Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0206

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0217/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  шүүгч Ж.Мөнхтуяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрай,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014090000294 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,  *** төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой, ***тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-*** ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 
-*** -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 3 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар хорих ялын зарим хэсэг болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 3 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 20 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, 
-2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар  зүйлийн 147.2-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, ***-ны өдөр 

D:\2014 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Enkhbat-147.2.doc
Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн *** дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байсан. 

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 15-16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг “Дархан-Өргөө” сургуулийн гадаа иргэн ***ийг айлган сүрдүүлж, заналхийлэн андриод маркын гар утсыг дээрэмдэж 85000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн *** д амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, айлган сүрдүүлж самсунг т-мобайль маркын утсыг дээрэмдэж 90000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
  
Тодорхойлох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 13-14 цагийн үед ажил руу явж байгаад  ***тай таарч “АПУ”-гийн дэлгүүрээс пиво аваад “Од” цогцолбор сургуулийн урд сууж байгаад пивоо уусан. Уугаад сууж байхад Улаанбаатар хотоос над руу мөнгө шилжүүлэх хүн залгахад утасны цэнэг дуусаад би ярьж чадаагүй. Тэгээд утсаа цэнэглэх гээд дотуур байр руу явж байгаад замдаа ***тай таарч хоёр пиво уугаад “Дархан-Өргөө” сургуулийн дотуур байр орсон. Төгөлдөр дүүтэйгээ  уулзаад байж байхад хохирогч ***тэй таарч “ахын дүү утас байна уу?” гэхэд надаа утсаа өгсөн. Утсанд нь би симээ хийгээд мөнгө шилжүүлэх хүнтэйгээ ярихад утсаа асаалттай байлгаж байгаарай, би мөнгө шилжүүлнэ гэж хэлэхээр нь ***с “ахдаа утсаа орой хүртэл түр хэрэглүүлээч, эсвэл маргааш өглөө хүртэл хэрэглүүлчих” гэж хэлээд утсыг нь аваад явж байхад *** миний хойноос дуудаад намайг эргээд харахад “миний мемори картыг өгчих” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ?” гэхэд “хэрэгтэй зураг байгаа, наад утасны чинь мэдрэгч нь ажиллахаа больчихсон, та наад утсаа барьвал барихгүй юу?” гэж хэлсэн. Тэгээд дотуур байрны хойно нөгөө хэдтэй ууж сууж байгаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Намайг сэрэхэд Гантогтох найз нартайгаа байхгүй байсан. Миний цэнэггүй байсан утсан дотор миний симыг хийчихсэн байсан. Тэгээд би хойноос нь хайгаад явахад дотуур байрны урд хэдэн хүүхдүүдтэй маргалдаад байж байхаар нь салгах гээд яваад очиход цагдаа, сургуулийн жижүүр багш нар гарч ирсэн. *** гэдэг хүүхдийг би хараагүй, танихгүй, ямар утастай байсныг ч бас мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 5-6 дахь тал/,
-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 15 цагийн орчимд би “Дархан-Өргөө” сургуулийн сагсан бөмбөгийн шийдэн дээр сагс тоглож байхад зүс таних *** гэж ах ирээд намайг дуудаад “тунзаа байна уу?” гэсэн. Тэгэхээр би “тунзаа гэж юу юм бэ?” гэсэн чинь *** “гар утас байна уу?” гэсэн. Тэгэхээр нь би “надад гар утас байхгүй” гэсэн чинь миний өмсөж байсан шортны халаасанд миний утас товойгоод харагдаж байсан. Тэгэхэд “наана чинь юу байгаа юм бэ?” гээд миний шортны халааснаас  гараа хийгээд миний гар утсыг аваад юу ч хэлэхгүй цаашаа яваад өгсөн. Тэгэхээр би араас нь очоод “гар утсаа авъя” гэсэн чинь миний гар утаснаас сим карт, мемори карт хоёрыг нь гаргаж өгчихөөд цаашаа “Дархан-Өргөө” сургуулийн арагшаа гараад явсан юм. Би араас нь явах гэсэн *** согтуу байсан болохоор би айгаад араас нь очоогүй юм. 
... *** намайг дуудаад миний шилэн хүзүүн дээрээс гараараа бариад “тунзаа байна уу?” гэсэн. Тэгэхээр нь би “тунзаа гэж юу юм бэ?” гэсэн чинь “утас байна уу?” гэсэн. Намайг Валиарка /***/ цохиж зодоогүй ээ. 
...Би ***-ийг танихгүй дотуур байрны хүүхдүүдээс сураг сонсож байсан юм. Хүүхдүүдийг их дээрэлхдэг гэж сонсож байсан юм. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ээ, би гар утсаа эргүүлж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 16 цагийн орчим би хуучин хорооллын 23 дугаар байрны “Angel” кафены хажуугаар дэлгүүр ороод нэгж аваад буцаад байр руугаа явж байхад “Angel” кафены урд ***  ах намайг “нааш ир” гээд дуудсан. Тэгэхээр нь би тоохгүй урагшаа яваад байсан. Тэгэхэд “хөөе” гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би яваад очиход” гар утас байна уу?” гэж надаас асуусан, Тэгэхээр нь би “надад гар утас байхгүй” гэсэн чинь “халаасанд чинь гар утас байна шүү дээ” гэсэн. Миний халаасанд гар утас товойгоод харагдаад байхаар нь би гараараа гар утсаа дарсан чинь *** миний баруун хацар руу гараа атгаж байгаад нэг удаа цохиод нөгөө гараараа миний баруун талын урд халаасанд байсан “Samsung T.mobile” маркын гар утсыг ухаад авчихсан юм. Тэгээд миний сим картыг авч өгөөд “одоо зайл, намайг валерка гэдэг мэдэх үү?, дараа асуудал гаргавал ална шүү!” гэхээр нь би яваад өгсөн юм. 
...би гар утсаа авсан учир надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
 -Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...”Дархан-Өргөө” сургууль орж хүнтэй уулзах гээд явж байгаад хуучин хорооллын 23 дугаар байрны буланд ***тай уулзаад бид хоёр “Дархан-Өргөө” сургууль руу хамт явж байхад “Аngel” кафены урд хэсэгт “Дархан-Өргөө” сургуульд сурдаг зүс таних хүүхэд явж байхад *** дуудаж уулзаад үлдсэн, би чигээрээ яваад зам гараад явсан юм. Намайг  “Дархан-Өргөө” сургуулийн урд байхад *** араас ирсэн бөгөөд “Дархан-Өргөө” сургуулийн урд байхад цагдаа ирсэн юм. ***  нэлээн согтуу байсан”. гэх  мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26, 56 дахь тал/,
- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би ***, ***  хоёрт маргааш нь буюу 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гар утаснуудыг нь буцаагаад худалдаж авч өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь  2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 15-16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг “Дархан-Өргөө” сургуулийн гадаа иргэн ***ийг айлган сүрдүүлж андриод маркын гар утсыг нь дээрэмдэж 85000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... *** намайг дуудаад миний шилэн хүзүүн дээрээс гараараа бариад “тунзаа байна уу?” гэсэн. Тэгэхээр нь би “тунзаа гэж юу юм бэ?” гэсэн чинь “утас байна уу?” гэсэн” гэх мэдүүлгээр /хэргийн /хэргийн 10 дахь тал/, мөн иргэн *** д амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, айлган сүрдүүлж самсунг т-мобайль маркын утсыг дээрэмдэж 90000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний халаасанд гар утас товойгоод харагдаад байхаар нь би гараараа гар утсаа дарсан чинь *** миний баруун хацар руу гараа атгаж байгаад нэг удаа цохиод нөгөө гараараа миний баруун талын урд халаасанд байсан “Samsung T.mobile” маркын гар утсыг ухаад авчихсан юм. Тэгээд миний сим картыг авч өгөөд “одоо зайл, намайг валерка гэдэг мэдэх үү?, дараа асуудал гаргавал ална шүү!” гэхээр нь би яваад өгсөн юм.” гэх мэдүүлгээр /хэргийн 13 дахь тал/ тус тус нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгч *** нь урьд *** онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 3 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар хорих ялын зарим хэсэг болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 3 сар хорих ялаар шийтгүүлжээ.
    Тэрээр 6 сар 3 сар хорих ялаа биечлэн эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн/ 4 дүгээр зүйлийн 4.1.5-т зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 20 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялтай байдал дуусах тул ***ын ялтай байдал нь дуусаагүй байх тул бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Иймд шүүгдэгч *** ыг хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
    
    Хохирогч ***, *** нарт гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би ***, *** хоёрт маргааш нь буюу 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гар утаснуудыг нь буцаагаад худалдаж авч өгсөн.” гэх мэдүүлгээр /хэргийн 46 дахь тал/ нотлогдож байх бөгөөд хохирогч нар нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хэргийн 10, 13, 83-84 дэх тал/ гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

    Шүүгдэгч *** нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах үндэслэлгүй байна.

    Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 2014 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч ***ыг хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** ад оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *** ын энэ хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг ял эдэлсэн  хугацаанд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *** ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 
 
8.Э Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                     Ж.МӨНХТУЯА 

Т.ЭНХЖАРГАЛ