Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/02564

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Г

 Хариуцагч: И.У

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Г , хариуцагч И.У, гэрч Б.Б*******, С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би, И*******гийн Утэй 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг 1 сарын төлбөр 500,000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцож гэрээ байгуулсан юм. Гэтэл хөлслөгч тал болох И.У нь 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сар, 2019 оны 02 дугаар саруудын төлбөрийг өгөхгүй байсаар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр надад хэлэлгүйгээр гэнэт нууцаар нүүж явсан болно. Хэрэв надад хэлээд нүүсэн бол би 1,500,000 төгрөгийн өртэй болох нь үнэн гэсэн баримт бичиг үйлдүүлж, эд хөрөнгийг нь барьцаалж, төлбөрөө хийснийх нь дараа эд хөрөнгийг нь буцаан өгөх байсан. Утсаар холбогдоход төлбөрөө өгнө, одоо банкнаас зээл аваад өгнө, зээл олгох гээд байгаа, банкны захирал нь томилолтоор яваад ирээгүй байна гээд сүүлдээ  утсаа авхөө больсон. Тухайн үед И.У нь Улаанбаатар хотын Төмөр замын газарт проводник буюу галт тэрэгний үйлчлэгч хийдэг ажилтай байсан, 2019 оны 5, 6 дугаар сард асууж сураглахад ажлаасаа гарсан сурагтай байсан.

Иймд хариуцагч И*******гийн Уээс /РД:*******/ түрээсийн төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Харицуагч И.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г  нь түрээсийн гэрээ байгуулахаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр надтай анх уулзсан бөгөөд 5 дугаар сарын 21-ний өдөр цэвэрлэгээ хийгээд 5 сарын 22-ны өдөр нь би байранд нүүж орсон. Нүүж орохоосоо өмнө байранд нь арц, ганга асаагаад байж байхад Л.Г  ирээд ахдаа урьдчилгаагаа өгчих гэсэн. Бид урьдчилгаа 2,000,000 төгрөг буюу 4 сарын мөнгө өгч, авалцхаар тохирсон байсан.

Ингээд би мөнгөө өгөхдөө гэрээгээ байгуулъя гэхэд Л.Г  байрны гэрчилгээ нь байхгүй, нотариат хийхгүй гэсэн. Тухайн үед гэрчилгээ нь банкны барьцаанд байсан учраас гэрээгээ хийгээгүй. Л.Г  өөрөө хэлэхдээ байр нь лизингтэй банкинд байдаг гэсэн. Мөнгөө би дансаар хийе гэхэд Л.Г  нь банкинд өртэй болохоор болдоггүй юм аа, бэлэн өгөлцөж авмаар байна гэсэн. Тухайн өдөр анх 2,000,000 төгрөг өгөхдөө ч найзтайгаа цуг байранд нь арц ганга асаагаад байж байсан юм.

Тэгээд 5 дугаар сарын 28-ны өдөр Л.Г  гэрээгээ хийе гээд Баянзүрх дүүргийн нотариатч дээр очиж гэрээгээ хийх болоход би урьдчилгаанд өгсөн 2,000,000 төгрөгөө гэрээнд бичүүлье гэхэд нотариатч нь миний хажууд өгч авалцаагүй болохоор бичиж болохгүй гээд, харин дахин мөнгийг нь хийхдээ дансыг нь аваад дансаар нь хийж байгаарай гэж байсан. Тэгээд дансаа өгөөч гэхэд дээр ярьсан шигээ дансаар авч болохгүй байна гэсэн.

Л.Г  би 4 сарын урьдчилгаа мөнгийг нь өгсөн учраас 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхэлж түрээсийн төлбөрийг сар бүр төлж, Сансарын 33 дугаар сургуулийн туслах замын хажууд мөнгөө өгдөг байсан.

Л.Г  нь мөнгө өгсөн саруудыг буруу бичсэн, мөнгөө хаана өгдөг байсан талаар худал бичиж, бидний гэрээний талаархи бүх үүргийн харилцаа дуусгавар болсон байхад ингэж худлаа бичиж нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г  нь хариуцагч И.Ут холбогдуулан, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ” байгуулж, хөлслүүлэгч Л.Г  нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн **** тоот хаягт оршин байрлах 2 өрөө орон сууцыг 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сард 500,000 төгрөгөөр И.Ут хөлслүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, И.У 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 2018 оны 11 дүгээр сарын хөлсийг төлсөн, 2018 оны 12 сар, 2019 оны 01, 02 дугаар саруудын төлбөрийг төлөлгүй 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр надад мэдэгдэлгүй нүүж явсан хэмээн 3 сарын төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хоёр сарын төлбөр болох 1,000,000 төгрөгийг бэлнээр авч, 2 ширхэг түлхүүр хүлээлгэн өгсөн гэх мөнгө хүлээлгэн өгсөн И.У, байлцсан н.Б*******, хүлээн авсан Л.Г  нар гарын үсэг зурсан, гараар бичсэн баримтыг нотлох баримтаар гаргаж, 1,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан талаараа өөрийн эхнэр С.О*******ийг гэрчээр асуулгасан.

Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн ба байрнаас гарахдаа хэлээд явсан, түлхүүрээ хүлээлгэн өгсөн, төлбөрийн үлдэгдэлгүй хэмээн маргаж, 1,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлцсэн тухай нэхэмжлэгчийн баримтад өөрөө гарын үсэг зураагүй, бидний үйлдсэн баримт биш хэмээн маргаж, урьдчилгаа төлбөр өгөх үед байлцсан гэх Б.Бат-Эрдэнийг гэрчээр асуулгасан.

Гэрчээр асуугдсан С.О******* нь мөнгө хүлээлцэх үед биеэр байлцаагүй, гэрч Б.Б******* нь 2,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөхийг харсан гэх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй байна.

Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2 сарын төлбөр болох 1,000,000 төгрөгийг бэлнээр авч, 2 ширхэг түлхүүр хүлээлгэн өгсөн гэх мөнгө хүлээлгэн өгсөн И.У, байлцсан н.Б*******, хүлээн авсан Л.Г  гарын үсэг зурсан, гараар бичсэн баримтыг зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд маргасан боловч тухайн баримтын үнэн бодит байдлыг тогтоолгох эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 2,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн гэх тайлбараа шүүхэд нотлоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурьдсанаар, хариуцагч И.У нь нэхэмжлэгч Л.Г той байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн ***** тоот хагят оршин байрлах 2 өрөө орон сууцанд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд амьдарсан, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын төлбөр болох 1,500,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч И.Уээс 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Уээс улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА