Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/02505

 

       2020 оны дөр

 08 сар      12  р                                               184/ШШ2020/02505

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт М.Б /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Ээрмэл- байр, тоот

Хариуцагч: “Ө” СӨХ. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Ө, 20 дугаар байр, 0 тоот

Ажиллсан хугацааны цалин, өөрөөс гаргасан зардалд 3,663,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гэрч Н.А, нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                                                           

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б би 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажилласан. М.Б намайг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хэсэг оршин суугчдын хүсэлтээр “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлаж 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хуралдсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэснийг зөрчиж, тус СӨХ-ны 364 гишүүнээс 65 гишүүн оролцож, хурал 17,8 хувийн ирцтэй байхад хурлыг хийж, түүнээс сонгогдсон гэх Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал нар нь “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан надтай хэрүүл маргаан үүсгэж, “Ө” СӨХ-ны санхүүгийн тамгыг хулгайлан авч хүчин төгөлдөр бус хурлаас гаргасан Хяналтын зөвлөлийг сонгосон тогтоол дээр санхүүгийн тэмдгийг дарж, “Ө” СӨХ-ны харилцдаг Төрийн банкны “Өнөр” тооцооны төвд тус СӨХ-ны 10 дугаарын дансыг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хаалгасан байсан. “Ө” СӨХ-ны харилцах дансыг хаалгасны улмаас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс ажилтнуудын цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрсэн. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг дахин зарлан явуулж ирц хүрэлцсэн учир хурал хүчин төгөлдөр болсон. Тус хурлаас Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр сонгосон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б би 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүдэд 24,912,924.14 төгрөгийн үлдэгдэлтэй данс болон бусад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Шинээр гүйцэтгэх захирал томилогдох хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр СӨХ-ны тамгыг хүлээлгэн өгөх хугацаанд би гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б миний 2019 оны 6 дугаар сарын сүүлийн 15 хоногийн хөлс 225,000 төгрөг, 7, 8, 9 сарын хөлс 1,350,00 төгрөг нийт 1,575,000 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Энэ талаар Сууц өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлд гомдол гаргахад 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр А/72 дугаар албан бичгээр захирлын ажилласан хугацааны цалинг хуулийн дагуу олгож холбогдох тооцоог хийж дуусгах талаар даалгавар өгсөн боловч одоог хүртэл биелүүлэхгүй байна. Би “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бороо орсны улмаас “Ө” СӨХ-ны 20 дугаар байрны 3 дугаар орцны 105 тоот айлын дээврээс ус гоожсон тул дээврийн засварын ажлыг байцаагч нярав Д.Ү-ээр хийлгэсэн ба тухайн үед харилцах дансыг хаасан байсан тул хувиасаа 250,000 төгрөг гаргаж, дээврийн ажлын засварын ажилд хэрэглэх наадаг хар цаас 65,000 төгрөг х 2 ширхэг =130,000 төгрөг, паример 60,000 төгрөг х 2 ширхэг =120.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Ө” СӨХ-ны 20 дугаар байрны 10 орцны хогийн бункерт орос креолин 100 гр х 2 ширхэг х 5,000 төгрөг =10.000 төгрөгөөр авч цацсан, цэвэрлэгээний материал тод угаалгын шингэн 10 ширхэг 13,000 төгрөг, саван 10 ширхэг 7,000 төгрөг завлин 1 хайрцаг 10,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын ярианы төлбөрт 8,100 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бичиг хэргийн үйлчилгээний зардалд төлсөн 14,500 төгрөг, Төрийн банктай холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хувиасаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 128,990 төгрөг нийт 441,590 төгрөгийг өөрөө гаргасан.

Иймд “Ө” СӨХ-оос 2019 оны 6 дугаар сарын сүүлийн 15 хоногийн цалин 225,000 төгрөг, 7, 8, 9 саруудын цалин 450,000 төгрөг х 3 cap = 1,350,00 төгрөг, 2019 оны ээлжийн амралтыг эдлээгүй тул 2019 оны ээлжийн амралтын мөнгө 450,000 төгрөг нийт 2,025,000 төгрөг, данс хаагдсаны улмаас дээврийн засварын болон бусад зүйлд хувиасаа зарцуулсан 441,590 төгрөг нийт 2,466,590 төгрөг,  мөн “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилчдынхаа 7 сарын эхний хагас болон сүүлийн хагас сарын цалинг олгохын тулд 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 900,000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5076009555 тоот данснаас бэлнээр гарган ажилчдын цалинг хүснэгтээр олгосон.

Иймд “Ө” СӨХ-ны ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан 1,400,000 төгрөгийг нэмж нийт 3,866,590 төгрөгөөс орлогын татвар хассан дүн болох 3,663,500 төгрөгийг хариуцагч “Ө” СӨХ-оос гаргуулж өгнө үү.  

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” СӨХ 2010 оноос хойш Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй ажиллаж байсан нь маш их хэмжээний санхүүгийн зөрчил үүсч, оршин суугчдын эрх ашиг хохирох хэмжээнд хүрсэн байна. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Ө” СӨХ-ны нийт гишүүдийн ээлжит бус хурал хуралдаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө томилж, улмаар өмнөх “Ө” СӨХ-ны дарга М.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр Б.Н-г “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон. М.Б”Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлыг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчиж, санхүүгийн тайлан тооцоог хуулийн хугацаанд гаргадаггүй, 00 тоот өрөөнүүд болон подвалын түрээсийг хувьдаа зарцуулсан гэж үзэхээр байна.

Учир нь өмнөх гүйцэтгэх захирал асан М.Б-ээс шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Н-д 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцүүлэхэд 2009 оноос хойшхи санхүүгийн тайлан, 20 байрны 1,3,4,10 дугаар орцны 00 тоот өрөөнүүдийн түрээсийн гэрээ, 2014 оноос хойшхи түрээсийн төлбөрийн санхүүгийн баримтууд байхгүй байгаа зөрчлүүд илрээд “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б нь 2016 оноос 2019 оны санхүүгийн тайлан гаргаагүйгээс болж Сонгинохайрхан дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1 дэх хэсэгт заагдсанаар 400,000 төгрөгийн торгууль ногдуулан 72 цагийн дотор тайлангаа ирүүлэхийг даалгасан. Улмаар улсын байцаагч, санхүүгийн бүртгэлийн мэргэжилтэн н.А нь зөрчил арилгах 72 цагийг олгосон бөгөөд энэ хугацаанд нь “Маш дэлгэмэл эрдэм” ХХК-д 850,000 төгрөг төлж 2016 оноос 2019 оны хагас жилийн тайланг гаргуулсан байгаа нь гүйцэтгэх захирал М.Б-гийн буруутай үйлдэл юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.1, 12.4.3, 12.4.5, 12.4.7, 12.5 дахь хэсэгт зааснаар М.Б зөрчсөн тул цалин авах байтугай “Ө” СӨХ-нд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөхдөө санхүүгийн баримтуудыг гарган өгөөгүй, санхүүгийн баримтыг албадан гаргуулахаар бид шүүхэд хандсан одоо хяналтын шатны шүүхэд хянагдаж байна.

Нэхэмжлэгч нь холбогдох санхүүгийн баримтуудаа хариуцагч “Ө” СӨХ-нд гарган өгч тооцоо нийлсний дараа авах цалин байдаг бол гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,                                                                                                                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч “Ө” СӨХ-д холбогдуулан гүйцэтгэх захирлаар ажилласан хугацааны цалин 2,025,000 төгрөг, материалын зардал 441,590 төгрөг, нийт 2,466,590 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, ажилчдын цалинд хувиасаа гаргасан 1,400,000 төгрөг, нийт 3,866,590 төгрөг гаргуулахаар шаардсан, мөн цалингаас төлөх хүн амын орлогын татвар болох 202,500 төгрөгөөр  шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 3,663,500 төгрөг болсон байна. /1-р хх-ийн 42, 210/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч “Ө” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны цалин, амралтын мөнгөө аваагүй, мөн холбооны данс хаагдаж зарлага гаргах боломжгүй болсон тул ажлаа хэвийн явуулах үүднээс хувиасаа зардал гаргасан гэж, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ ажиллаж байх хугацаандаа холбоонд хохирол учруулсан, тооцоо нийлээгүй гэж тус тус тайлбарласан.

М.Б нь “Ө” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4 тоот тогтоолоор тус холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсон, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан удирдах зөвлөлийн тогтоол 2009, 2016 тогтоолууд, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ зэрэг баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-11/

“Ө” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, нэхэмжлэгч М.Баярсүрэнтэй 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 06 тоот гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил үүргийг 3 жилийн хугацаатай гүйцэтгэх, сард 450,000 төгрөгийн хөлс авахаар  тохиролцжээ.

Хариуцагч “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хуралдаж, түүнээс сонгогдсон удирдах, зөвлөл, хяналтын зөвлөл нь холбооны Төрийн банк дахь 103500002891 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичгийг банкинд хүргүүлснийг үндэслэн банк дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоожээ.

Холбооны харилцах дансыг зогсоосон  2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс ажил хүлээлцсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч М.Бхолбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухайд зохигчид маргахгүй байна.

“Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны 5 дугаар тогтоолоор Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар томилж, 9 дүгээр сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирал М.Б-ээс ажлыг хүлээн авч, хүлээлцсэн тухай акт үйлдсэн байна. /хх-ийн 11, 37/

Нэхэмжлэлийн  ажилласан  хугацааны хөлс гаргуулах шаардлагаас 2019 оны  6 дугаар сарын хөлс 225,000 төгрөг, 7, 8, 9 дүгээр сарын хөлс 1,350,000, нийт 1,575,000 төгрөгийн хэмжээнд хангаж, ээлжийн амралтын мөнгө 450,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хариуцагч нь нэхэмжлэгч М.Б-гийн ажилласан хугацааны болон ажиллуулагчаас төлөхөөр тохиролцсон хөлсний хэмжээний тухайд маргахгүй байгаа бөгөөд харин гэрээгээр амралтын талаар тохиролцоогүй,  ээлжийн амралт авч байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй болно. 

Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж, бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ гэж тус тус зохицуулсан ба 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч М.Б гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэсэн байна.

 Холбооны дансыг хааснаас шалтгаалан гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, ажлаа хэвийн явуулах үүднээс нэр бүхий ажилчдын цалинд өгсөн 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгч хувиасаа гаргасан, түүнийгээ буцаан шаардсаныг буруутгах боломжгүй юм.

Дурдсан үйл баримт нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5076009555 тоот дансны хуулга, зарлагын мэдүүлэг, 2019 оны 7 дугаар сарын 10, 7 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн урьдчилгаа олгох хүснэгт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, харин бараа материалын үнэ болон дээвэр зассан зардалд хувиасаа гаргасан гэх 441,500 төгрөгийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байгаа болно. /хх-ийн 44-48/

Нэхэмжлэгч М.Б нь Монголын сууц өмчлөгчдийн нэгдсэн холбоодын Дээд зөвлөлд хандан гомдол гаргасныг тухайн байгууллага хянаад ажил хүлээлцсэн актын дагуу захирал, нягтлан бодогч, үйлчлэгчдийн ажилласан хугацааны цалинг хуулийн дагуу олгож, тооцоог хийж дуусгах шаардлагыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/72 тоот албан тоотоор хариуцагч “Ө” СӨХ-нд хүргүүлсэн байдаг. /хх-ийн 27/

Иймд хариуцагч “Ө” СӨХ-ноос нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин 1,575,000 төгрөг, ажилтнуудын цалинд хувиасаа гаргасан 1,400,000 төгрөг,  нийт 2,750,000 төгрөг /шаардлагаа 202,500 төгрөгөөр багасгасан/ гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс 913,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлээс 913,500 /есөн зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 51,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” сууц өмчлөгчдийн холбооноос 51,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАТСҮХ