Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 50

 

                              

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Э.Насанжаргал, Н.Мейрамбек, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо

шүүгдэгч Ш.Мөнхтулга

хохирогч Б.Төрболд, Э.Саруул

гэрч Б.Нуржулдыз

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Э.Насанжаргал, Н.Мейрамбек нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар,

Ш.Мөнхтулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022162 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 8-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спорт тоглоомын дасгалжуулагч мэргэжилтэй, “Бэх-Очир” хамгаалалтын албаны ажилтан гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байрны 142 тоотод оршин суух,

ял шийтгэл:

2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

ВУ86090810 дугаарын регистртэй, Бэсүд овогт Эрдэнийн Насанжаргал

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, MOVIE паабыг ажиллуулдаг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол 6 А байр, 41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

БК87051775 дугаарын регистртэй, Ханкелди овогт Нажикейн Мейрамбек

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 28 дугаар гудамжны 300 тоотод хаягийн бүртгэлтэй, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх 10 дугаар байр, 22 тоот оршин суух, ял шийтгэлгүй,

ХИ83081111 дугаарын регистртэй, Баяуд овогт Шийтэрийн Мөнхтулга

Шүүгдэгч Э.Насанжаргал, Н.Мейрамбек нар согтуурсан үедээ бүлэглэж, 2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “MOVIE” бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Төрболд, Ш.Мөнхтулга нар төлбөр тооцооны асуудлаас болж Ш.Мөнхтулга нь иргэн Э.Саруулыг цохьсоныг мэдмэгц хохирогч Б.Төрболдын эзэмшлийн 67-10 УНВ улсын дугаартай Тоёота гроун-180 маркийн автомашины хоёр талын толийг хугалж, урд салхины шилийг цохин цуулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэх гэмт хэрэгт,

шүүгдэгч Ш.Мөнхтулга согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “MOVIE” бааранд төлбөр тооцооны асуудлаас болж паабын ажилтан Б.Нуржулдыз, хохирогч Э.Саруул нартай маргалдаж, улмаар Э.Саруулын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Э.Насанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би найз Мейрамбекийн ажиллуулдаг “MOVIE” нэртэй пабад очоод арын өрөөнд нь орж унтсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эхнэр Саруулыг дуудсан. Удалгүй эхнэр Саруул хүрч ирээд явъя гэж хэлэхээр нь би “жаахан унтаж байгаад явъя” гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 цагийн дараа манай эхнэр Саруул орж ирээд “Мейрамбектэй хэдэн залуучууд маргалдаад, түүнийг зодох гээд байна” гэж хэлэхээр нь би гараад очсон чинь хоёр залуу байсан. Тэгэхээр нь би очоод “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “тооцооны асуудал гарсан юм, одоо тооцоогоо өгчхөөд явлаа” гэж хэлсэн. Би эргэж ороод унтаж байтал 3-5 минутын дараа манай эхнэр Саруул уйлаад орж ирсэн. “Яасан бэ” гэж асуухад “нэг залуу намайг цохьчихлоо” гэж хэлэхээр нь би босоод гутлаа өмсөж амжилгүй гартал тек дээр байсан хоёр залуу байгаагүй. Гадаа гартал зүүн тийш харсан Кроун маркийн автомашины зүүн талын хаалгаар нь нэг залуу ороод сууж байхаар нь би очоод “яагаад манай эхнэрийг цохисон юм бэ” гэж асуухад машинаа асаагаад хөдлөхөөр нь би толиноос нь татсан чинь толь нь хугарч унасан. Өмнө нь би Төрболд, Мөнхтулга нарыг таньдаггүй байсан гэв.

Шүүгдэгч Н.Мейрамбек шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Насанжаргал миний ажиллуулдаг “MOVIE” нэртэй пабад орж ирсэн. Ирэхдээ Насанжаргал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас арын өрөө рүү ороод унтсан. Тэр үед Төрболд, Мөнхтулга хоёр орж ирээд надаас “хэдэн шил пиво зээлээр аваад сууя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд суулгасан. Тэр хооронд Насанжаргалын эхнэр Саруул хүрч ирсэн. Түүнээс хойш 1 цаг орчмын дараа Төрболд, Мөнхтулга хоёрыг гаргах гээд манай эхнэр Нуржулдыз тек дээр очоод маргалдсан байсан. Харин би тэр үед хажуу талын VIP өрөөнд сууж байсан учраас гараад тек дээр очоод эхнэр Нуржулдызаас юу болсон талаар асуухад “нэмж пиво авах гэхээр нь тооцоогоо хийгээд ав гэж хэлсэн чинь маргалдаад байна” гэж хэлсэн. Тэр үед Саруул мөн тек дээр хүрч ирсэн. Тэгээд Төрболд бид хоёр хоорондоо маргалдсан.  Би учирлаж хэлсэн боловч Төрболд миний зүүн гар талын нүд рүү цохиод газар унагааж ар нуруу хэсэг рүү өшиглөсөн. Гэтэл Саруул хүрч ирээд “болиоч” гэж хэлээд эргээд Насанжаргалын унтаж байсан өрөө рүү очиж Насанжаргалыг дуудсан. Би харин Насанжаргалыг “боль, би өөрөө цохицуулчихна” гэж хэлтэл Саруул нь Насанжаргалын унтаж байсан өрөө рүү нь оруулаад эргээд тек дээр иртэл Мөнхтулга, Саруулыг цохисон. Саруул эргэж очоод Насанжаргалыг дуудсан. Насанжаргалыг гарч ирэх хооронд Төрболд, Мөнхтулга хоёр зугтаагаад гараад явсан. Насанжаргал бид хоёр араас нь гартал Төрболд, Мөнхтулга хоёр автомашинд суусан. Тэгэхээр нь би машины баруун гар талаас нь очсон. Машин хөдлөөд явахаар нь би баруун гар талын толиноос, Насанжаргал зүүн гар талын толиноос нь татсан чинь хугарч унасан. Би тооцоогоо авахын тулд авто машиныг зогсоох үүднээс толь хэсгээс нь татсан. Харин Насанжаргал зүүн гар талаас нь тойрч очсон. Тухайн үеийн хяналтын камерын бичлэг байсан бөгөөд хэрэг гарснаас 7 хоногийн дараа устсан. Хохирогч Төрболдыг өмнө харж байсан бөгөөд зүс таньдаг байсан гэв.

Шүүгдэгч Ш.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 15-ны шөнө найз Төрболдын хамт “MOVIE” нэртэй пабад орсон. Харин манай найз Төрболд, Мейрамбек нар хоорондоо тохиролцсон учраас Төрболд бид хоёр нэг хүний хоёр хоёр пиво авч уусан. Хамт орж ирсэн хоёр хүн гараад явсан. Харин Төрболд бид хоёр удалгүй гарахаар болоод тек дээр очоод тооцоогоо аваад Мейрамбектэй тохиролцсон тухайгаа хэлсэн чинь Төрболд бид хоёрыг гаргаагүй. Тийм учраас Мейрамбекийг дуудаж гаргаж ирээд асуусан чинь Мейрамбек согтуу байсан учраас өмнөх үйл явдлаа санахгүй, тооцоогоо авч гаргахыг шаардсан. Өмнө нь манай найз Төрболд, Мейрамбектэй уулзаад хэдэн шил пиво авч уугаад тооцоог нь маргааш нь өгөх талаар харилцан ярилцсан байсан. Тэр үед миний гар утсыг барьцаанд аваад гаргахгүй байсан чинь Төрболд “мөнгийг нь төлье” гэж хэлээд халааснаасаа мөнгө гаргаж ирээд өгсөн. Тухайн үед хоорондоо барьцалдаж авсан боловч бие биенийгээ цохисон үйл явдал болоогүй. Мейрамбекийн хэлж байгаа шиг үйл явдал байгаагүй. Төрболд, Мейрамбек хоорондоо барьцалдаж авсан учраас би салгах гэж дундуур нь орсон. Тэгтэл дэргэдээс Саруул гэх эмэгтэй нь хүрч ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би “яагаад намайг цохисон юм бэ” гэсэн чинь Саруул “танай найз чинь намайг цохисон” гэж хэлсэн. Би тухайн үед их сандарсан байсан учраас эргүүлээд нударч авсан. Гэтэл цаанаас нь хүмүүс орилоод нэлээд хэдэн залуу гарч ирсэн. Тэгэхээр нь бид хоёр гарч гүйгээд авто машин дотор ороод нуугдсан чинь намайг харчхаад хүрч ирээд авто машины урд салхины шилийг гараараа цохиж хагалсан. Харин автомашины хоёр талын толийг хөлөөрөө өшиглөж хугалсан. Би айсандаа машиныг асаагаад байр тойрч зугтаасан гэв.

Хохирогч Б.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би хоёр найзтайгаа уулзаад Мөнхтулгыг дуудсан. Бид нар дөрвүүлээ уулзаад “MOVIE” нэртэй пабад орсон. Тэр пабад орохоос өмнө Мөнхтулга бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгэхдээ би Мейрамбектэй уулзаад нэг хүний хоёр, хоёр пиво уух гэсэн юм гэж хэлж зөвшөөрөл аваад бид дөрөв хүн тус бүр хоёр пиво ууж дуусгаад Мөнхтулга бид хоёртой хамт орсон хоёр эмэгтэй гарч явсан. Харин Мөнхтулга бид хоёр дахиад нэмж хоёр пиво авч уусан. Тэр үед бидний тооцоог авч ирсэн. Тэгэхээр нь би Мейрамбекд хэлсэн байгаа тооцоогоо маргааш өгөх юм гэж хэлээд гарах гэсэн чинь гаргахгүй байсан. Цаанаас Мейрамбекыг дуудсан чинь гарч ирээд тодорхой бус хариу хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхтулгын гар утсаар Мейрамбекын таньдаг хүнтэй яриад Мейрамбекыг тэр хүнтэйгээ яриулах гэсэн чинь гар утсыг хурааж авчихаад өгөхгүй байснаас энэ маргаан гарсан. Харин би доллар гаргаж ирж өгөх үедээ уурласан байсан учраас шидсэн байж магадгүй. Тэгтэл цаанаас хүмүүс манай эхнэрийг хэн цохисон юм бэ гэхээр нь Мөнхтулга бид хоёр эд зүйлээ авалгүйгээр гарч зугтаагаад би замын цаана очоод харж байтал миний машины салхины шил, толь зэргийг эвдэж гэмтээсэн гэв.

Хохирогч Э.Саруул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сарын 15-ны шөнө би хоёр найз бүсгүйтэйгээ хамт байж байсан чинь манай нөхөр Насанжаргал ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр найз бүсгүйтэйгээ хамт Мейрамбекын ажиллуулдаг “MOVIE” нэртэй пабад очсон. Бид нар очоод сууж байтал Төрболд, Мөнхтулга нар тек дээр очоод 100 доллар барьчихсан танай тооцоог өгөхгүй гэж хэлээд маргалдаад байсан. Төрболд гараа савчаад дайраад байхаар нь тайвшруулах гэсэн чинь тайвшрахгүй байсан. Тэгэхээр нь би Насанжаргалыг дуудсан чинь Мейрамбек “зүгээр” гэж хэлэхээр нь би Насанжаргалыг эргүүлж өрөөнд нь оруулж хэвтүүлчхээд эргээд тек дээр иртэл Мөнхтулга, Мейрамбек хоёр зууралдаад байхаар нь салгах гэсэн чинь гараа савчиж байгаад Мөнхтулга намайг цохисон. Тэгэхээр нь би “чи намайг цохичихлоо” гэж хэлсэн чинь гараа атгаж байгаад шууд нүүр хэсэг рүү цохисон. Би цаашаа очоод Насанжаргалыг дуудсан чинь Насанжаргал гутлаа өмсөж амжилгүй хөл нүцгэн гараад ирсэн. Тэгтэл Мөнхтулга, Төрболд хоёр гараад зугтаасан. Араас нь гараад ирсэн чинь машиндаа суучихсан байсан. Харин Насанжаргал намайг “цагдаа дуудчих” гэж хэлэхээр нь би эргэж орж гар утсаа аваад цагдаа дуудчихаад гараад иртэл машинаа асаагаад зугтаасан. Тухайн үед Төрболд, Мөнхтулга хоёр “бид нар цагдаа нар байна” гэж орилоод их тавьтиргүй аашилж байсан гэв.

Гэрч Б.Нуржулдыз шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Төрдболд, Мөнхтулга нар манай пабад орж ирээд 8 шил пиво авч уугаад тооцоо нь 28.000 төгрөг болсон байсан. Гэтэл Төрболд, Мөнхтулга хоёр нэмж 4 ширхэг пиво уутанд хийгээд өг гэснээр нийт тооцоо нь 42.000 төгрөг болж байна гэж би хэлсэн чинь Төрболд одоо мөнгө байхгүй, дараа боломжтой болохоороо өгье гэж хэлэхээр нь “та хоёр барьцаанд бичиг баримт, эсвэл гар утсаа үлдээчих” гэж хэлсэн чинь Төрболд, Мөнхтулга хоёр “бид хоёр барьцаанд эд зүйл үлдээж үзээгүй” гэж хэлээд Мейрамбекыг дууд гэхээр нь би нөхөр Мейрамбекыг дуудаад “энэ хоёр залуу тооцоогоо төлөхгүй” байна гэж хэлсэн. Төрболд, Мөнхтулга хоёр текин дээр ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхдээ маргааш энэ пабыг чинь хаалгана, бид нар Баянголын цагдааг атгадаг гэсэн утгатай юм яриад байсан. Гэтэл Насанжаргал цаанаас гарч ирээд юу болоод байгаа талаар нь асуухад Мейрамбек Насанжаргалыг цаашаа ороод байж бай, найз нь өөрөө учраа олно гэж хэлсэн. Төрболд миний өмнөөс машины түлхүүр шидээд “ямар автомашин унаж байгааг гараад хар” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Мейрамбекыг текны араар оруулаад зодсон. Тэгэхээр нь Саруул бид хоёр салгасан чинь Саруулын нүүр рүү цохисон. Харин Саруул нөхөр Насанжаргалыгаа дуудсан. Энэ үед Төрболд, Мөнхтулга хоёр гарч явсан. Саруул, Насанжаргал, Мейрамбек нар араас нь гараад явсан. Удалгүй Саруул эргэж орж ирээд цагдаа дуудчихлаа гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч Э.Насанжаргалын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 88/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 84/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-н 92/, гэрлэлтийн батламж /хх-н 135/, дээд боловсролын дипломны хуулбар /хх-н 136-137/,

гэрч Эрдэнийн Насанбуянгийн “... Насанжаргал миний төрсөн ах бөгөөд 1986 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. Манай ах 1993 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд элсэн орж 2001 онд 8 дугаар анги төгссөн. 2001-2003 онд 9, 10 дугаар ангиа Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд сурч төгссөн. 2003 онд МУБИС-д биеийн тамирын багш мэргэжлийн ангид суралцаад 2007 онд сургуулиа төгсчихөөд СХД-ийн 107-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад хэдэн жил ажилласанг нь мэдэхгүй байна, ямартай ч ажлаасаа гараад машинаар жуулчинд явдаг. Насанжаргал ах зан араншингийн хувьд төлөв томоотой зантай бөгөөд архи уусан үедээ өөр хүмүүст ямар авир гаргадаг гэдгийг нь мэдэхгүй. Ямартай ч миний мэдэхээр архи уусан үедээ томоотой байдаг” /хх-н 57/ гэсэн мэдүүлэг,

Э.Насанжаргалд холбогдох эрүүгийн хэргийн;

2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 126-127/,

Шүүгдэгч Н.Мейрамбекийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 87/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 86/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 15-20/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 85/,

гэрч Бердиханы Светланагийн “... Мейрамбек ах манай эгчтэй гэр бүл болоод бараг 4 жил гаруй болж байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд нь 3 настай. Мейрамбек ах илүү дутуу зангүй их сайн хүн. Мейрамбек ах нэг их архи уудаггүй, уусан үедээ ямар нэгэн ааш авир гаргадаггүй” /хх-н 55-56/ гэсэн мэдүүлэг,

гэрч Бердиханы Нуржулдызын “... Мейрамбек бол миний нөхөр. Бид хоёр 2011 онд анх танилцаж 2012 оны 9 сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймагт хуримаа хийж нэг гэрт орсон. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ерөнхий боловсролын сургуульд 1995 онд элсэн орж 2005 онд төгсөөд Баян-Өлгий аймгийн Ускем Их сургуульд элсэн ороод 2006 ондоо Казакстан улсад очоод дахин нэг сургуульд сураад нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Тэгээд 2007 онд Араб улс руу сурахаар явж 2011 онд сургуулиа төгсөж ирээд надтай гэр бүл болсон. Манай нөхөр даруухан, дуугүй зантай. Архи уусан үедээ унтаад өгдөг, нэг их юм яриад байдаггүй” /хх-н 58/ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ш.Мөнхтулгын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 38/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 36/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 39, 41/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 40/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 42-43/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 44/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 45/, бакалаврын дипломны хуулбар /хх-н 46-47/,

гэрч Лувсанбалдангийн Бадмаасэдийн “... би нөхөр Мөнхтулгатай 2012 онд танилцаад 2015 онд гэр бүлээ батлуулсан, нэг хүүтэй. Ш.Мөнхтулга хүнийхээ хувьд даруу төлөв, дуу цөөтэй, надтай танилцсанаас хойш хүнтэй маргалдаж зодоон хийгээд асуудал гаргаад явж байгаагүй. Архи согтууруулах ундаа хааяа нэг найз нөхөдтэйгээ ганц нэг шар айраг л уудаг. 2015 оны 11 сараас хойш хүүхэд хараад гэртээ байгаа. Одоогоор хувьдаа том цемент зуурагч машинтай хааяа л ажил олдохоор халтуурын ажил хийдэг. Бид хоёр СБД-ийн нутаг дэвсгэр Дамбадаржаад хадам эцгийнхээ хашаа байшинд хамт амьдарч байгаад 2016 оны 1 дүгээр сард Налайх дүүрэгт шилжин суурьшсан” /хх-н 27/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “MOVIE” бааранд хувийн таарамжгүй харьцаанаас улбаатай Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, улмаар Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдэгджээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл;

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч Ш.Мөнхтулга үйлдсэн байх ба тэрээр баарны тооцооноос болж уг баарны ажилтан Б.Нуржулдыз, иргэн Э.Саруул нартай маргалдаж, түүнийг Э.Саруул цохьсон гэх шалтгаанаар эргүүлж Э.Саруулыг цохьсоноор бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

улмаар хохирогч Э.Саруулыг зодлоо гэх, баарын төлбөр тооцоог хийсэнгүй гэх шалтгаанаар “MOVIE” баарыг хариуцан ажиллуулдаг шүүгдэгч Н.Мейрамбек, түүний найз буюу хохирогч Э.Саргуулын нөхөр болох шүүгдэгч Э.Насанжаргал нар нь шүүгдэгч Ш.Мөнхтулгатай хамт явсан энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Төрболдын эзэмшлийн 67-10 УНВ улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн автомашины хоёр талын толийг хугалж, урд салхины шилийг цохин цуулж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Элбэгжаргалын Саруулын “... 2016 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Оюумаа, Болорчимэг нарын хамтаар Их Монгол пааб-д сууж байхад нөхөр Насанжаргал над руу яриад намайг хүрч ирээд аваадах, би Төмөр замын Андууд пааб-д ганцаараа согтуу сууж байна гэхээр нь түүний байгаа газар нь Оюумаа, Болорчимэг хоёртой очиход Насанжаргал уг паабын VIP өрөөнд нь согтуу унтаж байсан. Би найзын хамтаар өөр ширээн дээр суугаад юм яриад Насанжаргалыг сэрэхийг хүлээгээд сууж байхад текен дээр хүн тооцоо хийхгүй маргалдаж байхад Насанжаргал текен дээр хүрч ирээд зогсохоор нь би хүмүүстэй маргалдаж магадгүй гэж бодоод буцаад Насанжаргалыг өрөө рүү нь оруулаад гарч болохгүй шүү, чи наанаа унтаж бай гэж хэлээд буцаад гарсан. Намайг найзтайгаа сууж байхад текен дээр хоёр залуу уг паабын түрээслэгч Бек гэх залуутай маргалдаж байгаад текний ар руу түлхээд унагаачихаар нь би түлхсэн залуу дээр нь очоод чи тайвшир боль гээд салгах гээд зогсож байхад Бек гэх залуутай эвлэрэх тийшээ хандаж байгаад буцаад Бек рүү дайраад муу казак, бид нар энэ газрыг чинь хаалгана, бид хоёр бол цагдаа гэж хэлж байсан. Нэг залуу нь Бек руу очих гээд дайраад байхаар нь би хажуугаар нь ороод болиулах гээд зогсож байхад нэг залуу нь Бек руу дайрч цохих гээд дайрч байхдаа миний уруул руу гараараа хальт цохихоор нь би зөрүүлээд цохисон чинь тэр залуу чи яагаад намайг цохидог юм гэж хэлээд баруун талын эрүүний доод хэсэг рүү гараараа цохиод газар унагаачихсан. Тэгээд би Насаа гэж орилоод өрөө рүү нь ороход Насанжаргал өөдөөс гарч ирэхэд текен дээр маргалдаж байсан хоёр залуу гараад зугтаасан ба араас нь Насанжаргал Бек болон жижиг биетэй нэг залуу гараад гүйхээр нь би араас нь дагаад гарахад намайг цохьсон залуу цагаан өнгийн кроун маркийн машинд суучихсан хаалга нь түгжээтэй байхаар нь би машины дугаарыг нь харж аваад буцаж ороод утсаар цагдаад дуудлага өгчихөөд гарахад машин хөдлөөд явчихсан байсан” /хх-н 20-21/ гэсэн,

гэрч Бердиханы Нуржулдызын “... 2016 оны 7 сарын 15-наас 16-нд шилжих шөнө манай түрээслэн ажиллуулдаг MOVIE паб ажиллаагүй байсан ба намайг шөнө гэртээ 02 цагийн үед унтаж байхад нөхөр Мейрамбек намайг ажил дээр хүрээд ир гэхээр нь би түрүүслэн ажиллуулдаг MOVIE пабад 02 цаг өнгөрч байхад ирэхэд Мейрамбек хаалга тайлж өгсөн ба намайг дотогш ороход танихгүй хоёр залуу заалан дотор ширээн дээр 4 шил пиво уучихсан Насанжаргал гэдэг таньдаг залуу согтуу VIP өрөөнд унтаж байсан. Би ширээн дээр сууж байсан хоёр залуу дээр очоод манай газар одоо хаалаа гэж хэлэхэд намхан залуу нь 8 шил пиво торон дотор хийгээд өгчих гэхээр нь би ширээн дээр байгаа 4 шил пиво болон дээр нь нэмээд 8 шил пивоны үнийг билл дээр бичээд тооцоо хийчих, 32.000 төгрөг болж байна, тооцоогоо хийгээд пиво авчих гэж хэлсэн чинь нөгөө залуугаа дуудчих гэхээр нь Мейрамбек, Насанжаргал хоёрын сууж байсан өрөөнд ороод зааланд байгаа хоёр залуу чамайг таньдаг юм уу, чамайг дууд гээд байна, тооцоо хийхгүй байна гэж хэлсэн чинь Мейрамбек тэр хоёр залууг танихгүй гэхээр нь би заал руу гараад та хоёрын танихгүй гэнэ ээ, тэр хүн чинь согтуу байна гэсэн чинь намхан залуу босч ирээд би тооцоо хийхгүй, надад мөнгө байхгүй, надаас мөнгө авч чадахгүй гэж хэлээд над руу салаавч гаргахаар нь та хоёр мөнгө байхгүй юм бол та хоёр барьцаанд юм тавиад маргааш авчих гэж хэлсэн чинь намхан залуу нь би амьдралдаа барьцаанд юм тавьж үзээгүй, гадаа байгаа машиныг барьцаанд авах юм уу гээд түлхүүр гаргаж үзүүлээд, би Баянголын бүх цагдаа нарыг танина, маргааш ирээд та нарыг буулгана, та нар бол томрох болоогүй, надаас мөнгө нэхдэг хэн бэ гэж босч ирээд намайг түлхэхээр би айсандаа Мейрамбекийг дуудсан чинь өрөөнөөс Мейрамбек гарч ирээд та хоёр яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ, зүгээр тооцоо хий гэж хэлэхэд намхан залуу нь Мейрамбекийг сандал руу түлхэж унагаад өмсөж байсан пудволкыг нь урчихаад нүүр рүү нь цохьсон. Тэгээд утсаараа нэг хүнтэй яриад энэ казак пабын залуу тооцоо хий гээд байна, чи яриадах гээд нэг хүнтэй утсаар Мейрамбекийг яриулахад Мейрамбек нилээн согтуу байсан учраас ярьж чадахгүй байсан чинь намхан залуу утсаа өөрөө аваад ална чамайг гээд дайраад байснаа халааснаасаа доллар гаргаж ирээд чи энийг авах уу, мөнгө авах уу, гэхдээ чамд өгөхгүй гээд байсан. Тэр үед Насанжаргалын эхнэр Саруул пабад нөхрөө авахаар ирчихсэн байсан. Тэгээд текен дээр ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуухад нь би болсон асуудлын талаар ярихад Саруул тэр хоёр залуу дээр очоод та хоёр эмэгтэй хүн, согтуу хүнийг дээрэлхэхээ болиоч, тооцоогоо хийгээч гэж хэлсэн чинь чамд хамаагүй гэж намхан залуу хэлээд маргалдаж байсан. Тэгээд намхан залуутай хамт зогсож байсан залуу намайг харахад Саруулын нүүр рүү шууд цохиод газар унагаад намхан залуутай гараад зугтаачихсан. Саруул Насанжаргалын байгаа өрөө рүү уйлаад орчихсон. Удаагүй Насанжаргал, Мейрамбек хоёр гарч ирээд тэр хоёр залуугийн араас гараад явсан” /хх-н 28-29, 58/ гэсэн,

хохирогч Бямбадашийн Төрболдын “... 2016 оны 7 дугаар сарын 16-ны шөнийн 04 цагт MOVIE пабад би найз Энэрэл, Маралаа, Мөнхтулга нарын хамтаар орж пиво ууцгаасан. Энэрэл, Маралаа хоёр түрүүлээд гараад явсан ба Мөнхтулга бид хоёр пиво уугаад сууж байхад нэг эмэгтэй ирээд тооцооны билл авчирч өгсөн. Тэгэхээр нь би уг эмэгтэйд Бекэд орж ирэхдээ хэлсэндээ Бекийг дуудаач би уулзаадхая гэж хэлэхэд Бек ирсэн бөгөөд би Бекэд хэлсэн гэж хэлэхэд тооцоогоо хийчихээд яв гэж хэлэхээр нь би Бекийг сайн таньдаг миний нэг найз байдаг юм гэсээр найзыгаа Бектэй яриулах гээд утсаа гаргаж иртэл тооцооны билл авчирч өгсөн эмэгтэй миний гар утсыг булааж аваад чи тооцоогоо төлөөд утсаа ав гэж хэлэхээр нь би Бекэд анх орж ирэхдээ л хэлсэн ш дээ би 10.000, 20.000 төгрөгөнд утсаа тавьдаг хүн биш, маргааш тооцоогоо оруулаад өгчихье гэхэд уг эмэгтэй би гар утсыг чинь барьцаанд авна гээд байхаар нь би тавихгүй гээд тэр эмэгтэйтэй маргалдахад хажуунаас Бек над руу чи болиоч гэж хэлээд бид хоёр маргалдсан. Гэтэл цаанаас дахиад хоёр эмэгтэй хүрч ирээд Мөнхтулга бид хоёр руу дайраад хэл амаар доромжлоод байсан ба нэг эмэгтэй Мөнхтулгын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Мөнхтулга зөрүүлээд уг эмэгтэйгийн эрүү рүү нь гараараа түлхээд хойш унагасан. Тэгтэл цаанаас хэдэн залуучууд манай эхнэрийг цохьдог хэн бэ гээд босоод ирэхээр нь Мөнхтулга бид хоёр уг пабаас гараад гүйсэн ба Мөнхтулга миний машин дотор ороод суусан. Харин би авто зам руу гүйсэн. Гэтэл пабаас Бек болон хамт байсан залуучууд нь гарч ирээд миний машин дотор суусан Мөнхтулгыг гараад ир ална гэж орилоод машины салхины урд том шилийг хагалсан. Хамт гарч ирсэн залуучууд нь миний машины хоёр талын толийг өшиглөөд салгасчихсан ба Мөнхтулга машин асаагаад 71 дүгээр байрны урдуур гараад явахаар нь би машиныхаа араас гүйгээд очтол машины урд салхины шил хагарчихсан, мөн толь хугарчихсан, жолооч талын хаалга хонхойчихсон байхаар нь би цагдаад өргөдөл гаргасан” /хх-н 52-54, 113/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Э.Саруулын биед оочны бааруун хэсэг, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн 10108 тоот дүгнэлт,

“Ашид билгүүн” ХХКийн гаргасан автомашины техникийн үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээ /хх-н 97, 99/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 98, 100/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Баяуд овогт Шийтэрийн Мөнхтулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар,

Бэсүд овогт Эрдэнийн Насанжаргал, Ханкелди овогт Нажикейн Мейрамбек нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл шүүх энэ хэргийг ЭБШХ-ийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан “... шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор” хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэр бүхий шүүгдэгч нарт шүүхээс оногдуулах ялын хувьд:

Хэдийгээр шүүгдэгч Ш.Мөнхтулга хөнгөн ангилалын гэмт хэргийг анх удаа үйлдсэн боловч тэрээр уг хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Мөнхтулгад холбогдох хэргийн хохирогч Э.Саруул нь “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх боловч түүний энэ байдлыг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэний бодит илэрхийлэл гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Дээрх байдал нь шүүгдэгч Ш.Мөнхтулгад холбогдох хэргийг ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, харин түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн зохицуулалтад нийцнэ.

Шүүгдэгч Э.Насанжаргал, Н.Мейрамбек нарт холбогдох хэргийн хувьд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй бөгөөд тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Иймд тэдгээрт оногдуулсан тус бүрийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо “... Насанжаргал, Мейрамбек нарт холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, ... эдгээр залуус тухайн цаг үед өөртөө туслах үйлдэл хийсэн. Энэ нь Иргэний хуулийн өөртөө туслах гэсэн эрх зүйн зохицуулалт юм” гэсэн онолын тайлбар гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь шууд санаатай бөгөөд бусдын өмчлөлийн эд хөрөнгөнд халдсан байхыг шаардах төдийгүй энэ зүйл хэсэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирлын хэмжээ хамааралгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Насанжаргал, Н.Мейрамбек нар өөрсдийн эд хөрөнгийг хамгаалахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, тухайн цаг хугацаанд буюу “MOVIE” нэртэй бааран дотор шүүгдэгч Ш.Мөнхтулга хохирогч Э.Саруул нарын хоорондох маргаан болж өнгөрсөний дараа гадаа гудамжинд байсан автомашины эд зүйлийг гэмтээж байгаа нь “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана.

Харин прокурор яллах дүгнэлтдээ “... устгаж гэмтээсэн” гэснийг шүүх “гэмтээсэн” гэж зөвтгөн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Насанжаргал урьд өмнө нь буюу 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байжээ.

Гэвч түүний ялтай байдал хуульд зааснаар дуусгавар болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Насанжаргал, Н.Мейрамбек, Ш.Мөнхтулга нар цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Баяуд овогт Шийтэрийн Мөнхтулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд,

Бэсүд овогт Эрдэнийн Насанжаргал, Ханкелди овогт Нажикейн Мейрамбек нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Ш.Мөнхтулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Э.Насанжаргал, Н.Мейрамбек нарыг тус бүр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Э.Насанжаргал, Н.Мейрамбек нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Э.Насанжаргал, Н.Мейрамбек, Ш.Мөнхтулга нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Төрболд, Э.Саруул нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Э.Насанжаргал, Н.Мейрамбек нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан тус бүрийн 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,

мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэдгээрт хяналт тавихыг нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Насанжаргал, Н.Мейрамбек, Ш.Мөнхтулга нарын “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ