Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2016/0011/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, 

Шүүгдэгч Т.О-Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Т-ын  О-Э-д холбогдох 201509000542 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А  овогт Т-ын  О-Ээ, /РД:....... /, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,........... дугаар курсын оюутан, .........-ийн хамт ............  аймгийн ........сумын .....  дугаар баг .........  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй

 

Шүүгдэгч Т.О-Э нь 2015 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө ..... аймгийн .....  сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байх ....  дугаар байрны ойролцоо иргэн Х.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Т.О-Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2015 оны 7 дугаар сарын 5-нд Б-ийн найз залуугийн төрсөн өдөр нь болж, намайг дуудахаар нь очих хүсэл байхгүй болохоор очоогүй. Гэтэл надруу дахин дахин залгаад байхаар нь очсон. Б найз залуутайгаа хэрэлдэж байснаа сүүлдээ надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд танайд орье гэхээр нь үгүй гэж хэлсэн, гэтэл зүгээр байж байхад надруу өөрөө дайраад үснээс зулгаасан, найз залуу нь бас миний толгойруу цохисон. Надруу дайраад байхаар нь би өшиглөсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч  Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 16 цагаас эхлээд Т.О-Э намайг уулзая, уулзая гээд 5-6 удаа залгасан. Тэгээд 17 цагийн үед хуучин хорооллын 20 дугаар байрны орчим О-Ээтэй уулзсан. О-Э-тэй уулзаад явж байсан чинь манай найз залуу Т  найз нартайгаа 9 дүгээр сургуулийн хашаан дотор байна хүрээд ирэх үү?” гэхээр нь О-Ээ бид 2 хамт очсон.

…О-Э хоёр гараараа миний хүзүүг самардчихаад гэр рүүгээ явсан. Т миний хүзүү рүү гэрэл тусгаж харчихаад “хүзүүг чинь арай дэндүү болгосон байна” гэж хэлээд О-Э-ийн араас явсан. Буцаад ирэх үедээ доголоод ирэхээр нь “яасан бэ?” гэсэн чинь “О-Э цугтаагаад явчихлаа, би хашлага давах гэж байгаад уначихлаа” гэж ирсэн. Тэгээд бид 2 гэр рүүгээ алхаад ...  дүгээр байрны ар талын “.........” дэлгүүрийн харалдаа явж байсан чинь араас О-Ээ “хөөе Д ” гээд орилсон. Эргээд харсан чинь 2 биерхүү залуу дагуулж ирсэн. Тухайн үед цаг 01 өнгөрч байсан байх. О-Э ирээд миний гарнаас бариад намайг сэгсэрч “чи намайг яах гэж ийм байдалд оруулж байгаа юм гэхээр нь “хоёулаа тайван ярилцъя гэж хэлэхэд миний үгэнд орохгүй намайг түлхээд газар унагааж нүүрэн дээр нэг удаа дэвссэн. Би ар дагз хэсгээрээ газар мөргөсөн болохоор толгой эргээд манарсан. Дээшээ босох гэтэл дахиад миний нүүрэн дээр 2 дэвссэн чинь О-Э-ийн ээж нь хажуу талаас ирээд хүний хүүхэд аллаа гэж хэлээд гарнаас нь татаад авч явсан. Миний хамраас их хэмжээгээр цус гараад байсан. О-Э шал согтуу байсан, Л.Т  бид 2 архи уусан байсан, гэхдээ арай гайгүй байсан.

…миний зүүн хацар яс цөмөрсөн, хамар хугарсан, тархи хөдөлсөн. “Бид” эмнэлэгт хацар болон хамрын хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,

 

-Гэрч Л.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Орой 18 цагийн үед манай 5 найз, О-Э-, Б  бид нар ..... дүгээр сургуулийн хашаанд нэг шил 0.75 гр архи, 2.5 л пиво хувааж уусан.

Б  О-Э-тэй утсаар яриад Т-тай уулзсан уу?, сая ирээд явлаа гэж хэлсэн чинь О-Э  нэг их удаагүй бид 2 дээр ирээд Б руу чи яах гэж Т-ыг дуудаж байгаа юм гээд уурласан. Би сандал дээр сууж байгаад байшингийн буланд тамхи татаж байгаад харсан чинь ******* цээжнээс барьсан байхаар нь би яваад очсон чинь намайг хараад тавьчихаад******* чиглээд явсан.

Б бид хоёрыг ......  дүгээр байрны хажуугаар явж байхад Д  гээд орилоод хүрээд ирсэн. О-Э  Б-ийг барьж аваад арагш нь түлхээд газарт унагаасан. Тэгтэл О-Э-ийн ээж нь ирээд боль гэж орилсон чинь О-Э  Б-ийн нүүрэн дээр 1 удаа дэвссэн. О-Э-ийн ээж хүний хүүхэд аллаа шүү дээ гэж хэлсэн чинь О-Э  энэ жүжиглэж байгаа юм гэж хэлээд Б-ийн нүүрэн дээр 2 удаа дэвссэн чинь ээж нь чирээд авч явсан.” гэх мэдүүлэг эргийн 14 дэх тал/

 

-Гэрч Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 7 дугаар сарын 5-ны орой 23 цагийн үед******* байрны урд Т  бид 2 миний машин дотор сууж байсан чинь Т нэг хүнтэй утсаар ярьж дуусаад надтай байнга хот явдаг хүн 2 пиво аваад өгөөч гээд байна гэж хэлээд******* доод талын хүнсний дэлгүүр орж 2 пиво аваад миний машинд буцаж суусан. Тэгээд нэг их удалгүй 2 эмэгтэй машинд орж ирж суусан. Би тэр 2 эмэгтэйн нэрийг мэдэхгүй махлаг нь нилээн согтуу, туранхай нь гайгүй байсан. Тэр хоёрт Т пиво өгсөн удалгүй тэр 2 ууж байгаад хоорондоо хувцаснаас болоод маргалдаад байсан. Махлаг нь нөхөр рүүгээ яриад дуудаад байсан. Нэг залуу 5 орчим минутын дараа ирээд махлаг эмэгтэйг юу хийж байгаа юм гээд аваад явсан, туранхай хүүхэн нь суугаад үлдсэн. Тэр эмэгтэйн утас дугарч утсаар ярьчихаад манай найз дуудаад байна гэж хэлээд машинаас буугаад явсан. Тэгшээ бид 2 машинд сууж байхад******* байрны урд талд махлаг эмэгтэй нь туранхайгаа янхан банзал гээд орилоод байхаар нь бид 2 машинаасаа буугаад******* байрны урд яваад очсон чинь нөгөө 2 хүүхэн хэрэлдээд зогсож байсан.

…хоёр эмэгтэй бие биенийхээ үснээс зулгаасан байхаар нь очиж салгасан. Махлаг хүүхний хамраас цус гарсан, цагдаа дууд гээд орилоод байсан. Намайг харахад тэр 2 хүүхэн бие биенийхээ үснээс зулгаасан байсан. Салгахад махлаг хүүхний хамраас цус гарсан байсан. Өөр зүйл хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

 

-Гэрч Я.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…О-Э-тэй хамт явсан хүүхэн О-Э-ийг “янхан, банзал” гэж янз бүрээр орилж чарласан. О-Э бид нар дээр буцаад ирэхээр нь “яасан” гэж асуусан чинь “нөхөр нь намайг алгадсан” гэсэн чинь ээж нь очоод уулзаадхая гээд хамт явсан. Тэр хоёр бие биенийхээ үснээс 2-3 удаа зулгааж барилцаж авсан. Тэр үед би салгасан, хамт явсан залуутай нь хэрэлдэж байх үед тэр 2 барилцаж аваад О-Э-тэй хамт явсан хүүхэн газарт дээшээ хараад унасан. О-Э үснээс нь зулгаагаад зогсож байхаар нь би салгаж авсан. Өөр хаашаа нь цохиж зодсон гэдгийг хараагүй, ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан.******* бид 2 архи дарс хэрэглээгүй, эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дэх тал/,

 

-Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 26 дахь тал/,

-Өвчний түүх /хэргийн 27-33 дахь тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дэх тал/,

 

-“...Урьд гаргасан шинжээч эмч С.Б-ын №853 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх эмнэлэгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан №986 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Б-ийн биед хамрын ясны нийлмэл хугарал, зүүн гайморийн хөндийн урд ханын хугарал, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, баруун шуу, дал, зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар  шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1071 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 65-66 дахь тал/,

 

-Хохирогч Х.Б-ийн Н.С-тай хийсэн итгэмжлэл /хэргийн 105 дахь тал/,

-“2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т.О-Э-ээс 1520000 төгрөгийг би өөрийн биеэр хүлээн авсан болно. Хэрэгт холбогдох баримтын дагуу үлдэх 185000 төгрөгийг хэрэгсэхгүйд тооцож болох тухайд Х.Б-ийг төлөөлөн илэрхийлье. Цаашид уг хэргийн дагуу гомдолгүй болохоо давхар илэрхийлье” гэх хохирогч Х.Б-ийн итгэмлэгдсэн төлөөлөгч Н.С-ийн тодорхойлолт /хэргийн 107-108 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч  Т.О-Э нь 2015 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө ........  аймгийн .... сумын .....  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ....  дугаар байрны ойролцоо иргэн Х.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

 

 Иймд шүүгдэгч Т.О-Э-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.О-Э  нь хохирогч Х.Б-д 1520000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болох нь хохирогч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Н.С-ийн тодорхойлолт /хэргийн 107-108 дахь тал/ шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.О-Э-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 44 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.О-Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Т.О-Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч А  овогт Т-ын  О-Э-ийг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч А  овогт Т-ын  О-Э-д 251 /хоёр зуун тавин нэгэн/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2 зааснаар шүүгдэгч Т.О-Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Т.О-Э-д анхааруулсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Б-д буцаан олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-Э-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.          

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.О-Ээд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ

 

 

 

/0011/Э