Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01382

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б, Д.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00962 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б, Д.О нар,

Хариуцагч “Х” ХХК, Н.Б нарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, зуслан хаягт байрлах 700 м.кв тайлбай бүхий газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Х” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь Н.Бтэй харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хьюндай /Hyungai/ маркийн, УНО 04-92 улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг сарын 6 000 000 төгрөгөөр тооцож, нийт 18 000 000 төгрөгөөр тохиролцож Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд ашигласан бөгөөд дээрх мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр авч, 2 000 000 төгрөгт нь газар авсан.

Хариуцагч нь үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөөгүй тул тээврийн хэрэгслийг буцааж авч ирэх шатахууны зардал болох 520 000 төгрөг болон 1 ширхэг нь 240 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумуляторын үнийн хамт нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Б-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нэхэмжлэгч нартай ямар нэг байдлаар ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулаагүй гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч С.Бтэй 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд өдрийн 200 000 төгрөгийн хөлс олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. С.Б нь гэрээний хугацаанд 40 хоног ажил гүйцэтгэсэн бөгөөд автомашин нь байнгын эвдрэл гэмтэлтэй байсан, мөн цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас ажил үүрэг гүйцэтгээгүй.

 Хариуцагч “Х” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид 2 000 000 төгрөг төлсөн, мөн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газрыг 13 000 000 төгрөгөөр Д.Оын хүүхэд О.Ангарагт шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Б миний бие 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч С.Бтэй харилцан тохиролцож Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 13 000 000 төгрөгийн үнэ бүхий газрыг Д.Оын хүүхэд О.Ангарагт шилжүүлж өгсөн. Энэхүү Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг татвараас зайлсхийх зорилгоор 2 000 000 төгрөгт тооцон өгч байгаа мэтээр байгуулсан тул уг хэлцэл нь дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 000 000 төгрөгөөр тооцож уг газрыг авахаар Н.Бтэй тохирсон бөгөөд үүнийхээ дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж, нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед би иргэний үнэмлэхгүй явж байсан учир хүү О.Ангарагийн нэр дээр газрыг шилжүүлж авсан.

Нотариат дээр очиход газар эзэмших эрх шилжүүлэхэд татвар төлдөггүй гэж хэлж байсан тул татвараас зайлсхийх зорилгоор хуурамч гэрээ байгуулсан гэж Н.Б нь худлаа хэлж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Ангараг шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед бичиг баримт байхгүй байсан тул намайг дуудан ирүүлж Н.Б, Д.О хоёр нь тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүнчлэн татвараас зайлсхийх зорилгоор хуурамч гэрээ хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-аас 14 000 000 төгрөгийг гаргуулан С.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч С.Бээс хариуцагч Н.Бд холбогдуулан гаргасан шаардлагыг, нэхэмжлэгч Д.Оаас хариуцагч “Х” ХХК, хариуцагч Н.Б нарт холбогдуулан гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хүссэн хариуцагч Н.Б-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 350 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 222 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 2 600 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Х” ХХК-аас 227 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК нь нэхэмжлэгч С.Бтэй 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдол бүрт өдрийн 200 000 төгрөгийн хөлс олгох, жолоочийн байр, хоол зэргийг “Х” ХХК хариуцахаар тохиролцсон. Гэрээний хугацаанд нэхэмжлэгч 40 хоногийн ажил гүйцэтгэсэн.

Хариуцагч “Х” ХХК нь “Сэлэнгийн тариалан” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу тээвэрлэлт хийсэн тохиолдолд “Х” ХХК-д 300 000 төгрөгийн хөлс өгөх ба тээвэрлэлт хийх бүрт дагалдах бичгээр баталгаажин “Сэлэнгийн тариалан” ХХК тээвэрлэлтийн хөлсийг манай компанид олгодог байсан тул хэрэг хянан шийдвэрлэхэд нэн ач холбогдол бүхий тээвэрлэлтийн дагалдах бичиг болон холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хянан шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Б, Д.О нар хариуцагч Н.Б, “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд нийт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч болон хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Б “Х” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй бөгөөд “Х” ХХК-ийн зүгээс 2 000 000 төгрөг төлсөн, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 13 000 000 төгрөгийн үнэ бүхий газрыг нэхэмжлэгч Д.Оын хүү О.Ангарагт шилжүүлсэн тул төлбөрийн тооцоо байхгүй гэж тайлбарлан маргасан ба хариуцагч Н.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Х” ХХК болон С.Б нар 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 6 000 000 төгрөгөөр тохирч, 3 сарын хугацаатайгаар гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нэхэмжлэгч нар бетон зуурмагийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар хариуцагч “Х” ХХК-ийн мэдэлд байлгасан, Сэлэнгэ аймагт хүргэж, буцаах зардлыг “Х” ХХК хариуцсан талаар зохигчид тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, уг тээврийн хэрэгслийг ашигласнаас бий болсон үр шимийг хариуцагч “Х” ХХК хүртсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд хөрөнгө ашиглаж үр шим хүртэх агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин түрээсийн зүйл болох зуурмагийн машиныг 3 сарын хугацаанд ашигласан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч 18 000 000 төгрөгийг /3x6 000 000/ төлөх үүрэгтэй бөгөөд 4 000 000 төгрөгийг төлж, үлдэх 14 000 000 төгрөгийг төлснөө нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх ба шүүх хариуцагчаас 14 000 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн “Х” ХХК болон “Сэлэнгийн тариалан” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нь нэхэмжлэгч С.Бтэй байгуулсан гэрээний маргаантай хамааралгүй учраас шүүх үүнтэй холбоотой тээвэрлэлтийн дагалдах бичиг болон холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгаас буцааж авч ирэх шатахууны зардал болох 520 000 төгрөг болон 2 ширхэг аккумуляторын үнэ болох 480 000 төгрөгийг шаардаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй тул хариуцагчаас 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газрыг 13 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, татвараас зайлсхийх зорилгоор гэрээний үнийн дүнг 2 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлажээ. Тус гэрээгээр хариуцагч “Х” ХХК нь С.Бд төлөх ёстой төлбөрт тооцон газрыг шилжүүлсэн, газар эзэмших эрхийг О.Ангарагийн нэр дээр шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шилжүүлсэн талаар талууд маргаагүй ба гэрээний үнийн дүнг 2 000 000 төгрөгөөр тохиролцохоор талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэх боломжгүй гэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ