Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2014 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0224/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ***  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000655 дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт байрлах 23 дугаар байрны хажууд иргэн ***г илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дарханы DD клубт үдэшлэг болж байсан. Би тэнд 5, 6 найзтайгаа сууж байгаад Чинзориг найзтайгаа хамт гадагшаа гараад явж байхад *** дүү болон найзтайгаа гурвуулаа явж байгаад манай найз Чинзоригийг утсаар ярьхад нь үгийг нь мушгиад “бууз, банш болгоно” гээд байхаар нь би “болгооч” гэж хэлсэн*** найзыг нь таньдаг юм байна лээ. Намайг тэгж хэлсний дараа найзтайгаа хүрч ирээд “ахын дүү нааш ир” гэж хэлсэн. Манай найз намайг тухайн үед болиулсан юм. Тэгээд *** ахтай цуг явчихаач” гэж хэлсэн чинь “ахын дүү нааш ир, чамайг одоо ална” гэж хэлсэн. Тэгэхэээр нь би халамцуу байсан болохоор нэг цохиод татаад унагачихсан. Хохирогч *** нь өөрийгөө өмөөрсөн мэдүүлэг өгсөн байсан. Энэ талаар өөрт нь хэлсэн. Түрүүлж цохисон нь миний буруу. Хохирогч өөрөө эхэлж өдсөн. *** намайг салгаж байхад хохирогч “чамайг мэдэхгүй” юм байна гэж хэлсэн. Улсын яллагчийн сонсгосон ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ДД бааранд үдэшлэгт оролцчихоод хамт *** бид гурав ДД-с 00 цагийн орчим гарч яваад хуучин хорооллын 23 дугаар байрны хойд үзүүр дээр юм яриад явж байтал ***рын таних *** гэх залуу хүрч ирээд *** бид гурвын ярианд орсон. Тэгээд ***гэх залуу ***тай юм ярьж байгаад ***тай маргаад, тэгээд ***  луу дайраад байхаар нь би хажуугаас нь ***г “чи зүгээр бай л даа” гэсэн чинь ***  над руу ирээд миний зүүн шанаа орчим нэг удаа цохиж аваад намайг тэврээд хавирч газар унасан. Унасан газар маань цемент байсан тул миний баруун хацар зулгарч, баруун дух язраад эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан. *** гэх залуу нь намайг тэгж унагаж гэмтээчихээд зугтаад явсан. 
…*** хальт зүс таньдаг юм шиг байна лээ. Тэгээд *** , *** бид гурвыг юм яриад гадаа зогсож байтал ирж ***тай яриад бид нарын ярианд орж, юм ярьж байгаад тэгээд ***тай маргаад эхэлсэн ба *** маргаж байхдаа ***  луу дайраад дуу нь өндөрсөөд байхаар нь би амьхандаа Н*** ыг өмөөрч ***г “чи одоо яагаад байгаа юм, боль за, одоо чи явчих” энэ тэр гээд маргаад. Тэгсэн Нямка намайг чи одоо юу юм, дуйгүй бай гээд миний зүүн шанаа орчим гараа атгаж байгаад нэг удаа цохиж аваад намайг тэврээд хавирч унагаад, унахдаа нүүрний баруун талаа гэмтээсэн ба намайг унасан байхад дээрээс *** нуруу руу өшиглөсөн. Тэгээд яаж байгаа юм гээд босоод ирсэн чинь Нямка зугтаад яваад өгсөн. 
...Нямкад хавирч унагуулаад баруун хацарт маань зулгаралттай хүрэн сорви үүсээд одоог хүртэл арилахгүй гоо сайхнаараа хохирч байна. Тиймээс үүнийг арилгуулах лазер эмчилгээний мөнгийг ***аас гаргуулж авах хүсэлтэй бусдаар бие маань гайгүй байна. 
…***аас надад сорви арилгахад шаардагдах лазер эмчилгээний төлбөрийг төлчихвөл санал хүсэлгүй, гомдолгүй ээ. Учир *** бид 2 тухайн үед адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7-9 дэх тал/, 

-Гэрч У***рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр би ДД клубт үдэшлэгт найз ***ын хамт оролцоод бүжиглэж байтал хамт ажилладаг найз ***  гаднаас орж ирсэн. Тэнд бид 3 пиво ууж бүжиглээд ДД-с 23 цаг 40 минутын орчим гараад Наранбаатар бид 3 хуучин хорооллын 23 дугаар байр бага зэрэг дөхөөд хоорондоо юм яриад явж байсан. Тэгсэн хойноос 2 залуу явж байгаад гэнэт *** бид гурвын ярианд нэг залуу орж ирж яриад тэгсэн миний хувьд танихгүй 2 залуу байсан. Харин тэр залуугийн нэгийг ***  зүс таньдаг залуу болж таараад тэр зүс таньдаг залуугийн нэрийг ***гэдэг гэсэн. Тэгээд *** 2 юм ярьж байгаад ***тай ***нь маргаад байсан. Тэгээд *** бүр дуугаа чанга болгож ирээд ***тай маргаад, тэгсэн хажуунаас нь ***ь харж зогсож байгаад ***  гэгч рүү “чи яагаад байгаа юм боль, зүгээр яв” гэтэл Нямка гэгч нь “чи дуугай бай” гээд маргаад байсан. Тэгснээ *** нь *** ахыг заамдаж аваад тэгсэн ***  эргүүлээд ***г заамдсан. Тэгсэн *** нь ***ийг нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод, хамж унагаад цементэн газарт нүүрээр нь унагасан. Тэгээд нүүрнээс нь цус гараад *** нь ДД-рүү чиглээд гүйгээд алга болсон. 
...тухайн үед гадаа харанхуй байсан юм аа. ***ийг *** гэх залуу нь газарт унагаж гэдэс юм уу нуруу хэсэг рүү нь өшиглөөд байсан. Хэдэн удаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр би цуг ажилладаг Дэлгэрбаярын хамт ДД-д болсон шоунд очсон. Тэнд хамт ажилладаг ***тай таарсан. Тухайн үед би Компорт зочид буудалд тогооч хийж байсан юм. Тэнд нэг хүнийн 6-7 шил пиво уусан. Тэгээд ДД-гээс 00 цагийн орчим гарсан. *** бид гурав хуучин хорооллын 22 дугаар байр болон үйлчилгээний төв хоёрын хооронд юм яриад инээгээл явж байтал хажуугаар 2 залуу зөрөхдөө нэг нь бид над луу “юу гээд байгаа юм бэ?” гээд ирсэн. Тэгэхээр нь би “юу гэнээ, яасан бэ?” гэтэл *** гэгч над руу /хуучин зүс таних төдий/ хүрч ирээд над руу дайраад чи өөрөө юу гээд байгаа юм, чи юу юм гээд байсан. Тэгсэн Нямка гэгчтэй хамт явсан залуу нь Чинзоо гэх миний танил залуу байсан ба ***руу нь чи өөрөө юу гээд байгаа юм энэ тэр гээд маргаад. Тэгсэн ***цохиж аваад барьж аваад татаад газарт унагасан. 
...тэгээд ***ийн толгой хэсгээс нь цус гараад, өөрөө гүйж яваад ДД-н урдаас цагдаа дуудаад цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Тэр хооронд *** зугтаад явсан. 
...бид нар руу *** гэгч нь дайраад үүнээс болоод ***нийг цохиж аваад татаж унагасан. Хаашаа нь цохихыг нь хараагүй. Түүнээс ***д цохиулахаас өмнө нь эрүүл зүгээр явж байсан. Цохиулаад татаж унагаалгаад толгой нь гэмтээд цус гарсан юмаа.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/, 

-Гэрч Т***йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Намайг миний дотны найз нөхөд танилууд Чинзоо гэж дууддаг. ***буюу ***г би арван жилд сурч байхын таньж мэддэг. Түүнээс Нямка бид 2 сүрхий найз нөхөд биш ээ. 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ДД-д үдэшлэгт оролцоод Нямка болон өөр бусад найзуудтайгаа нийт 5 хүн 0.75 литрийн болор архийг хувааж уугаад бүжиглэж байгаад ДД-г хаахын алдад буюу 00 цагийн орчим тэндээс гарсан. Гараад ***ийн хамт хуучин хорооллын 22, 23 дугаар байрны орчим бууз баншны кафен ойролцоо явж байхдаа би ***ас арай түрүүлээд хүнтэй утсаар яриад явж байтал танихгүй гурван халамцуу залуу явж байгаад “хуушуур бууз болгоно” гээд хоорондоо яриад явж байсан. Тэгсэн нэг харсан *** хашгираад харсан чинь *** нөгөө гурван залуугийн нэгийг очоод цохиж авсан бололтой нөгөө залуу нь газар унасан буруун хөмсөгнийх нь тэр хавиас цус гарч байсан. 
...миний хувьд эрүүл шахам байсан. *** ах болон түүнтэй хамт явсан 2 залуугийн зүгээс *** бид хоёрыг зодож цохисон асуудал байхгүй, сүрдүүлж айлгаж доромжилсон зүйл байхгүй ээ. Би тэрийг хараагүй ээ, өшиглөж харагдаагүй шүү дээ.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/, 

-Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 64 дугаар станцтай хуучин хороололд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. ДД бааранд шоу болоод ахмад ***ын хамт баарны хөдөлгөөн зохицуулаад байж байтал хуучин хорооллын 2З дугаар байрны бууз баншны кафены тэндээс нэг хүн хүрч ирээд цагдаа, намайг хүн зодчихлоо гэхээр нь заасан газарт нь яваад очтол 2-З залуу байсан. Тэдгээр залуучууд нь хохирогчтой хамт явсан залуу болж таараад цаашаад 2 залуу явж байхаар нь тэр 2 залууг харуултал “зодсон залуу нь биш байна” гээд байсан. Зодсон залуу нь тухайн үед зугтаад яваад өгсөн байсан юм байна лээ. Хохирогч залуугийн духны баруун хэсэгт ярагдсан цус гарч байсан. Тэгээд “зодсон хүнээ таних уу?” гэтэл хамт явсан нэг залуу нь “би хальт танина” гээд хохирогчийн духнаас цус гараад байсан тул эмнэлэг явж тусламж аваад цагдаа дээр яваад оч гэж хэлээд явуулсан. 
...цохиж хавирч унагасан гээд байсан санагдаж байна. Мөн хохирогчийн зодуулсан гэх газарт нилээд их цус гоожсон байдалтай байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/, 

    -“***ий биед тархи доргилт, духанд шарх, дух, баруун хацар шанаа, мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №917 дугаартай шинжээчийн дүгнэлт:. Шинжээч эмч ***г гэх дүгнэлт /хэргийн 18-19 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  Шүүгдэгч ***нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 9-ний шилжих шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт байрлах 23 дугаар байрны хажууд иргэн ***йг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    Хохирогч ***нь ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй байхад шүүгдэгч *** нь өөрийн сайн дураар 600000 төгрөг хохирогчид өгсөн байх бөгөөд энэ талаар хохирогч *** “миний бие *** нь ***гаас хохирол мөнгө болон 600000 төгрөгийг авч хохирлоо ***сан учир Нямдаваад гомдол санал байхгүй болно.” гэх тодорхойлолт /хэргийн 54-57 дахь тал/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ***с гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

    Шүүгдэгч с нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 35 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан  үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч ***3 жил 10 хоног /гурван жил арван хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 10 хоног /гурван жил арван хоног/ хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн  298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ***д оногдуулсан 3 жил 10 хоног /гурван жил арван хоног/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Я.ТУУЛ