| 2020 8 28 183/ШШ2020/02273 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, хаягт оршин суух, ...овогт Ц.ийн Ө /РД:/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, овогт Д.ын Т. /РД:/-д холбогдох, Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Ө хариуцагч Д.Т. нар 2017 онд хамтын амьдралаа эхлүүлж 2018 оны 6 дугаар сард өрх тусгаарлаж хамтран амьдарсан байдаг. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Т.ын О төрсөн. Ц.Ө, Д.Т. нар захиргааны журмаар гэрлэлтээ бүртгүүлээгүй ба охин Т.Ог 4 сартай байхад 2019 оны 4 дүгээр сараас хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарсан цагаас эхлэн Ц.Ө нь охины хамтаар амьдарч байна. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс охинтойгоо нэг ч удаа уулзаж байгаагүй, сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэгийг огт үзүүлж байгаа болно. Охины хувьд бие эрүүл, эхийн мөөмөөр хооллон өсч, торниж байна. Нэхэмжлэгчийн зүгээс охиноо эцэггүй өсгөхгүй гэдэг үүднээс нэг жил гаруй хугацаанд хариуцагчийг хүлээсэн ч хариуцагч нь хамтын амьдрал авч үлдэх, үргэлжлүүлэх хүсэл зориг байхгүй нь тодорхой болсон тул охин Т.Ог нэхэмжлэгч Ц.Өын асрамжинд үлдээн, хариуцагч Д.Т.ас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв. Хариуцагч Д.Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Т. миний бие шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлттэй танилцлаа. Шүүх хуралд оролцохгүй бөгөөд зохих хууль, журмын дагуу маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэв. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Зохигчид 2017 оноос эхлэн дотносож, 2018 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Ц.Ө, Д.Т. нарын дундаас 2018 оны 12 сарын 10-ны өдөр охин Т.О төрсөн байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч хүүхдийн эцэг нь мөн эсэхэд эргэлзэн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр эцэг нь мөн болох нь тогтоогдсон тул хариуцагч зохих хууль, журмын дагуу, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3265 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.Т. нь охин Т.Огийн эцэг мөн болох нь тогтоогдсон тул хуульд заасан хэмжээгээр охин Т.Од тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр охин Т.Од эцэг Д.Т.ас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Т.Од 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Т.ас сар бүр тэтгэлэг гаргуулсугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Т.ас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ |