Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02384

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.О

Хариуцагч: БГЭ ХХК

9,174,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.О нь БГЭ  ХХК-ийн захирал Б.Э*******тай уулзаж өөрийн эзэмшлийн Норд маркийн ************** улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг Ховд аймгийн асфальто хучилтын газар шорооны ажилд түрээслэхээр харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулсан. Түрээслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх 2 сарын хугацаанд ажиллаж 6,782,795 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс 1,000,000 төгрөг авсан болно.

Ингээд үлдэгдэл төлбөр болох 5,782,795 төгрөгийг төлөх талаар удаа дараа захирал Б.Э*******аас шаардахад удахгүй төлнө гэж хэлсээр өнөөг хүрээд байна.

Иймд Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний үүрэгт Б******* ХХК-иас түрээсийн төлбөр 5,782,795 төгрөг, алданги 3,391,487 төгрөг, нийт 9,174,282 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд өгснөөс хойш 1,000,000 төгрөг, шүүхэд хандахаас өмнө 2,500,000 төгрөг төлсөн тул 6,782,795 төгрөгийн төлбөрөөс 3,500,000 төгрөгийг хасч тооцно.

6,782,795 төгрөгөөс алданги тооцож 3,391,487 төгрөгийн алданги гаргуулна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 9,174,282 төгрөгийн 2,500,000 төгрөгөөс татгалзаж, нийт 6,674,282 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч БГЭ  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл ажлыг гүйцэтгэх ажил дээр 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр П.О*******тэй тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ хийсэн нь үнэн болно.

Гэвч тус ажлыг гүйцэтгэх хугацаанд түрээслүүлэгч тал нь төслийн ажлыг бүрэн гүйцэтгээгүй төслийн ажлын дундаас орхиж явснаас үүдэн шууд хамааралтайгаар манай төсөл тухайн техникүүд байхгүйгээс (О******* болон түүнтэй хамт ажиллаж байсан түрээсийн авто самосвалууд бүгд төслийн талбайг орхиж цуг явсан) шалтгаалан тээврийн ажил 2 сар зогсож улмаар бусад түрээснүүдэд бид 335,000,000 төгрөгийн өр үүсэн алдагдал хүлээж төслийн үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн. Гэвч бид энэ алдагдлыг үл харгалзан аливаа маргаан үүсгэлгүй тус түрээсийн техникт төлбөр төлсөн болно.

Манай компани хэдий тус төслийн санхүүжилтээ өнөөдрийг хүртэл авч чадаагүй ч О*******д төслийн гэрээт ажлын төлбөрт нийт 7,782,795 төгрөгийн түрээсийн тооцоо хийхээр тохирсноос нийт хавсралт №1-д бичсэний дагуу тус тус 1,000,000 төгрөг, 2,500,000, 1,000,000 төгрөг буюу нийт 4,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,282,795 төгрөгийг санхүүгийн боломжтой үедээ төлөхөөр тохиролцож байсан. О******* нь төслийн нийт хугацаанд нийт 24 хоног ажлын аливаа ачаалалгүй ажилласан. Гэвч төслийн үндсэн гол ажил эхлүүлээд л элдэв шалтгаан тоочин төслийн талбайг орхиж явсан. Сарын 5,500,000 төгрөгийн түрээстэй О*******гийн техник 24 хоног ажилласан, нийт 40 хоног сул зогссоны төлөө бид 7,782,795 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч бидэнд үүсгэсэн алдагдлыг үндэслэж О*******д түрээс төлөхөөргүй байх байсныг эс тооцож ажилласан хоногийг бодитоор тооцвол 24 хоногийн 4,400,000 төгрөгийн үнэ төлөхөөр байна.

Бид түрээсийн техникүүдийг төслийн ажил дуусгах хүртэлх сул зогсолтод тодорхой хэмжээгээр гэрээнд заасан хувь хэмжээгээр төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ хийсэн болохоос төслийн ажлыг дуусгалгүй орхиж явж төслийг хүндрүүлэх шууд шалтгаан болсны төлөө сул зогсолтод аливаа түрээс алданги тооцох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгч О*******гийн нэхэмжилсэн дүн нь алдаатай бас бодит биш бөгөөд түүнд түрээсийн үлдэгдэл, алдагдал өр төлбөр бид төлөх үүрэггүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч БГЭ ХХК-д холбогдуулан, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний үүрэгт нийт 9,174,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,500,000 төгрөгөөс татгалзаж, нийт 6,674,282 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь сарын 5,500,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй П.О*******гийн техник 24 хоног ажилласан, нийт 40 хоног сул зогссоны төлөө 7,782,795 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч П.О*******гийн үүсгэсэн алдагдлыг эс тооцон ажилласан хоногийг бодитоор тооцоолж 24 хоногийн 4,400,000 төгрөгийн үнэ төлнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ховд/18/-02 дугаартай, Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч П.О******* нь Bieben маркийн ************** улсын дугаартай, 1 ширхэг автосамосвал буюу эд хөрөнгийг 1 сарын 5,500,000 төгрөгөөр, 1 сарын хугацаатай түрээслүүлж, түрээслэгч төлбөрийг төлөх, төлбөр гүйцэтгэх эцсийн хугацаанаас хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нь тухайн түрээслэсэн эд хөрөнгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Талууд гэрээ байгуулахдаа, төлбөр гүйцэтгэх эцсийн хугацаанаас хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж Гэрээний 19-т тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж заасантай нийжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч П.О*******д 3,282,795 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл уг төлбөр төлөгдөөгүй болох нь зохигч талуудын хэн альных нь тайлбар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул уг төлбөрийн үлдэгдлийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Дээрх төлбөрт ногдох алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхээр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасныг баримтлан 1,641,397.5 төгрөгийн алданги ногдуулж, нийт 4,924,192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан хоногийг бодитоор тооцож 24 хоногийн 4,400,000 төгрөгийн үнэ төлнө хэмээн маргасан боловч уг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч БГЭ ХХК-иас 4,924,192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч нь 9,174,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2,500,000 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,739 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БГЭ  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 93,737.07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА