| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0378/3 |
| Дугаар | 221/МА2026/0378 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0378
“Х” ХК-ийн гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т, Н.Т
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Х” ХК
Хариуцагч Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч А.Ц
Гомдлын шаардлага: Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ********* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0414 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т, Н.Т
Хариуцагч Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч А.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2026/0378/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Х” ХК нь Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч А.Ц-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 414 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Х” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т, Н.Т нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба уг үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна”, 5.14-д “мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална” гэж тус тус хуульчилсан. Дээрх зохицуулалтыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 дугаар тушаалын хавсралтаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Мэдээлэх үүрэгтэй этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотойгоор хяналт зохицуулалтын эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөнө” гэжээ.
3.2 Тодруулбал, Мэдээлэх үүрэгтэй этгээд болох Банк нь улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотойгоор зохицуулагч байгууллага болох Монголбанк (Санхүүгийн мэдээллийн алба)-аас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөөр байна. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкнаас “Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага”-ыг бэлтгэсэн байх бөгөөд тус гарын авлагын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Дараах хүмүүсийг дотоодын Улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзнэ” гэж заасан байх буюу улс төрд нөлөө бүхий этгээд гэж зөвхөн хувь хүн байхаар заажээ. Гэтэл улсын байцаагч А.Ц нь “С” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Ж” ХХК, “Д” ХХК нарыг улс төрд нөлөө бүхий этгээд гэж тооцож, “Х” ХК-д зөрчлийн хэрэг нээж хуулийн этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж дүгнэсэн.
3.3 Дээрх үйл баримтаас дүгнэвэл, улс төрд нөлөө бүхий этгээд хэнийг хэрхэн ойлгох талаарх Монголбанкны албан ёсны зөвлөмжтэй Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц-ийн шийдвэр зөрчилдсөн. Улмаар, Зохицуулагч байгууллагын зүгээс “улс төрд нөлөө бүхий этгээд зөвхөн хувь хүнийг хамруулан ойлгох ёстой юу? эсхүл хуулийн этгээдийг мөн хамруулах ёстой юм уу?” гэх маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүссэн. Улмаар, Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд нэхэмжлэгч болох “Х” ХК нь хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Банк нь Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлагыг дагаж мөрдөх үүрэгтэй юу?” гэх асуулт асуухад хариуцагч тал нь “дагаж мөрдөх үүрэгтэй” гэх хариултыг өгсөн. Энэхүү хариултаараа дээрх Монголбанкны гарын авлагад дурдсан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт зөвхөн хувь хүнийг ойлгоно гэж үзэж, улмаар улсын байцаагч А.Ц-ийн шийдвэрийг үгүйсгэсэн нөхцөл байдал үүссэнийг анхаарч үзэхийг хүсье.
3.4 Монголбанкны хянан шалгагчийн жагсаалтад улс төрд нөлөө бүхий этгээд гэх ангилалд бүртгэгдсэн байгаа ч Банкны улс төрд нөлөө бүхий этгээд жагсаалтад байхгүй тохиолдолд хэрхэх талаар тодруулахад акт тогтооно гэх агуулгатай хариулт ирүүлсэн байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуульд заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд үл нийцнэ. Монгол Улсад одоогийн байдлаар улс төрд нөлөө бүхий этгээдийн албан ёсны нэгдсэн жагсаалт, улс төрд нөлөө бүхий этгээдийг тодорхойлоход шаардлагатай албан ёсны эх сурвалж бүхий сан байхгүй бөгөөд банк, санхүүгийн байгууллага нь улс төрд нөлөө бүхий этгээдийн данс гүйлгээнд хяналт тавих үүргээ дараах байдлаар хэрэгжүүлж байна. Үүнд: Албан болон албан бус эх сурвалж (засгийн газрын цахим хуудас, сошиал цахим хуудас гэх мэт)-д дурдагдсан мэдээллийг шүүж улс төрд нөлөө бүхий этгээдийн дотоод жагсаалтыг гаргаж, хянах; Харилцагчийн анкет дээрх улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох асуултад хариулсан байдалд үндэслэх зэрэг.
3.5 Түүнчлэн, Монголбанкны “Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага”-ын 14 дүгээр зүйлд “улс төрд нөлөө бүхий этгээдийн статусыг дуусгавар болгох эсэх”, 14.1 дэх хэсэгт “Нийгэмд томоохон үүрэг роль гүйцэтгэхээ больсон харилцагчтай харилцахдаа мэдээлэх үүрэгтэй этгээд нь эрсдэлийн үнэлгээнд суурилахаас биш хугацааны хүчин зүйлд суурилахгүй” гэж маш тодорхой тусгайлан заасан. Энд юуг хэлж байна вэ гэхээр мэдээлэх үүрэгтэй этгээд болох банк нь улс төрд нөлөө бүхий этгээдийг тодорхойлохдоо “тухайн этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээд байсан эсэхээс үл хамааран тухайн этгээдийг эрсдэлд суурилсан хэлбэрээр үнэлж, улмаар улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тогтоох”-оор заажээ. Өөрөөр хэлбэл, яг одоогоор улс төрд нөлөө бүхий этгээд бүртгэлтэй этгээдийг тодорхой хугацааны дараагаар дахин эрсдэлд суурилсан хэлбэрээр үнэлэхэд хэрэв эрсдэлийн түвшин бага гэж тодорхойлогдвол улс төрд нөлөө бүхий этгээд жагсаалтаас хасаж болох эрх зүйн үндэслэлтэй байна.
3.6 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 414 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
4. Хариуцагч Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч А.Ц давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т Н.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Монголбанкны хяналт шалгалтын газрын мөнгө угаахтай тэмцэх хэлтсээс Ханд хийх хэсэгчилсэн хяналт шалгалтын удирдамж”-аар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох журамтай нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалгах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээг авахаар хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хийж гүйцэтгэх удирдамжийг баталжээ.
4. Улсын байцаагч А.Ц нь Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцад “...Х нэр бүхий 8 харилцагчийг улс төрд нөлөө бүхий харилцагч гэж үзээгүй нь ...этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн” гэх нөхцөл байдлыг тогтоон 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.
5. Хариуцагч Улсын байцаагч нь “...Х-ны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх урьдчилан үйл ажиллагааг газар дээр шалгах явцад банк Улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх, хяналт тавихтай холбоотой ажиллагааг хэрэгжүүлээгүй байгаа нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.9, 5.9.1, 3.1.5-д заасан харилцагч, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 6.2, 6.3-д заасан харилцагчийг банк таньж мэдээгүй...” гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр *********** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
6. Ингээд Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсаар “Х” ХК нь улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй гэж авч үзээгүй гэх зөрчилд 30,000,000 (гучин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заажээ.
8. Дээрх хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь “шударга ёсны зарчим”-д нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан.
9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 3.1.5-д “улс төрд нөлөө бүхий этгээд гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг”, 5 дугаар зүйлийн 5.9-д “Дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ”, 5.9.1-д “улс төрд нөлөө бүхий этгээд”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэж тус тус заажээ.
10. Дээрх хуулиас үзэхэд, Улс төрд нөлөө бүхий этгээд гэж төрийн өндөр албан тушаал эрхэлдэг эсвэл эрхэлж байсан, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийг ойлгохоор байх бөгөөд банк нь “улс төрд нөлөө бүхий этгээд”-ийг таньж мэдэх, тодорхойлох, харилцагч “улс төрд нөлөө бүхий этгээд”-ийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзэх, “улс төрд нөлөө бүхий этгээд” банканд данс нээлгэх эсвэл их хэмжээний гүйлгээ хийх бол банк тухайн хөрөнгийн эх үүсвэрийг илүү нарийвчлан шалгаж, энэ нь авлига болон мөнгө угаах эрсдэлийг бууруулах зорилготой байна.
11. Өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хяналт шалгалтын удирдамж”-аар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааг хамруулж “Х” ХК-д хяналт шалгалт хийж, уг шалгалтын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Н/** дугаар тушаалд “Ханд хийсэн шалгалтын дүнгийн тухай” тушаалаар “...хяналт шалгалтаар илэрсэн 592,613 харилцагчийн ажил эрхлэлт, 239,243 харилцагчийн ...нөхөн оруулж дутагдлыг арилгах ажлыг зохион байгуулах, ...хуулийн 6.1.3-д заасан Улс төрд нөлөө бүхий этгээд, түүний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд, хувь эзэмшдэг хуулийн этгээд болон нэгдмэл сонирхол бүхий этгээдийг тодорхойлох, харилцагчийг нарийвчлан таньж мэдэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ийг “Х” ХК-ийн Гүйцэтгэх захиралд үүрэг болгожээ.
12. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” А-** дугаар тушаалын хавсралтаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг баталж, Журмын 6.1-д “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон энэ журмын заасан дотоод хяналтын хөтөлбөр нь улс төрд нөлөө бүхий этгээд, түүний гэр бүлийн гишүүд болон хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхол бүхий этгээдийг тодорхойлох, тэдгээрийг ХТМ нарийвчилсан үйл ажиллагаанд хамруулах, тэдгээрийн нэр дээр хийгдэж байгаа гүйлгээнд тусгайлан хяналт тавих арга хэмжээг тусгасан байна”, 6.2-т “МэҮЭ нь харилцагчийн эцсийн өмчлөгч нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох арга хэмжээг авна”, 6.3-д “УТНБЭ-ийн гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нэгэн адил авч үзнэ” гэж тус тус журамласан байна.
13. Хариуцагч Улсын байцаагч нь хяналт шалгалт хийх явцад “Х” ХК-ийг “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзээгүй харилцагчийн жагсаалтыг гаргаж, Үүнд: Ц.Б (Н асан), Т.Г (...... гишүүн асан), Д.П (......... шүүгч агсан), “С” ХХК (..........гишүүн асан Ц.А-ын хамаарал бүхий хуулийн этгээд), “А” ХХК (........гишүүн асан М.Б-ийн хамаарал бүхий хуулийн этгээд), “А” ХХК (.......... гишүүн асан М.Б-ийн хамаарал бүхий хуулийн этгээд), “Ж” ХХК (........ гишүүн асан Д.Г-ийн 100 хувийн эзэмшил), “Д” ХХК (..........гишүүн асан Б.Н-ийн эзэмшлийн хуулийн этгээд) зэрэг нэр бүхий 8 харилцагчтай холбоотой зөрчлийг илрүүлжээ.
14. Хариуцагч нь хяналт шалгалтын хүрээнд “Х” ХК-ийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзээгүй 8 харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй гэх зөрчлийг бодит нөхцөл байдалд хэрхэн тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн нь тодорхойгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх гүйцэтгээгүй байх ба мөн “...илрүүлсэн зөрчилтэй холбогдуулан хяналт шалгалтыг дахин лавшруулж хийх боломжийг шалгуулагч этгээд болох “Х” ХК-иас олгоогүй...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
15. Тодруулбал, зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ц.Н 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай” А-6/*** дугаар мэдэгдлээр “...хянан шалгагч, Улсын байцаагч А.Ц биеэр очиж үзлэг хийж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх, магадалгаа гаргах шаардлагатай байна. Улсын байцаагчийн хуулиар олгосон эрх үүргийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангахгүй бол дараагийн шатны арга хэмжээ авах тухай” “Х” ХК-ийн гүйцэтгэх захирал О.О-д мэдэгджээ.
16. “Х” ХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/**** дугаар албан бичгээр “...Банкны байранд ирж, Монголбанкны Ерөнхийлөгчийн удирдамжийн дагуу тухайн сэдвээр, заасан хугацаанд нэгэнт шалгалтаа хэрэгжүүлээд, үр дүнгээ тодорхойлж, нэр бүхий 8 харилцагчтай холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн асуудалд Улсын байцаагч А.Ц-ийн зүгээс “банкны нийт харилцагчийн мэдээллийг дахин гаргах өгөх”-ийг тус банкнаас шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй” гэх хариуг өгсөн байна.
17. Мөн “Х” ХК-д томилолтоор ажиллах тухай Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн танилцуулга, Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Н.А-ын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...хяналт шалгалт хийлгэх ажлын 3 хоног...” Томилолт, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, “Х” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 3/**** дугаар албан бичиг зэрэг баримтуудаар Улсын байцаагчид төрийн хяналт шалгалтыг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэх нөхцөл боломжийг олгоогүй болох нь тогтоогдож байна.
18. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйл “Эрх бүхий албан тушаалтан”, 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхиийг хэрэгжүүлнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4.3 дугаар зүйлийн 11-д “Эрх бүхий албан тушаалтны шаардлагаар үзлэг хийлгэхээс татгалзсан, эсэргүүцэл үзүүлсэн бол үзлэгийг албадан гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.
19. Улсын байцаагч А.Ц нь дээрх хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу холбогдогч “Х” ХК-иас төрийн хяналт шалгалтад холбогдох баримт бичгийг гаргуулах, мэдүүлэг авах, үзлэг хийх гэх мэт эрх хэмжээтэй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогч дараах үүрэгтэй”, 3.3-д “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” гэж зааснаас үзвэл төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд болох “Х” ХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны шаардсан төрийн хяналт шалгалттай холбоотой баримт бичгийг гаргаж өгөх, үзлэг хийх боломж нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан, зайлсхийсэн гэж үзнэ.
20. Иймээс хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь “Х” ХК-ийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилт, зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор банкны байранд саадгүй нэвтрэн орох, хянан шалгах ажиллагааг дахин явуулах, зөрчил гэж үзэж буй улс төрд нөлөө бүхий этгээдийн дотоод жагсаалт бүртгэл, харилцагчийн мэдээлэл, дансанд үзлэг хийх, харилцагчийн эрх зүйн байдлыг тодруулах, ач холбогдол бүхий шаардлагатай баримт материалыг дахин цуглуулах зэргээр зөрчлийг бодитоор тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй байна.
21. Анхан шатны шүүхийн “...Маргаан бүхий Шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн, ...Улс төрд нөлөө бүхий этгээд буюу өндөр эрсдэлтэй харилцагч гэсэн ойлголтод хугацааны хязгаарлалт болон хяналт шалгалтын удирдамжид заасан шалгалтад хамаарах хугацаа хамааралгүй, улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон банкны харилцагчдыг өнөөдрийн байдлаар өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзэх үү гэдэг асуудал уг маргаан ач холбогдолтой...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
23. Мөн зайлшгүй тодруулах ажиллагааг шүүх бус харин захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй (онцгой мэргэшлийн цар хүрээтэй, цаг хугацаа, зардал мөнгөний хувьд талуудад илүү үр ашигтай) бөгөөд боломжтой байхаас гадна хэргийн оролцогч нарын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэнэ.
24. Тиймээс зөрчлийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар маргаан бүхий акт нь хууль ёсны эсэх, хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцэж байгаа эсэхийг шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь эхлээд нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тодруулж, маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд дахин хянан шалгаж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
25. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т, Н.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 414 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.3 дугаар зүйлийн 1, 11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Х” ХК-ийн гаргасан “Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж, Тогтоох хэсгийн “2” дахь заалтыг “3” болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т, Н.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Х” ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА