Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0213

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0219/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Уянга, 
Хохирогч *** , 
Иргэний нэхэмжлэгч Л***, 
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000637 дугаартай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***, халх, ***  настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй.

    Шүүгдэгч *** нь 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр Хараагийн уулзвар дээр ***улсын дугаартай исүзү маркын ачааны авто машин жолоодож явахдаа ***улсын дугаартай TIANMA SUV FENGCHI KZ 6490E маркын авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн *** нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: 
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өглөө 6 цагт ажлынхаа хашаанаас машинаа барьж явж байгаад яаралтай тусламж үзүүлж явсан эмнэлэгийн машинтай мөргөлдсөн. Нэгдсэн эмнэлэгт машин авч өгсөн, хохирогч ***д 1 сая төгрөг, хохирогч ***д 2315000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн өглөө 1в байрны 42 тоотоос өвчтөн тээвэрлэж явж байх замдаа зам тээврийн осолд орсон. Миний нурууны сэртэн хугарч, толгой хагарсан. Мөрдөн байцаалтын шатанд ***хохирлын мөнгө 815000 төгрөг, шүүх хуралдааны өмнө 1500000 төгрөг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй тул ***той эвлэрсэн.“ гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай эмнэлгийн 103-ын дуудлагын машин үүрэг гүйцэтгэж байхдаа зам тээврийн осолд орсон. *** “Монгол даатгал” компаниас олгосон мөнгөн дээр мөнгө нэмж манайд өмнө нь дуудлагад явж байсан машинтай адил машин авч өгч биднийг хохиролгүй болгосон. Иймд ***нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрч байна. ” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зэргийн үзүүлэлт /хэргийн 4-5, 7-11 дэх тал/,
-2014 оны 8 дугаар сарын 7-ны өглөө 06:38 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг Хараагийн дөрвөн замын уулзвар дээр Исузу-Трак маркийн *** улсын дугаартай авто машиныг жолооч *** нь  жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.3а-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 12 дугаар бүлэг 12.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин төв замаар явсан жолооч ***ын жолоодож явсан “TIANMA SUV FENGCHI KZ 6490E” маркийн *** улсын дугаартай авто машины хажуу талаас мөргөж зам тээврийн осол гарсан гэж үзсэн ослын дүгнэлт гаргав” гэх дүгнэлт/хэргийн 6 дахь тал/, 
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт /хэргийн 12 дахь тал/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хэргийн 15 дахь тал/,
-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 16-18 дахь тал/,
-Хохирогч *** гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...06 цагийн орчим миний нойр булчирхай өвдөөд Нэгдсэн эмнэлгийн 103-т дуудлага өгсөн. Тэгээд түргэний эмч ирж үзээд намайг машиндаа суулгаад Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Авч явж байх замдаа Дархан сумын 14 дүгээр баг Хараагийн уулзвараар төв замаар явж байхад туслах замаас нэг том тэрэг ирж миний сууж явсан түргэний машиныг мөргөсөн. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирээд намайг Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тэгээд 8 хоног эмчлүүлж байгаад гарсан. 
...зүүн талын эгэм хугарч бяцарсан, зүүн нүдний хөмсөг сэтэрч яс нь гэмтсэн, зүүн талын гарын булчин хэвлий хэсэг бүхэлдээ хөхөрч зөөлөн эдийн гэмтэл учирсан. Тухайн үедээ эгэмэнд хагалгаа хийх байсан боловч сахартай гээд оруулаагүй, Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан.
...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/, 
-Иргэний нэхэмжлэгч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...миний өөрийн машин байгаа юм. *** гэх хүнийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр өөрийн машины жолоочоор сарын 500000 төгрөгний цалинтай тохироод машинаа бариулж байсан юм.  Машины урд куфер зурагдаж хонхойсон, баруун гишгүүр чихигдсэн, баруун урд гэрэл дохио хагарсан, баруун хаалга зурагдаж хонхойсон байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авах яаралтай тусламжийн тасагт дуудлагын эмчээр 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэгээд өглөө нь буюу 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 06 цагийн үед 103-аас Дархан сумын ***тоотод “архины хордлого авсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Тэрний дагуу жолооч *** ын хамт Sabs Tianma маркийн ***улсын дугаартай машинтай явсан. Тэгээд 1б байрны 42 тоотоос өвчтөн *** гэх хүнийг аваад буцаад Нэгдсэн эмнэлэг рүү явж байх замдаа Дархан сумын 14 дүгээр багт байрлах Хараагийн дөрвөн замаар уулзвар нэвтрээд явж байх үед гэнэт нэг том машин хажуунаас ирээд мөргөсөн. Тэгээд хэсэг машиндаа сууж байгаад буусан чинь  манай жолооч ухаан алдчихсан, хөл нь хавчигдсан байсныг салгаж гаргаад хойно явж байсан өвчтөнг гаргасан. Тэгээд удалгүй 103-ын эмч нар ирж авсан. 
...өвчтөний зүүн талын хөмсөг нь сэтэрчихсэн, цус гарчихсан байсан, жолооч ухаан алдчихсан байсан. Тэгээд шууд эмнэлэг дуудаж явуулсан.
...зүүн талын гуя хэсэг жоохон хөхөрчихсөн байсан, өөрөөр бол гэмтэж бэртсэн асуудал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй.  Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”  гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
-***ын биед бүсэлхийн 1 дүгээр нугалам зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 915 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31 дэх тал/,
-“***ийн биед духны няцарсан шарх, зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”  гэх 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ¹1020 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35 дахь тал/,
-Автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 39, 43, 47-48, 102 дахь тал/,
-Авто тээврийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 57-59 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 8 дугаар сарын 7-ны өглөөний 06:38 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Хараагийн дөрвөн замын уулзвар дээр Исузу-Трак маркийн *** улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин төв замаар явсан жолооч ***ын жолоодож явсан ***  улсын дугаартай “TIANMA SUV FENGCHI KZ 6490E” маркын автомашины хажуу талаас мөргөж зам тээврийн осол гаргаж, иргэн *** нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Хэрэг бүртгэлийн шатанд хохирогч ***д 1000000 /нэг сая/ төгрөг өгсөн /хэргийн 77 дахь тал/, хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч ***д 2315000 /хоёр сая гурван зуун арван таван мянга/ төгрөг өгсөн /хэргийн 94, 112 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг нь “хохирлыг бүрэн барагдуулсан учир гомдолгүй” гэсэн тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 111 дэх тал/, иргэний нэхэмжлэгч *** ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй /хэргийн 27 дахь тал/ байх тул шүүгдэгч ***г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 68 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч ***  “ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн /хэргийн 77 дахь тал/, иргэний нэхэмжлэгч *** ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй /хэргийн 27 дахь тал/, иргэний нэхэмжлэгч *** , хохирогч *** нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрч байна” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр ***д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *** ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201409000637 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
       3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурьдсугай.
        4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ