Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01419

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.З,

Хариуцагч Г.Э-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь Ц.З надаас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан.

Гэтэл хариуцагч Г.Э нь зээлж авсан мөнгөнөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг, нийт 5 350 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 3 000 000 төгрөг авахаар тохиролцсон боловч Ц.З гэрээ байгуулсан өдрөө 1 000 000 төгрөг өгөөд, хүүгээ урьдчилж өгсний дараа 1 700 000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй.

Тухайн үед авсан 1 000 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг н.Анхбаярт шилжүүлсэн бөгөөд Ц.Зд зээлийн хүүд 300 000 төгрөгийг өгсөн боловч 1 700 000 төгрөгийг өгөөгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Э-ээс 5 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.З-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 96 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч нь 3 000 000 төгрөгийг шилжүүлээгүй гэж тайлбарладаг хэдий ч 3 000 000 төгрөгийг авсан нь түүний Хаан банкны 5032510327 тоот дансны 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэн надаас 5 100 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн талд үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч миний бие 1 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж үнэнээ хэлж байхад нэхэмжлэгч шилжүүлсэн байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Г.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 350 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр тохиролцсоны дагуу мөнгийг бүрэн хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсныг үгүйсгээгүй ба хариуцагч Г.Э нь 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлэн авч зээл авсан өдрөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхний сарын зээлийн хүү болох 300 000 төгрөгийг төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх үүргийг хүлээжээ. Хариуцагч Г.Э нь Ц.З зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг надад шилжүүлж өгсөн, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн хүү болох 300 000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл 1 700 000 төгрөгийг надад хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан ч зээлийн гэрээний 2.3 дахь заалтад гэрээг гэрчлүүлэх үед мөнгийг хүлээлцэнэ гэж заажээ. Уг гэрээг хариуцагч Г.Э зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, үлдэгдэл мөнгийг хүлээлгэж өгөөгүй гэх тайлбараа нотлоогүй тул гэрээнд заасан мөнгийг хүлээн авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгийг хүлээлгэн өгсөн учраас зээлийг эргүүлж төлөхийг Г.Э-ээс шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Г.Э-ээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2 сарын зээлийн хүү болох 600 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцэх ба гэрээний дагуу алдангийг тооцоход нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлж алдангид 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 65 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ