Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00984

 

                                           ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01744 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1868 дугаар магадлалтай, 

****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний алданги, хохиролд нийт 33,327,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****” ХХК нь “ **** ****” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний алданги, хохиролд нийт 33,327,840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01744 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан “ **** ****” ХХК-аас 6,477,450 төгрөг гаргуулж, ****” ХХК-д олгож, үлдэх 26,850,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,589 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1868 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас нийт 33,327,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... ****” ХХК болон “ **** ****” ХХК нар нь 2019.05.22-ны өдөр оффис захиалгаар бариулах гэрээ байгуулсан. ****” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч “ **** ****” ХХК нь 2019 оны 10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй. Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс алдангид 20,727,840 төгрөг, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ****” ХХК-д учирсан хохирол болох түрээсийн зардал 12,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6,477,450 төгрөгийн алдангитай холбоотой нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,850,390 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан оффис захиалгаар бариулах гэрээ болон хуульд нийцээгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан “Талуудын байгуулсан гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч нь барилгыг 2019.10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний 6.3-т гүйцэтгэгч нь хугацааг ажлын 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд захиалагчид алданги төлөхөөр тохиролцсон байгаагаас дүгнэвэл хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй байна... Ажлын 45 хоногийг тооцоход 2020.01.02-ны өдөр болж байна. Гэвч улсын комисс 2019.12.20-ны өдөр ажилласан байх тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.” “ **** ****” ХХК нь гэрээний үүргээ хугацаанд нь буюу оффис захиалгаар бариулах гэрээний 1.3-т “...2019 оны 10-р сард багтаан барьсны дараа Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна” гэсэн үүргээ биелүүлээгүй байх тул тус гэрээний 6.1-д заасны дагуу 2020.01.02-ны өдрөөс 2020.04.06-ны өдрийг хүртэлх 96 хоногийн алдангид 20,727,840 төгрөг нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “ **** ****” ХХК нь гэрээний 1.3 дугаар зүйлийн дагуу 2019.10 дугаар сард багтаан оффисын талбайг барьж дуусгах, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. 2019.12.20-ны өдөр улсын комисс ажилласан ч барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, улсын комисс хүлээн авснаар барилга ашиглалтад орж, захиалагчийн өмчлөл ашиглалтад шилжүүлснээр “ **** ****” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоор байсан. Гэвч оффисын барилгыг улсын комисс 2020 оны 02 дугаар сард хүлээн авч, ашиглалтад оруулж, гүйцэтгэгч 2020.04.06-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн.

4.1. “ **** ****” ХХК нь оффисын барилгыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул оффис захиалгаар бариулах гэрээний 6.1-д заасны дагуу алдангийг 2020.04.06-ны өдрийг хүртэл нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.” гэж, 4.14-т “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу манай компани 2020.04.06-нд оффисыг ашиглах боломжтой болж хүлээн авсан гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан “...талууд 2020.03.23-ны өдөр UB.SC 027 дугаартай гэрээний төлбөр тооцоо бүрэн дуусаж, өмчлөл шилжүүлснээр талуудын эрх, үүрэг дууссан талаар гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан ба хариуцагч “ **** ****” ХХК нь 2019 оны 10 дугаар сард багтаан оффисын талбайг ашиглалтад оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч ****” ХХК-д 12,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл... хохирол тооцно” гэсэн байдаг. Хариуцагч өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол ****” ХХК нь 2019 оны 10 сараас 2020 оны 05 сарыг хүртэл зургаан сарын хугацаанд нийт 12,600,000 төгрөгийн түрээсийн зардал гаргахгүй байх боломжтой байсан. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагч “ **** ****” ХХК-ийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зөрчлөөс шууд хамааралтайгаар үүссэн байх тул нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч ****” ХХК нь 2019.05.22-ны өдрийн оффис захиалгаар бариулах гэрээний үүргийн зөрчлөөс бий болсон хохирол, хугацаа хэтрүүлсний алдангийг “ **** ****” ХХК-аас бүхэлд нь шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 33,327,840 төгрөгийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 6,477,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,850,390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өөрчилжээ. 

7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байнаТодруулбал: 

8. ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний 1.3-т “Гэрээний зүйл хүлээлгэн өгөх хугацааг 2019 оны 10 сард багтаан барьсны дараа улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна” гэж заасан боловч “ **** ****” ХХК барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй. Манай компанийн зүгээс барилгыг хугацаандаа ашиглалтад орно, 2019 оны 10 сард ашиглалтад ормогц оффисын барилгад нүүж орно гэж тооцоолон, гэрээний үлдэгдэл төлбөрийг Голомт банктай байгуулсан 2019.11.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 151,140,500 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл оффисын барилга ашиглалтад орохгүй байсаар 2020.02.05-ны өдрийн 2020/107 тоот дүгнэлтээр барилгыг улсын комисс хүлээн авч, оффисын талбайг 2020.04.06-ны өдөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд манай компани Тусгаар тогтнолын ордны оффисын зориулалттай 314, 915 тоот 2 өрөөг 2019 оны 10 сараас 2020 оны 5 сарыг хүртэл cap бүр 2,100,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг төлж түрээсэлсэн. ...гэрээний 6.1-д заасны дагуу ажлын 45 хоногийг хасаж 2020.01.02-ны өдрөөс 2020.04.06-ны өдрийг хүртэлх 96 хоногийн алдангид 20,727,840 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу түрээсийн зардалд төлсөн 12,600,000 төгрөг, нийт 33,327,840 төгрөгийг гаргуулах...” гэж хоёр шаардлага гарган нэхэмжлэлээ тодорхойлсон байна. 

9. Хариуцагч “ **** ****” ХХК “...захиалсан оффисын талбай бүхий барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2019.12.20-ны өдөр ажиллаж хүлээн авсан боловч бичгэн дүгнэлт 2020.02.05-ны өдөр гарсан тул манайхаас хамааралгүй төрийн байгууллагын ажиллагаанаас хамааралтай хугацаа хойшилсон. Гэрээний 6.4-т энэ тохиолдолд алданги тооцохгүй байхаар тохирсон. ...ашиглалтад оруулах тухай дүгнэлтэд комисс барилга дээр ажилласан тухайн өдрөөр ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэснээс үзэхэд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ ****” ХХК-ийн өмнө бүрэн биелүүлсэн болох нь тодорхой харагдана. Бусад захиалагч нар 2020 оны 1 сараас орж эхэлсэн байсан. ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, алданги болон учирсан хохирлыг арилгах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Талуудын хооронд 2019.05.22-ны өдөр №UBT.SC 027 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “ **** ****” ХХК Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Ю би тауэр барилгын 8 давхар, 8 тоот 69.35 м.кв талбай бүхий оффисын талбайг 2019 оны 10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах, ****” ХХК нь оффисын талбайн үнэ 215,915,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. 

12. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

13. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

14. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус хуульчилжээ. 

15. “Прософт” ХХК 2019.05.22-ны өдөр №UBT.SC 027 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээний 2.2, 2.3, 4.8-д заасан хугацаанд 215,915,000 төгрөгийг “ **** ****” ХХК-д төлөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга, шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. 

16. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т “Гүйцэтгэгч нь оффисын барилгыг ...2019 оны 10 сард багтаан барьсны дараа улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна”, 6.3-т “Гүйцэтгэгч нь оффисын барилгыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацааг ажлын 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд захиалагчийн төлсөн төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө”, 6.4-т “Гэрээний 6.3 дах заалт нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргах үйл ажиллагааны явц ... буюу талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлаас үүдэн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үйлчлэхгүй” гэж харилцан тохиролцжээ. 

 Гэрээний зүйл болох барилга байгууламжид улсын комисс 2019.12.20-ны өдөр ажилласан бөгөөд 2020.02.05-ны өдөр дүгнэлт гаргасан үйл баримт тогтоогдсон байна. 

17. “ **** ****” ХХК талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т заасан 2019 оны 10 сард барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хэдий ч уг гэрээний 6.3-т зааснаар ажлын 45 хоногийн хугацаанд буюу 2019.12.20-ны өдөр тус барилгад улсын комисс ажилласан тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги гаргуулах боломжгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

18. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж хуульчилсан. 

19. Давж заалдах шатны шүүх “...гэрээний 1.3-т заасан 2019 оны 10 сард багтаан барьсны дараа улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүргээ “ **** ****” ХХК-ийн буруугаас зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй...” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

20. ****” ХХК-аас “ **** ****” ХХК-ийн гэм буруугаас барилга ашиглалтад ороогүй болохыг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу түрээсийн зардалд төлсөн 12,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

21. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн“ **** ****” ХХК нь 2019 оны 10 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй тул алданги 20,727,840 төгрөг, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол болох түрээсийн зардал 12,600,000 төгрөг, нийт 33,327,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангуулах гэсэн гомдлыг энэ тогтоолын 16-20 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

22. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1868 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийнгомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,590 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                   Б.МӨНХТУЯА

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД