрөгийн нөхөн татвар, 15,954,400 төгрөгийн торгууль, 11,685,800.28 төгрөгийн алданги, нийт 67,526,200.28 төгрөгийн төлбөр төлүүлэх акт үйлдсэн байна.

          8. Дээрх актыг эс зөвшөөрч “О” ХХК гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ** дүгээр тогтоолоор маргаан бүхий НА-25240000*** дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          9. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.3-д “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна”, 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”, 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно”, 30.11-д “Энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухайн эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

          10. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлснээр эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн байх, улмаар тухайн компани орлого олсон байх урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд эрх борлуулсанд тооцох, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн байх ба эрх борлуулсан буюу орлого олсон этгээд (аж ахуйн нэгж)-д татвар төлөх үүрэг үүсэхээр байна.

          11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “О” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, Т.Б нь 2022 оны 03 дугаар сард найз Х.Б-д (Канад Улсын виза мэдүүлэх бичиг баримтад ашиглах зорилгоор) өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааны эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Үүний дараа нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ болон “Компанийн эрх шилжүүлэх тухай” гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг Г.Б буцаан шилжүүлэн авсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн https://opendata.burtgel.gov.mn/ сайтаас харахад Гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т.Б, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х.Б, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Т.Б гэж тус тус өөрчлөлт оруулж бүртгэжээ.

          12. Энэ тохиолдолд иргэн Т.Б нь “О” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ 2022 онд өөрийн хувьцааны 50 хувийг найз Х.Б-д (үнэ төлбөргүй) түр шилжүүлсэн, шилжүүлэн авсан харилцаа үүссэн бөгөөд бодит байдалд Г.Б, Х.Б нарын иргэдийн хооронд 50 хувийн хувьцааг мөнгөөр илэрхийлж, үнэ төлбөртэй шилжүүлээгүй, Т.Б нь бодитоор орлого олоогүй байна.

          13. Түүнчлэн нэхэмжлэгч “О” ХХК нь “Хувьцаа худалдах, худалдан авах” болон “Компанийн эрх шилжүүлэх тухай” гэрээний нэг тал болж оролцоогүй, улмаар уг гэрээнд MV-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн шилжүүлэх асуудал тусгагдаагүй, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд өөрчлөгдөөгүй, компани хувьцаа, эрх борлуулсны орлого олоогүй байх тул “О” ХХК татвар төлөгч этгээд болохгүй.

          14. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д “эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасан.

          15. Хариуцагч татварын Улсын байцаагч нар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд өөрчлөгдөөгүй байхад компани болон хувьцаа эзэмшигчийг адилтган үзэж, Х.Б нь өөрийн өмчлөлд байсан 50 хувийн хувьцааг Т.Б-д шилжүүлэх замаар төрийн байгууллагаас олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлж орлого олсон гэж үзсэн атлаа “О” ХХК-ийг эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулан төлөх үүрэгтэй гэж нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь үндэслэлгүй болсон байна.

          16. Учир нь, хариуцагч нар татвар төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоогоогүй, хяналт шалгалтын явцад иргэн Т.Б, Х.Б нарыг оролцуулж тайлбар, мэдүүлэг аваагүй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй бөгөөд хувьцааны төлбөр тооцоо бодитоор хийгдсэн эсэх, “О” ХХК болон Т.Б нарын хэн нь орлого олсон зэргийг санхүүгийн нотлох баримтад тулгуурлах, өөр бусад байдлаар тогтоосны үндсэн дээр төрийн байгууллагаас олгосон эрх шилжүүлсний орлогын татвар төлөх харилцаа үүссэн эсэхийг тогтоох ёстой байжээ.

          17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...2022 оны 03 дугаар сард авахдаа үнэгүй байсан хувьцаа 2022 оны 08 дугаар сард буцааж өгөхөд 398,860,000 төгрөгийн үнэтэй болсон. Татварын орлого, зарлагын уялдаатай байх зарчим алдагдсан...”, мөн нэхэмжлэлдээ “...Т.Б нь багын найз болох Х.Б-д нь Канад улсын виз авахын тулд 50 хувийн хувьцааг 2022 оны 03 дугаар сард үнэ төлбөргүй шилжүүлсэн” гэж тайлбарлаж, маргадаг.

          18. Анхан шатны шүүхийн “...аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч нь хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэгтэй төдийгүй эрх борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар ногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд үүнд төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлогод хамаарахаар байна, ...хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулж төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн” гэх дүгнэлт учир дутагдалтай.

          19. Иймд маргаан бүхий татварын Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000*** дугаар нөхөн ногдуулалтын актаар “О” ХХК-д нийт 67,526,200.28 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.3-д “шударга байх”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэж заасантай нийцэхгүй байна.

          20. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000*** тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА