Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0222/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000540 дугаартай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр ***  төрсөн, ***  настай, ***  бүрэн дунд боловсролтой, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

    Шүүгдэгч *** нь 2014 оны 7 дугаар сарын 6-ны орой 22 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин захын  дэргэдэх төв засмал замд *** улсын дугаартай сонота-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган  иргэн ***ийн амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
 
Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2014 оны 7 дугаар сарын 6-
D:\2014 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Naran-Ochir 215.3 216.2.doc
ны өдрийн оройн 22 цагийн орчим таксинд явж байгаад хуучин захын урд хэсэг зогсож байгаад найзыгаа хүргэж өгөх гээд шинэ Дархан руу явж байтал гэнэт түг гэх чимээ сонсогдсон. Яг тухайн үед надад юу ч үзэгдэж харагдаагүй. Хамт явсан хажуугийн хүнээсээ асуухад “надад юу ч мэдэгдээгүй” гэж хэлсэн. Найзыгаа гэрийнх нь үүдэнд хүргэж өгчихөөд бууж машинаа хартал номерны урд талд хонхойсон, шил хагаралттай байсан. Хүн дайрсан байж магадгүй гэж бодоод гэртээ харих замдаа аав руу ярьж “машин ингэсэн байна” гэхэд аав “юу ч гэсэн цагдаа дээр оч” гэсэн. Тэгээд би цагдаа руу очсон. Цагдаагийн жижүүрээс “машин ингэж хонхойсон байна” гэхэд “чи хүн дайрсан байна” гэж хэлсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.“ гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг явдал гарсан өдөр Дарханд байдаг эхнэр нь над руу залгаж ийм зүйл болсныг хэлсэн. Маргааш өглөө нь би Улаанбаатараас Дарханд ирсэн. Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн бүх материалтай танилцсан. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын ажил явдлаар 500000 төгрөг өгсөн, талийгаачийг Дарханд оршуулсан. Ажил явдал дуусахад 900000 төгрөг бэлнээр өгөхөөр нь би тоолж аваад талийгаачийн эхнэр, охин хоёрт нь өгсөн. Намайг хотод байхад эхнэр нь ирж “49 хоногоор нь цайллага” хийнэ гээд *** гуайгаас 700000 төгрөг авсан байна лээ. Тэрийг надад хэлээгүй, цайллага ч хийгээгүй байсан. Талийгаачийн эхнэр нь хотод байдаг төрсөн дүүгийнхээ байшинг хөлсөлж амьдардаг гэдгийг би энэ хүмүүст хэлсэн. Энэ хүмүүс сайхан сэтгэл гаргаж 5 ханатай, давхар бүрээстэй, иж бүрэн гэр авчирч буулгаж өгсөн. Хохирол, гомдол, санал байхгүй. Цаашид сурч хөдөлмөрлөх энэ залуу хүнд шүүхээс хөнгөн ял оноож өгөөч гэж хүсч байна.“ гэх мэдүүлэг,
-Сайн дураараа хэргээ илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3-4 дэх тал/,
-Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-10 дахь тал/,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хэргийн 11-12 дахь тал/,
-“2014 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг Буян захын баруун талд байрлах асфалтан хучилттай замаар Э*** нь HYUNDAI SONATA маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 2.5-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр  байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, мөн явган зорчигч *** нь мөн дүрмийн 3.4-т “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг мөн зөрчсөн байна гэх дүгнэлт  /хэргийн 12-13 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн орой 20 цагийн үед би найз Ууганаа, Мийгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт ***той уулзах гээд Дархан сум 7 дугаар баг Толгойтод Нарантолгойн гудамжинд гэрийнх нь гадаа очоод *** түүн лүү утсаар ярьж дуудаад *** гарч ирээд дөрвүүлээ юм ярьж сууж байгаад Ууганаа “дөрвүүлээ хамт таксинд явах уу?” гэхэд ***  “тэгье” гээд хашаанаасаа машинаа авч гарч ирээд салж явахаар болж ***  машинтайгаа салж яваад Мийгаа бид хоёр ***ын машинд суусан. 
...хуучин захын зогсоолоос хөдлөөд шинэ Дархан чиглэлд захаас холдоогүй явж байгаад миний талын цонх цантсан болохоор нь онгойлгох гэтэл машин юм мөргөх шиг болоод түг хийх чимээ гараад цонх юм цохих шиг болоод урд шил хагарахаар нь “юу болсон бэ?” гэхэд *** “мэдэхгүй, зам дээр юм байгаагүй биз дээ” гээд чигээрээ зогсоогүй яваад  Дархан сум 10 дугаар баг 5-3 байрны гадаа намайг буулгасан. Би буугаад машиныг нь харахад урд номер нь хонхойчихсон, урд салхины шил нь хагарсан байсан. Намайг хүргэж өгөх замдаа *** нэг танил дүү гэх хүнтэй утсаар яриад “яасан юу болсон бэ?” гэхэд “зам дээр газар хүн хэвтэж байна” гэж хэлсэн. *** намайг хүргэж өгөөд би гэртээ ороод *** луу залгахад утсаа авахгүй болохоор нь Ууганаа луу залгахад “***та хоёр хүн дайрчихсан байна “гэж хэлсэн. Тухайн үед би цонх онгойлгох гээд урдах зүйлээ анзаараагүй урд шил хагарахлаар нь “юу вэ?” гэтэл “зам дээр юу ч байгаагүй биз дээ, юу вэ” гээд өөдөөс хэлсэн. Юм мөргөсөн, харин дайраад дээгүүр нь гарсан зүйл байхгүй машин донслоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дахь тал/,
-Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 7 сарын 6-ны өдөр намайг гэртээ байж байтал орой *** намайг гар утсаар залгаад “Дархан сумын Хүнсний захын зогсоол дээр хүрээд ир” гэхлээр нь очсон. Зогсоолд очиход *** ах байсан 
...Баярсайхан бид хоёр Хаан банкны АТМ орж мөнгө авахаар зогсоолоос зам хөндлөн гартал зам дээр машинд дайруулсан бололтой хүн хэвтэж байхлаар нь Баярсайхан миний гар утсаар түргэн тусламж дуудсан. Тэгээд бид хоёр цаашаа явж АТМ-с мөнгө авчихаад буцаад очтол нөгөө хүний хажууд цагдаа нар ирчихсэн байсан. Ямар машин дайрсныг нь хараагүй, нөгөөдөр нь *** ах түүнийг дайрсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-Насанд хүрээгүй гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2014 оны 7 сарын 6-ны шөнө би *** гэж найзтайгаа цуг Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт орших Хүнсний захын зогсоолд  хүн хүлээгээд зогсож байтал *** улсын дугаартай машинтай *** машины зогсоол дээрээс хөдлөөд явсан. Түүнээс хойш удаагүй би *** тай цуг тэндээсээ төв Хаан банк орж АТМ-с мөнгө авахаар зам хөндлөн гарч явтал зам дээр нэг хүн машинд дайруулсан бололтой хэвтэж байсан. Тэгэхлээр нь би түргэн тусламжын 7037103 дугаартай утас руу залгаад “зам дээр хүн хэвтэж байна” гэтэл “цагдаа руу хэл” гэсэн. Тэгээд би АТМ орчихоод буцаад иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Би АТМ орж явах замдаа Наран-Очир руу  ***  дугаар руу нь залгаад “зам дээр хүн дайруулчихсан хэвтэж байна, чи дайрчихсан уу?, хүн хэвтэж байхыг харсан уу?” гэхэд “үгүй, би мэдэхгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Ямар машинд дайруулсныг нь тухайн үед мэдээгүй *** л тэндээс хөдлөөд удаагүй араас нь Сэлэнгийн чиглэлээс машинууд ирсэн. Маргааш нь *** дайрсан гэдгийг нь сонссон.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/, 
-“Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавал ясны хугарал, тархины 2 тал бөмбөлгийн чамархай суурь хамарсан аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хуйханд шарх, уушигны эдийн язрал, няцрал, олон хавирганы хугарал, хальс, зөөлөн эдэд цус хуралт, элэгний эдийн язрал, няцрал, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, баруун дунд чөмөг далд хугарал, биеийн гадаргуугийн олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хавсарсан олон гэмтэл нь үхэлд шууд хүргэжээ. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 3,3 промилли спиртийн алкоголь илэрсэн нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Талийгаач нь АВО системээр А/II/ бүлгийн цустай байна.” гэх 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 59 дугаартай акт /хэргийн 26-27 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***  нь 2014 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг Буян захын баруун талд байрлах асфалтан хучилттай замаар HYUNDAI SONATA маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а-д “...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 2.5-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр  байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч ***г мөргөж амь насыг нь хохироосон, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

     Шүүгдэгч нь хохирогчийн ар гэрт оршуулгын зардлыг бүрэн төлж, өөрийн сайн дураар 5 ханатай, давхар бүрээстэй монгол гэр барьж өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 45 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргээ сайн дураар илчилж ирсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

    Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, оюутан, хохирогчийн зүгээс “залуу хүний сурч боловсрох нөхцлийг хангаж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт шүүх хуралдаанд гаргаж байгаа, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт байдаг эцэг, эхийн хамт амьдардаг, гэмт хэрэг гарахад хохирогч ***ийн замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хохих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын ***  дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах ***д даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч *** ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн ***ийн амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ***т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хасч 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил /нэг жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хасч 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим хэсэг буюу 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, ***ын биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 4 жил /дөрвөн жил/ хорих ял шийтгэсүгэй.
 
    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 4 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 4 жил /дөрвөн жил/ хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** т мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах *** д даалгасугай.

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ