Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0227/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000550 дугаартай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. 

    Монгол Улсын иргэн, *** төрсөн, э***, ***  настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2013 оны 12 дугаар сарын 6-наас 2013 оны 12 дугаар сарын 24-ны хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ***  нарт холбогдох эрүүгийн 201309000795 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хохирогчийн байцаалтыг гэрчийн байцаалт болгон гарын үсгийг дуурайлган зурж, хохирогч ***ийн биед хүнд гэмтэл учирсан тухай шүүх эмнэлгийн дүгнэлтийг нуун дарагдуулж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирогчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болгож зассан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг нуун дарагдуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би мөрдөн байцаагч болоод удаагүй байхад ***г нарт холбогдох хэрэг 2013 оны 11 дүгээр сарын 15-нд над дээр цохогдсон юм. Би *** руу ярихаар  Дарханд ирэх боломжгүй байна гэсэн учир хот орж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг авсан. Тэгээд би буцах гэж яарч байсан учир би өөрийн найз мөрдөн байцаагч *** г гуйгаад тогтоол гаргуулж, шинжилгээ авуулсан юм. Уг дүгнэлтийг мөрдөн байцаагч *** 2014 оны 2 сард надад авчирч өгсөн. Хохирогчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болгон өөрчилж, хэргийг шийдвэрлүүлсэн явдал бол миний алдаа мөн. Дөнгөж шинэхэн мөрдөн байцаагч болоод удаагүй байсан бөгөөд хамт олноосоо асууж хоорондоо ярилцаагүй, заавар зөвлөгөө аваагүйгээс болсон. Оны эцэс болох гээд хэргүүдээ хурдан шалга гэсэн үүрэг удирдлагуудаас өгч байсан учир ажлаа түргэн шуурхай хийх гэж ийм үйлдэл хийсэн. Түүнээс биш хэн нэгэн хүний эрхийг хохироох гэж ийм зүйл хийгээгүй, бас надад ямар нэгэн хувийн сонирхол байгаагүй. Би айлын том хүүхэд болж төрсөн бөгөөд оюутан дүүтэй, манай гэрт ганц ажил хийдэг хүн нь байсан. 2008 онд 11 дүгээр ангиа төгсөөд “Цагдаагийн академи”-д урилгаар элсэж, 2012 онд 3.6 голч дүнтэй төгсөж байсан. Надад гаргасан алдаа байгаа, би өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол /хэргийн 1 дэх тал/,
-Сум дундын 7 дугаар шүүхийн *** -ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол / *** нарт холбогдох хэргийн/ /хэргийн 17-18 дахь тал/,

-Хохирогч *** нарт холбогдох хэрэгт/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 сарын дундуур өдрийг нь санахгүй байна, намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлж байгаад гэмтлийн эмнэлгээс гараад 2 хонож байхад Дарханы цагдаагийн ***  гэж мөрдөн байцаагч дуудаж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиход мэдүүлэг авсан. Эхлээд “гэрчээр байцаана” гэхээр нь “би өөрөө зодуулж хохирчихоод яахлаараа гэрчийн мэдүүлэг өгөх ёстой юм бэ?” гэхэд “за, за таниас хохирогчоор мэдүүлэг авъя” гээд байцаалт авсан.
...уг мэдүүлгийг прокурорт гомдол гаргасаны дараа үзсэн, уг мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг биш, гарын үсэг нь ч биш байна лээ, би огт тийм мэдүүлэг өгөөгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

-Эрүүгийн хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 72-73 дахь тал/,

-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2013 оны 11 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд орших “Эзэнт гүрэн” рестораны гадаа бусдад зодуулаад тархиндаа гэмтэл авч, Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ингээд миний зодуулсан асуудлыг тухайн үед шалгаж байсан мөрдөн байцаагч ***  нь шалгаж шийдвэрлэж өгөөгүй, намайг зодсон хүмүүс нь шүүхээр ороод албадан ажил хийлгэх ял авсан гэж сонсоод энэ асуудлаа шийдвэрлүүлэх гэж хандсан юм. Гэтэл миний шүүх эмнэлэгт үзүүлсэн дүгнэлтийг хэрэгт оруулаагүй, миний мэдүүлгийг хуурамчаар  зохиож өөрөө унаж гэмтсэн болгож бичиж, хэргийг шийдвэрлүүлсэн болохыг мэдсэн.
...энэ 2013 оны 12 сарын 23-ны өдөр намайг байцаасан гэх гэрчийн мэдүүлгийг би прокурорт гомдол гаргасаны дараа үзсэн, уг мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг биш, гарын үсэг нь ч биш, зохиож бичсэн мэдүүлэг байна.
...шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарсан, хэзээ ***  байцаагчийн гар дээр ирсэнийг мэдэхгүй байна. Би сүүлд гомдол гаргасаныхаа дараа л үзэж танилцсан. Би бол өөрөө шүүх эмнэлэгт 2013 оны 12 сард *** гэж байцаагчаас шинжээч томилсон тогтоолоо авсан өдрөө очиж үзүүлсэн.
...эхлээд намайг гэрч гээд байцаагаад эхлэхээр нь би “тухайн үед нь зодуулж хохирсон, гэтэл яагаад гэрчээр байцааж байгаа юм бэ?” гэж хэлээд намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Өөр мэдүүлэг огт аваагүй.
...нэхэмжлэх зүйл бол байхгүй, харин тухайн үед нь хэргийг шийдэж өгөөгүйн улмаас би одоо хохирол төлбөрөө авч чадаагүй, хэргийн материал удааширч байгаад л гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 81 дэх тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ажилтай бөгөөд 2014 оны 2 сард байх, өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хот руу ажлаар томилолттой явж, Чингэлтэй дүүргийн цагдаа руу хүн байцаахаар ороход уг дүүргийн мөрдөн ***гэж залуу тааралдаад “та энэ дүгнэлтийг мөрдөн байцаагч *** т аваачаад өгчихөөч” гээд ***гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, шинжээч томилсон тогтоолын хамт өгөхөөр нь түүнийг нь би Дарханд буцаж очихдоо *** хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 82 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 91 дэх тал/

-***ыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар томилсон тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 350 дугаар тушаал /хэргийн 116 дахь тал/,
-***ыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хэсгийн байцаагчийн ажлаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн газарт мөрдөн байцаагчаар томилсон тухай мэдэгдэл /хэргийн 117 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...хэрэгт тухайн үед хамт байсан *** гэх хүнийг байцаах ёстой байсан боловч *** нь удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул гэрчийн мэдүүлэг бичиж, хэрэгт оруулан шийдвэрлэсэн. Миний хувьд гаднаас ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй, тухайн үед сарын эцэс болоод хэргээ шуурхай шалгаж шийдвэрлэх гэсэн үүднээс гэрчийн мэдүүлэг үүсгэн бичсэн.
...хохирогчоор мэдүүлэг авсан, тэрийгээ гэрчийн мэдүүлэг болгож өөрчлөн бичсэн. Одоо уг хохирогчийн мэдүүлгийг хаана хийснээ санахгүй, үрэгдүүлсэн байна.” гэх мэдүүлэг /хэргийн 89 дэх тал/,

-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ 2013 оны 12 сарын 23-ны өдөр намайг байцаасан гэх гэрчийн мэдүүлгийг би прокурорт гомдол гаргасаны дараа үзсэн, уг мэдүүлэг миний өгсөн мэдүүлэг биш, гарын үсэг нь ч биш, зохиож бичсэн мэдүүлэг байна.
...шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарсан, хэзээ *** байцаагчийн гар дээр ирсэнийг мэдэхгүй байна. Би сүүлд гомдол гаргасаныхаа дараа л үзэж танилцсан. Би бол өөрөө шүүх эмнэлэгт 2013 оны 12 сард Ган-Эрдэнэ гэж байцаагчаас шинжээч томилсон тогтоолоо авсан өдрөө очиж үзүүлсэн.
...эхлээд намайг гэрч гээд байцаагаад эхлэхээр нь би “тухайн үед нь зодуулж хохирсон, гэтэл яагаад гэрчээр байцааж байгаа юм бэ?” гэж хэлээд намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Өөр мэдүүлэг огт аваагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 81 дэх тал/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь *** х нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа уг хэргийн хохирогч ***с авсан хохирогчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болгон өөрчилж, гарын үсгийг нь дуурайлган зурж, эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Харин хохирогч ***т шинжээч томилсон тогтоолыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ц.Ган-Эрдэнэ 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдэж, 165 дугаартай шинжээчийн дүгнэлт 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гарсан байна. /хэргийн 30-31 дэх тал/

*** нарт холбогдох эрүүгийн хэргийг Сум дундын 7 дугаар шүүх *** -ны өдөр шийдвэрлэж, ***  дугаартай шийтгэх тогтоол гарсан /хэргийн 17-18 дахь тал/ байх бөгөөд уг хэргийг шийдвэрлэсний дараа буюу 2014 оны 2 дугаар сард 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагч *** хүлээн авсан болох нь *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 2 сард байх, өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хот руу ажлаар томилолттой явж, Чингэлтэй дүүргийн цагдаа руу хүн байцаахаар ороход уг дүүргийн мөрдөн байцаагч *** гэж залуу тааралдаад “та энэ дүгнэлтийг мөрдөн байцаагч ***т аваачаад өгчихөөч” ***гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, шинжээч томилсон тогтоолын хамт өгөхөөр нь түүнийг нь би Дарханд буцаж очихдоо ***т хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлгээр /хэргийн 82 дахь тал/ нотлогдож байна.

Иймд шүүгдэгч ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хохирогч ***гийн биед хүнд гэмтэл учирсан тухай шүүх эмнэлгийн дүгнэлтийг нуун дарагдуулсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ***аас авсан хохирогчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болгон өөрчилж, гарын үсгийг нь дуурайлган зурж, эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасан гэмт хэрэг нь тусгай субьекттай гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн субьект болох нь ***ыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хэсгийн байцаагчийн ажлаас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн газарт мөрдөн байцаагчаар томилсон тухай мэдэгдэлээр /хэргийн 117 дахь тал/ нотлогдож байна. 

Шүүгдэгч ***ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд “...нэхэмжлэх зүйл бол байхгүй” /хэргийн 81 дэх тал/ гэж мэдүүлсэн, шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, эмнэлэгт хэвтэж байгаа учир шүүх хуралдаанд очиж оролцохгүй” гэж мэдэгдсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

    Шүүгдэгч нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч ***гийн бие махбодид  хүнд гэмтэл учирсан тухай шүүх эмнэлэгийн дүгнэлтийг нуун дарагдуулсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Шүүгдэгч ***ыг эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т зааснаар шүүгдэгч ***т 1 жил /нэг/ хорих ял шийтгэсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн  298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т зааснаар ***т оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***рт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

    8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ