| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/02101/И |
| Дугаар | 101/ШШ2020/02507 |
| Огноо | 2020-07-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/02507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Н
Хариуцагч: Ө.Б
Гэм хорын хохирол болох 4,586,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинзаяа, хариуцагч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, Ж.Цэрэндүгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинзаяа шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн баруун замд Өлзийхутагийн Б нь Дэү маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөний улмаас Харрер маркийн ******* улсын дугаартай автомашиныг мөргөж тээврийн хэрэгслийн жолооч Рэнцэнгийн Н гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Ч.Г*******ын шийтгэлийн хуудсаар тогтоогдсон.
Р.Н /РД:*******/ нь тухайн зам тээврийн ослын улмаас дараах шинжилгээ, эмчилгээг хийлгэсэн болно: Үүнд: Компьютер томограф 300,000 төгрөг, эмчилгээ, эм тарианд 221,843 төгрөг, нийт 521,843 төгрөг, мөн ослын улмаас Харрер маркийн ******* ******* улсын дугаартай автомашинд гарсан гэмтлийг “И*******” оношлогооны төвөөс “Хөдөлгүүр, Хүч дамжуулах анги” буюу “Цахилгаан мотор эвдэрсэн” гэх дүгнэлтийг гаргасан.
Энэ дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “В*******” ХХК-ийн үнэлгээний жагсаалтад орхигдуулсан байх тул тухайн эд ангийн засвар 1,975,000 төгрөг, салхины шил сольсон үйлчилгээний хөлс 50,000 төгрөг, автомашиныг зөөвөрлөсөн үйлчилгээний хөлс 140,000 төгрөг нийт 2,165,000 төгрөг болсон.
Мөн тухайн ослын улмаас ******* улсын дугаартай Тоёота харрер маркийн автомашины зогсох эд анги гэмтсэн ба уг гэмтлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “Хан тайшир” сервис засварын төвөөр ABS компьютерийг 400,000 төгрөг, рульны PS компьютерийг 1,500,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгөөр худалдан авч засварыг тус тус хийлгэсэн.
Иймд хариуцагч Өлзийхутагийн Баас хохирол 4,586,843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчилгээний зардлын хувьд Я******* томографид харуулж байсан. Уг асуудлын хувьд холбогдох баримтаа өгөөгүй боловч хүлээн зөвшөөрөхгүй Я******* өөрөө уг баримтыг төлсөн гэдэг нь авагдаагүй. Баримтаар бол Я******* томографид харуулсан болох нь харагдаж байна. Агийн хувьд насанд хүрээгүй учраас аав нь өмнөөс нь нэхэмжлэл гаргах эрхтэй. Я*******ийн хувьд эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Ингээд эдгэрсэн гэх байдлаар өөрөө зөрчлийн хэрэг дээр тайлбар хэлсэн байсан. Тэгэхээр Агийн хувьд хөнгөн гэмтэлтэй. Үүнд хийлгэсэн эмчилгээ холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Машины эвдрэлийн хувьд тухайн үед даатгалаа нэхэмжлээгүй ч гэм хор учруулснаас үүссэн хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх шаардах эрхтэй. Машины моторын хувьд шалтгаант холбоо нь дөнгөж осол гарсны дараа машины оношилсон оношилгоонууд зөрчлийн хэрэгт давхар байдаг. Тэгэхээр мотор эвдэрсэн нь тогтоогдож байна. Мотор эвдрээгүй тал дээр хариуцагч талаас өөрийн татгалзал үндэслэлүүдээ баримт болгож авчраагүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан зураг дээр машины урд талын эд анги бүгд гэмтсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс уг машинд 1,400,000 төгрөг болон 1,900,000 төгрөгийн ажиллагаа эд анги хийсэн гэдгийг зарлагын баримтаар нотолж байна. Автомашины хохирлын үнэлгээ өндөр эсэх талаар маргах боломж хариуцагчид байсан. Мөн нотлох баримтыг хуурамч гэж байгаа бол нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Үнэлгээний компанийн дурдсан 6,359,000 төгрөгийг уг нэхэмжлэлдээ нэхэмжлээгүй гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ула******* хот Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 21-292 тоотод оршин суугч Ө.Б миний бие 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Дэү маркийн улсын дугаартай машин жолоодож явж байх үедээ Харрер маркийн 9004 ******* улсын дугаартай авто машин мөргөж осол гаргасан. Ослын улмаас Харрер маркийн 9004 ******* улсын дугаартай авто машинд гарсан хохирол болох 6,444,000 төгрөгийг цагдаагийн газрын шийдвэрийг үндэслэн төлж барагдуулсан болно.
Уг нэхэмжлэл гаргасан Н нь надаас ахин нэмж үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа учир уг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1,900,000 төгрөгийн баримтад, хүлээж авсан санхүүгийн гарын үсэг байхгүй, тамга хуурамч байна. Улсын хэмжээгээр хагас дугуй нэг стандартын тамгатай байх ёстой. Бусад тамга хүчин төгөлдөр бус болсон байхад албан ёсны тамгагүй баримт ирүүлсэн байна. Иймд нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн 2,000,000 гаруй төгрөгийн баримт мөн адил санхүүгийн баримтгүй, даргын гарын үсэггүй байна. Хуурамч баримт бүрдүүлсэн байна. Эм тариа хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэглэсэн бол Эрүүл мэндийн сайдын тушаалтай тусгай жортой, өвчтөний түүх, эмнэлгээс хэдэн төгрөгийн эм авсан байх зэрэг нь тохирч байж энэ ослын улмаас уг эмийг хэрэглэсэн гэдэг нь нотлогдож байх ёстой. Эдгээрийн аль нэг нь байхгүй учраас уг ослын улмаас эрүүл мэндэд гарсан хохирол гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн унаж явсан автомашины нь өөр компанийн машин тул хариуцагч хохирлыг хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Ө.Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учруулсан хохирол 521,843 төгрөг, автомашинд учруулсан хохирл 3,925,000 төгрөг, автомашин ачуулсан зардал 140,000 төгрөг, нийт 4,586,843 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь хохирлыг даатгалаар төлүүлсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Ө.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ДХИС-н баруун замд Дэү маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс Р.Н жолоочтой Харриер маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг мөргөж, Н овогтой Агийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Р.Н нь Тоёота Харриер маркийн ******* улсын дугаартай автомашиныг Голомт банктай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай, Автомашины зээлийн гэрээгээр худалдан авсан бөгөөд тухайн автомашин нь Голомт банк ХХК-ийн өмчлөлийнх болох нь хэргийн материалаар тогтоогдож байх ба тухайн автомашинд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Тухайн осол болох үед Тоёота Харриер маркийн ******* улсын дугаартай автомашинд зорчиж явсан Н.А, Т.Я******* нар тухайн ослын улмаас эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн эхнэр гэх Т.Я******* өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгч Р.Н д олгосон зүйлгүй, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Н.Аринзаяа нь нэхэмжлэгчийн төрсөн охин болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбраар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 15, 16, 63, 64 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, Т.Я*******т учирсан хохирлыг шаардах эрхгүй ба Н.А охинд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Ө.Б нь дээрх зам тээврийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч нь даатгалаар хохирлыг барагдуулсан гэж маргасан боловч нэхэмжлэгч Р.Н нь Мандал даатгал ХХК-тай байгуулсан, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1902004680008 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын нөхөн төлбөр 6,444,800 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авчээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд:
- “СТМ МЕД” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар, Н.Агийн толгойн гэмтэлд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр компьютер томографийн шинжилгээ хийлгэж 100,000 төгрөгийн,
- Осолд өртсөн Тоёота Харриер маркийн ******* улсын дугаартай автомашиныг “Их тэнгэр” ХХК-иар ачуулж 140,000 төгрөгийн,
- Тоёота Харриер маркийн ******* улсын дугаартай автомашины урд шилийг “Авто шил” дэлгүүр /Д.Г******* РД:/-ээр солиулж 50,000 төгрөгийн,
- 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цахилгаан мотор 1,600,000 төгрөгөөр цахилгаан помп 350,000 төгрөгөөр, тосол 25,000 төгрөгөөр худалдан авч 1,975,000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гаргасан нь тогтоогдож байх тул нийт 2,265,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн цахилгаан мотор эвдэрснийг зөвшөөрөхгүй, “В*******” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланд цахилгаан моторын талаар тусгагдаагүй гэж маргасан боловч “И*******” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19/12/15 дугаартай дүгнэлтэд, Тоёота Харриер маркийн ******* улсын дугаартай автомашины цахилгаан мотор эвдэрсэн болохыг тусгасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар шаардсан ABS компьютер, рульны PS компьютер эвдэрсэн эсэх, тухайн эвдрэл нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зам тээврийн осолтой холбоотой гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй, салхины шилний үнэ 250,000 төгрөг нь Мандал даатгал ХХК-иас олгогдсон даатгалын нөхөн төлбөр 6,444,800 төгрөгийн дүнд багтаж нэхэмжлэгчид олгогдсон, эмчилгээ эм тарианд зардал гаргасан нь тухайн ослын улмаас хийгдсэн эмчилгээ гэж үзэх эмнэлгийн баримтгүй, нэхэмжлэгчийн эхнэр гэх Т.Я******* өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгч Р.Н д олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,321,843 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Баас 2,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,321,843 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,536 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас 51,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Н д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Л.ЭНХЖАРГАЛ