Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/02332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Н.С

540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би, 2017 оны 6 дугаар сарын 13-нд Н.Сийн хүсэлтээр 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлдсэн.

Н.С нь 2017 оны 12 дугаар сараас хойш хүү төлөөгүй бөгөөд 2018 оны 6 сарын 04-нд 1,000,000 төгрөгийг зээл төлөв хэмээн миний ХААН банк дахь ******* дугаарын дансанд тушаасан байсан юм.

Миний бие, Н.Сээс төлсөн 1,000,000 төгрөгөөс заримыг нь хүүнд нь суутгаад үндсэн зээлээс 540,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01-6 дугаар саруудын хүү төлөөгүй бөгөөд уг 900,000 төгрөгийн хүүг өгөсөн гэж маргадаг. Энэ зургаан сарын хүү нь 540,000 төгрөг болно. Төлсөн 1,000,000 төгрөгөөс 540,000 төгрөгийг хасч 460,000 төгрөгийг төлөөгүй тул алдангийг бүрэн тооцолгүй 80,000 төгрөг нэмээд 540,000 төгрөгийг Н.Сээс гаргуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай охин Н.Ст 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг зээлдүүлсэн. Үүнээс 700,000 төгрөгийг төлсөн гээд 300,000 төгрөгийг төлөөгүй гээд нэхэмжлэл гаргаж байсан. Дараа нь нэхэмжлэгч манай охиныг 900,000 төгрөг зээлсэн гээд нэхэмжлэл гаргаж байсан.

Манай охин 6-7 дугаар сарын хүү гээд 100,000 төгрөгийг өгч байсан. Манай охинд 900,000 төгрөг өгөөд 100,000 төгрөгийг дэнчин байршуулсан гэсэн. Н.С БНСУ-д байсан учраас найз нөхдийнхөө дансаар дамжуулан хүүгээ төлж байсан. Энэ нь 3 жилийн өмнөх асуудал. Хүүгээ төлөөгүй бол их аймар асуудал болно. Би тэднийг хооронд нь утсаар яриулаад яриаг нь бичиж авсан. Н.С нь Д.Г т 100,000 төгрөгийн өртэй, яагаад 130,000 төгрөг нэхээд байгаа юм бэ гэхэд чи 100,000 төгрөг өгөөгүй, одоо алданги хүүтэй нь нийт 316,000 төгрөгийг чамаас гаргуулахаар шүүхэд өгнө гэсэн. Ингэж ярьсан яриаг нь бичиж авсныг шүүхээр үзлэг хийлгэж баталгаажуулсан.

Нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөг зээлдүүлэхдээ 900,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 100,000 төгрөгийг нь дэнчин гэж авч үлдээд, сар бүр хүү 100,000 төгрөгийг авч байсан. Дансны хуулгыг нь шүүгээд үзэхээр 6-7 сарын хугацаанд хүү төлсөн нь харагддаг.

Надад байгаа баримт нь утсаар ярьсан ярианы бичлэг байгаа бөгөөд Д.Г  нь 130,000 төгрөгийг Н.Сээс нэхсэн байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч Н.Ст холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 540,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Д.Г  нь 1,000,000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэй, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүйг үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”  гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу 1,000,000 төгрөг аваагүй, 900,000 төгрөгийг авсан, 100,000 төгрөгийг зээлдүүлэгч тал дэнчин болгон авч үлдсэн хэмээн маргадаг ба нэхэмжлэгч нь дээр дурьдсанаар 900,000 төгрөгөөс 6 сарын хүү тооцож, хариуцагчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөгөөс 540,000 төгрөгийг хасч үлдэх 460,000 төгрөг дээр алданги гэх 80,000 төгрөг нэмж, нийт 540,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Дээр дурьдсан, зохигч талуудын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзал бүхий тайлбаруудаас үзэхэд, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 900,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 100,000 төгрөгөөр хүү төлж байсан, нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оны 12 дугаар сараас хойш хүү төлөөгүй хэмээн тус тус тайлбарлаж байх бөгөөд зохигч талууд хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлүүдээ нотлох баримтаар нотлоогүй буюу зээлийн гэрээний дагуу хүү төлөгдсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт, мөнгө хүлээлцсэн баримтыг шүүхэд гаргаагүй тул гар утсанд хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд, Д.Г ээс Н.Ст хандаж хэлсэн “...үндсэн мөнгийг хасаад үлдэгдэл мөнгө 130,000 төгрөгийг төлчих гэхэд чи төлөөгүй...” гэх тэмдэглэлийг хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэд биелүүлээгүй буюу 130,000 төгрөгийн төлбөрийн үлдэглэлтэй үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Н.Сээс 130,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,000 төгрөгийн 16,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж, хариуцагч Н.Сээс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г т тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.УНДРАА