Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.П

 

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Ц.Б

          Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга

          Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар дүгнэлт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ц.Б-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/*** дүгээр тушаал, мөн тус газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай ижил чиг үүргийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх.

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0424 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.П, Ө.Э

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц

          Хэргийн индекс: 128/2026/0216/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Б-гаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар дүгнэлт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ц.Б-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/*** дүгээр тушаал, мөн тус газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай ижил чиг үүргийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б-ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргаснаар “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн дүгнэлтийг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Б-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/*** дүгээр тушаалыг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай ижил чиг үүргийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй, ёс зүйн зөрчил гаргадаг болох нь тогтоогдсон гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь О.Н, Э.С гэх хүний мэдүүлгийг үндэслэж гаргасан Ёс зүйн дэд хорооны 2025 оны ** дугаар дүгнэлт гэх нотлох баримтад тулгуурлаж шүүх ийнхүү дүгнэснийг нэхэмжлэгчийн зүгээс шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хариуцагчийн тайлбарт хэт хөтлөгдсөн, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч надаас болон холбогдох этгээдүүдээс тайлбарыг бүрэн гүйцэд гаргуулж аваагүй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, тус байгууллагын Ёс зүйн хорооны 2024 оны ** дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-аар зохицуулсан ажиллагааг огт гүйцэтгэж хэрэгжүүлээгүй байгаад шүүх дүгнэлт өгөөгүй.

          3.2 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчиж, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэхээргүй гэх шүүхийн хэлбэрийн төдий дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагын нэг үндэслэлээ “...ажлаас халах үндэслэл болсон зөрчлийг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу шалган тогтоож, дүгнэлт гаргаагүй, процесс зөрчсөн” гэж байгааг шүүх дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

          3.3 Нэхэмжлэгч миний бие шүүхийн шийдвэрийн биелэлт бодитой байх үүднээс урьд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа “...ижил чиг үүргийн дагуу ажилд эгүүлэн тогтоолгох” гэж өөрчилсөн болно. Учир нь байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, орон тоог цомхотгосон тухай миний бие ажиллаж байх хугацаандаа огт мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн болно. Миний хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар бүтэц ,орон тооны өөрчлөлтийн улмаас төрийн албан хаагчийн хувьд хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхийн баталгаагаар хангагдах үр дагавар үүсэхээр нөхцөл байдал үүссэн нь илт тодорхой болсон цаг үед энэ талаар надад огт мэдэгдээгүй атлаа байгууллагын даргын зүгээс өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өг гэж байнгын шахалт үзүүлж, үүнийг нь зөвшөөрөөгүй тул үл ялих шалтаг гаргаж ийнхүү төрийн албанаас халах хүнд шийтгэл ногдуулсан нь бодит байдалд огт нийцээгүй, төрийн албан хаагч миний эрхийг ноцтой зөрчиж хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна.

          3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

          4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.П дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          4.1 “...Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль зөрчсөн байна гэж үзээд журмаа баримталж ажиллаагүй, мөн зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж хэт явцуу дүгнэсэнд гомдолтой байна. Ёс зүйн дэд хорооны 2024 оны ** дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг баталсан бөгөөд уг журмыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь хэрэгжүүлэн ажиллаагүй. Тодруулбал, Ёс зүйн дэд хороо нь хуралдаж, зөрчил гаргасан тухайн нөхцөл байдлыг тогтоохдоо зөрчилд холбогдуулан шалгаж буй Ц.Б-д мэдэгдэж, тайлбар аваагүй. Гэсэн атлаа ** дугаар дүгнэлтийг үндэслэх хэсэгт тайлбар авсан гэж худал баримт бичиг үйлдсэн. Уг хянан шалгаж байгаа материалтай танилцуулаагүй бөгөөд хурал болж байгаа талаар түүнд мэдэгдээгүй, хуралд оролцох эсэхийг ч түүнээс асуугаагүй бөгөөд бодитоор хурал болсон эсэх нь эргэлзээтэй. Захиргааны байгууллага нь өөрсдийн хурал зохион байгуулсан тэмдэглэл, холбогдогчийн эрхийг хангасан эсэх, хангалттай зөрчил тогтоох зэрэг дээрх журмаар хэрэгжүүлсэн чиг үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

          4.2 Анхан шатны шүүх ёс зүйн дүгнэлт гаргасан эсэхийг бүрэн тогтоосон эсэх, уг ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан эсэхийг бүрэн шалгаагүй, буруу тогтоож, мөн ёс зүйн зөрчлийн хувьд хариуцлага хүлээлгэж байгаа бол ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу болсон тухайд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

          4.3 Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар тухайн төрийн албан хаагчаас заавал тайлбарыг авах зохицуулалттай. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагын нэг үндэслэлээ “...ажлаас халах үндэслэл болсон зөрчлийг журмын дагуу шалган тогтоож, дүгнэлт гаргаагүй процесс зөрчсөн гэж байгааг шүүх дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2025 оны Б/*** дүгээр тушаалыг гаргахдаа үндэслэл болгож Ёс зүйн дэд хорооны ** дугаар дүгнэлт бичгээр албажаагүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй байхад үндэслэл болгож, ажлаас халах тушаал гаргасан нь сонсох, мэдэгдэх ажиллагаа хийх хүсэл зориг анхнаасаа хариуцагч талд байгаагүй болохыг харуулах юм. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй захиргааны байгууллагын дур зоргоороо гаргасан захиргааны актыг шүүх хэвээр үлдээж шийдвэрлэж болохгүй юм.

          4.4 Нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/*** дүгээр тушаалын үндэслэлд хэлтсийн даргын албан тушаалыг цомхотгосонтой холбоотой хууль зүйн үндэслэл байхгүй байхад шүүх байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн эсэхийг шүүхээр хянуулж байгаа бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллага уг захиргааны актыг хуульд нийцсэн гэдгийг нотлох ёстой юм.

          4.5 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

          5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.П нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд;

          3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар тушаалаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газар, гадаадаас ажиллах хүч авах хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт, гомдлын дагуу дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулсан байна.

          4. Уг Ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр “................ хэлтсийн дарга Ц.Б нь ... тус тус зөрчиж нийт 34 удаагийн албан бичгээр ...шийдвэр гаргаж гарын үсэг зурсан нь “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг зөрчсөн, мөн ...албан хаагчид хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэж иргэн, аж ахуй нэгжийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох хуулийг зөрчсөн...” гэж дүгнэжээ.

          5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан  Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийн дагуу хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлын тайланд “...Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн 2025 оны эхний 3 улирлын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, улмаар I) ...ажлын байрны төлбөрөөс хөнгөлсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалын хавсралтад аж ахуй нэгж байгууллагад хэдэн хүн хөнгөлсөн тухай бичигдсэн байх ба тухайн аж ахуй нэгжийн ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлэхээр гаргасан хүсэлт, хүний тоотой таарахгүй зөрчил илэрсэн, II) ...ажил олгогч аж ахуй нэгжийн гадаад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын маягт байхгүй баримт бичгийн бүрдэл дутуу баримт бичгийг хүлээн авч шийдвэрлэсэн зөрчил, III) ...гадаад иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн гэх зөрчлийг тус тус илрүүлсэн...” байна.

          6. Мөн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар дүгнэлтээр “...иргэн О.Н-оос гаргасан гомдлыг шалгаад ............. хэлтсийн дарга Ц.Б нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.7, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн тул ёс зүйн зөрчил гаргасан...” гэж дүгнэжээ.

          7. Маргаж буй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар “...нийт 34 удаагийн албан бичгээр гадаадын иргэнд “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгов”, “хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгов”, “хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгав”, “хасалт хийх тухай” шийдвэр гаргаж Гадаадын иргэн, харьяатын газарт албан бичиг хүргүүлэн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчил удаа дараа гаргасан, агентлагийн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ** тоот дүгнэлт, хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт, иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхгүй, ёс зүйн зөрчил гаргадаг болох нь тогтоогдож байх тул ............. хэлтсийн дарга Ц.Б-г 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж...” шийдвэрлэсэн байна.  

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж;

          8.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна”, 16.1.4-д “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах”, 16 дугаар зүйлийн 16.4-д “Төрийн албан хаагчид энэ хуульд заасны дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасны дагуу эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

          9. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн албан хаагчийн “ёс зүйн зөрчил” болон “сахилгын зөрчил”-ийн үндсэн шинж буюу ялгаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам, хүлээлгэх хариуцлага зэргийг ялгаатай байдлаар зохицуулж өгчээ.

          10. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг”, 5.1.2-т “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” гэж зааснаас үзвэл, ёс зүй гэдэг нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагч хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээ бөгөөд түүнийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь ёс зүйн зөрчилд тооцогдохоор зохицуулжээ.

          11. Харин Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд “төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг”, 39 дүгээр зүйлд “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэж зааснаас үзэхэд, сахилгын зөрчил гэдэг нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах үүднээс төрийн албан хаагчид ажил, үүргийнх нь хувьд хууль болон байгууллагын дотоод дүрэм журмаар хүлээлгэсэн үүрэг, баримтлах ёстой дэг журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.

          12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Э” ХХК-ийн менежер О.Н нь хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад “...нэг хүний хүнд суртал, шалтгаангүйгээр албан бичиг баталгаажилт хийгдэхгүй байгаагаас болж манай компани ажлаа алдаж байна, хүсэлтийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” хэмээн гомдол гаргажээ.

          13. Улмаар Ёс зүйн дэд хороо тухайн иргэний гомдлыг шалгаж, гомдол гаргагч болон холбогдох ажилтнаас тайлбар, мэдүүлэг авч Ёс зүйн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ............. хэлтсийн дарга Ц.Б-г “ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байдаг.

          14. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө”, 7.1.1-д “ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх”, 7.1.2-т “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ”, 8.1.1-д “иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх” гэж тус тус заасан.

          15. Нэхэмжлэгч Ц.Б нь Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, ......... хэлтсийн даргын чиг үүргийн хүрээнд нэгжийн болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зохион байгуулах, төрийн үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчийн хувьд зан харилцаа, үг, үйлдлээрээ ёс зүйн нийтлэг шаардлага болон хэм хэмжээг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, уг хуралдаанд иргэн О.Н, мэргэжилтэн Э.С нарын  гаргасан мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

          16. Энэхүү үйлдэл нь ёс зүйн зөрчил болохоос гадна Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.12-д “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.13-д” албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчсөн тул “сахилгын зөрчил” гэж тооцно.

          17. Харин анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/** дугаар тушаалын ..... хэлтсээс боловсруулан гаргаж буй бичигт ............. хэлтсийн дарга хянаж, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга гарын үсэг зурж, түүнийг албан ёсны томилолт, хурал цуглаантай үед ............. хэлтсийн дарга зурж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тэмдэг дарж баталгаажуулна гэснийг зөрчөөгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

          18. Өмнө нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/** дугаар тушаалаар “... “О” ХХК-ийн 3 ажилтан хугацаанаасаа өмнө нутаг буцсан тул илүү төлөгдсөн ажлын байрны төлбөрийг буцаан авахаар 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/** дугаар албан бичгээр хандсаныг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлээгүй, тус аж ахуй нэгжид чирэгдэл үүсгэсэн нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагуудын оролцсон хурлаар нотлогдож албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан тул Ц.Б-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж” байсан байна.

          19. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/** дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргаж, улмаар хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...гаргасан зөрчлийн шинж байдал тохироогүй, төрийн албанаас халах хүнд шийтгэл ногдуулсан нь бодит байдалд огт нийцээгүй, төрийн албан хаагч миний эрхийг ноцтой зөрчиж хохироосон шийдвэр болсон...” гэх гомдлыг хүлээн авахгүй.

          20. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэхээргүй гэх шүүхийн хэлбэрийн төдий дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргадаг.

          21. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/**** дугаар албан бичгээр “...тус газрын *** тоот өрөөнд ирэхийг мэдэгдсэн”, мөн тус өдрийн “Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл”-ээс үзэхэд “...Ц.Б-н гар утас руу удаа дараа залгасан, тэрээр *** тоот өрөөнд орж ирчхээд доороос материал аваад ирье гээд гарч яваад эргэж ирээгүй, утсаа аваагүй...” зэрэг үйлдлүүд гаргасан байх ба улмаар хариуцагчаас хүлээн зөвшөөрсөнд тооцож сонсох ажиллагааг дуусгавар болгосон байна.   

          22. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгоогүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрөө сонсох ажиллагаанд оролцохоос зайлсхийж, тайлбар гаргах эрхээ эдлээгүй гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/*** дүгээр тушаал хуульд нийцжээ.

          23. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

          25. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэнэ.

          26. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаал нь ..... хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт, гомдлын дагуу дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулсан, уг Ажлын хэсгийн дүгнэлт нь нэхэмжлэгч Ц.Б-д эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй буюу хаяглагдсан этгээдэд шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх шинжийг агуулаагүй, захирамжилсан шийдвэр биш тул захиргааны акт гэж үзэхгүй.

          27. Тиймээс “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.П нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Ц.Б-ийн гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар дүгнэлт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ц.Б-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/*** дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай ижил чиг үүргийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, “2” дахь заалтыг “3” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.П нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА