Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0210

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2014/0220/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000552 дугаартай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  төрсөн, ***  настай, ***  дээд боловсролтой ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 

Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө ***  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дэх хэсгийн жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдаа хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалт, мөн 2 дугаар бүлгийн 2.7.А дах хэсэгт заасан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьсан үүрэг хүлээнэ. Үүнд: А.Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийг 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл буюу осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, Б. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, В. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагын ажилтанд нь мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаална, цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэх заалтуудыг зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-4 дүгээр байрны дэргэд явган зорчигч Д.Шижирийг мөргөж зам тээврийн осол гаргаад жолоочийн үүргээ биелүүлээгүй, уг ослын газрыг орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/,

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
            Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  хүргэн ах *** ны эзэмшлийн *** дугаарын Соната 5 маркийн автомашиныг жолоодож яваад 00 цагийн орчимд 20-4 дүгээр байрны урд хэдэн хүмүүстэй муудалцаад машинаа унаад явахдаа иргэн ***рыг анхаарал болгоомжгүйгээсээ болоод шүргэсэнээ мэдээгүй явсан. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өглөө би Сэлэнгэ явчихаад 22-ны өдөр ирэхэд машинаар хүн мөргөчихөөд зугтаасан гэдгээ мэдэж цагдаа дээр очиж ***тэй уулзаад эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 19-ний орой 23 цаг 30 минутын өмнө би ах ***ы эзэмшлийн *** улсын дугаартай Соната 5 маркийн автомашиныг жолоодоод Дархан сум 5 дугаар баг арбатын гудамжинд байдаг касс нэртэй бааранд ***  гэдэг найзаа хайгаад орсон чинь байхгүй байсан, тэгэхээр нь би тэр бааранд ганцаараа суугаад 0,5 литрийн сэнгүр нэртэй 2 шил пиво, 100 грам цагаан архи уусан. Тэгээд архи, пиво уунгаа тэр баарны нийтийн караокед дуулж сууж байхад гаднаас орж ирсэн танихгүй 4-5 залуучуудтай жаахан маргалдаад тэр баарыг хаатал ямар ч байсан байж байгаад тэр баарнаас гарсан. Тэгтэл надтай маргалдаж байсан залуучууд намайг хүлээж байсан. Тэгэхээр нь гүйгээд машиндаа орж суусан. Тэгсэн нөгөө залуучууд миний машины хаалга үүднээс татаад чулуу мод шидэх гээд байх шиг байсан. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд явсан байх, би зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа юм, согтсон байсан. Тэгээд нэг мэдэхэд би гэрийнхээ хажуу талын Шунхлай клонк дээр явж байсан, тэгээд гэртээ орж амарсан. Тухайн үед би гэртээ яаж орсон талаар санахгүй байгаа юм. Тэгээд маргааш өглөө нь Улаан-Үд явах ажилтай байсан учраас 08 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад ахынхаа машиныг гэрт нь хүргэж өгөөд Сэлэнгэ аймаг явах машинд суугаад хил гараад явсан. Тэгээд 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн чинь ахын машины бичиг баримтан дээр байдаг хүний нэр дээр зам тээврийн осол гаргаад зугтаасан гэсэн бичиг очсон байсан. Тэгээд би мэдээд цагдаа дээр ирж уулзсан” гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 5 ширхэг /хэргийн 6-7 дугаар хуудас/, 

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би найз *** нартай хамт вагонд хүн суулгаж өгөхөөр 20-4 дүгээр байр гэр рүүгээ орох гээд алхаж байсан. Би *** нараас түрүүлээд арай урд талд нь явж байсан, тэгсэн араас саарал өнгийн соната 5 загварын *** гэсэн улсын дугаартай автомашин хүүхдийн тоглоомын талбай хашлага давж ороод *** бид 3-ын дундуур орж ирээд намайг жолооочийн нөгөө талын урд гэрэл хамар хэсгээр миний зүүн талын гуяны ар хэсэг рүү мөргөчихөөд чигээрээ зогсохгүй хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би газар савж унаад босч чадахгүй байсан чинь  *** 2 намайг босгоод байрны гадаа сандал дээр сууж байтал нөгөө машин эргэж ирээд яг намайг мөргөсөн газраасаа эргэж тойроод буцаад Арбатын гудамжаар ороод алга болчихсон. Тэгээд найз *** цагдаад дуудлага өгсөн. Тэгээд бид 3 байрны гадаа сууж байхад цагдаагийн машин ирээд намайг мөргөсөн машиныг олно гээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шижир гэр рүүгээ орох гээд алхаад араас нь *** ой хамт явсан юм. Ингээд явж байтал арбатын гудамж талаас нэг машин орж ирээд чигээрээ явж байсан. Тэгсэнээ тэр машин ***  мөргөчихөөд чигээрээ яваад өгсөн. Тухайн үед яг мөргөчихөөд чигээрээ яваад өгсөн. Тухайн үед яг мөргөхийг нь хараагүй бөгөөд хүн мөргөх чимээ гарсан тэгэхээр нь харсан. Тэгээд машин чигээрээ явахаар нь бид хоёр *** рүү гүйгээд очиход ***р унасан байсан бөгөөд амнаас нь жоохон цус гарсан байса. Тэгтэл нөгөө машин буцаад бид нар дээр ирэхээр нь бид нар уулзах гэж байгаа м байна гэж бодож байтал зогсолгүй хажуугаар гараад зугтаагаад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/, 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр үед шижир түрүүлээд урд нь, ард нь М***бид 2 явж байтал гэнэт арбатын гудамжнаас мөнгөлөг саарал өнгийн Соната 5 загварын машин гарч ирээд хүүхдийн тоглоомын талбай дээгүүр гарч яваад *** бид 2-ын урд явж байсан ***г хажуу талаас нь мөргөчихөөд чигээрээ цаашаа яваад нэг бүтэн тойроод буцаад эргэхээр ***бид 2 араас нь гүйсэн чинь зогссоноо буцаад чигээрээ хөдлөөд Арбатын гудамж ороод яваад өгсөн. ***р мөргүүлээд шууд тэндээсээ газар уначихсан байсан. М*** бид 2 очоод босгоход амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлэгийн үзлэгийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 752 тоот “*** н биед зүүн мөр, шуунд нь зулгаралт, бүсэлхий, зүүн талын ташааны зөөлөн эдийн няцрал, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/,

  2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10-07-025-45 тоот дүгнэлт “Соната 5 загварын *** дугаарын тээврийн хэрэгсэл нь ашиглалтын хугацаанд тормосны ялтсыг /наклад/ зориулалтын бус зүйлээр орлуулж хийсэн, урд талын дугуйнуудын хээ зөрүүтэй байгаа, жолооны хүрдний сул зөвшөөрөгдөх хэмжээнээс их зэрэг нь осол гаргахад нөлөөлсөн байна. Техникийн стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэлээр зам тээврийн хөдөлгөөнд орсон байна. Осол үйлдэхэд техникийн бүрэн бус байдал нөлөөлсөн” гэх дүгнэлт /хэргийн 45-51 дүгээр хуудас/ зэрэг болно.
   
  Шүүгдэгч *** 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00-01 цагийн үед согтуугаар *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.7.А дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-4 дүгээр байрны дэргэд явган зорчигч ***мөргөн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргийн А, Б, В-д заасан заалтуудыг зөрчин  жолоочийн үүргээ биелүүлэхгүй, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***, гэрч *** нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 752 тоот дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. 
   
  Шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч ***ыг осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч  ***ыг   1  /нэг жил/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Энэ хэрэгт *** 29 хоног цагдан хоригдсон бөгөөд хохирогчид төлөх  төлбөргүй болохыг дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан самсунг загварын 200.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч битүүмжилсэн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1796 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ***д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар  хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыгт эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ж.МӨНХТУЯА