| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0317/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/3 |
| Огноо | 2015-12-23 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2016/ШЦТ/3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0317/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч Б.Г
Шүүгдэгч Ц.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-А-ийн Э эд холбогдох 201509000731 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Ц-А-ийн Э , ....... аймагт .... он ... дүгээр сарын .. -ний өдөр төрсөн, эрэгтэй, ..... настай, ..... аймгийн ..... сумын.... дүгээр баг ........ дугаар байр ..... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, ...... -ийн машинист мэргэжилтэй, .........-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: .......... /,
Холбогдсон хэргийн талаар: ( яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.Э нь архидан согтуурсан үедээ 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ...... сумын ..... дүгээр баг ...... дугаар байрны урд Б.Г-тай “архины мөнгө гуялсангүй” гэж маргалдан улмаар /шанаан тус газар нь гараараа цохиж/ биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн орчим харих гээд явж байгаад ....... дүгээр байрны урд Б.Г-тай тааралдсан юм. Би жаахан халамцуу явж байсан. Гэтэл Б.Г ганц шил юм уух уу? гэхэд нь дагаад Г-ийнд очсон юм.
Г-ийн гэрийн гадаа байхад Г-ийг бие засах гээд явсан хойгуур Б.Г чамд мөнгө байгаа юу? гэхээр нь байхгүй гэхэд Б.Г чи тэгвэл яв архины мөнгө байхгүй бол яв гэж түлхэхдээ нүд рүү хуруугаа хийчихсэн юм. Ингээд би Б.Г-ын шанаа руу зүүн гараараа цохисон. Г ирээд бид хоёрыг салгасан, тэгээд бид 3 нэг шил архи хувааж уугаад гэртээ харьсан. Маргааш нь зах дээр Б.Г тай тааралдахад Б.Г жаахан уучихсан чи миний эрүү рүү цохисон шүү гэж байсан. Намайг харахад нүүр нь жаахан хавдсан байсан. Ингээд би зах дээрээс юм цуглуулаад хөдөө явсан юм. Хөдөө уулнаас буугаад эхнэртэйгээ утсаар ярихад гэрээр цагдаа нар ирээд байна гэж байсан. Өөр зүйл байхгүй. Хохирогчид хохирол төлбөр гэж 540.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 03 цагийн үед байхаа хуучин хорооллын 35 дугаар байрны хажуу талд Г ахтай уулзах гээд явж байгаад Э ахтай таарсан. Тэгээд Э ахтай юм яриад байж байсан чинь Г ах гэрээсээ гарч ирсэн. Г , Э бид гурав мөнгөө нилүүлээд архи авч уух гэж байсан. Тэр үед би Э ээс архи авахад нэмэрлэх мөнгө байна уу гэсэн чинь Э мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл чи яв” гэж хэлсэн чинь Э уурлаад баруун гараараа миний зүүн талын шанааны доод хэсэгт 2 удаа цохисон. Дараа нь угсруулаад хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би Э ийг “чи яаж байна аа хүн зүгээр байхад цохиод” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зах дээр лангуун дээрээ сууж байгаад 100 грамм архи аваад Г ах дуудахаар нь байрных нь гадаа очоод сууж байтал Ц.Э тэй тааралдсан. Ингээд нэг шил архи уухаар болоод Г ахынд очсон юм. Ц.Э эд архины мөнгө байхгүй гэхэд нь би яв гэсэн юм. Гэтэл Ц.Э уурлаж дайраад миний шанаа руу 2 гараараа ээлжлээд цохиод байсан. Тэр үед тэгээд салцгаасан юм. Маргааш нь миний 2 шанаа хавдсан байсан. Би зүгээр болчих байлгүй гэж бодоод хэд хоног явсан юм. Гэтэл өвчин нь дарагдахгүй байсан. Миний зүүн талын араа хөдөлчихсөн болохоор өвдөөд хавдсан байна гэж бодоод нэгдсэн эмнэлэг дээр очиход эрүүнийхээ зургийг авахуулаад ир гэсэн. Ингээд зургаа авахуулаад үзүүлэхэд таны баруун талын эрүү хугарсан байна. Улаанбаатар хот руу явж үзүүл гээд маягт бөглүүлэн Улаанбаатар хотын 1 дүгээр нэгдсэн эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэж зүүн талын эрүүгээ хадуулсан. Эмч зүүн талын эрүү чинь бас хугараад үрэвссэн байна 3 сарын дараа ирж үзүүл гэж байсан. Түүнээс хойш эмнэлэг явж үзүүлээгүй. Хохирол төлбөрт 540.000 төгрөг авсан. Миний хувьд шүүгдэгчийн шоронд явуулмааргүй байна. Тийм болохоор одоо Ц.Э эд гомдол санал байхгүй бид эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-руу явчихсан байсан. Тэгээд гэртээ 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирэхэд манай нөхөр Г-ын хоёр талын зүүн шанааны хэсэг нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд би нөхрийгөө дагуулаад хувийн ....... эмнэлэгт үзүүлсэн чинь ....... эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлсэн. Тэгээд ...... эмнэлэг рүү очоод үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хотын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай “зүүн талынх нь эрүү хугарсан, идээлчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхрийгөө дагуулаад 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу очиж 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд зураг авахуулах хэрэгтэй гээд эм бичиж өгсөн, ... хоёр эрүү нь хугаралтай, идээлж, буглаа үүссэн байна гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгээд хагалгаанд орсон. Одоогийн байдлаар эрүүгээ хадуулчихсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1169 дугаартай “... Б.Г-ын биед эрүүний хугарал, 1 шүдний мултрал, эрүүний булангийн буглаат үрэвслийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56 дахь тал/, хохирогчийн эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 57-70 дахь тал/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 71 дэх тал/,
Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний бие Б овогтой Г нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Э эд цохиулан хоёр эрүүгээ хугалуулсан юм. Э надад эмчилгээний зардалд 520,000 төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг гаргаж өгнө гэж тохиролцсон тул бид хоёр бие биетэйгээ эвлэрч ямар нэг гомдол санал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/, шүүгдэгч Ц.Э ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад шүүгдэгч Ц.Э нь архидан согтуурсан үедээ 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ......... сумын ....... дүгээр баг ...... дугаар байрны урд Б.Г-тай “архины мөнгө гуялсангүй” гэж маргалдан улмаар /шанаан тус газар нь гараараа цохиж/ биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... би нүдээ аньж байгаад зүүн гараараа Г-ын зүүн талын шанаа руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/, хохирогч Б.Г-ын : “...би “тэгвэл чи яв” гэж хэлсэн чинь Э уурлаад баруун гараараа миний зүүн талын шанааны доод хэсэгт 2 удаа цохисон. Дараа нь угсруулаад хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч Б.З-ийн: “... 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирэхэд манай нөхөр Г-ын хоёр талын зүүн шанааны хэсэг нь хөхрөөд хавдчихсан байсан. “зүүн талынх нь эрүү хугарсан, идээлчихсэн байна” гэж хэлсэн, ...Одоогийн байдлаар эрүүгээ хадуулчихсан байгаа. Саяхан эрүүний чиг тавьсан. Аппаратаа авахуулсан. Одоо 3 сарын дараа дахин үзүүлж, зүүн талын эрүүгээ хадуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1169 дугаартай “... Б.Г-ын биед эрүүний хугарал, 1 шүдний мултрал, эрүүний булангийн буглаат үрэвслийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрэл зургийн үзүүлбэр /хавтаст хэргийн 56 дахь тал/, хохирогчийн эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 57-70 дахь тал/, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 71 дэх тал/ болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний дээрх гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Э эд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэгдэхэд хангалттай байна.
Иймд шүүгдэгч Ц.Э ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Э эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч Б.Г нь эмчилгээний зардалд 520,000 төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүгдэгч Ц.Э ийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД