Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/02333

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А Э К ХХК

Хариуцагч: Ч.О

3,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А Э К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.О******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 73 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авсан.

Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 864,347.86 төгрөг, үндсэн хүүд 135,652.14 төгрөг, нийт 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2019 оны 02 дугаар сараас хойш төлөөгүй байна.

Ч.О*******ын зээлийн гэрээний үлдэгдэл нь үндсэн зээл 2,135,652.14 төгрөг, зээлийн хүү 344,347.86 төгрөг, алданги 1,240,000 төгрөг, нийт 3,720,000 төгрөг байна.

Хариуцагч Ч.О*******аас 3,720,000 төгрөгийг гаргуулж, “А*******” ХХК-д олгоно уу гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ч.О******* нь зээл хүссэн үнэн. Хариуцагч нь 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай 3,000,000 төгрөгийн зээлж авсан. Мөнгө зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг нь өдөр бүр төлөхөөр бичигдсэн байсан. Ч.О******* нь худалдаа эрхэлдэг байсан. Зээлийг авсны дараа тодорхой хэмжээнд зээлийг эргэн төлсөн. Гэхдээ “А*******” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд биш байсан. Зээлийн гэрээнд нь “А*******” ХХК зээлийн төв гэх газраас зээл олгож байна гэж бичигдсэн байсан. Энэ компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани байсан. Зээл олгохдоо барьцааны гэрээ байгуулдаг. Ч.О*******ын худалдаа наймааны эргэлийн хөрөнгө болох 18,037,000 төгрөгийн эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулаад зээл олгосон. Зээлийн гэрээгээр зээлдэгч мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн тохиолдолд хүчин төгөлдөр болохыг хуульчилсан байдаг. Зээлийн гэрээний дагуу хүү алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй. Хүүг зээлийн гэрээг бичгээр хийсэн тохиолдолд зээл төлөх асуудал яригдана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийнхөө олгосон зээлийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгосон гэсэн. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгож байгаа зээл бол Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 157 дугаар зүйлийн 157.2.1-д зааснаар барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд заавал хамаарч  барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгож байгаа бол тухайн зээлийг заавал бичгээр хийнэ. Барьцаалан зээлдүүлэх газрын хувьд хэдэн хувийн хүүтэй зээл, зээл төлөгдөөгүй тохиолдолд асуудлыг яаж шийдвэрлэгдэх вэ гэдгийг шийдсэн бичгээр гэрээ байхыг шаардана. Энэ шаардлагыг хангаагүй тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгчийн шүүгчийн асуултад 286 дугаар зүйлд заасны дагуу барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл гэж ярьсан нь анхнаасаа бичгээр хийгээгүй. Бичгийн шаардлага хангаагүй гэрээ байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Хоёрдугаарт 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь хувь хүнд зээл олгосон зээл гэж яриад байгаа. Энэ зээлийн үндэслэл нөхцөлийн талаар сөрөг нэхэмжлэлийн тайлбар дээр байна л даа. Өөрөөр хэлбэл зээл олгогдоно гэдэг бол тухайн зээл нь аль аль талд зээлийн гэрээний стандарт нөхцөл, талуудын өөрсдийнх  үр өгөөж ижил тэнцүү байна. Ч.О*******д олгогдож байгаа зээл Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээний хүү болон алданги тооцох боломж байхгүй. Хүү болон алданги тооцох боломжгүй ийм гэрээг байгуулсан. Үүн дээр өөрсдөө эхлээд хүү авсан гэснээ дараа нь үндсэн зээл авсан гэж ярьж байгаа. Эхийг эцээж, тугалыг тураахгүй журмаар асуудлыг шийдэх биш. Ер нь хуульд заасан үндэслэл журмаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Зээл нь хуульд заасан үндэслэл журмаар олгогдсон эсэх, Ч.О*******ын биеийн байдал нь муу байгаа. Ч.О*******д анхнаасаа хоёр сарын хугацаатай зээлийг олгоно гэсэн боловч очоод гэрээ байгуулахад ийм графикийн дагуу зээлийг төлөхгүй бол зээл олгохгүй гээд зээлийн гэрээндээ хариуцагчаар гарын үсэг зуруулсан. Өнөөдөр хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр гэх л юм ярьж байна. Тийм л бол өөрийнх нь хүсэл зоригийг нь бичгээр гаргаж авах нөхцөл байдал байсан. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ дуусгавар болох нөхцөл дээр зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг баримтлан гаргасан гэж хэлж байгаа боловч заасан нөхцөл журмаар гэрээг байгуулагдаагүй. Гэрээний заалтууд нь талуудад ижил тэнцүү үйлчлэх ёстой байтал, зээлийн гэрээ нь бусдад ашиг олгох боломж олгоогүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг хангаагүй нь харагдана. Энэ 30 хоног нь зээлийн хүүг төлөх хугацаа, харин 60 хоног нь зээлийн төлбөрийг төлөх хугацаа юм гээд байгаа. Хүүг 30 хоногоор тооцсон мөртлөө, зээлийн гэрээгээр эхлээд хүүг авна гэсэн байгаа. Энэ нь тусгай зөвшөөрлийн хүрээнд зээлийн үйл ажиллагаа явуулах аж, ахуй нэгж болж харагдаад байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Гэрээ хэлцэл нь хуульд нийцэж явдаггүй.  Өгсөн авснаа буцаана гээд байна. Үр дагавар юу байх юм бэ гээд байна.  Хууль бус зээлийн гэрээний үндсэн дээр 1,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Аль зээлийн гэрээний үүргийг яаж хугацааг тоолох нь тодорхойгүй байна. Үлдээд байгаа 2,000,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өрийн дарамт үүсгэхгүй байхыг бид үр дагавар гэж үзэж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “А*******” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн болон барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл.

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 73 тоот зээлийн гэрээний 3.2-т 30 хоногоор гэсэн атлаа 4.1-д 60 хоног гэж бичсэнээс үзэхэд зээлийн гэрээний стандарт нөхцөлд хамаарах хугацааг яаж тооцох нь ойлгомжгүй. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн график буюу гэрээний хавсралт 1 гэсэн баримтаар өдөр бүр зээл төлөхөөр заасан байгаагаас харахад 30 хоногоор олгосон гэх зээлийн гэрээнд хамааралтай биш харин мөнгө хүүлэх зорилготой гэж үзэхээр байгаа бөгөөд зүй нь 30 хоногийн дараа хүүг тооцон төлөх гэж заасан байхад зээл олгосон гэх өдрийнхөө маргаашнаас эхлэн эргэн төлөлтийг төлөхөөр заасан байгаа нь 30 хоногоор хийсэн гэх гэрээний нөхцөлд хамаарахгүй гэж үзэхээр байна.

2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг баримтлан гарсан мэтээр ойлгогдож байгаа ч хуульд заасан нөхцөл журмаар гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний заалт нь талуудын эрх ашигт ижил тэнцүү үйлчлэх ёстой байтал дээрх зээлийн гэрээ нь бусдад ашиг олох ямар ч боломж олгоогүйгээр барахгүй олгогдсон өдрөөсөө мөнгөө татан авч, зориулалтаар зарцуулах, үр шимийг хүртэх ямар ч боломжгүй байсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ байх боломжгүй.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь өөрийн гэсэн онцлогтой нь зөвхөн барьцаалсан хөрөнгийн хэмжээнд зээл олгох, зээл төлөгдөөгүй тохиолдолд дуудлага худалдаагаар эд хөрөнгийг худалдан борлуулах, барьцаалсан эд хөрөнгөгүй тохиолдолд зээл олгохыг хориглосон байдаг бөгөөд энэ харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ.

“А*******” ХХК нь ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг болохыг шүүхэд өгсөн баримтаас мэдсэн. Өөрөө хэлбэл зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж үзэж байгаа. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх Монгол улсын стандартын 5.1-т харилцагчид хоорондоо тохиролцон тодорхой хугацаа зааж, хөдлөх хөрөнгөө тавьж, зээлдүүлэгч бэлэн мөнгө өгөх үйлчилгээ эрхэлнэ гэсэн байдаг. Хариуцагчийн лангуун дээрх бараа тоо ширхгийг тоолж бичүүлж авсан хэдий ч тус бараа бүтээгдэхүүнийг барьцаалан аваагүй. Дээрх журмын 2-т барьцаанд тавьсан алт, мөнгө, монет, телевизор зэрэг цахилгаан бараануудыг барьцаалахдаа, зээлдүүлэгчийн эзэмшилд хөрөнгүүдийг шилжүүлж өгч гэрээнд тусгана гэж заасны дагуу барьцаагүй зээл олгосон гэж үзэхээр байгаа. Зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээл зээлдэгчийн эзэмшилд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлж өгөөд, зээлдэгч нь түүнийг нь тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Хуульд нийцсэн тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр гэ үзнэ. Тодруулбал хүү алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээ хийсний маргааш мөнгө авснаар цаашид хүү, алдангийг ямар байдлаар төлөх нь тодорхойгүй болсон. Гэрээний үүргийг хэрхэн яаж дүгнэх нь ойлгомжгүй. Гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй. Гэрээний чөлөөт байдал алдагдсан. Хуульд заасан шаардлагыг зөрчсөн буюу зээлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгогдоогүй байхад үйл ажиллагаа явуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих байдлаар мөнгө нэхэмжилсэн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хуульд зөрчсөн гэж үзэхээр байгаа. “А*******” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж, ахуйн нэгж гэж ойлгогдож байгаа. Хавтаст хэрэгт “А*******” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ авагдсан. “А*******” ХХК-ийн үйл ажиллагаа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа гэсэн байдаг. “А*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган аж, ахуй нэгжийн үйл ажиллагааны гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрэм болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө эзэмшдэг талаарх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ач холбогдол бүхий баримтыг өгөөгүйгээс болоод, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь Аж, ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох Аж, ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдлыг хуульчилсан байдаг. “А*******” ХХК  нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул заавал тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх нь нээгдэх байсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болсон гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэдэг нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэдэг нь харагдаж байгаа. Ингээд хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал нь эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй тул зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь зээлийн гэрээгээр ханалттай нотлогдож байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй нь Аж, ахуй  нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 заалтуудыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулсан 73 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь хариуцагч Ч.О д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 3,720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

Талууд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 73 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “А*******” ХХК нь 3,000,000 төгрөгийг 30 хоногт 8 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай зээлдүүлж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өдөр бүр 75,652.17 төгрөгийн төлөлтийг зээлдэгчээс авах төлбөрийн график гаргаж, телевизор, хөргөгч, шарах шүүгээ, угаалгын машин гэх эд зүйлс болон биеийн тамирын хувцас, хэрэгсэл бүхий бараа материалыг жагсаалт гарган барьцаалжээ.

Барьцаа хөрөнгө гэх биеийн тамирын хувцас, хэрэгсэл бүхий бараа материалыг жагсаалтад дурьдсан зүйлс нь хариуцагчийн худалдаа эрхэлдэг гэх лангуунд байсан бараа болохыг талууд тайлбарласан.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг “А*******” ХХК” ХХК нь дээрх гэрээг Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлүүдийг үндэслэн дээрх 73 дугаартай зээлийн гэрээг байгуулсан хэмээн гэрээнд тусгажээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу хэмээн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулав.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.”

286.2.-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.”,

286.3.-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.”,

286.4.-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.”,

286.5.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахад, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаа хөрөнгийг барьцаалдаг. Гэтэл зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, 286.3.-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж зааснаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэх боломжгүй байна.

Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгогдоогүй буюу Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй байх тул 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл байна.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг тооцох боломжгүй байх тул Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг хүлээн авч, нийт 1,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж зааснаар гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан, хариуцагч Ч.О аас 3,720,000 төгрөг гаргуулах тухай “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар “А*******” ХХК болон Ч.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ч.О*******аас 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,470 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 12,050 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Ч.О д, хариуцагч Ч.О аас улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А*******” ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА