| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0234/Э/ |
| Дугаар | 226 |
| Огноо | 2012-12-06 |
| Зүйл хэсэг | 150.3., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0234/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Ё.Ринзаан, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Ж.Шагдар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Иргэний нэхэмжлэгч П.П.А-, Д.П.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ч.Ч.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт Ч.Ч.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21146205 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1972 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***************** ************* нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 , эцэг, эх, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ******************* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ч.Т- /РД: /
Шүүгдэгч Ч.Ч.Т- нь ***************** ****************** ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2005 оны 4 сараас 2009 оны 4 сар хүртэлх хугацаанд байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан хөрөнгөнөөс завшиж үрэгдүүлсний улмаас 128.523.804 /нэг зуун хорин найман сая таван зуун хорин гурван мянга найман зуун дөрөв/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ч.Т-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2005 оны 4 сараас 2009 оны 4 сарыг хүртэлх хугацаанд худалдагч нараас бэлнээр болон дансаар мөнгө авдаг байсан. Тэр мөнгөө баланс руу хий бичилтүүдээр хийдэг байсан. Байгууллагуудад өгөх мөнгийг өгсөн гэж хэлээд тайлан балансийг будлиантуулж гаргаж байсан нь үнэн. Өмнөх хохирол болох 77.509.900 төгрөгийг төлж барагдуулж дууссан. Одоо үлдэх 51.014.804 төгрөгийг төлнө. Надад өгөх эд хөрөнгө байхгүй учир ажил хийж байгаад ямар ч байсан төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч П.П.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ***********ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Ч.Т- нь ажиллаж байх хугацаандаа 2005 оны 4
D:\Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tamara-150.3.docx
сараас 2009 оны 4 сар хүртэлх хугацаанд байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан хөрөнгөөс завшиж үрэгдүүлсний улмаас 128.523.804 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан. 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 254 тоот шийтгэх тогтоолоор Ч.Ч.Т-г 77.509.900 төгрөгийн хохирол учруулсан гээд шийдэгдсэн. Манай байгууллага баримтаа урагшаа хөөгөөөд үзэхэд зарим баримт нь устаад алга болсон байсан. Үүнийгээ бид нар шинээр илэрсэн нөхцөл байдал гээд эрүү үүсгүүлсэн байгаа. Шинжээч томилуулаад манай байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоод Б- Ч.Ч.Т- нарыг суулгаад 51.014.804 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэлт гарсан. Энэ хүн бол анх худалдааны төвийн нягтлангаар ажиллаж эхэлсэн үеэсээ тайлан балансаар завшаад эхэлсэн. Энэ хэрэгт холбогдоод ажлыг нь түдгэлзүүлсний дараа ч банкинд гүйлгээ хийсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг төлүүлнэ. Манай санхүүгийн баримтаар 66.500.000 төгрөг нь барагдсан. Үлдсэн хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч П.П.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2009 оны 1 дүгээр улирлын тайлан гараад үзэхэд эргэлтийн хөрөнгө нь хангалттай тайлан байсан. Худалдагч нар орлогоо банкинд тушаадаг. Нягтлангууд тушаадаггүй. Тэгээд 2008, 2009 оны баримтуудыг хасаад 77.509.900 төгрөгийн өр гарсан. Дахиад урагш нь хөөгөөд үзэхэд 134 сая төгрөгийн өр гарсан. Үүнээс Ч.Ч.Т-гийн төлөх нь 51.014.804 төгрөг юм. Манайд хэн хүлээх нь мэдэгдэхгүй 79 сая төгрөг үлдэж байгаа. Манайд урьдны шийтгэх тогтоолоор гарсан 77.509.900 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн юм ирээгүй. Төлж дууссан гэдгийг одоо л сонсож байна. Дээрээс нь дахиад нэмээд хохирол гарсан болохоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэж бодож байсан. Манай санхүүгийн баримтаар 66.500.000 төгрөгийг барагдуулсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэхгүй байна. Одоо сүүлд гарсан хохирол болох 51.014.804 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Ч.Т- нь ***********ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2005 оны 4 сараас 2009 оны 4 сар хүртэлх хугацаанд байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан хөрөнгөнөөс завшиж үрэгдүүлсний улмаас 128.523.804 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Гэрч А.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2009.2.27-нд ХААН банкаар MCS дистрибюшин ХХК-наас 1.5 сая, ХХБ-аар 3,5 сая бүгд 5,0 сая төгрөгийн орлого орж ирээгүй. Ч.Т- л хий орлого над дээр авсан байгаа юм. 2009.3.10-нд Жем трейдээс 1 сая төгрөг орж ирээгүй, хий бичигдсэн байгаа. Хүнсний нярав бэлэн мөнгөтэй харьцдаггүй, падаанаар бараагаа аваад хүлээн авч, шугам замын дэлгүүрт захиалгаар нь хүлээлгэн барааг тарааж өгч падаанаар тооцоо хийдэг байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,
-Гэрч Б.Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2008 оны намраас эхлэн сая 2009 оны 3 сар дуустал байх аа сар болгон заримдаа сард 2-3 удаа ч юм уу хамаагүй бараанд явах гэж байна гээд байгаа орлогоо хий гэхээр нь л хийдэг байсан. 200.0-аас 1 сая гаруй төгрөгийн доторхи мөнгийг тэр дансанд нь хийж байсан байгаа. ХААН банкинд л даа, яг дансыг нь мэдэхгүй байна. Байгууллагын ерөнхий нягтлан бодогч болохоор нь л энэ данс руу хий гээд л бараанд явах гээд байна гэхээр нь л тэр данс руу нь мөнгө хийсэн байгаа, би тэр дансыг нь байгууллагын бас нэг өөр данс л юм байх гэж бодсон. ” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/,
-Гэрч Х.Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2007 оны намраас эхлэн сая 2009 оны 3 сар дуустал байх аа сар болгон, заримдаа сард 2-3 удаа ч юм уу хамаагүй бараанд явах гэж байна гээд 50,0-аас 1 сая төгрөгний дотор л мөнгийг тэр дансанд нь хийж байсан байгаа. ХААН банкинд л даа, яг дансыг нь мэдэхгүй байна. Байгууллагын ерөнхий нягтлан бодогч болохоор нь л энэ данс руу хий, бараанд явах гээд дарга алга гарын үсэг зурагдаагүй банкнаас мөнгө авч болохгүй байна гэхээр нь л тэр данс руу нь мөнгө хийсэн байгаа л даа. Би тэр дансыг нь байгууллагын бас нэг өөр данс л юм байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38 дахь тал/,
Гэрч Д.Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2008 оны 11 сард Ч.Т- ерөнхий нягтлан бодогч өөрөө УБ хотод явна гээд энэ данс руу 200.000 төгрөг хийчих, би танд очоод ордер бичээд өгчихнө гээд нэг удаа нэг данс руу мөнгө шилжүүлж байсан байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дэх тал/,
Гэрч С.С.Э-гоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...намайг ажилд орсоноос хойш дандаа л орлогын мөнгийг бэлнээр өөрөө авдаг байсан, багцаагаар надаас 40.000 төгрөгнөөс 730.000 төгрөгийн хооронд нийтдээ 1 сая гаруй төгрөгний орлогын мөнгө авсан байгаа байх. Бэлнээр надад 462.000 төгрөгний нэг мөнгө өгсөн баримт байгаа, бусад жижиг бага мөнгөнүүд нь баримтгүй л дээ. /хэргийн 50-51 дэх тал/,
Гэрч Ц.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2008 оны 12 сард шинэ жилийн үеэр 1 удаа 200 гаруй мянган төгрөг тушаасан байгаа, мөн 2009 оны 3 сарын сүүлээр барааны мэргэжилтэн Ундрал бараанд явах гэж байна гээд Ч.Ч.Т- нягтлангийн хувийн дансанд 300.000 төгрөг хийчих гэсэн. Энэ дагуу нь тушаасан байгаа. Өөрөөр Ч.Т- нягтлангийн хувийн дансанд хийж байгаагүй. Харин 2009 оны 2 сарын сүүлээр тооллого хийж Ч.Т- өөрөө очсон ба түүнд орлогын 240.000 төгрөг бэлнээр өгч явуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 54-55 дахь тал/,
Гэрч Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2008 онд байхаа Ч.Т- нягтлан өөрөө дэлгүүрээр ирж орлогын мөнгийг бэлнээр авч байсан. Тэр үед нь тухайн мөнгөн дээр нь түүгээр гарын үсэг зуруулан авч байсан байгаа. Надаас 2-3 удаа ирж ийшээ тийшээ шилжүүлэх гэсэн юм, тэр байгууллага мөнгөө нэхээд суулгахгүй байна энэ тэр гэж ирээд л мөнгө авч байсан байгаа.” гэх мэдүүлэг /хэрийн 60 дахь тал/,
Гэрч Ц.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****************д манай компани 2009 оны 2 сард 708640 төгрөгний витсамо ундаа нийлүүлсэн юм. Тэгээд одоо болтол уг мөнгөө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 65 дахь тал/
Гэрч А.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компани *****************д 2008 оноос эхлэн талх, нарийн боов, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. Нийлүүлсэн бүтээгдэхүүний мөнгө гэж 2009 оны 4 сарын 21-ны өдөр тооцоо нийлж, 5280500 төгрөг авах авлагатай гарч ирсэн. Бүтээгдэхүүнээ 2009 оны 1 сарын 14-ны өдөр хүртэл нийлүүлж байгаад больсон. Одоо *****************өөс 5280500 төгрөг авах ёстой. Энэ мөнгөний алданги гэж 233165 төгрөгийг энэ мөнгөн дээрээ нэмж авах ёстой. Нийт 5513665 төгрөгийг *****************өөс авах ёстой.” гэх мэдүүлэг /хэргийн 66 дахь тал/,
Гэрч Б.Нацагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэнээс хойш *****************өөс 460725 төгрөг авах ёстой, авлага одоо болтол явж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 68 дахь тал/,
Гэрч Ү.Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компани *****************д 2008 оны 11 сараас хойш 2009 оны 3 сарын 31-ны хооронд 2212950 төгрөгний торт нийлүүлээд үүнээс 2009 оны 5 сарын 14-ны өдөр 1 сая төгрөг авч, одоо 1212950 төгрөг авах үлдэгдэлтэй.” гэх мэдүүлэг /хэргийн 69 дэх тал/,
Гэрч Ё.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компани *****************д 2008 оны 12 сараас 2009 оны 2 сар хүртэл 2908490 төгрөгний нарийн боов, зайрмаг нийлүүлж, уг нийлүүлсэн бүтээгдэхүүний 1408490 төгрөгийг авч, одоо 1500,000 төгрөг авах ёстой.” гэх мэдүүлэг /хэргийн 70 дахь тал/,
Гэрч Б.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компани *****************д 2455700 төгрөгний архи 2008 оны 8 сараас 2009 оны 3 сар хүртэл нийлүүлсэн. 2009 оны 4 сарын 20-ны өдөр тооцоо нийлж 2455700 төгрөг байснаас 2009 оны 5 сард манай компанид /5 сарын 6-ны өдөр/ 1500.000 төгрөг шилжүүлж өгөөд 955700 төгрөгний үлдэгдэл үлдсэн. Тэгээд 2009 оны 5 сарын 20-ны өдөр дахин гэрээ хийж 507600 төгрөгний архи авсан юм. Одоо нийт үлдэгдэл нь 1463300 төгрөг *****************өөс авах ёстой.”гэх мэдүүлэг /хэргийн 71 дэх тал/,
Гэрч С.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *****************д хүнсний ногоо нийлүүлдэг юм. Одоо хүртэл ногоогоо нийлүүлж байгаа. Цаг хугацаандаа уг нь мөнгөө өгдөг байж байгаад 2008 оны 5 сараас хойш тооцоогоо 15 хоногоор хийдэг байснаа болиод сар болж нийлдэг байснаа бас больсон. Тэгээд 2009 оны 4 сарын 20-нд нягтлан бодогч Б- тооцоо нийлж 1031030 төгрөг *****************өөс авахаар тооцоо гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 73 дахь тал/
Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Манай дэлгүүр *****************д хүнсний бараа нийлүүлдэг байсан юм. 2009.4.20-ны өдөр *****************тэй тооцоо нийлэхэд 3064030 төгрөгний авлагатай байснаас 5 сард 1 сая төгрөг авсан. Одоо 2064030 төгрөгний авлагатай.” гэх мэдүүлэг /хэргийн 75 дахь тал/,
Гэрч М.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компани *****************д хиаман бүтээгдэхүүн нийлүүлдэг. ...Одоо бол *****************өөс 5571543 төгрөгийг авах ёстой.” гэх мэдүүлэг /хэргийн 79 дэх тал/,
Гэрч Н.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Манай компани хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. ...одоо нийт 84000 төгрөгийн авлагатай.” гэх мэдүүлэг /хэргийн 81 дэх тал/,
Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компани *****************д 2080500 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн өгөөд мөнгөө авч чадахгүй байж байгаад 2009.5.11-ны өдөр 1 сая төгрөг өгөөд одоо 1080500 төгрөгний үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 83 дахь тал/,
Гэрч Д.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай компанийн Дархан салбараас ***************** нь 2006 оноос хойш бараа авч байгаад 2007 оноос хойш үлдэгдэлтэй явсаар байгаад 2009 оны 5 сарын 12-ны өдөр тооцоо нийлж, 2637290 төгрөгний үлдэгдэлтэй гарсан.”гэх мэдүүлэг /хэргийн 84 дэх тал/,
-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2009 оны 7 сарын 21-ны өдрийн 073 тоот шинжээчийн дүгнэлт: Үүнд:
1. *****************ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа нь Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7, 17, 18, 20 дугаар зүйлийн холбогдох заалтыг мөрдөж байгаагүй байна гэж үзэхээр байна.
2. ***************** санхүүгийн байцаагч нарын шалгасан актуудад дурьдсан дутагдал нь 2006 оны 10 сараас эхлэн гарсан байна.
3. ***************** санхүүгийн байцаагч нарын худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн санхүүгийн баримтанд шалгалт хийж 117.393.5 мянган төгрөгийг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч. Ч.Т-гаар нөхөн төлүүлэхээр 2009.5.3-ны өдрийн 18/1 дугаар акт тогтоосон байна. Магадлагаагаар ***************** *****************ийн санхүүгийн анхан шатны үндсэн баримттай тулган шалгахад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Ч.Т-гийн хариуцан барагдуулах төлбөр дутагдал 77.509.900 төгрөг болж байна. /хавсралт 1/ ***************** санхүүгийн хяналтын байцаагч нарын тогтоосон төлбөрийг 39.883.1 мянган төгрөг хасагдаж байгааг хавсралтын тайлбар хэсэгт нэг бүрчлэн бичсэн болно. /хэргийн 97-114 дэх тал/
-Шинжээч С.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Худалдагч Н- тайланд ББӨ-нд 3237.1 төгрөгийг журналд зөөж бүртгэхдээ 3437.1 төгрөг гэж өсгөж бичсэн байсныг 200.000 төгрөгийг бодит дүн биш техникийн алдаа гэж хассан.
“Өгөөж чанар” ХХК-нд 4342.2 төгрөгийг өгөх ёстойгоос нийтдээ 2342.2 төгрөгийг төлснийг бодит баримтыг журналд тусгахдаа 2 сая төгрөг гэж бүртгэсэн. Иймд өгсөн мөнгөө журналд дутуу бүртгэснээс авч ашигласан зүйл байхгүй.
“М Эи Эс”ХХК-нд 532.800 төгрөгийг шилжүүлсэн баримттай. Тэгтэл журналд бүртгэхээс өмнөх сард мөнгө шилжүүлээгүй байхад шилжсэн гэж бүртгээд дараа сард шилжүүлсэн мөртлөө журналд бүртгээгүй.
“Дархан Хүнс” ХХК-ны 2008.2.20-ны өдөр 781500 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 1 сард авсан барааны үнэ. Журналд үүнийг ерөөсөө бичээгүй шилжүүлсэн. Ийм учраас худлаа өглөг авлага үүссэн байна.
“Россия” хоршоонд 121200 төгрөгийг пивоны үнэ гэж шилжүүлсэн нь үнэн. Гэтэл үүнийг “Дархан гэрэл” ХХК-ны өглөгийг хаагаад бүртгэчихсэн байна. Ийм учраас энэ мөнгө шилжсэн анхан шатны баримттай. Журналд компанийн нэрийг буруу бичсэн учраас өглөг, авлагын зөрүү гарсан.
2009 оны 1 сарын 7-ны өдөр “Өгөөж чанар” ХХК-нд 1080000 төгрөг шилжүүлсэн баримттай. Үүнийгээ А- гэдэг хүнд данс нээгээд орлого авснаар худлаа бүртгэсэн. А- гэдэг нярав байхгүй. “Өгөөж чанар” ХХК, Бачихам талхан цех, MCS дистрюбишн ХХК, “Дархан Маунтайс” ХХК, “Билгүүн хөлөг” ХХК-уудад төлөгдсөн мөнгүүдийг А- бараа авч, түүний мөнгийг шилжүүлж байгаагаар журналд буруу бүртгэсэн. Учир нь эдгээр компаниудын авлага /өмнөх/ өглөгийг журналдаа бодит баримтаас зөрүүлж бүртгэж байснаас болж өглөгийг хаах ийм бичилт хийсэн нь анхан шатны баримтыг нэг бүрчилж тулгаж түүвэрлэж үзэхэд тогтоогдсон.
2007 оны 1 сард П.гийн тайланд борлуулалтаар 110.000 төгрөг гэж баримт тайланд байхгүй байгааг байсан гэж шалгалтынхан актанд оруулсан байсныг хассан.
2007 оны 3 сард 984.000 төгрөгийг П.гээс хүлээн авсан баримттай боловч журналд П.гээс биш Чимэдцэрэнгээс гэж буруу бүртгэсэн байсан.
Ч.Т- нь анхан шатны бодит баримтаас нягтлан бодох бүртгэлийн журналд бүртгэл хөтлөхдөө өөрийн дутагдуулсан мөнгийг нуух зорилгоор зөрүүтэй худлаа бүртгэж байсан. Журналын бичилтүүд анхан шатны бодит баримтаас зөрүүтэй будлиантай байгаа болно. Иймд уг харилцагч байгууллагатайгаа тооцоо нийлэхдээ журналаар биш анхан шатны баримтыг үндэслэн тооцоо нийлэх шаардлагатай.
2008 оны 10 сарын 9-ны Худалдаа хөгжлийн банкны 403009121 гэсэн дансанд П.ээс орлого 3169.000 төгрөгийг тушаасан баримт байгаа. Мөн тушаасан хүний гарын үсэг дээр Ч.Т-гийн гарын үсэгтэй төстэй гарын үсэг зурагдсан байгаа боловч магадлагаагаар Ч.Т-гийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох боломжгүй. П. биш Ч.Т- тушаасан бол дутагдлаас хасан үндэслэлтэй. П. гэж тушаагдсан учраас хасаж тооцоогүй.” гэх мэдүүлэг /хэргийн 595-598 дэх тал/,
-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 4 сарын 18-ны өдрийн 046 тоот шинжээчийн дүгнэлт. Үүнд:
1. ***************** Дархан-Уул аймаг дахь *****************ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа нь Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7, 17, 18, 20 дугаар зүйлийн холбогдох заалтыг мөрдөж ажиллаагүй байна.
2. ***************** санхүүгийн байцаагч нарын шалгасан актанд дурьдсан дутагдал нь 2005 оны 4 сараас эхлэн гарсан байна.
3. 2009 оны 7 сарын 21-ны өдрийн 073 дугаарын ахлах магадлагч, нягтлан бодогч, мэргэжилтэн С.С.Н-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэнд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Ч.Т-гийн хариуцан барагдуулах дутагдалын тооцоог 77.509.9 мянган төгрөгөөр тооцон гаргасан бөгөөд 2010 оны 5 сарын 22-ны өдрийн ***************** санхүүгийн байцаагч нарын гаргасан дутагдлаас 4824.0 мянган төгрөгийн дутагдал давхардаж байна.
4. ***************** санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч даргаар ахлуулсан шалгалтын комиссын гаргасан шалгалтын тайлангаарх дутагдлыг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Шинжилгээгээр ***************** шалгалтаар илрүүлсэн 132.264.062 төгрөгийн зөрчил дутагдлаас өмнөх шинжээчийн дүгнэлтээр тооцогдсон 4.824.075 төгрөг, шалгалтын тайланд тусгагдсан 1.156.400 төгрөгийн дутагдлууд тус тус давхардсан тул дээрх дүнгээс хасч тооцлоо. Мөн нотлох баримтгүй 35.468.294 төгрөгийн дутагдлыг шинжилгээгээр тогтоох боломжгүй, 34.248.925 төгрөгийн дутагдлыг нягтлан бодох бүртгэлийн бичилтийн зөрүүгээс үүссэн байна гэж үзлээ. Ч.Ч.Т- 51.014.804 төгрөгийн дутагдал гаргажээ. Харин касс П. 2.256.559 төгрөг, нярав Болормаа 943.577 төгрөг, худалдагч Эрдэнэтуяа 926.255 төгрөг, Батсүрэн 131.820 төгрөг, касс Энхтайван 20.000 төгрөг, Туяа 1.273.353 төгрөгийг тус тус хариуцахаар байгаа бөгөөд үүнийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна. /хэргийн 986-1011 дэх тал/,
- Шинжээч А.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өмнөх шинжээчийн 2009 оны 7 сарын 21-ны өдрийн 073 тоот дүгнэлтээр Ч.Ч.Т-гийн хариуцан барагдуулах дутагдлын тооцоог 77.509.9 төгрөгөөр тооцон гаргасан байна. 2011 оны 4 сарын 18-ны өдрийн 046 тоот дүгнэлтээр Ч.Ч.Т- нь 51.014.8 төгрөгийн дутагдал гаргасан гэж дүгнэлт гаргасан байгаа. 2 дүгнэлтийн нийлбэр дүнгээр 128.524.7 сая төгрөгийг хариуцан барагдуулах тоон үзүүлэлт гарч байна. “ гэх мэдүүлэг /хэргийн 1044 дэх тал/,
-Гэрч С.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***************** санхүүгийн хяналтын хэлтсийн даргаас гаргасан удирдамжийн дагуу томилолтоор 2005 оны 5 дугаар сард худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Дархан төвийн санхүүгийн үйл ажиллагаанд 14 хоногийн хугацаатай шалгалт хийсэн. ...шалгалтаар кассын тайлангуудын нэгтгэл бичээгүйн улмаас орлогын мөнгөний нийлэлт хийгдэж байгаа нь тодорхойгүй, өр авлагыг харагдуулахгүй байх, цэг салбарууд, орон нутгаас худалдаж авсан барааны мөнгийг өөрсдийн тасаг, барааны борлуулалтын мөнгөнөөс авсан боловч төв кассандаа уг мөнгийг буцааж тушаасан гэж хий хоосон баримт оруулж гаргадаг зөрчил илэрсэн. Мөн дараа сарын эхний хоногуудын бараа борлуулалтын мөнгийг төлөвлөгөө биелүүлэх гэсэн үндэслэлээр урд сарын борлуулалтад оруулдаг зөрчлөөс шалтгаалж кассанд их хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдэл байгаа мэт хийсвэр тоо харагдаж байсан. Энэ дээрх зөрчлүүд нь хувь хүн эд хөрөнгө ашиглах, өр төлбөрт оруулах зэрэг зөрчил гарах үндэслэл нь болж байгаа юм. ...тухайн үед санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар үүрэг өгч актанд тусгасаар байхад тухайн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч нар шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгалгүй, цааш нь даамжруулж урсгалаараа явснаас 2009 он хүртэлх хугацаанд 128.524.700 төгрөгийг ашиглах боломжийг бий болгосон байна гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 1046-1047 дэх тал/,
-Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед би тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхдээ зөвхөн 2006 оны 10 сарын 1-нээс 2007 оны 9 дүгээр сарыг дуусталх баримтанд үзлэг хийсэн байна. Шалгалтаар ерөнхий нягтлан бодогч Ч.Ч.Т-д холбогдох дутагдал илрээгүй. Учир нь Дархан төв нь 20 гаран цэг салбартай, энэ бүх салбаруудад нь хүрч тооллого, тооцоо хийх боломжгүй байдаг. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэж л шалгалт хийж байгаа. Тэгээд ч томилолтын 10 хоногийн дотор бүх цэгүүдэд хүрч тоолно гэж байхгүй, шалгагч нар шалгах зүйлээ сонгон шалгах эрхтэй байдаг юм.“ гэх мэдүүлэг /хэргийн 1048-1049 дэх тал/,
-Гэрч Г.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...анхан шатны санхүүгийн баримтуудыг тайлан баланстай тулгалт хийхэд 2006 оны 10 сараас 2009 оны1 дугаар улирал дуустал шалгасан. Ингэхэд 117 сая төгрөгийн дутагдал гарч байсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан нягтлан, нярвуудаас нь асуухад анхан шатны баримтуудыг цаг тухайд нь өгч байсан. Харин ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ч.Ч.Т- нь би авлага, өглөг үүсгэхгүй гэж бодоод хий бичилтүүд хийсэн гэж хэлж байсан. Ингээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 1203 дахь тал/,
-Гэрч Ч.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ерөнхий нягтлан бодогч Ч.Ч.Т- нь байгууллагын мөнгийг хувьдаа ашиглаж байж магадгүй гэсэн үндэслэлээр шалгалтыг явуулсан. Ингээд шалгалтыг явуулж байхад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Ч.Т- нь худалдагч нараас болон байгууллагаас шилжиж орж ирэх мөнгийг өөрийн дансанд авсан, дэлгэрэнгүй тайланд дутагдуулсан мөнгийг хий буюу худлаа бичилт хийсэн зэрэг аргаар нийт 117 сая төгрөгийн дутагдал гаргасан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 1204 дэх тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Ч.Т-г байгууллагын итгэмжлэгдсэн хариуцсан эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Т- нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2009 оны 7 сарын 21-ны өдрийн 073 тоот шинжээчийн дүгнэлтээр 77.509.900 төгрөг, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 4 сарын 18-ны өдрийн 046 тоот шинжээчийн дүгнэлтээр 51.014.804 төгрөг, нийт 128.524.704 төгрөгийг ************д төлөхөөр байна.
Шүүгдэгч Ч.Ч.Т-гийн өмчлөлд байсан Y-2003006591 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 4 дүгээр баг 22-р хорооллын 10 дугаар байрны 39, 40 тоот 64.0 м кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 40-24 ДАР улсын дугаартай митцубиши динго маркийн суудлын автомашин зэрэг эд хөрөнгийг 66.500.000 төгрөгийн төлбөрт тооцон авахаар талууд тохиролцон /хэргийн 796-798 дэх тал/ хүлээн авчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2012 оны 9 сарын 7-ны өдрийн 3/1287 тоот албан бичгээр шүүгдэгч Ч.Ч.Т-гийн 77.509.900 төгрөгийн төлбөрийг талуудын хүсэлтийн дагуу Дархан сумын 4 дүгээр багт байрлах 10 дугаар байрны 39, 40 тоот орон сууцуудыг дээрхи төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Ч.Т-гийн хариуцан төлбөл зохих 128.524.704 төгрөгийн төлбөрөөс 77.509.900 төгрөгийг хасч, үлдэх 51.014.804 төгрөгийг гаргуулж, ************д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Т- нь 2009 оны 12 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 254 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1 сая төгрөг хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан боловч уг шийтгэх тогтоолыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 6 сарын 15-ны өдрийн 387 тоот тогтоолоор /хэргийн 840-842 дэх тал/ хүчингүй болгосон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Иймд шүүгдэгч Ч.Ч.Т-г байгууллагын итгэмжлэгдсэн хариуцсан эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1000000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7/ долоон/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Ч.Т-гийн үйлдэл нь 2005 оны 4 сараас эхэлж, 2009 оны 4 сар хүртэл үргэлжилсэн байх бөгөөд тэрээр насанд хүрээгүй буюу 1999 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Б, 2007 оны 1 сарын 7-ны өдөр төрсөн хүү Т.Х /хэргийн 1242-1243 дахь тал/ нарын хамт эцэг эхийндээ амьдардаг, мөн гэрлээгүй ганц бие /хэргийн 289 дэх тал/ болох нь тогтоогдож байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2009 оны 7 сарын 9-ны өдрийн/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Ч.Т-д оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Т-г итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Сонгоол овогт Ч.Т-г хувьд ногдох эд хөрөнгөнөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг хурааж, 7 /долоон/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч
Ч.Ч.Т-д оногдуулсан 7 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Ч.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ч.Т-гаас 51.014.804 /тавин нэгэн сая арван дөрвөн мянга найман зуун дөрвөн/ төгрөг гаргуулж, ************д олгож, шүүгдэгч Ч.Ч.Т- нь 77.509.900 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.
6. Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай /2009 оны 7 сарын 9-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар Ч.Ч.Т-гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 1000000 /нэг сая/ төгрөг хурааж, 7 /долоон/ жил хорих ялыг биечлэн эдлэхээс өршөөн хэлтрүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.Т-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ч.Т-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Б.МАНЛАЙБААТАР