Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С Т СӨХ

Хариуцагч: Б.П

890,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С Т” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байрлах Авто линк дэлгүүр ажиллуулдаг бөгөөд уг тоотын СӨХ-ны төлбөр 890,550 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148.1-д заасны дагуу СӨХ-д төлөх үүрэгтэй.

Мөн сууц өмчлөгч нь СӨХ-оос гурваас олон удаа бичгээр анхааруулга хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Хариуагч нь өөрийн үүргийг биелүүлээгүй боловч өнөөдрийг хүртэл СӨХ-с үйлчилгээ авч бусад иргэдийн төлсөн төлбөрөөр хогоо ачуулж, өөрийн хэрэглэсэн тог зэрэг төлбөрийг бусад оршин суугчдаар төлүүлж хотхоны оршин суугчдыг хохироож байна. Мөн тухайн сард лифт ажиллахгүй жижүүргүй нөхцөлд хураамжийг тухай бүрт нь хасч тооцдог.

Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн **** тоот хаягт оршин суудаг бөгөөд оршин суугчийнхаа хувьд СӨХ-ны төлбөрөө төлдөг. Авто линк дэлгүүрийн тухайд, нэхэмжлэлд дурьдсанаар оршин суугчдын зардлаар хогоо ачуулж, цахилгааны төлбөрөө төлүүлээд СӨХ, оршин суугчдыг хохироосон зүйлгүй. Цахилгаан, хог ачуулах төлбөр гэх мэт төлбөрийг бүгдийг гэрээт газрууддаа төлдөг. СӨХ-ны шаардаж буй уг төлбөрийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С Т” СӨХ нь хариуцагч Б.П ид холбогдуулан, СӨХ-ны төлбөрт 890,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.П  нь “С Т” СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ***** тоот хаягт оршин суугч мөн бөгөөд СӨХ-ны өр төлбөргүй болохыг тус СӨХ-ны захирлын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20/05 дугаартай албан бичгээр тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь дээрх хаягт оршин суугч, сууц өмчлөгчөөс СӨХ-ны төлбөр гаргуулахаар шаардаагүй буюу тус СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг орон сууцны *****тоот хаягт оршин байрлах Б.П ийн ажиллуулдаг Авто линк дэлгүүрийн 2017 оны 01 дүгээр сараас 2019 он дуустал хугацааны СӨХ-ны төлбөр 890,550 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй объектод хамаарах СӨХ-ны төлбөрийг иргэнээс гаргуулахаар шаардсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул иргэн Б.П ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тухайлан заасан, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.П ид холбогдох, СӨХ-ны төлбөр 890,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.УНДРАА