Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 19

 

С91онгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч П.Мөнхбат,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Хохирогч Г.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

Шүүгдэгч Д.Баттөмөр, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011598 дугаартай 2 хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ автомашины кузов засварын  газар ажилладаг байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 25 дугаар гудамжны 438а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЙБ82092413 дугаар регистртэй Балжир овгийн  Дуламрагчаагийн Баттөмөрт холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч  Д.Баттөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах  Мираж  зочид буудлын зүүн талд Г.Эрдэнэбаатартай өөрийг нь цохилоо гэж маргалдан, улмаар харилцан зодолдож, тухайн  үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас  түүний нүүрэн тус газар нь 1 удаа  өшиглөж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Баттөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед ажил дээрээ байхад Эрдэнэбаатар, Баясаа, Пүрэвсүрэн, Азжаргал нар ирээд бид нар караокед орсон, Сүнгээ, Оюунбаяр гэгч хоер эмэгтэйтэй танилцаж бид дуулж суусан. Ингээд караоке хаах болоод бид нар тэндээс гарцгаасан. Талийгаач Эрдэнэбаатар нэг газар оръё, нэг нэг пиво ууя гэхээр нь Чин гэдэг бааранд орж пиво уучихаад гарсан. Гадаа гарахад Оюунбаяр, Сүрэнжав нар буцаж ирсэн, бид бааранд буцаж ороод 4 шил пиво авч ууцгаасан. Бид гарах болоод би тооцоо хийсэн, тэгтэл Эрдэнэбаатар тооцоо хийнэ гээд байхаар нь би хийчихсэн гээд гарсан. Замд би Эрдэнэбаатарт “би чамайг таксинд суулгаад өгье” гэхэд Эрдэнэбаатар “чам шиг ядуу гуйлгачингаар такси  бариулж хүргүүлэхдээ хүрээгүй” гэсэн. Бид хоёр Мираж зочид буудлын тэнд  гэрлэн дохионы хажууд зогсоод такси барьтал такси ирсэн, би суугаарай гээд эргээд хартал Эрдэнэбаатар миний нүүр рүү цохьсон. Намайг олон удаа цохиж зодсон, газраас чулуу авах гээд тонгойход нь би болиулах гээд цээж рүү нь өшиглөлөө гэж бодсон чинь нүүрэнд нь өшиглөсөн байсан. Талийгаач босч ирээд хойшоо нэг алхаад газар саваад унасан, би ч яваад өгсөн. Талийгаачийн ар гэрт тодорхой хэмжээний мөнгө өгсөн байхаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач нь миний дүү байсан. Миний хувьд үнэхээр их хохиролтой байна. Хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү. Шүүгдэгчээс 12 сая төгрөгийг нэхэмжилж байна. Үүний оршуулгын зардалд 11.116.000 төгрөг, эмчилгээнд 963.620 төгрөг гарсан, мөн талийгаач зээл авсан байсан байна лээ. Нийт 15 сая төгрөгөөс одоо 8 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн ар гэрээс 2550.000 төгрөг өгсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  

2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг 30 минутын үед төрсөн дүү Эрдэнэцэцэг над руу яриад “Эрдэнэбаатар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээнд эмчилгээ хийлгэж байна” гэж хэлсэн...Тэр өдрөөс хойш талийгаач ухаан орохгүй байсаар байгаад 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нас барсан. Эмчилгээ хийлгэх хугацаанд ухаан орохгүй байсан тул ямар ч ярилцах боломж байгаагүй. Маш их гомдолтой байна. Талийгаачийг амьд байх үеийн эмчилгээний зардал болон нас барснаас хойш гарсан зардлуудыг нэхэмжилж байна...Талийгаач 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Хас банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авсан байгаа, энэ талаар би ярихаа мартсан байна лээ. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийг нь би төлөөд явж байгаа. Одоо үлдэгдэл нь 8.750.000 төгрөг байгаа. Энэ мөнгийг  бас нэхэмжилж байна...гэжээ. /1хх-53-55/,

Гэрч Х.Отгон-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Миний нөхөр байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод нэг жил болж байгаа. 2016 оны 6 дугаар сарын 27-ны 08 цагийн үед гэрээсээ гараад нөхрөө ажил руу нь хүргэж өгөөд ажилдаа явсан...Орой 23 цаг 40 минутын үед гэртээ ирсэн, манай нөхөр утсаа аваад “за байж байгаарай” гэж хэлээд цаашаа “Баясаа хөгшөөн зүгээр явчих юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд над руу эргэж яриад “би Пүүгийн гражийн хажуу талын караокед байна. Жаахан байж  байгаад очно” гэж  хэлсэн. Тэгээд дахиж залгаагүй унтаж амарсан. Манай нөхөр шөнө дунд буюу 01 цаг 30 минутын үед “ миний хайр унтсан уу” гэж мессеж бичсэн байсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед Батжаргал гээд нөхрийн найз над руу яриад “Эрдэнэбаатарын утас руу залгахаар цагдаагийн байгууллагын хүн аваад гэмтэлд ухаангүй сэхээнд байна гэж байна, чи мэдсэн юм уу” гэсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбаатарын гар утас руу залгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж манай нөхөр бусдад зодуулж эмнэлэгт сэхээнд байгаа талаар мэдсэн. Би Гэмтэл согог  судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт очиход манай нөхөр тархиндаа хүнд гэмтэл аваад хагалгаанд орсон байдалтай, ухаангүй байсан...Гомдолтой байгаа...гэжээ. /1хх-58, 2хх-48/,

 

      Гэрч Э.Баяржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

      2016 оны 6 сарын 28-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MT” шатахуун түгээх станцаас шатахуун аваад зам руу орж байтал эсрэг талын “М

ираж” зочид буудлын зүүн талын явган хүний зам дээр 2 согтуу эрэгтэй хүн хоорондоо зодолдож байсан. Би найз Золзаяагийн хамтаар уг явдлыг харж байхад нэг залуу нь цээжин бие нүцгэн, доогуураа хөх өнгийн джинсэн шорттой, богино үстэй залуу байсан. Харин нөгөө нь бараан хувцастай, тэр залуу нь нөгөө цээжин бие нүцгэн залуугаа бодвол эрүүл шахуу байсан. Цээж нүцгэн залуу нь гартаа чулуу гэмээр зүйл барьчихсан нөгөө залуугаа цохих гээд байсан. Гэхдээ цохиж чадаагүй. Харин нөгөө бараан хувцастай залуу нь нөгөө залуугаа 2-3 удаа нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цээж нүцгэн залуу нь ядарсан бололтой тэнд байсан гэрлийн шонг түшиж зогсоод гартаа барьсан байсан чулуу шиг зүйлийг урд талдаа газар шидсэн. Тэгтэл нөгөө бараан хувцастай залуу нь авто зам дээр байж байгаад хаясан чулуу шиг зүйлийг нь авах гээд явган хүний зам руу гарч доош тонгойтол цээж нүцгэн залуу түүний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед бараан хувцастай залуу нь хойшоогоо авто зам руу тас гэдэргээ саваад толгойн ар хэсгээрээ асфальт мөргөж унасан. Тухайн үед гараараа тулах гэсэн ямар ч үйлдэл хийлгүй шууд унасан, миний бодлоор нүүр рүүгээ цохиулах үедээ ухаан алдсан байх гэж бодож байна. Бараан хувцастай залуу нь арагшаа унахдаа толгой нь асфальт цохиж байгаа нь таг гээд сонсогдсон. Энэ үед би өөрийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн. Бараан хувцастай залуу газарт унаад ахиж босч ирээгүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Харин цээж нүцгэн залуу зүгээр хойш зам дагаад өөрийн гар утсаар оролдсоор яваад өгсөн. ...Цээж нүцгэн залуу нь нөгөө залуугаа цохих гээд хий л цохиод байсан…гэжээ. /1хх-120-122/,

         Гэрч Ж.Нямаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

        …Г.Эрдэнэбаатарын эмчлэгч эмч нь байгаа юм. Г.Эрдэнэбаатарын биеийн байдал маш хүнд. 2016 оны 6 сарын 27-ны шөнө 04 цагийн үед манай тасагт ухаангүй байдалтай ирээд ухаан ороогүй байна. Тархины хүнд гэмтэл,  ухаангүй, тархины баруун тал бөмбөлөгт 7 мм гүн тархмал хатуу хальсан доорх цус хуралттай, тархи шахагдсан, тархины зүүн талдаа тархины эдийн цус харвалттай, гүн комын байдалтай хүргэгдэн ирсэн. Г.Эрдэнэбаатар хүргэгдэн ирээд 02 цагийн дотор яаралтай тархины хагалгаанд амь насны заалтаар орсон байна… гэжээ. /1хх-123-124/,

       Гэрч Н.Азжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

      2016 оны 6 сарын 27-ны өдөр 15 цагийн үед манай нөхөр Отгонзулын найз Пүрэвсүрэн над руу яриад Сонгинохайрхан дүүргийн Орбитод байдаг засварын газрын ажил дээрээ хүрээд ир гэсэн. Би ажлаа зохицуулаад очиход Пүрэвсүрэн, засварчин гээд өндөр нуруутай бор залуу байсан. Автомашинаа засуулахаар ирсэн байсан эмэгтэй, Пүрэвсүрэн бид нар хамт 0,5 литрийн хэмжээтэй Чингис голд нэртэй архи хувааж ууцгаасан. Энэ үед засварчин залуу архи уугаагүй. Ингээд сууж байтал Эрдэнэбаатар, Баясгалан 2 ирээд бид нар бөөнөөрөө караоке бааранд орсон. Гэхдээ яг хаана гэдгийг санахгүй байна. Би тухайн үед их согтсон байсан...Баар хаах үед бид нар гарсан. Баарнаас гарангуут Пүрэвсүрэнтэй 2 залуу маргалдах гээд байхаар нь би Пүрэвсүрэнг аваад хүргэж өгөөд гэртээ харьсан. Пүрэвсүрэн бид хоёрыг явах үед 2 эмэгтэйн хамт Эрдэнэбаатар, засварчин залуу нар үлдсэн…гэжээ. /1хх-125-126/,

         Гэрч И.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2016 оны 6 сарын 27-ны 19 цагийн үед намайг ажил дээр байж байхад багын найз болох Эрдэнэбаатар, Баясаа нар ирцгээсэн. Уулзаагүй удсан болохоор бид нар жаахан ууж суухаар тохирсон. Ингэхдээ би манай засварын газар ажилладаг Баттөмөрийг хамт явъя гээд тэр зөвшөөрч бид нар хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Элсэн цаг” гэдэг нэртэй бааранд 20 цаг өнгөрч байхад орцгоосон. Бид бааранд Нийслэл нэртэй пиво 17 шилийг авч, сүүлд нь Чингис голд нэртэй 0,5 литрийн архи хувааж ууцгасан. Бааранд ирээд Сүрнээ гэх эмэгтэйтэй танилцаж хамт сууцгаасан. Бааранд ороод 2 цагийн дараа байх найз Баясаагийн эхнэр нь утсаар дуудаад Баясаа яваад өгсөн. Баясааг явсны дараа 23 цаг 50 минутын үед буюу баар хаах гэж байхад Эрдэнэбаатар бааранд байсан 2 залуутай муудалцаж эхэлсэн...Эрдэнэбаатартай маргалдаж байсан өндөр нуруутай дэлдэн чихтэй залууг авч баарнаас гаргаад...гэр рүүнь дагуулаад явсан...Намайг бааранд иртэл баар хаачихсан, Эрдэнэбаатар, Баттөмөр, Сүрнээ, Азжаргал нар баарны гадаа байсан...Намайг таксинд суугаад явж байхад Баттөмөр, Эрдэнэбаатар, Сүрнээ 3 хамт “Мираж” зочид буудлын зүгт туслах замын хойд талын явган хүний замаар явж байгаа харагдсан...гэжээ. /1хх-127-128/,

          Гэрч Т.Оюунбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2016 оны 6 сарын 27-ны орой хадам ээжийн бааранд байхад гаднаас найз Пүрэвсүрэн, түүний найз Баттөмөр, Баясаа, Эрка, өөр нэг эмэгтэйгийн хамтаар орж ирсэн...Тэгээд 00 цаг болж манай баар хааж бид нар гарцгаасан. Би найз Сүрэнжавтай хамт хадам аав Гансүхийн машинд сууж гэр рүүгээ явж байтал найз Сүрэнжав маргааш 10 цагт ажилтай байсан учраас Дархан буцна гээд бид 2 хадам аавын машинаас буугаад шинэ замын уулзвар дээр байдаг “Тес Петролиум” шатахуун түгээх станцын урдаас такси барьж шинэ замаараа Драгон чигт явсан. Бид нарыг явж байхад  Баттөмөр “Чин” гэдэг баарны үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь Сүрэнжав бид 2 буугаад Баттөмөртэй уулзаж хамт орж хүний нэг шил Сэнгүр шар айраг уусан. Баттөмөр Эркатай хамт байсан. Сүрэнжав бид хоёр 15 минутын дараа баарнаас гарахад Баттөмөр, Эрка 2 гарч ирээд араас дагаад явж байсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад явсан. Би драгонд Сүрэнжавыг хүргэж өгөөд буцаад такси бариад гэрийн зүгт явж байхад Согинохайрхан дүүргийн 19-р хороо Мираж зочид буудлын зүүн талд буюу үүдэнд нь замын хашлага тэгнэсэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүний толгой хэсэг нь авто зам дээр, бие хэсэг нь явган хүний зам дээр байрласан байдалтай байсан. Би таксины жолоочийн гар утсаар 102, 103-т дуудлага өгүүлсэн. Би газар хэвтэж байгаа хүн дээр очоод хальтхан харахад нүд нь эвгүй болчихсон, толгойн ар хэсгээс цус гарч авто зам дээр цус урссан байдалтай байсан. Би тухайн их балмагдаад хальтхан харсан болохоор Эрка гээд Пүрэвсүрэнгийн найз байсныг мэдээгүй. Дараа нь Пүрэвсүрэнтэй уулзаад мэдсэн...Сүрэнжав бид хоёрыг баарнаас гараад явж байхад Баттөмөр Эрка хоёр араас ирж явахдаа Баттөмөр Эркад хандан “Чиний баян чинь тэндээ л байдаг юм байгаа биз” гэж яриад байгаа сонсогдсон. Гэхдээ нээх айхтар орилж, чарлаж, хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй...гэжээ. /1хх-130-131,137-138/,

         Гэрч Б.Золзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд МАНамаас нэр дэвшигч Дагва гээд хүний сонгуулийн сурталчилгаанд өөрийн найз Баяржаргалын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт сурталчилгааны ажил хийж байсан юм. Ингэхдээ бид хоёр миний эзэмшлийн 06-25 УНХ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркын автомашинтай явж байсан. Бид хоёр 2016 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 02 цагын үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мираж зочид буудлын замын эсрэг талын “МТ” шатахуун түгээх станцын төв замаас салдаг уулзвар дээр эргэх гээд зогсож байсан. Тэгтэл Мираж зочид буудлын зүүн талын явган хүний зам дээр хоёр согтуу хүн зодолдож байгаа асуудал анхаарал татаж, би найз Баяржаргалын хамтаар тэрхүү үйл явдлыг харж хэсэг зогссон. Зодолдож байсан хоёр залуугийн нэг нь өндөр нуруутай биерхүү, махлаг бор, дээгүүрээ цээж нүцгэн, хөх өнгийн джинсэн шорт өмссөн залуу байсан. Нөгөөх нь махлаг намхан нуруутай, цайвар царайтай, бараан хувцастай байсан. Зодоон яг юунаас болсныг мэдэхгүй, зодоон болж байхад л эргэж харсан. Намайг тэр хоёр хүнийг харахад намхан нуруутай нь өндөр биетэй махлаг залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Өндөр залуу нь хариу цохьсон боловч онохгүй байгаад байсан. Тэгээд намхан залуу нь газраас нэг юм авах гэж тонгойход нь нөгөө махлаг биерхүү залуу нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө намхан нуруутай залуу нь ар дагз хэсгээрэ замын асфальтан дээр их хүчтэй унасан. Учир нь замын нөгөө талаас дагзаараа асфальт мөргөөд унаж байгаа нь таг гээд их тод сонсогдсон. Унасан залуу босч ирээгүй. Ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, тэгээд нөгөө өндөр залуу нь ертөнцийн зүгээр хойд зүгт замаа дагаад алхаад яваад өгсөн...Тэр өндөр залууг хойшоо алхаад явж байх үед манай найз Баяржаргал гар утсан дээрээ тухайн зодсон залуугийн бичлэгийг хийсэн. Бид хоёр унасан залуу дээр очоогүй. Унасан залуугийн хажууд нэг такси зогсож байсан. Төд удалгүй нэг эмэгтэй ирчихсэн хажууд нь байж байсан...гэжээ. /1хх- 132-134/,

         Гэрч Ж.Баатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         …Миний бие Сонгинохайрхан дүүргийн аврах гал унтраах 29-р  ангид гал сөнөөгч ажилтай. Тэгээд ажлын бус цагаар өөрийн эзэмшлийн 23-86 УНК улсын дугаартай “Тоёота Кровн” машинаар таксинд явдаг байсан. Тухайн үед таксинд явж байсан. Хоёр эмэгтэй хүнийг Хилчин хотхоны урд талын колонктой уулзвар дээрээс аваад Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Дефогийн автобусны буудал өнгөрөөд Чин баарны өмнө хүргэж өгсөн... Би дархан явна гээд байсан эмэгтэйг нь сайн хэлж мэдэхгүй байна, тэр нь миний ард сууж байсан, харин нөгөө эмэгтэйг нь харвал танина, тэр эмэгтэй нь өндөр нуруутай туранхайдуу биетэй, давхараатай алаг нүдтэй, шардуу царайтай байсан...гэжээ. /1хх-135-136/,

        Шүүх эмнэлгийн шинжилгээний №9154тоот акт.Дүгнэлт:

       1.Эрдэнэбаатарын биед баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, тархины хаван, хагалгаа хийгдсэн байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхины шарх, цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна.

         5. Уг гэмтэл нь 2016.06.28-ны шөнө үүсэх боломжтой.

         6. Г.Эрдэнэбаатар нь В3-р бүлгийн цустай байна гэжээ. /1хх-153/,

        Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹1250 акт, Дүгнэлт:

       1.Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт, цээжний баруун ар хэсэг, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

4.  Талийгаачид  үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул химийн шинжилгээ хийх шаардлагагүй.

6. ГССҮТ-ий 20544 дугаартай түүхэнд дурьдснаар талийгаач 3-р бүлгийн цустай байна гэжээ. /1хх-143-144/,

         Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №9152 тоот акт. Дүгнэлт:

         1.Баттөмөрийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

         2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

         3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /1хх-150/,         

          Шүүх шинжилгээний ДНХ-ийн шинжээчийн хийсэн №5714 тоот акт. Дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Г.Эрдэнэбаатарын гэх хөх өнгийн футболка, цайвар ногоон өнгийн цамц дээр цус илэрсэн, бусад хувцас дээр цус илрээгүй.

          2.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Г.Эрдэнэбаатарын гэх хөх өнгийн футболка, цайвар ногоон өнгийн цамц дээр илэрсэн цус нь В/3/ бүлгийн харъяалалтай, ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

          3. Сэжигтэн Д.Баттөмөрийн цус нь В/3/ бүлгийн харъяалалтай байна.

          4.Сэжигтэн Д.Баттөмөрийн цус нь ДНХ–ийн тогтцоороо хохирогч Г.Эрдэнэбаатарын гэх хөх өнгийн футболка, цайвар ногоон  өнгийн цамц дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэжээ. /1хх-155-156/,

         Шүүхийн криминалистикийн шинжээчийн №4274 тоот акт, Дүгнэлт:

        1.Шинжилгээнд ногоон футболкны захны оруулганы баруун урд хэсэг, баруун ханцуйн урд залгаас орчимд 4.5х10 см хэмжээтэй, захны оруулганы зүүн ард хэсэг, зүүн ханцуйн ар залгаас орчимд 19х8.5 см хэмжээтэй татаж чангаах хүчний үйчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхайнууд байна.

         2. Дээрх ханзарсан уранхайнуудыг хэдэн удаагийн үйчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. / 1хх-157-158/,

        Шүүх сэтгэц  гэм судлалын 709 дугаар дүгнэлтэд:

  1. Д.Баттөмөр нь хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар баримт үгүй байна. Д.Баттөмөр нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй байна.
  2. Д.Баттөмөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Д.Баттөмөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. Д.Баттөмөр нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ойлгож, ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.
  5. Д.Баттөмөр нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  6. Д.Баттөмөрийн сэтгэл санаа гэмт хэргийн үйлдлийн үед цочрон давчдаагүй болно.
  7. Д.Баттөмөр нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1хх-165-167/,

Хэргийн материалаар дахин хийсэн шинжээчийн №1371 тоот акт. Дүгнэлт :

         1.Талийгаач Г.Эрдэнэбаатарын цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүдний ухархайн ханын хугарал, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт, цээжний баруун ар хэсэг, зүүн гуянд зулгаралт гэмтэл учирчээ.

         2.Талийгаачид учирсан дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

         3. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №9154 тоот дүгнэлт болон цогцост хийсэн шинжилгээ №1250 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан зүүн нүдний ухархайн ханын  хугарал гэмтлийг шалгахын тулд гавлын ясыг зөөлөн эдээс чөлөөлж шалгадаг тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үзэх боломжгүй, зөвхөн КТГ-н шинжилгээгээр тогтооно. Цогцост хийгдсэн шинжилгээ №1250-д тусгагдсанаар нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт болон Шүүх эмнэлгийн үзлэг хийгдсэн №9154 тоот дүгнэлтэд тусгагдсан зовхины цус хуралт гэмтэлүүд нь нэг түвшинд учирсан гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №9154 тоот дүгнэлт болон цогцост шинжилгээ хийсэн №1250 тоот дүгнэлтэнд  тусгагдсан Шүүх  эмнэлгийн үзлэг хийсэн акт №9154 тоот дүгнэлт болон цогцост хийсэн шинжилгээ №1250 тоот дүгнэлтэнд тусгагдсан цээжний баруун ар хэсэгт, зүүн гуянд зулгаралт гэмтэлүүд нь ямар учраас Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №9154 тоот дүгнэлтэнд тусгагдаагүй эсэхийг тогтоох боломжгүй  гэжээ. /2хх-54-56/,

         Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт нь зүүн нүдний хэсэгт нэг цохиулж, толгойн баруун ар хэсгээрээ юм мөргөж унахад үүсэх боломжтой. Учир нь зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт гэмтэлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн цохигдох үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ цохиулсны улмаас толгойн баруун ар хэсгээрээ унаж гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал гэх нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...Зүүн нүд орчимд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Рефлексийн шинжтэй ямар нэг гараа өргөх гэх мэт хөдөлгөөн хийж болно. Түүнээс идэвхтэй хөдөлгөөн хийж болохгүй, босож явж чадахгүй. Учирсан тархины гэмтэл нь маш хүнд гэмтэл, тархины хаван ихтэй байсан учраас эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байсан...гэжээ. / 1хх- 146-148/,

          Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

          ….Нүүр рүү нь зүүн нүдний орчимд  хүчтэй  өшиглөсний улмаас хохирогч савж унаж тархины гэмтэл нь үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхины шарх, цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн нүдний орчимд үүссэн эдгээр гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна… гэжээ. /1хх-153/,

Шүүгдэгч Д.Баттөмөр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-212/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-12/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-23,25,27/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-33-37/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-41/, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.        

 

 Шүүгдэгч  Д.Баттөмөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах  Мираж  зочид буудлын зүүн талд Г.Эрдэнэбаатар нь 2-3 удаа түүний нүүрэнд нь цохисноос болж тухайн  үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас  хариу үйлдэл хийж Г.Эрдэнэбаатарыг нүүрэн тус газар нь 1 удаа  өшиглөснөөс талийгаач ар дагзаараа газар савж унахдаа гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт, цээжний баруун ар хэсэг, зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл авсаны улмаас эмчлэгдэж байгаад амь нас нь хохирч хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгийн “....талийгаач ухаан орохгүй байсаар байгаад 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нас барсан. Эмчилгээ хийлгэх хугацаанд ухаан орохгүй байсан тул ямар ч ярилцах боломж байгаагүй...Маш их гомдолтой байна. Талийгаачийг амьд байх үеийн эмчилгээний зардал болон нас барснаас хойш гарсан зардлуудыг нэхэмжилж байна...Талийгаач 2015 оны 9 дүгээр сарын 04-ны  Хас банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авсан байгаа...Одоо үлдэгдэл  зээл нь 8.750.000 төгрөг байгааг нэхэмжилж байна...” гэх /1хх-53-55/, гэрч Х.Отгон-Эрдэнэний “...2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө... Эрдэнэбаатарын гар утас руу залгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж манай нөхөр бусдад зодуулж эмнэлэгт сэхээнд байгаа талаар мэдсэн...Гомдолтой байгаа...Миний хувьд Г.Эрдэнэчимэг эгчийг талийгаачийн төрсөн эгч нь гэж мэднэ. Бид нар талийгаачийн  ах дүүсээрээ бүгдээрээ ярилцаж байж Г.Эрдэнэчимэг эгчийг хохирогчоор оролцуулах талаар ярилцан тийнхүү шийдвэрлэсэн байгаа...” гэх /1хх-58, 2хх-48/, гэрч Э.Баяржаргалын ”….Мираж зочид буудлын зүүн талын явган хүний зам дээр 2 согтуу эрэгтэй хүн хоорондоо зодолдож байсан...бараан хувцастай залуу нь нөгөө залуугаа 2-3 удаа нүүр рүү нь цохиод байсан...бараан хувцастай залуу нь авто зам дээр байж байгаад хаясан чулуу шиг зүйлийг нь авах гээд явган хүний зам руу гарч доош тонгойтол цээж нүцгэн залуу түүний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед бараан хувцастай залуу нь хойшоогоо авто зам руу тас гэдэргээ саваад толгойн ар хэсгээрээ асфальт мөргөж унасан...Бараан хувцастай залуу нь арагшаа унахдаа толгой нь асфальт цохиж байгаа нь таг гээд сонсогдсон. Энэ үед би өөрийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн. Бараан хувцастай залуу газарт унаад ахиж босч ирээгүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй...” гэх /1хх-120-122/, гэрч Ж.Нямаагийн”…Г.Эрдэнэбаатар тархины хүнд гэмтэл,  ухаангүй, тархины баруун тал бөмбөлөгт 7 мм гүн тархмал хатуу хальсан доорх цус хуралттай, тархи шахагдсан, тархины зүүн талдаа тархины эдийн цус харвалттай, гүн комын байдалтай хүргэгдэн ирсэн. Г.Эрдэнэбаатар хүргэгдэн ирээд 02 цагийн дотор яаралтай тархины хагалгаанд амь насны заалтаар орсон…” гэх /1хх-123-124/, гэрч Н.Азжаргалын ”…Пүрэвсүрэн бид хоёрыг явах үед 2 эмэгтэйн хамт Эрдэнэбаатар, засварчин залуу нар үлдсэн…” гэх /1хх-125-126/, гэрч И.Пүрэвсүрэнгийн ”…намайг ажил дээр байж байхад багийн найз болох Эрдэнэбаатар, Баясаа нар ирцгээсэн. Уулзаагүй удсан болохоор бид нар жаахан ууж суухаар тохирсон. Ингэхдээ би манай засварын газар ажилладаг Баттөмөрийг хамт явья гээд тэр зөвшөөрч бид нар хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Элсэн цаг” гэдэг нэртэй бааранд 20 цаг өнгөрч байхад орцгоосон...Намайг таксинд суугаад явж байхад Баттөмөр, Эрдэнэбаатар, Сүрнээ 3 хамт “Мираж” зочид буудлын зүгт туслах замын хойд талын явган хүний замаар явж байгаа харагдсан...” гэх /1хх-127-128/, гэрч Т.Оюунбаярын ”…Би драгонд Сүрэнжавыг хүргэж өгөөд буцаад такси бариад гэрийн зүгт явж байхад Согинохайрхан дүүргийн 19-р хороо Мираж зочид буудлын зүүн талд буюу үүдэнд нь замын хашлага тэгнэсэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүний толгой хэсэг нь авто зам дээр бие хэсэг нь явган хүний зам дээр байрласан байдалтай байсан...Би тухайн их балмагдаад хальтхан харсан болохоор Эрка гээд Пүрэвсүрэнгийн найз байсныг мэдээгүй. Дараа нь Пүрэвсүрэнтэй уулзаад мэдсэн...Сүрэнжав бид хоёрыг баарнаас гараад явж байхад Баттөмөр, Эрка хоёр араас ирж явахдаа Баттөмөр Эркад хандан “Чиний баян чинь тэндээ л байдаг юм байгаа биз” гэж яриад байгаа сонсогдсон. Гэхдээ нээх айхтар орилж чарлаж хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй...” гэх /1хх-130-131,137-138/, гэрч Б.Золзаяагийн ”…Намайг тэр хоёр хүнийг харахад намхан нуруутай нь өндөр биетэй махлаг залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Өндөр залуу нь хариу цохьсон боловч онохгүй байгаад байсан. Тэгээд намхан залуу нь газраас нэг юм авах гэж тонгойход нь нөгөө махлаг биерхүү залуу нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө намхан нуруутай залуу нь ар дагз хэсгээрээ замын асфальтан дээр их хүчтэй унасан. Учир нь замын нөгөө талаас дагзаараа асфальт мөргөөд унаж байгаа нь таг гээд их тод сонсогдсон...Тэр өндөр залууг хойшоо алхаад явж байх үед манай найз Баяржаргал гар утсан дээрээ тухайн зодсон залуугийн бичлэгийг хийсэн...” гэх /1хх-132-134/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын”….Зүүн нүдний хэсэгт нэг цохиулж толгойн баруун ар хэсгээрээ юм мөргөж унахад гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд шарх, дээд доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт үүсэх боломжтой. Учир нь зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн цохигдох үйчлэлээр үүсгэгдэх боломжтой...Зүүн нүд орчимд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна...Учирсан тархины гэмтэл нь маш хүнд гэмтэл, тархины хаван ихтэй байсан учраас эмнэлгийн тусаламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байсан...” гэх /1хх- 146-148/, шинжээч эмч Т.Амартүвшингийн ”….Нүүр рүү нь зүүн нүдний орчимд  хүчтэй  өшиглөсний улмаас хохирогч савж унаж тархины гэмтэл нь үүсэх боломжтой...” гэх /1хх-153/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн №9154, 1250, 9152, 5714, 4274, 1371 тоот актууд, шүүх сэтгэц  гэм судлалын 709 дугаар дүгнэлт, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Д.Баттөмөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Баттөмөрт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй, түүний хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэдгийг тогтоож чадаагүй, гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй, Баяржаргал гэгч гэрч шүүгдэгч Д.Баттөмөртэй холбоотой байсан эсэхийг шалгах ёстой байсан, шүүгдэгч Д.Баттөмөр, талийгаач Г.Эрдэнэбаатар нарын хэн нь эхэлж хэнийгээ цохьсон болох нь тодорхойгүй, хэрэв шүүгдэгч Д.Баттөмөр хохирогчийг цохьсон бол өдсөн гэж үзнэ, хохирогчид олон тооны гэмтэл үүссэн нь олон удаагийн үйлчлэлээс үүдэлтэй гэдгийг тогтоох шаардлагатай байсан, шүүгдэгч Д.Баттөмөр хохирогчийн цээж рүү өшиглөсөн гэж мэдүүлээд байхад яахаараа нүүрэнд нь гэмтэл үүссэнийг тогтоох шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах талаар онолын тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

           Хавтас хэрэгт авагдсан, болсон байдлыг нүдээрээ харсан, хэрэгт хамааралгүй  хөндлөнгийн гол гэрч болох  Э.Баяржаргал “...харж байхад нэг залуу нь цээжин бие нүцгэн, доогуураа хөх өнгийн джинсэн шорттой, богино үстэй залуу /шүүгдэгч Д.Баттөмөр/ байсан. Харин нөгөө нь бараан хувцастай, тэр залуу нь нөгөө цээжин бие нүцгэн залуугаа бодвол эрүүл шахуу /талийгаач Г.Эрдэнэбаатар/ байсан...бараан хувцастай залуу нь нөгөө залуугаа 2-3 удаа нүүр рүү нь цохиод байсан...цээж нүцгэн залуу нь ядарсан бололтой тэнд байсан гэрлийн шонг түшиж зогсоод гартаа барьсан байсан чулуу шиг зүйлийг урд талдаа газар шидсэн. Тэгтэл нөгөө бараан хувцастай залуу нь авто зам дээр байж байгаад хаясан чулуу шиг зүйлийг нь авах гээд явган хүний зам руу гарч доош тонгойтол цээж нүцгэн залуу түүний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед бараан хувцастай залуу нь хойшоогоо авто зам руу тас гэдэргээ саваад толгойн ар хэсгээрээ асфальт мөргөж унасан...” гэж /1хх-120-122/, гэрч Б.Золзаяа “...Зодолдож байсан хоёр залуугийн нэг нь өндөр нуруутай биерхүү, махлаг бор, дээгүүрээ цээж нүцгэн, хөх өнгийн джинсэн шорт өмссөн залуу /Д.Баттөмөр/ байсан. Нөгөөх нь махлаг намхан нуруутай, цайвар царайтай, бараан хувцастай /Г.Эрдэнэбаатар/ байсан...намхан нуруутай нь өндөр биетэй махлаг залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Өндөр залуу нь хариу цохьсон боловч онохгүй байгаад байсан. Тэгээд намхан залуу нь газраас нэг юм авах гэж тонгойход нь нөгөө махлаг биерхүү залуу нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө намхан нуруутай залуу нь ар дагз хэсгээрэ замын асфальтан дээр их хүчтэй унасан...” гэж /1хх- 132-134/ мэдүүлсэнээс үзэхэд зодооны эхлэлийг талийгаач Г.Эрдэнэбаатар тавьсан, талийгаач Г.Эрдэнэбаатарын зүгээс гаргасан зүй бус хүч хэрэглэсэн зохисгүй үйлдлийн хариуд шүүгдэгч Д.Баттөмөр мөн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч Д.Баттөмөр талийгаачийг нэг удаа өшиглөснөөс өөрөөр гар хүрээгүй бөгөөд өөрөө талийгаачид зодуулсаны улмаас шүүгдэгчийн бие махбодид хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд учирсан нь шүүх эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон байна.

            Мөн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Д.Баттөмөр талийгаачийг цээж рүү нь өшиглөх гэж байгаад нүүрэнд нь өшиглөчихсөн талаараа мэдүүлсэн, талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан юм шиг харагдах боловч талийгаачид учирсан зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт нь зүүн нүдний хэсэгт нэг удаагийн мохоо зүйлийн цохигдох үйчлэлээр үүсгэгдэж, улмаар цохиулаад толгойн баруун ар хэсгээрээ асфальтан зам дээр  унахад гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал үүссэн болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлт, тайлбараар тогтоогдсон болно.

           Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Баттөмөрт сонсгосон зүйл анги тохироогүй, гэмт хэрэг санаатай үйлдээгүй, бусдыг алах санаа зорилго байгаагүй, гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж ял шийтгэл оногдуулах талаар онолын тайлбар гаргасныг шүүх хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гэж үзээгүй болно.

           Шүүгдэгч Д.Баттөмөр өөрийг нь зодлоо гэх шалтгаанаар талийгаач Г.Эрдэнэбаатарын нүүрэн тус газарт өшиглөж байгаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэхээс биш, болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэл байхгүй, хүч хэрэглэсэн үйлдлийг өөрөөр хүч хэрэглэхгүйгээр зохицуулах боломж байсаар байтал хариу хүч хэрэглэсэн нь хүсч хийсэн санаатай үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч Д.Баттөмөрт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг учирсан хохиролд 12.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтас хэрэгт 5.584.360 төгрөгийн баримт авагдсанаас /2хх-81-84/ төлөгдсөн байгаа 2.550.000 төгрөгийг хасч тооцоод, үлдэх 3.034.360 төгрөгийг шүүгдэгч Д.Баттөмөрөөс нөхөн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байх ба Г.Эрдэнэчимэг өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Баттөмөрөөс нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

  Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Баярмаа, талийгаач Г.Эрдэнэбаатар нар 1995 онд гэр бүл болсон хэдий ч 2007 оноос хойш тусдаа амьдрах болж, 2015 онд тэд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж 2007 онд төрсөн охин Энхжинд хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Г.Эрдэнэбаатараар тэжээн тэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байх ба Д.Баярмаа хүүхдийн тэтгэлэгийг шүүгдэгч Д.Баттөмөрөөс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 53 дугаар зүйлийн 53.1.4-д зааснаар тэтгэгч нас барсан тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно гэж хуульчилсан тул талийгаач Г.Эрдэнэбаатарын үүргийг шүүгдэгч Д.Баттөмөр хүлээхгүй юм.

 

   Харин иргэний нэхэмжлэгч Д.Баярмаа нь тэтгэлэг төлөгч байсан Г.Эрдэнэбаатар бусдын гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан тул нотлох баримтаа бүрдүүлэн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгээс талийгаач Г.Эрдэнэбаатарын Хас банкаас зээлсэн байсан зээлийн үлдэгдэл болох 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч зээл төлөгч Г.Эрдэнэбаатар нас барсан хэдий ч түүний зээл төлөх үүрэг нь Г.Эрдэнэчимэгт шилжээгүй бөгөөд тэрээр зээлийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  Д.Баттөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 197 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ногоон саарал өнгийн фудболк, Г.Эрдэнэбаатарын өмсөж явсан цэнхэр өнгийн даавуун футболк, ногоон өнгийн урт ханцуйтай даавуун цамц, цагаан өнгийн хос углааш, ногоон өнгийн ноосон оймс 1 хос, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн турсик, шүүгдэгч Д.Баттөмөрийн өмсөж явсан бор өнгийн углааш 1 хос, цагаан өнгийн даавуун футболк, хөх өнгийн жинсэн өмд /шорт/, хар өнгийн ноосон оймс 1 хос зэргийг устгаж, гар утаснаас авсан дүрс бичлэг бүхий зөөврийн санах ой ногоон өнгийн 1ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн шүүгдэгч Д.Баттөмөрийн эзэмшлийн 2.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн 27-79 УНМ улсын дугаартай саарал өнгийн “Хьюндай Соната-5” маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг автомашиныг талийгаач Г.Эрдэнэбаатарын ар гэрт учирсан хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Д.Баттөмөрт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг  үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.