| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0216/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0209 |
| Огноо | 2014-09-19 |
| Зүйл хэсэг | 261.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0216/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч *** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000500 дугаартай хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-***-ний өдөр Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн *** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2 жил тэнсэж хянан харгалзсан,
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж Хорих 445 дугаар ангид ял эдэлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
2.Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-2013 онд Орхон аймгийн Сум дундын шүүхийн *** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2013 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж Хорих 445 дугаар ангид ял эдэлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 445 дугаар ангиас оргосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн хорих 445 дугаар ангид шилжиж ирээд сар болсон.2014 оны 6 дугаар сарын 24-ний өглөө Г.Хүрэлбаатартай ярьж байгаад оргохоор болсон.Тэгээд өглөө тооллогондоо орчоод халуун усны цаагуур гараад нүүрсний агуулахын нүхээр гарч оргосон.Автовокзал ороод машин байхгүй болохоор нь голоо дагаж алхаад Эрдэнэтийн гүүрний тэр хавьд дээд ангийн албан хаагчдад хоёулаа баригдсан.Тэгээд сар сахилгад суусан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 6 дугаар сарын 24-нд өглөө тооллогоны дараа намайг дуудаад би оргомоор байна манай өрөөний ах дарамтлаад байна гэсэн тэгээд бид хоёр оргохоор болсон. Халуун усны цаагуур гараад нүүрсний агуулахын нүхээр гарч оргосон. Эрдэнэтийн гүүрний тэнд очоод дээд ангийн албан хаагчдад баригдсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 445 дугаар хорих ангид 4 жилийн ял аваад ирсэн юм. Ингээд би анх ***тай танилцсан юм. Тэгэхэд *** надад оргох талаар ярьсан. Тэгээд би анх сонсоод зөвшөөрсөн юм. Би 445 дугаар хорих ангид ирээд 6 номерийн өрөөнд орсон. Манай өрөөнд *** гэдэг ах байсан. *** ах намайг байнга зодож дарамталдаг бөгөөд надад хоёр ч удаа хаан банкны дансны дугаар өгөөд 150.000 төгрөгийн гүйлгээ хий гэсэн. Манай гэр бүлийнхэн төлбөрийн чадваргүй учир тухайн мөнгийг өгч чадаагүй. Тэгэхэд ***р ах намайг мөнгө дансанд хийсэнгүй гээд дарамтлаад зодоод байхаар нь би *** тай ярилцаж байгаад оргохоор шийдсэн юм. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 7 цагт босоод тоонд суугаад 07 цаг 10 минутын орчим цайгаа ууж дуусаад 08 цаг 20 минутын орчим 445 дугаар хорих ангийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан бөгөөд ажлын байран дээрээ ирээд хувцасаа солиод байж байхад *** хажууд ирээд хоёулаа оргоё гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ***г дагаж явсан бөгөөд *** бид хоёр склад руу ороод складны агааржуулалтын хоолой байсан гэмээр дөрвөлжин 5 нүх байсны зүүн гар талаасаа 2 дахь нүхээр дамжаад цаад талын склад руу ороод төмөр хаалгыг *** татаж өгөөд би гараараа хаалганы цаад талаас хөшиж татаад ***ыг гаргаад цаашаагаа аж ахуйн хашааг даваад “***” ХХК”ийн хашаа руу ороод хаалгаар нь гарч яваад сумын захиргааны үүднээс таксинд суугаад автовокзал ороод Эрдэнэт рүү машин хэдээр явдаг талаар асуухад 15,000 төгрөгөөр явдаг гэсэн. Х*** бид хоёрын мөнгө хүрээгүй учир Эрдэнэт рүү явж байгаа замын машинд суугаад явъя гэж бодоод зам дагаад алхаж байгаад замаар явах юм бол баригдана гэж бодоод төмөр зам гараад уул чиглээд алхаж байгаад замд хараа гол таарсан, тэгээд гол гарах гээд үертэй байхаар нь дагаж алхаж байгаад Эрдэнэтийн гүүрээр гараад ертөнцийн зүгээр баруун тийш уул даваад алхаж байгаад бор пургонтой алба хаагч нарт баригдсан ” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2014 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр Хорих 445 дугаар ангид 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлээд ирсэн юм. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хорих 445 дугаар ангид *** ирсэн бөгөөд би *** эй найзлах болсон юм. 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байх би он сарыг нь сайн санахгүй байна, *** надад хоёулаа хорих ангиас оргох уу гэж хэлсэн. Би учрыг нь асуухад ***р ах надаас мөнгө нэхээд хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд *** хоёр оргохоор болоод 2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 07 цагт босоод тоонд суусан. Би хашаа дотор тамхи татаад сууж байхад *** ирээд одоо гаръя гэсэн тэгэхээр нь би одоо ээлж хүлээлцэнэ, ээлжийн тоо авна шүү дээ гэхэд *** яадаг юм бэ, гаръя гэсэн ингээд *** бид хоёр блокны хашаагаар ороод нүүрсний агуулахын урд хананд байдаг агааржуулалтын хоолойны нүх гэмээр газраар гараад төмрийн агуулахын өрөө рүү ороод агуулахын хаалгыг доогуур нь татаж байгаад гараад жижиг хашааг даваад “Алтан тос” ХХК-ийн хашаа руу ороод хаалгаар нь гараад зам дээрээс таксинд суугаад автовокзал 2000 төгрөгөөр хүргүүлээд автовокзал дээр очоод Эрдэнэт рүү хэдэн төгрөгөөр явдагыг асуухад 15.000 төгрөгөөр явдаг гэсэн, ***д 13,000 төгрөг үлдсэн байсан бид хоёрт өөр мөнгө байгаагүй юм. Ингээд *** бид хоёр Эрдэнэт рүү явж байгаад замын машинд дайгдаад явъя гэж бодоод төмөр зам гараад хараа гол дагаж алхаж байгаад Эрдэнэтийн гүүрээр гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад явж байхад урдаас бор ногоон өнгийн пургон машин дотроос ирээд бариад авсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/,
2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 01/1981: “Тус Хорих 445 дугаар ангиас 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр оргон зайлсан *** , *** нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” гэх албан бичиг /хэргийн 3 дугаар хуудас/,
2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. Үзлэгээр бэхжүүлсэн фото зураг /хэргийн 9-10, 11-12 дугаар хуудас/,
Хорих ангиас оргосон гэх фото зураг /хэргийн 90-95 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2014 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 09 цагаас ээлж хүлээн авахад бэлэн 200 ялтан хүлээн авсан бөгөөд орой 21 цагаас ялтны хөдөлгөөнийг хязгаарласан. Орой 22 цагт ялтнуудаа амраагаад 06 дугаар сарын 24-ний өглөө 07 цагт сэрээгээд тоо авахад бэлэн 200 ялтан байсан. Ингээд дараагийн ээлжинд хүлээлгэн өгөх гээд 09 цаг 50 минутад тоо авахад 198 ялтан бэлэн байсан бөгөөд 2 ялтан байхгүй байсан. Тэгээд шүүгээд үзэхэд ялтан ***, ялтан *** нар байхгүй байсан учир ялтны амьдралын бүсэд байгаад олдоогүй. 10 цаг 20 минутын орчим 445 дугаар ангийн дэд дарга, хошууч *** , ахлах төлөөлөгч ахлах дэслэгч ***, төлөөлөгч ахлах дэслэгч *** нарт танилцуулсан. Тэгээд эрлийн үйл ажиллагаа эхэлж би 40-н пост буюу *** явах постонд хянагч дэд ахлагч ***ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Намайг 40-ын постонд үүрэг гүйцэтгэж байхад өдөр 13 цагийн орчим оргосон 2 оргодол баригдаж эрлийн үйл ажиллагаа зогссон” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 07 цагаас ялтнуудыг босгож тоо авахад 200 ялтан байсан бөгөөд 09 цаг 50 минутад дараагийн ээлжиндээ ялтан хүлээлгэж өгөх гээд тоо авахад 198 ялтан байсан. Тэгээд ямар ялтан байхгүй байна гээд шүүгээд үзэхэд ялтан ***, *** нар байхгүй байхаар нь ангийн хашаа булан тохойг нэгжээд олоогүй. Тэгээд шууд 445 дугаар ангийн зохих албан тушаалтнуудад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “би 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 08 цагаас 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн хооронд “***” ХХК-д 24 цагийн харуулын үүрэг гүйцэтгэсэн. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө ээлж аваад рапортоо бичээд сууж байхад 08 цаг 40 минут ажлын үүдээр 2 залуу гараад явсан. Араас нь харахад 2 бараан хувцастай залуу сумын захиргааны зүг рүү чиглээд явсан. Би бодохдоо манай хашааг даваад ороод ирсэн 2 хүн байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 05 цагт анги дээр ирээд ялтны амьдралын бүс рүү орж унтаж байгаа ялтнуудыг ороор нь тоолж тоо авахад тоо яг тулж байсан. Тэгээд өрөөндөө ороод байж байхад 08 цагт хоногийн илтгэлийн хурал болоод 09 цаг 20 минутын орчим тарсан. Тэгээд намайг өрөөндөө сууж байхад 10 цаг 30 минут орчим албаны дэд дарга хошууч *** станцаар ялтны амьдралын бүс рүү ороод ир гэсний дагуу би ялтны амьдралын бүс руу ороод дэд даргатай уулзахад 2 ялтан байхгүй байна гэсэн. Тэгээд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж нэн түрүүнд ялтны амьдралын бүсийн бүх газраар хайгаад олоогүй. Би өөрөө ***с ХХК-ийн харуул Гантулга гэх залуутай уулзахад өглөө 09 цагийн орчим 2 залуу гараад сумын захиргаа чиглээд яваад өгсөн гэж хэлсний дагуу эрлийн үйл ажиллагааг эхлүүлж албаны алба хаагч нарыг “аянга 2” гэсэн дохио өгөөд түргэн цугларалт зарлаад ирсэн алба хаагч нараа постуудаар томилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу мэдэгдээд дараа нь аймгийн цагдаагийн газарт, улмаар хорих 435 дугаар анги руу мэдэгдээд дараа нь Эрдэнэт, Сэлэнгэ рүү мэдэгдэж эрлийн үйл ажиллагаа явагдсан. Ингээд өдөр 12 цаг 30 минутын орчим 435 дугаар ангийн алба хаагч нараас надад оргодол барьсан талаар мэдэгдэж эрлийн үйл ажиллагааг зогсоосон” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,
Оргосон ялтан ***, *** нарыг эрэн сурвалжлах тэмдэглэл /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Оргосон ялтан ***, *** нарыг барьсан тухай тэмдэглэл /хэргийн 88-89 дүгээр хуудас/,
Ял шийтгэлийг шалгах хуудас, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч ***, *** нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 445 дугаар ангид хорих ял эдэлж байхдаа 2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 9 цагийн орчим ялтны амдарлын бүс гэх байрнаас бүлэглэн оргосон /2014 оны 06 сарын 24-ний өдрийн 13 цагт ялтны байрнаас 7 км хол байх жалганаас баригдсан/ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч *** /28-29 хуудас/, *** /26-27 хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, гэрч *** /13-14 хуудас/, гэрч *** /15 хуудас/, гэрч *** /16-17 хуудас/, гэрч *** /18 хуудас/, гэрч *** нарын өгсөн мэдүүлэг, ялтан ***, *** нарыг эрэн сурвалжилсан, барьсан тухай тэмдэглэл /34-35, 88-89 дүгээр хуудас/ болон бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг хорих ангиас бүлэглэн оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***, *** нар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарыг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
***, *** нарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***, *** нар нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс цагдан хоригдсон бөгөөд тус бүр 83 хоног цагдан хоригдсон тул энэ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Энэ хэрэгт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэж хорих ангиас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар шүүгдэгч ***г 5 жил 10 хоног /таван жил арав хоног/ хорих ялаар, шүүгдэгч ***ыг 5 жил 10 хоног / таван жил 10 хоног/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3-т заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ял дээр өмнөх 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаатай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 10 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 10 хоног /зургаан жил арав хоног/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн58.1, 58.3-т заасныг баримтлан шүүгдэгч ***т энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ял дээр өмнөх *** -ний өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 26 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 10 хоног /долоон жил арав хоног/ хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 6 жил 10 хоногийн хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 7 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан ***нийн цагдан хоригдсон 83 хоног, ***ын цагдан хоригдсон 83 хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ
Я.ТУУЛ