Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/02678

 

 

 

 

 

 

 

    2020         07          27                                     101/ШШ2020/02678

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Хариуцагч: А. Ц сургууль

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.Гаамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б ийг 2019 оны 11 дүгээр сарын 18-нд А Ц сургуулийн захирлын Б/211 дугаартай тушаалаар номын санчаар томилсон бөгөөд 2020 оны 4 дүгээр 13-ны өдрийн огноотой Б/23 дугаартай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020.04.24-ний өдөр гардаж хүлээн авч танилцаад ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэгч тушаал хүлээн авсан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажил албан тушаалдаа хэвийн ажиллаж цалин хөлсөө авч байсан бөгөөд тушаалыг огноолсон өдрөөс хойш 11 хоногийн дараа танилцаж, гардан авлаа.

Маргаан бүхий тушаалдаа шинэ өргөтгөл ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон тул гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажилд авахдаа шинэ өргөтгөлийн талаар талууд огт ярилцаж тохиролцоогүй тул үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б ийг эрхэлж байсан номын санч ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,750,132.70 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч А Ц сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гаамаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сургуульд түр ажиллаж байсан Б.Б  нь бага ангийн багш мэргэжилтэй ба 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр харилцан тохиролцож номын санчийн албан тушаалд томилсон. Түүнийг 2020 оны 11 дүгээр сарын 20-нд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй шинэ өргөтгөлийн номын санчаар авсан ч хорио цээр болон тодорхойгүй шалтгааны улмаас ашиглалтанд ороогүй өнөөг хүрч байна.

Мөн ажлаас халагдах тушаал болон талаар гүйцэтгэгч компани, удирдлагын баг 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан ба энэхүү хуралд Б.Б  ирээгүй бөгөөд танилцуулах боломж байгаагүйгээр 4 дүгээр сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Мөн ажлаас халагдах тушаал болон нийгмийн даатгалын дэвтрээ өөрийн биеэр байж гарын үсэг зуруулж, өөрийн биеэр хүлээн авсныг чөлөөлөх тушаал гаргасан.

2020 оны 6 дугаар сарын 09-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус нэхэмжлэлийг гаргасан байх ба ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажилд эргэн орох хүсэлтийг өөрөө ямар нэгэн хэлбэрээр тавиагүй болно.

Б.Б ийн 2020 оны 5 дугаар сарын 13-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсаны дараа эргэн холбогдох ирж уулзахыг санал болгосон ч уулзах шаардлагагүй, ажилдаа орохгүй гэсэн бөгөөд хүлээн авахгүй. Хэрэв шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон тохиолдолд ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч А Ц сургуульд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,750,132.70 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх заалт, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Сургуулийн дотоод журмын 4.2 дахь заалтыг тус тус баримтлан, тус сургуулийн номын санч Б.Б ийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч нь тус сургуулийн өргөтгөл ашиглалтад ороогүй тул түүний орон тоон дээр номын санч ажиллуулах боломжгүй болсон хэмээн дээрх тушаалын үндэслэлийг тайлбарлав.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд нийцүүлэх учиртай.

 

Гэвч “Амгалан” цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй буюу тус сургуулийн дотоод журмын 4.2-т заасан, ажилтныг ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад сургуулийн дотоод журмын уг заалтыг үндэслэл болгосон байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь Баянзүрх дүүргийн А Ц сургуулийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/211 дугаартай тушаалаар, тус сургуулийн номын санчийн ажил, албан тушаалд томилогдсон байх бөгөөд түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2020 оны 02 дугаар сард 771,430 төгрөг, 3 дугаар сард 765,430 төгрөг, 997,191 төгрөгийн цалин авсан хэмээн тусгагдсанаас нэг өдрийн цалин хөлс 39,287.61 төгрөг, ажилгүй байсан 70 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоолж, нэхэмжлэлээр шаардаж буй цалин 2,750,132.70 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалгана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, Б.Б ийг А Ц сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2,750,132.70 төгрөгийг хариуцагч А Ц сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч А Ц сургуульд даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА