Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02358

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: Д.Ү

13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М нь хувиараа автомашины худалдан борлуулдаг бөгөөд 2019 оны 6 угаар сарын 05-ны өдөр Дашцэрэн овогтой Ү ад ******* ******* улсын дугаартай Тоёота Ланд круйзер 150 прадо маркийн ******* арлын дугаартай хар өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдсан болно. Тээврийн хэрэгслийн үнийг 68,500,000 төгрөгөөр тохиролцсон.

Д.Ү  нь автомашинаа анх худалдан авахдаа 20,000,000 төгрөг өгсөн байдаг бөгөөд үлдэгдэл 48,500,000 төгрөгийг 3 сарын дараа өгнө гэж байсан боловч өгөхгүй удсаар уг автомашиныг Баянзүрх дүүргийн Сансрын Ундрам төвд байрлах банк бус санхүүгийн байгууллагад 35,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч, мөнгийг Б.Мд өгсөн. Түүнээс хойш Д.Ү  нь үлдэгдэл 13,500,000 төгрөгөө өгөхгүй, утсаа авахгүй, хэл амаар доромжлоод байх болсон.

Шүүхэд анх гаргасан өгсөн зээлийн гэрээний тухайд, үлдэгдэл 13,500,000 төгрөг дээрээ зээлийн гэрээ хийе гэж хэн аль нь ярилцаад хийсэн гэрээ бөгөөд хэрвээ мөнгөө өгөхгүй бол алданги хүртэл өгнө гэж Д.Ү  нь өөрөө хэлж зээлийн гэрээ байгуулсан юм.

Иймд Д.Ү аас автомашины төлбөрийн үлдэгдэл 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ү  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие, Б.Моос 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, Тоёота Ланд круйзер 150 прадо маркийн ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч, төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж, тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлж авсан.

Одоо өр төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Ү ад холбогдуулан, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь төлбөрийг төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай” гэрээ байгуулж, худалдагч тал Б.М нь өөрийн өмчлөлийн, ******* ******* улсын дугаартай Тоёота Ланд круйзер 150 прадо маркийн ******* арлын дугаартай, тээврийн хэрэгслийг Д.Ү ад 68,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 3 дахь заалтад, төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэж тусгажээ.

Гэвч дээрх гэрээний төлбөрийн үүрэг бүрэн гүйцэтгэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа, зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулна хэмээн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 13,500,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг ******* дугаартай данснаас ******* данс руу шилжүүлсэн депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан ба 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа, автомашин худалдан авах зорилгоор Б.Мтой анх танилцсан, мөнгө зээлж аваагүй, уг автомашины төлбөртэй холбоотой асуудлаар Б.Моос 13,500,000 төгрөгийг ******* дансанд шилжүүлэн авч Б.Мын хэлсний дагуу Э.Б******* гэх хүний данс руу шилжүүлсэн хэмээн маргасан.

Нэхэмжлэгч тал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  ******* дансанд шилжүүлсэн 13,500,000 төгрөгийг Э.Б*******гээр дамжуулан буцааж авснаа үгүйсгээгүй ба автомашины үнэ 68,500,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийн урьдчилгааг авч, үлдэгдэл 48,500,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүйгээс худалдан авагчийг шаардсаар тухайн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавиулан зээл авахуулж 35,000,000 төгрөгийг авсан хэмээн шүүхэд тайлбарласан.

Худалдан авагч тал нь дээр дурьдсанаар 35,000,000 төгрөгийг худалдагч талд төлсөн талаараа маргаагүй буюу автомашины үнэ 68,500,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэх 48,500,000 төгрөгийн 35,000,000 төгрөгийг төлж, 13,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогдов.

Хариуцагч нь тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу харилцан тохиролцсон үнийг бүрэн төлсөн эсэхээ нотлох баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар, худалдсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 13,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Ү аас 13,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ү аас улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА