| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0515/3 |
| Дугаар | 221/МА2026/0357 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0357
Б.У, Ж.С нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** дүгээр тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2026/0319 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0515/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С нараас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** дүгээр тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 65 дугаар зүйлийн 65.1, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** дүгээр тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Нийслэлийн авто замыг ашигласны төлбөрийг хот, орон нутгийн иргэд бүртгэлийн харьяаллаас шалтгаалан өөр, өөр төлбөрийн зохицуулалт үүсгээд байгаа нь бодит агуулгаараа иргэдийг байршлаар нь ялгаварласан зохицуулалт бүхий захиргааны хэм хэмжээний акт гарсан гэж үзэж байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс маргаан бүхий шийдвэр нь татвар бус, үйлчилгээний шинжтэй төлбөр тогтоосон бөгөөд нийслэлийн авто замыг ашигласантай холбоотой зардлыг нөхөх зорилготой, хэрэглээнд суурилсан төлбөр байх тул холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхээр байна гэж шийдвэрлэснийг эсэргүүцэж байна.
3.2 Нэхэмжлэгч нарын хувьд нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгсэлд зорчих бүрд өндөр давтамжтай төлбөр ногдуулж байгаа нь эдийн засгийн дарамтаар дамжуулан орон нутгийн иргэдийн зорчих эрхийг бодитоор хязгаарласан шинжтэй зохицуулалт болсон тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж, шүүхэд тайлбар, мэдүүлгийг өгсөн.
3.3 Маргаан бүхий актаар нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл жилд 1 удаа, нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээр зорчсон тухай бүр 48 цагийн дотор, 48 цагаас хойш 24 цаг тутам төлбөр тооцогдохоор тогтоож өгсөн нь Монгол улсын иргэн засаг, захиргааны алт нэгжид амьдардаг, автомашинаа хаана бүртгүүлснээс хамаарч ялгавартай хураамж төлөх болсон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан заалтыг зөрчиж, нийслэл хотод оршин суудаггүй байсан ч нийслэлд орж ирэх, нийслэлд чөлөөтэй зорчих эрхийг нь 48 цагаас хойш 24 цаг өнгөрөх тутам төлбөр авах байдлаар хязгаарлаж, ингэснээрээ хөдөө орон нутгийн иргэдийн Үндсэн хуулиар заасан иргэний баталгаатай эдлэх ёстой нийслэлд чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж байна.
3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;
3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” **/** дүгээр тогтоолын хавсралтаар “Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг” баталсан байх ба нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг I) Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд 1 удаа, II) Нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслээс зорчсон тухай бүр авч байхаар тус тус шийдвэрлэжээ.
4. Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг батлахдаа холбогдох судалгаа, нөлөөллийн шинжилгээг тус тус хийж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Төслийн хэлэлцүүлгийн мэдээ”-нд “...Тогтоолын төсөл болон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ нэртэй санал асуулгын хэлбэрээр нийт 13 асуулттай бэлтгэн Ulaanbaatar.mn цахим хуудсанд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 30 хоног байршуулан санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж, цахимаар нийт 10,524 иргэн санал ирүүлснээс 6,890 иргэн дэмжиж, 3,634 иргэн дэмжээгүй байна. ...Тогтоолын төслийг дахин 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс дахин санал авахаар байршуулсан бөгөөд санал ирээгүй байна” гэж тэмдэглэсэн байна.
5. Нөлөөллийн шинжилгээний танилцуулгад “...нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ замын сангийн 22 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь ойролцоогоор жилд 14-18 тэрбум төгрөг юм. Одоогийн байдлаар 1231,3 км Нийслэл Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн үндсэн хөрөнгийн хэмжээ нь 2.1 их наяд төгрөгтэй дүйцэхүйц байсан боловч засвар арчлалтын хөрөнгийн хэмжээнээс хамаарч авто замын урсгал болон ээлжит засварын ажил тогтвортой хийгдээгүйн улмаас 1.26 их наяд төгрөг хүртэл буурсан. Дэлхийн хөгжилтэй улс орнууд авто замын санг бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаас судалж үзэхэд төлбөрийн хэмжээг явсан хэмжээгээр нь нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг харуулж байна” гэжээ.
6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** дүгээр тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол (субьектив эрх)-ыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх зорилготой болно.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-д заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг”, 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна” гэж, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.
9. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл, өмгөөлөгч нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг холбогдох хуулиар зохицуулсан байх ба харин гагцхүү нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл гаргахдаа зөвхөн I) хүрээлэн байгаа орчин, II) хүүхдийн эрх, III) нийтийн эрүүл мэнд, IY) нийтийн өмчийг хамгаалах асуудлаар л өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах агуулгаар тусгасан байна.
10. Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд;
10.1 Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл хэсэгт ...5.1.6-д “Хуулийн 18 дугаар зүйлээр хууль тогтоогч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах” зорилго, агуулгаар нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар “агуулга”-ын хүрээг тогтоосон, энэ хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхдээ хууль санаачлагч болон хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаарах нь зүйтэй”. ...Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх талаар “хуулиар тусгайлан эрх олгогдсон” этгээдэд ямар хүрээнд, ямар асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тухайн хуульд тусгайлан зааж баталгаажуулсан байхыг хуулийн 18.3 дахь заалтын “тусгайлан” гэх агуулгад хамааруулан ойлгоно”. ...“Харин тухайн хуульд захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл гаргах эрхийн хүрээ хязгаарыг тогтоогоогүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах” асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хуульд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах хүрээ хязгаарыг тогтоогоогүй нь тухайн этгээдийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн “дурын” асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж;
10.2 Тайлбарлах нь хэсэгт. г/ Хуульд заасан “тусгайлан” гэх нөхцөлд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ямар этгээд, ямар хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тусгайлан зааж баталгаажуулсан байхыг ойлгоно. Харин хуульд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүрээнээс өөрөөр заагаагүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “хүрээлэн байгаа орчин”, “хүүхдийн эрх”, “нийтийн эрүүл мэнд”, “нийтийн өмчийг хамгаалах” дөрвөн үндсэн хүрээнд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ” гэж тодорхой, салаа утгагүйгээр тайлбарлажээ.
11. Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн зохицуулалт нь өмгөөллийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчид өөрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалан нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон зохицуулалт болохоос ямар асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлөхийг нарийвчилсан зохицуулалтыг агуулаагүй, энэ асуудал нь дээрх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтаар тодорхойлогдоно.
12. Өмгөөлөгч нар хуралдаанд “...Монгол Улсын дээд шүүхийн тайлбар бол хуулиас давсан үйлчлэлтэй эрх зүйн хэм хэмжээний акт биш, эрх зүйн эх сурвалж биш гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д хоёр нөхцөлийг зааж өгсөн. Тусгайлан эрх олгосон гэдэгт өмгөөлөгч нар байна. Дээд шүүхийн тайлбар хуулийг тайлбарладаг болохоос биш хэмжээ тогтоодоггүй. Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх, шүүгч хууль хэрэглэхдээ Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх, татгалзах эрхтэй. Тэр хүрээнд бид хоёрын зүгээс энэ Дээд шүүхийн тайлбарын өмгөөлөгчийг дээрх 4 салбар чиглэлийн хүрээнд нэхэмжлэл гарга гэдэг нь хуулийг давсан хэм хэмжээ тогтоосон эрх зүйн эх сурвалж гэж үзэж байгаа. Нэхэмжлэл гаргаж байгаа асуудал нь энэ 4-д хамаарахгүй. Бид мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авахгүй, шүүхийн хувьд холбогдох хуулийг хэрэглэхдээ, Улсын дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбарыг харгалзаж, тэр агуулгаар хэрэглэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчимд нийцнэ.
13. Өөрөөр хэлбэл дээрх 30 дугаар тогтоолд тайлбарласан агуулгаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нь зөвхөн 4 үндсэн хүрээнд хамаарах асуудлаар буюу I) хүрээлэн байгаа орчин, II) хүүхдийн эрх, III) нийтийн эрүүл мэнд, IY) нийтийн өмчийг хамгаалах асуудлаар л шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, бусад асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлөхгүй гэж ойлгохоор Улсын дээд шүүхээс тайлбарласан байна.
14. Анхан шатны шүүхийн “...нийслэлийн авто замын элэгдэл, ачаалал нэмэгдэж байгаа нөхцөлд замын засвар, арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь нийтийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд маргаан бүхий шийдвэр нь энэхүү зорилгод чиглэсэн, үндэслэл бүхий арга хэмжээ гэж үзэхээр байна. Учир нь нийслэлийн авто замын элэгдэл, ачаалал нэмэгдэж байгаа нөхцөлд замын засвар, арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр өөрийн сайтаараа нөлөөллийн шинжилгээг авсан, Нийслэлийн авто замыг ашиглаж буй иргэдээс санал авсан нь нийслэлийн хэмжээнд авто зам ашигласны төлбөрийг хөдөө орон нутгаас нийслэлд орж ирсэн тээврийн хэрэгслүүдээс авах, мөн нөлөөллийн шинжилгээг хөдөө орон нутгийн иргэдээс санал аваагүй байх бөгөөд зөвхөн нийслэлийн хэмжээнд авсан байна. Мөн маргаан бүхий хэм хэмжээний актыг батлахдаа хуульд заасан хэлэлцүүлэг, батлах журмыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул процессын хувьд хуулийн зөрчилгүй байна” гэх агуулгатай дүгнэлт хийж маргааныг хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн, нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
15. Иймээс нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С нар нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** дүгээр тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
16. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7017 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
17. Хууль зүй дотоод хэргийн яам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлан тухай” **/** дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 65, 66 дугаар заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн **** дугаар бүртгэжээ.
18. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
19. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн үйл ажиллагаанд хамаарч байна.
20. Харин Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэйн улмаас энэ хуульд заасан журмын дагуу хүчингүй болсон бол хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ тухай албан бичгийг хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын хуулбарын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ” гэж зааснаар хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдож хүчингүй болсон тохиолдолд баталсан этгээд нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж улсын бүртгэлд хүчингүй болсныг бүртгүүлэх үүрэгтэй.
21. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
22. Дээр дурдсанчлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
23. Нэхэмжлэгч нар 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “I) Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** тоот тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсэг, II) Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7017 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж оролцсон байхад анхан шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С нарын гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **/** тоот тогтоолын нийслэлд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг зорчсон тухай замын төлбөр авахтай холбогдох хэсгийг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, өмгөөлөгч Б.У, өмгөөлөгч Ж.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА