| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/02660/И |
| Дугаар | 101/ШШ2020/02707 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2020/02707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.У
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ушүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2283 дугаар шийдвэрээр 36,916,647 төгрөгийг надаас гаргуулж “У******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Э.Бат-Эрдэнэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны 101 тоот хаягт байрлах ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг битүүмжлэх болон хураан авах тогтоол үйлдэн, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/17169 дугаартай албан бичгээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн талаар мэдсэн юм.
Би мэдэгдлийг хүлээн авмагцаа 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очин “С*******” ХХК-ийн үнэлгээтэй албан ёсоор уншиж танилцахад миний өмчлөлийн байрыг 1 м.кв талбайн үнийг 1,660,786 төгрөг байхаар тооцож, 73,240,662 төгрөгөөр үнэлсэн байсан.
“С*******” ХХК-ийн гаргасан уг үнэлгээ нь жишиг үнийн судалгааг олон талаас нь нарийн сайн судлалгүйгээр сайтын зар дээр бүртгэлтэй хамгийн хямд хоёрхон зарыг хооронд нь харьцуулах замаар үнэлсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлэх шалтгаан болсон байна.
Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ гаргуулахын өмнө миний бие өөрийн орон сууцны зах зээлийн ханшийг орон сууцны байршил, иж бүрэн засвар хийгдсэн зэргийг харгалзан 1 м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөг байхаар тооцож, 101,430,000 төгрөгөөр үнэлсэн нь хөндлөнгийн байгууллагын үнэлгээтэй эрс зөрүүтэй байгаа юм.
“С*******” ХХК миний орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 73,240,662 төгрөгөөр үнэлсэн нь 70 хувь буюу 51,268,463 төгрөгөөр анхны, 50 хувь буюу 36,620,331 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар харагдаж байгаа нь нийт төлөх ёстой 36,916,647 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй, төлбөр төлөгчөөс нэмж төлбөр гаргуулах магадлалтай тул гомдолтой байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2283 дугаар шийдвэрээр 36,916,647 төгрөгийг надаас гаргуулж “У******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Удбалжаргалд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө сайн дураар төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн *** тоот 41.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20260131/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2026011/03 дугаартай тогтоолоор тус тус хураан авсан.
Төлбөр төлөгч М.Удбалжаргалд 2020 ны 4 дүгээр сарын 27ны өдрийн 4/15533 дугаар албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдэхэд орон сууцаа 141,120,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилон “С*******” ХХК-иар үнэлүүлэхэд уг орон сууцыг 73,240,662 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг төлбөр төлөгч, авагчид 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4/17169 дугаартай албан бичгээр мэдэгдэж, албан бичгийг гардуулан өгсөн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 51,268,463 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагчид 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19352 дугаартай мэдэгдэл, тогтоолыг гардуулан өгсөн.
Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11682 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч М.Удбалжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Унь хариуцагч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах ******* дугаарт бүртгэлтэй, 44,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн “С*******” ХХК-ийн 2020 оны хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02283 дугаар шийдвэрээр хариуцагч М.Удбалжаргалаас 36,916,647 төгрөг гаргуулж, “У******* ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20260131 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах ******* дугаарт бүртгэлтэй, 44,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20260131/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20260131/03 дугаартай тогтоолоор хураан авчээ.
Хариуцагч нь хураагдсан эд хөрөнгийн үнийн санал өгөх мэдэгдлийг төлбөр төлөгчид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4/15533 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/254 дугаартай тогтоолоор “С*******” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 73,240,662 төгрөг болохыг тогтоолгожээ.
Төлбөр төлөгч М.Унь дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул шинжээчийн дүгнэлт илт хууль бус, томилогдсон шинжээч хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, татгалзал, тайлбараа нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хүлээхийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байрлах ******* дугаарт бүртгэлтэй, 44,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн “С*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Удбалжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Удбалжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА