Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00919

 

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэртэй,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар магадлалтай,

Ж.Э-ын нэхэмжлэлтэй, 

Б.Э-т холбогдох

Гэм хорын хохиролд 15,165,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Э-оос хариуцагч Б.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд 15,165,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-ээс хохирол төлбөрт 11,985,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-од олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 233,777 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 206,718 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-од олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Э-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,718 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 85 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Б.Э 2016.08.29-ний өдөр болсон зам тээврийн ослын гэм буруугийн талаар маргадаг бөгөөд түүний гэм бурууг эцэслэн тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр огт гараагүй. Иймд гэм буруугийн  асуудлыг тогтоосны дараа гэм хорын хохирлыг шаардах эрхтэй. Шүүхээс гэм хорын хариуцлага хүлээлгэх зарчим нь гэм буруу байх бөгөөд энэхүү гэм бурууг нь заавал эрүүгийн журмаар тогтоогдсон байхыг шаардахгүй гэж дүгнэсэн нь гэм буруугийн асуудал тогтоогдоогүй болохыг шүүх өөрөө хүлээн зөвшөөрснийг нотолж байгаа болно.

4.2. Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид улсын тэмдэгтийн хураамжийн талаар ямар ч заалт ороогүй. Харин анхан шатны шүүх хурал дээр энэ асуудлаар мэтгэлцэж шүүхийн шийдвэр гарсны дараа улсын тэмдэгтийн хураамжийн талаар баримт гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авсан нь хууль зөрчсөн.

4.3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр эрүүгийн хэргийн материалыг хувилсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар эрүүгийн хэргээс тодорхой нотлох баримтуудад үзлэг хийлгэж, шинжлэн судлах ажиллагаа хийгдсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар авагдсан баримтыг нотолгооны хэрэгсэл болохгүй гэсэн нь үндэслэлгүй.

4.4. Зам тээврийн осол бол тусгай онцгой харилцааг зохицуулсан хуультай. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т гэм хорын асуудлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцахаар заасан. Гэтэл Б.Э  тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь биш.

4.5. Гэм буруугийн асуудлаар мэтгэлцээгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл эрүүгийн болон иргэний хэрэгт энэ талаар хангалттай байгаа гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Ж.Э-оос хариуцагч Б.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд 15,165,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 11,985,500 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгч “... Б.Э нь 2016.08.29-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 52-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасныг зөрчин эсрэг урсгал сөрж миний жолоодож явсан Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай автомашиныг мөргөж 15,165,500 төгрөгийн хохирол учруулсан. Б.Э-ийн үйлдэлд Төв аймгийн Цагдаагийн газраас 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн боловч 2015.07.01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар уг үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэл гаргах эрхийг хэвээр үлдээсэн. Иймд Б.Э-ээс автомашинд учруулсан хохирол болох 12,095,500 төгрөг, тэнхлэг тохиргооны хөлс 30,000 төгрөг, засварын ажлын хөлс 900,000 төгрөг, дотор талын хянах янзалсан сэлбэг, хөлс 500,000 төгрөг, дотор талын эд ангийг солиход гарсан зардал 950,000 төгрөг, осолд орсон машиныг тээвэрлэсний хөлс 160,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг үнэлүүлэхэд шинжээчид төлсөн хөлс 370,000 төгрөг, эрүүл мэндэд учруулсан хохирол болох толгой хүзүүний зураг авах зардал 160,000 төгрөг, нийт 15,165,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

8. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилд авсан нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “... өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэсний дагуу өмчлөгч болно, иймд тухайн эд хөрөнгөд учруулсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

10. Хэрэгт авагдсан 2016.08.29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон бусад холбогдох баримт бүхий 201619000682 дугаартай хэргийн материалыг үндэслэн гаргасан 2016.09.26-ны өдрийн 101 тоот “Б.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн, Ж.Э дүрэм зөрчөөгүй” гэсэн Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар хариуцагч нь 2016.08.29-ний өдөр 15 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Жарын даваа” гэх газар Тоёота Марк 2 маркийн 52-97 ДАР улсын дугаартай машин жолоодож явахдаа эсрэг урсгал сөрөн өөдөөс нь ирж явсан Лексус-470 маркийн 47-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол  гаргасан, ослын улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан болох нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон. Харин хариуцагч уг үйл баримтыг буюу өөрийгөө гэм буруугүй гэдэг тайлбараа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар баримтаар нотолж үгүйсгээгүй тул мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу ослын улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

11. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Б.Э 2016.08.29-ний өдөр болсон зам тээврийн ослын гэм буруугийн талаар маргадаг, гэтэл давж заалдах шатны шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” (Тодорхойлох хэсгийн 4.1.4.5) гэх боловч хариуцагчийн тайлбар дангаараа түүний гэм буруугүй гэдгийг нотлохгүй.

12. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “гэм буруу нь заавал эрүүгийн журмаар тогтоогдсон байхыг шаардахгүй”, энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтыг харьцуулан үнэлсний үндсэн дээр хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх “эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар авагдсан баримт гэж үзэж, нотолгооны хэрэгсэл болгох боломжгүй” гэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 4.3) үндэслэлтэй. Гэвч хэрэгт цугларсан баримтаар хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон тул гомдлын уг үндэслэл нь шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй юм.

13. “Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан гомдлын тухайд, анхан шатны шүүх тогтоолдоо нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар заасан, үүний дагуу нэхэмжлэгч хураамжийг нөхөн төлж, зөрчлийг арилгасан байх тул энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй.

14. Түүнчлэн, “Б.Э тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь биш, Иргэний хуульд гэм хорын асуудлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцахаар заасан” (Тодорхойлох  хэсгийн  4.5) гэх  гомдлын  тухайд,  хариуцагч анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцээгүй, харин нэхэмжлэгчийг автомашины өмчлөгч/эзэмшигч гэж маргасанд нь хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн. Гэтэл одоо анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүйгээс гадна хариуцагч нь тээврийн хэрэгслийг ашиглах (жолоодох) явцдаа осол гаргасан учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.  

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 749 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 206,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД