Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Иргэдийн төлөөлөгч А.Сундуйжав,

Улсын яллагч У.Солонго,

Шүүгдэгч Ө.Ганбат, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Хохирогч М.Саранчимэг

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012470 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 2 дугаар орцны подвольд түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ялаар, 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар 20 хоног хорих ялаар шийтгэгдэж, 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусан суллагдсан, 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны  өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусан суллагдсан, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, ТК74011876 дугаар регистртэй, Боржигон овогт Өсөхбаярын Ганбатад холбогдох хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ө.Ганбат нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдэлээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Алтайн 11-04 тоотод оршин суух иргэн М.Саранчимэгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны төмөр сараалжийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк ашиглан эвдэн авч, цонхыг нь бээлий ашиглан хагалж нэвтрэн 49 инчийн “TCL” маркийн зурагт, “Самсунг” маркийн “Dual core” нэртэй иж бүрэн компьютер, сахлын машин, хар өнгийн Iphone-4 маркийн хуучин гар утас, эмэгтэй хүний нүдний шил, юнителийн модем зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.527.000 төгрөгийг хохирол учруулсан хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч М.Саранчимэг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан. Манай байшингийн цонх төмөр хаалттай байсныг авчихсан  байсан, вакум цонх давхараар нь хагалж нэвтрэн зурагт, иж бүрэн компьютер, гар утас, сахлын машин, нүдний шил, модемыг хулгайлсан  байсан. Одоо зурагтаа аваагүй  тул  үнийг нь нэхэмжилнэ, мөн цонхны үнэ 150.000 төгрөг, нийтдээ 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч М.Саранчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгээд тэр өдрийн орой 17 цагийн орчим ажлаа тараад гэр лүүгээ харих гээд автобусанд суугаад явж байтал манай хүү Алдар над руу утсаар яриад “ээжээ манайд хулгай орсон байна, хажуу хашааны Намнандорж утсаар надад хэллээ” гэхээр нь сандраад Цамбагарав дээр буугаад такси бариад гэртээ яваад очтол байшингийн гал тогооны өрөөний вакум цонхны гадна талын сараалжин төмрийг суга татаж аваад, цонхыг нь хага цохиод хулгайч орсон байдалтай байсан, тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж үзээд явсны дараа гэртээ ороод юмаа харахад нүдэнд эхний байдлаар туссанаар зурагтын тавиур дээр байсан 49 инчийн “TCL”  маркийн зурагт, Самсунг маркийн иж бүрэн компьютер, хар өнгийн урд болон ар талын хэсэгт нь цуурч хагарсан байсан iphone-4 маркийн гар утас алдагдсан байсан...эд зүйлсээ дахин шалгатал манай нөхрийн хэрэглэдэг бор өнгийн гэртэй сахлын машин, миний өөрийн зүүдэг нарны шил, БНХАУ-ын 1 юаны дэвсгэрт, юнителийн модем, мөн үүдний шүүгээний хажууд байсан гялгар уутан дотор байсан хог дээр хаях гэж байсан ногоон өнгөтэй дууссан асаагуур, нойтон салфетикний хоосон уут, дууссан тосон бал зэрэг зүйлс алга болсон байсан...Одоо зурагт болон хагарсан цонхныхоо үнийг нөхөн төлүүлээд авчих юм бол гомдол санал байхгүй...гэжээ. /хх-39-41/,

 

 Гэрч Д.Намнандорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 17 цаг өнгөрч байхад худгаас ус аваад гэр лүүгээ явж байтал манай гудамжны 11-04 тоотод байдаг Алдар гэж найзын хашааны гадна 160-165 см өндөр нуруутэй, гадуураа хар бараан өнгийн хувцастай, туранхай биетэй эрэгтэй хүн нэг өнгийж хараад, нэг завсраар нь хараад байхаар нь би тухайн үедээ нээх юм бодоогүй гэртээ ороод найз Алдарын утас руу залгатал утсаа авахгүй байсан...Алдарын хашааны хаалгаар ороод харсан чинь байшингийнх нь төмөр цонхны гадна талын төмөр бэхэлгээг аваад газар тавьчихсан байсан ба цонх нь хагарчихсан байдалтай байхаар нь Алдарт энэ тухай утасдаж хэлсэн. Тэр эрэгтэй хүн хар бараан өнгийн хувцастай, 37-40 орчим насны эрэгтэй хүн байсан... гэжээ. /хх-43/,

 

Гэрч Т.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутын орчим ажлаа гараад гэр лүүгээ харих гээд Цамбагаравын арын дэнж рүү гардаг бетонон гүүрнии орчим явж байтал уг гүүрний баруун талын тоосгон гражны орчим сэжиг бүхий хар бараан өнгийн хувцастай нэг залуу овор ихтэй зүйл тэвэрчихсэн явж байхаар нь тэр хүн дээр очоод шалгахад хар өнгийн иж бүрэн компыотер болон өөр жижиг сажиг зүйлс уутанд хийгээд барьчихсан явж байсан ба нэг л сэжигтэй санагдахаар нь ажил дээр авчирч шалгахад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 11-04 тоотод оршин суух иргэн Саранчимэгийн байшингийн цонхыг хагалан орж эд зүйлс хулгайлсан болохыг нь тогтоосон юм...гэжээ. /хх-44-45/,

 

    Шүүгдэгч Ө.Ганбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 16 цагиии үед Хархорин зах руу ажил хийх санаатай очсон, ажил олдохгүй мөнгө төгрөг байхгүй болохоор  1 дүгээр хорооллын Цамбагаравын арын дэнж руү гараад нэгэн айлын хашааны завсраар харахад хүн байхгүй бололтой цоожтой байсан. Тэгээд хашаагаар нь ороод байшингийнх нь цонхыг бээлийтэй гараараа цохиж хагалаад дотогшоо ороод тавиур дээр нь байсан хар өнгийн хавтгай зурагт, мөн иж бүрэн компьютер, орон дээр нь байсан хар өнгийн iphone-4 маркийн гар утас болон сахлын машин, эмэгтэй хүний нүдний шил зэрэг зүйлсийг аваад гарсан. Тэгээд хашаан дотор нь хулгайлсан зүйлүүдээ овоолж тавьж байгаад эхлээд зурагтыг нь аваад доошоо гудамж уруудаад явж байгаад жалганы хажуу талд байсан гражны ард нуугаад тавьсан. Дараа нь буцаж очоод компьютер, сахлын машин, утас зэргийг аваад буцаад доошоо уруудаад явж байтал цагдаад баригдсан юм...Тухайн айлаас авсан зурагтыг гражны ард нуугаад тавьчихсан байж байгаад эргээд хулгайлсан бусад юмаа аваад иртэл алга болчихсон байсан юм. Би ганцаараа хулгай хийсэн. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэжээ. /хх-84/,

 

Шүүхийн криминалистикийн шинжээчийн 6387 тоот дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн Ө.Ганбатын гарын дардас адитгалын шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд тэнцэж буй Ө.Ганбатын зүүн гарын дунд хурууны дардас 2012.03.03-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо 21-д байрны 9 тоотод хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн санд 2012-030-БЗД /1/ дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй, зүүн гарын долоовор хурууны дардас 2012-030-БЗД /2/ дугаартай гарын мөртэй тохирч байна.
  2. Шинжилгээнд  ирүүлсэн Ө.Ганбатын гарын дардас санд МИ000046845 дугаараар Батболдын Ганболд нэрээр, MN000710000982 дугаараар Баасанжавын Ганбат нэрээр, MN0000ШШГ03466 дугаараар Өсөхбаярын Ганбат нэрээр, 2510299 дугаараар Төрмандахын Ганбат нэрээр, MN000710011448 дугаараар Өсөхбаярын Ганбат нэрээр 5 удаа бүртгэгдсэн байна...гэжээ. /хх-48/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1244 тоот дүгнэлтэнд:

 

  1. Ө.Ганбат нь сэтгэцийн өвчингүй байна.
  2. Ө.Ганбат нь сэтгэцийн өвчингүй байна.
  3. Ө.Ганбат нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна.
  4. Ө.Ганбат нь хэрэг хариуцах чадвартай байна... гэжээ. /хх-62/,

 

Шүүгдэгч Ө.Ганбат урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-91/, хэргийн газрын үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /17-23/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-27/, зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-28-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-31-35/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-140-141/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Прокурорын газраас үйлдэн ирүүлсэн яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ө.Ганбатын бусдад учруулсан хохирлын хэмжээнд шууд хохирол 1.377.000 төгрөг дээр шууд бус хохирол болох цонхны үнэ 150.000 төгрөгийг нэмж тооцсон байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг 1.377.000 төгрөг гэж зөвтгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.Ганбат нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний орой 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 11-04 тоотод оршин суух иргэн М.Саранчимэгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны төмөр сараалжийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох отвёрк ашиглан эвдэн авч, цонхыг нь бээлий ашиглан хагалж байшинд нэвтрэн 49 инчийн “TCL” маркийн зурагт, “Самсунг” маркийн “Dual core” нэртэй иж бүрэн компьютер, сахлын машин, хар өнгийн Iphone-4 маркийн хуучин гар утас, эмэгтэй хүний нүдний шил, юнителийн модем зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.377.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь хохирогч М.Саранчимэгийн“...цагдаа нар ирж үзээд явсны дараа гэртээ ороод юмаа харахад...зурагтын тавиур дээр байсан 49 инчийн “TCL”  маркийн зурагт, Самсунг маркийн иж бүрэн компьютер, хар өнгийн урд болон ар талын хэсэгт нь цуурч хагарсан байсан iphone-4 маркийн гар утас, сахлын машин, нарны шил, юнителийн модем...зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх /хх-39-41/, гэрч Д.Намнандоржийн “....гэрээсээ гараад Алдарын хашааны хаалгаар ороод харсан чинь байшингийнх нь төмөр цонхны гадна талын төмөр бэхэлгээг аваад газар тавьчихсан байсан ба цонх нь хагарчихсан байдалтай байхаар нь Алдарт энэ тухай утасдаж хэлсэн. Тэр эрэгтэй хүн хар бараан өнгийн хувцастай, 37-40 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэх /хх-43/,  гэрч Т.Ганболдын “...сэжиг бүхий хар бараан өнгийн хувцастай нэг залуу овор ихтэй зүйл тэвэрчихсэн явж байхаар нь тэр хүн дээр очоод шалгахад хар өнгийн иж бүрэн компыотер болон өөр жижиг сажиг зүйлс уутанд хийгээд барьчихсан явж байсан ба нэг л сэжигтэй санагдахаар нь ажил дээр авчирч шалгахад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 11-04 тоотод оршин суух иргэн Саранчимэгийн байшингийн цонхыг хагалан орж эд зүйлс хулгайлсан болохыг нь тогтоосон юм...“ гэх /хх- 44-45/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэж өгсөн баримт, шүүгдэгч Ө.Ганбатын үйлдсэн хэргээ хүлээж сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Ө.Ганбатыг урьд нь дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлээд ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 1.377.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Ганбат нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145 2, 147 дугаар зүйлийн 147.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялаас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил хорих ялыг өршөөн хасч,  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, түүний урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын 1.377.000 төгрөгний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, сүүлчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд түүний үйлдлийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн гэдгээр хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар ял сонсгосон байх тул шүүгдэгч Ө.Ганбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтэнд тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн хэдий ч түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тус зүйл, хэсгийг хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний эрх зүйн байдлыг дахин дордуулахгүй байх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Саранчимэгт учирсан хохирлоос зурагтны үнэ 720.000 төгрөг, вакум цонхны үнэ 150.000 төгрөг, нийт 870.000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Ө.Ганбатаас нөхөн гаргуулж хохирогч М.Саранчимэгт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Ганбатад ял шийтгэл оногдуулахад үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  саарал өнгийн ажлын бээлий, цагаан өнгийн резинэн бээлий, отвёрк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.