Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0234/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000785 дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** ны өдөр төрсөн*** настай,  ***, бүрэн  дунд  боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “*** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “МВМ“ зочид буудлын урд замд *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *** улсын дугаартай ***гийн жолоодож явсан Соната 6 маркын автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч  ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр *** гэх найзтайгаа уулзаж гэрийнх нь гадаа өөрийнхөө барьж явсан *** улсын дугаартай автомашинд нэг шил архи хувааж уусан юм. ***гэр нь Дархан сумын 15 дугаар баг Мангирт гэх газар байдаг юм. 


Ингээд ***г буулгачихаад гэрийнх нь гаднаас гэртээ харихаар явж байгаад Дархан сумын 8 дугаар баг микрийн урд явж байгаад Соната 6 маркын автомашин зогсож хүн буулгаад хөдөлж байхад нь хажуугаас нь мөргөчихсөн юм. Би тэгээд машинаасаа бууж ирээд жолоочтой нь уулзаад “хохирлын мөнгийг чинь өгье” гэж хэлсэн чинь нөгөө жолооч “цагдаа дуудна” гээд байхаар нь айсандаа машиндаа суугаад цаашаа хөдлөөд явсан юм. Гэртээ харих гээд цагдаагийн газрын эрүүлжүүлэхийн тэр хавьд явж байсан чинь цагдаагийн автомашин нүйцэж түрүүлж ирээд намайг зогсоосон юм. *** улсын дугаартай автомашин манай хадам аав ***хийн нэр дээр байдаг машин байгаа юм. Би уул нь автомашин барьдаггүй юм. Тухай үед машин барих шаардлагатай болоод машин жолоодчихсон юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би хоёр хүүхэдтэй, банкны зээлтэй байгаа тул миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.” гэх мэдүүлэг. 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр манай хүүхэд *** гэртээ байж байгаад ангийнхаа хүүхдийг хүргэж өгөх гэсэн юм гээд надаас автомашин аваад 21 цагийн орчим гэрээсээ гараад явсан юм. Ингээд би гэртээ байж байсан чинь  00 цаг өнгөрч байхад ***  надруу утсаар яриад “микрийн урд зогсож байсан чинь хажуугаар нэг согтуу жолооч ирээд автомашин мөргөчихлөө, энэ жолооч тохиролцьё гээд байна, та хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь гэрээсээ удалгүй микрийн урд яваад ирсэн чинь нөгөө мөргөсөн автомашин зугтаагаад алга болчихсон байсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Миний автомашин жолооч талын 2 хаалга, доод хормойн шал зэрэг нь дотогшоо чихэгдчихсэн байсан юм. 
...миний автомашиныг мөргөсөн *** гэх жолооч надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо 200000 төгрөг засварын хөлс гэж өгөх ёстой тэрийг өгчих юм бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,

-Гэрч  *** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2014 оны 10 дугаар сарын 14-ны шөнө  00 цагийн  орчим *** улсын дугаартай Соната 6 маркын автомашин жолоодож яваад Дархан сумын 10 дугаар баг 380-ийн байрны өмнөөс найз *** г аваад Дархан сумын 8 дугаар баг Микрийн хажууд байх Молор нэртэй зочид буудлын харалдаа зам дээр буулгах гээд баруун гар тийшээ дохиогоо өгөөд аспалтан замын баруун гар талыг шахаад зогсож байсан чинь зүүн гар талаас нэлээн хурдтай автомашин хүрч ирээд миний автомашиныг зүүн гар талаас мөргөчихсөн юм. Машин мөргөсөн жолооч машинаасаа бууж ирээд “тохирчихмоор байна, битгий цагдаа дуудаач” гэж хэлэхээр нь “үгүй, цагдаа дуудна, цагдаа ирэхийг хүлээж  бай” гэж хэлсэн чинь машиндаа суугаад шууд хөдлөөд зугтаачихсан юм. Би араас нь  машиных нь дугаарыг харсан чинь *** улсын дугаартай автомашин байсан юм. Тэгээд  цагдаад миний автомашиныг тийм улсын дугаартай автомашин мөргөчихөөд зугтаачихлаа гэж хэлсэн юм.
...баруун гар тал руугаа дохиогоо өгөөд зогсож байсан чинь зүүн гар талаас ирээд мөргөчихсөн юм. Зогсож байсан машиныг замын хажуу руу гартал нь мөргөсөн юм. 
...нөгөө жолооч нэлээн согтуу байсан. “Цагдаа дуудна” гэж хэлсэн чинь” би машиндаа ороод дулаацаад байж байя” гэж хэлээд машиндаа суунгуутаа машин асаагаад зугтаачихсан юм. 
...би биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй. Зүүн гар талын буюу жолооч талын 2 хаалга, бага хормой зэрэг дотогшоогоо чихэгдсэн байсан. Мөн ард талын гупер зурагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би тэр өдөр Дархан сумын 10 дугаар багийн нутаг 1а байранд айлд оччихсон байж байгаад найз ***  руу утсаар яриад намайг эндээс ирээд авчихаач гэж хэлэхэд 23 цаг өнгөрч байхад *** амайг машинтай ирж авсан юм. Би тэгээд Дархан сумын 8 дугаар баг Микрийн хажууд байх Молор нэртэй зочид буудлын харалдаа зам дээр буухаар болоод ***  намайг буулгах гээд машиныхаа дохиог өгөөд зогсохоор нь би буух гээд байж байхад хажуугаар нэг автомашин орж ирээд мөргөчихсөн юм. Машиных нь дугаарыг харсан чинь *** улсын дугаартай жижиг суудлын машин байсан. Тэгээд *** бид хоёр машинаас бууж ирэхэд *** улсын дугаартай автомашин нэлээн урд зогсож байсан ба жолооч нь бууж ирээд уучлаарайахын дүү 500000 төгрөг өгчихөөд салъя тэгэх үү ахын дүү гэж хэлэхээр нь бид 2 үгүй ээ цагдаа дуудна гэж хэлсэн чинь нөгөө жолооч машиндаа суугаад машинаа асаагаад тэр чигээрээ зугтаагаад явчихсан юм.“ гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

-Гэрч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би тэр өдөр гадуур ажилтай явж байсан юм. Тийм болохоор *** намайг байхгүй үед миний автомашиныг гэрээс авч гарсан юм байна лээ. Зам тээврийн осол гаргасан гэдгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой мэдсэн юм. ***  нь миний хүргэн, мөн бид нар нэг гэрт амьдардаг болохоор түүнд миний автомашиныг барьж явах эрх байгаа. Тийм болохоор автомашины эвдрэлд ***жоос ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, 

-“***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/,

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 17 дахь тал/,
 
-“Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт MBM зочид буудлын өмнөх автомашин шинэ Дархан талаасаа хуучин Дархан чиглэлд зорчих автомашины хатуу хучилттай зам дээр *** *** нь T.Puncargo  маркийн ***улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д /жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 2.7/ А–д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд  нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/ гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж жолооч ***гийн жолоодож явсан Н.Sonata 6 маркийн *** дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан ба улмаар мөн дүрмийн 2.5/В-д “жолооч зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээх/ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж ослын дүгнэлт гаргаж байна” гэх зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт /хэргийн 18-19 дэх тал/, 
    
-Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-23 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дэх тал/ 
-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 46-47 дахь тал/,
-Илтгэх хуудас /хэргийн 48 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр МВМ зочид буудлын урд *** улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д /жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/, мөн дүрмийн 2.7 /а –д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд  нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно/, мөн дүрмийн 2.5/В-д “жолооч зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын  ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээх/ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж жолооч ***йн жолоодож явсан  Н.Sonata 6 маркийн *** дугаартай  автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

    Иргэний нэхэмжлэгч ***нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хэргийн 50, 65 дахь тал/ гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 39 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Шүүгдэгч ***г зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ***ид оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ