Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00912

 

 

А.Ө-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1888 дугаар магадлалтай,

А.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Д.Т, А.А нарт холбогдох

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22030053... дугаартай Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцнаас оногдох хэсэгт 19,501,628 төгрөг, автомашины гаражийн үнээс 2,416,666 төгрөг, нийт 21,918,294 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, мөн хариуцагч Д.Т-т холбогдуулан “И...... капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 300,000,000 төгрөгийн хувьцаанаас Л.А-д оногдох хувь буюу 100,000,000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Ө-д оногдох хэсэг буюу 33,333,333 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

хариуцагч Д.Т-ын нэхэмжлэгч Х.А, А.Ө нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.А-ийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тус тус тогтоолгох, ... шүүхийн шийдвэрээр Х.А болон талийгаач Л.А нарт бусдаас олгохоор шийдвэрлэсэн 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь Л.А-д хамааралтай гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 өвлөгчид ногдох хэсгээс Д.Т өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл,

хариуцагч А.А-ын нэхэмжлэгч Х.А, А.Ө нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.А-ийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, ... шүүхийн шийдвэрээр Х.А болон талийгаач Л.А нарт бусдаас олгохоор шийдвэрлэсэн 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь Л.А-д хамааралтай гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 өвлөгчид оногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ын нэхэмжлэгч Х.А, А.Ө нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны өмчлөгч тул оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.А-ийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, ... шүүхийн шийдвэрээр Х.А болон талийгаач Л.А нарт бусдаас олгохоор шийдвэрлэсэн 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь Л.А-д хамааралтай гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө- 4 өвлөгчид ногдох хэсгээс өөрт оногдох хэсэг 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагч Д.Т, хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Оросоо, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А, А.Ө нараас хариуцагч Д.Т-т холбогдуулан бид хоёрыг Л.А-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууц, мөн дүүргийн орон сууцны 33 дугаар байшингийн дэргэд байрлалтай автомашины гараж, “Б” ХХК-ийн эрх, түүний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, Л.А-ийн бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийн эрх, хувьцаа, мөнгөн хөрөнгө, эд хөрөнгө, эрхийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Д.Т-ыг орон сууцнаас албадан гаргаж, түүний эзэмшлээс гаражийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэх тухай шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, хасаж, тодруулсан бөгөөд хамгийн сүүлийн байдлаар өөрийн нэрээр гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, насанд хүрээгүй охин А.Ө-ийг төлөөлж хариуцагч Д.Т, А.А нарт холбогдуулан эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22030053... дугаартай Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцнаас оногдох хэсэгт 19,501,628 төгрөг, автомашины гаражийн үнээс 2,416,666 төгрөг, нийт 21,918,294 (анхан болон давж заалдах шатны шүүх нийт 23,511,110 төгрөг гэж алдаатай бичсэн) төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, мөн хариуцагч Д.Т-т холбогдуулан “И...... капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 300,000,000 төгрөгийн хувьцаанаас Л.А-д оногдох хувь буюу 100,000,000 төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч А.Ө-д оногдох хэсэг буюу 33,333,333 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг,

хариуцагч Д.Т эс зөвшөөрч, Х.А, А.Ө нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот,  4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.А-ийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тус тус тогтоолгох, ... шүүхийн шийдвэрээр Х.А болон талийгаач Л.А нарт бусдаас олгохоор шийдвэрлэсэн 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь Л.А-д хамааралтай гэж үзэж Д.Т-, А.А, Д.О, А.Ө 4 хүнд ногдох хэсгээс Д.Т өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл,

хариуцагч А.А нэхэмжлэгч Х.А, А.Ө нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.А-ийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, ... шүүхийн шийдвэрээр Х.А болон талийгаач Л.А нарт бусдаас олгохоор шийдвэрлэсэн 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь Л.А-д хамааралтай гэж үзэж Д.Т, А.А, Д.О, А.Ө 4 өвлөгчид оногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О  нэхэмжлэгч Х.А, А.Ө нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны өмчлөгч тул оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох, талийгаач Л.А-ийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгох, ... шүүхийн шийдвэрээр Х.А болон талийгаач Л.А нарт бусдаас олгохоор шийдвэрлэсэн 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь Л.А-д хамааралтай гэж үзэж Д.Т, А.А, Д.О , А.Ө 4 өвлөгчид ногдох хэсгээс өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага тус тус гарган   маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.А нь нас барагч Л.А-ийн өв болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоотын 4 өрөө орон сууц, гараж, “Б” ХХК-ийн эрх, түүний үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, Л.А-ийн бусад хөрөнгөөс хууль ёсоор өвлөх эрхтэйг тогтоолгох болон хариуцагч Д.Т, А.А нарт холбогдуулсан шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгч Х.А-ийн татгалзал, мөн А.Ө-ийн хууль ёсны төлөөлөгч Х.А нь хариуцагч А.А-ын Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоотын, 4 өрөө орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрт оногдох хэсгийг авах эрхтэйг тогтоолгох, нас барагч Л.А-ийн хөрөнгөөс хууль ёсоор өвлөх өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагуудыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Т, А.А-д, гуравдагч этгээд Д.О нарын Х.А-т холбогдуулан тус тус 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.А-ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж,  Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Т, А.А нараас нас барагчийн өв болох орон сууцны оногдох хэсэгт 14,626,221.2 төгрөгийг адил хэмжээгээр хувааж хариуцуулан Д.Т-аас 7,313,110.6 төгрөг, А.А-аас 7,313,110.6 төгрөг тус тус гаргуулж, мөн хариуцагч Д.Т-аас түүний “И............ капитал ББСБ” ХХК-д эзэмшиж байгаа хувь хөрөнгөөс нас барагчийн өвөөс ногдох хэсэгт тооцон 11,111,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч насанд хүрээгүй А.Ө-д буюу түүний хууль ёсны төлөөлөгч Х.А-т тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,875,406.8 төгрөг болон гаражийн үнээс оногдох хэсэгт шаардсан 2,416,666 төгрөг, бүгд 7,392,072.8 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.Т-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22030053... дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болох, нас барагч Л.А-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тус тус тогтоож, сөрөг шаардлагаас Хадгаламж банкинд Л.А-ийн төлбөрт төлсөн гэх 6,848,712 төгрөгөөс өвлөгч А.Ө-д ногдох 1,712,178 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.6-д тус тус зааснаар Д.О нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22030053... дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчийн хувьд гуравны нэг хэсэг түүнд оногдох хэсэг болох тул орон сууцнаас өөрт оногдох хэсгээ шаардах эрхтэй болохыг тогтоож, нас барагч Л.А-ийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 434,208 төгрөгөөс төлсөн 394,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 39,208 төгрөгийг нэмж гаргуулан улсын төсөвт оруулах, хариуцагч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,745 төгрөгийг, хариуцагч А.А-аас хариуцах хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, гуравдагч этгээд Д.О-оос хариуцах хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 2019.01.16-ны өдөр хариуцагч, гуравдагч этгээд нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахад төлсөн 566,432 төгрөгөөс Д.Т-ын бусад шаардлагад хариуцагдах дутуу хураамжийг нөхөн тооцож үлдэх 453,887 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч, гуравдагч этгээд нарт олгон хариуцагч нараас хангагдсан нэхэмжлэлд хариуцах хураамжид хариуцагч А.А-аас 131,960 төгрөгийг, хариуцагч Д.Т-аас 250,071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Х.А-ээс 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Т-т, 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагч А.А, 70,200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Д.О-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1888 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 192,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх шийдвэртээ “... 2006.01.23-ны өдөр Л.А компанийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж компаниас гарч, Д.О-д Л.А өөрийн 100,000,000 төгрөгөөр үнэлэгдэх 1000 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр Д.О 100,000,000 төгрөгийн 50 хувийн хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн, 2009.07.20-ны өдөр Д.Т өөрийн хуваарьт хөрөнгө болох автомашинуудаа борлуулсан дүнгээр 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгүүлсэн, үүний дараа 2011.05.26-ны өдөр 1 гишүүн шинээр 400,000,000 төгрөгөөр хөрөнгө нэмж бүртгүүлэх өргөдөл гарган 2012.06.16-ны өдрийн шинэчилсэн дүрэм бүртгэгджээ. Шүүх эдгээр нөхцөл байдалд нь дүгнэлт хийж, Л.А өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан компаниа өөрийн эхнэр, хүүхдүүддээ үлдээсэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй 100,000,000 төгрөгийн хөрөнгөө Д.О-д шилжүүлсэн, түүнийг нас барах үед дүрмийн сангийн хэмжээ 400,000,000 төгрөг, гаргасан хувьцаа нэг бүр нь 100,000 төгрөг, нэрлэсэн үнэ нь 4000 ширхэг энгийн хувьцаа болсон байна. Гэр бүлийн гишүүд хамтын амьдралын явцад энэ хөрөнгийг бий болгосон байх тул ... Д.Т-ын өмчлөлийн 100,000,000 төгрөгийн үнэ бүхий хувь хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж үзээд 2006.04.27-ны өдөр Д.О гэр бүлийн гишүүнээс гарсан тул Л.А, Д.Т, А.А нарын гэр бүлийн 3 гишүүний дундын хөрөнгө гэж үзэв. Түүнээс Л.А-д оногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны өвлөгч Д.Т, А.А, А.Ө нарт 3 хуваасны нэг хэсэг болох 11,111,111 төгрөгийг А.Ө нас барагчийн өвд шаардах эрхтэй байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Т-аас 11,111,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтарч өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Т-ын өмчлөлийн 100,000,000 төгрөгийн хувьцаанаас Л.А-д ногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны 3 өвлөгч нарт хувааж А.Ө-д оногдох хэсэг болох 11,111,111 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ ...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, бодит байдалд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг үндэслэл болгож гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж Д.Т-ын нэр дээрх 100,000,000 төгрөгийн хувьцаанаас Л.А-д ногдох 33,333,333 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэл муутай. Учир нь талийгаач Л.А амьд сэрүүн цагтаа уг хуулийн этгээдийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшиж байсан боловч 2006.01.17-ны өдөр өөрөө сайн дурын үндсэн дээр Д.Т-т эрхээ, хувьцаагаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Д.О-д тус тус шилжүүлэн өгснөөр Л.А нь энэ байгууллагын хувьцаа эзэмшигчээс хасагдсан, мөн энэ талаар Л.А уг хуулийн этгээдтэй тооцоо дууссан тул гишүүнээсээ чөлөөлүүлэх хүсэлтээ өөрөө гаргаж өгсөн бөгөөд энэ компанид эзэмших хувьцааны талаар маргаангүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн дундын өмчлөлийн хувьцаагаа амьд сэрүүн цагтаа хүү Д.О-доо бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч, хувьцааны талаар маргаангүй болсон. Иймд, нэхэмжлэгч А.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч нь хариуцагчийн хувьцаанаас оногдох хэсгийг нэхэмжлэх эрхгүй юм. Энэ үйл баримт хавтаст хэрэгт маш тодорхой авагдсан байхад 2 шатны шүүх энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй, үнэлээгүй, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.4. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дүгээр шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Т-аас 11,111,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1888 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх шийдвэртээ “... А.О нь 2006 онд ... өөрийн өвөг эцэг Ц-ын Д-т үрчлүүлж, түүний овгоор овоглуулан, хойд эцэг Л.А-оор овоглуулан үрчлэн авсныг нь хүчингүй болгуулах гэсэн өргөдөл хүсэлт гарган хүсэл зоригоо илэрхийлж, хуульд заасан журмын дагуу эцгийн нэрийг Д болгон өөрчлүүлж авсан байна. Эндээс үзэхэд талуудын хүсэл зоригийн дагуу Д.О, Ц.Д нарын хооронд эцэг, хүүгийн харилцаа үүсэж, хуулийн дагуу эцэг, хүүгийн хувиар эрх, үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, Д.О-ын төрүүлсэн болон үрчлүүлсэн, үрчилж авсан байсан эцгийн хувьд шаардлага гаргаагүй тохиолдолд тэднийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ мөн алдана. Иймд, Д.О, Л.А-ийн өвлөгч болохгүй юм... , Д.Т-ын өмчлөлийн 100,000,000 төгрөгийн үнэ бүхий хувь хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж үзээд 2006.04.27-ны өдөр Д.О  гэр бүлийн гишүүнээс гарсан тул Л.А, Д.Т, А.А нарын гэр бүлийн 3 гишүүний дундын хөрөнгө гэж үзэв. Түүнээс Л.А-д оногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны өвлөгч Д.Т, А.А, А.Ө нарт 3 хуваасны нэг хэсэг болох 11,111,111 төгрөгийг А.Ө нас барагчийн өвд шаардах эрхтэй байна ...” гэж дүгнэж бие даасан шаардлагаас Д.О, Л.А-ийн өвлөгч болохгүй тул Л.А-ийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Д.Т-ын эзэмшлийн хувьцаанаас Л.А-д ногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны 3 өвлөгч нарт хувааж А.Ө-д хариуцагч Д.Т-аас 11,111,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “... Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Т-ын өмчлөлийн 100,000,000 төгрөгийн хувьцаанаас Л.А-д ногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны 3 өвлөгч нарт хувааж А.Ө-д оногдох хэсэг болох 11,111,111 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ...” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

5.3. Учир нь талийгаач эцэг Л.А болон миний ээж болох Д.Т нар нь 1993.05.03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 1993.05.05-ны өдөр хүү Д.О  намайг үрчлэн авч, би Л.А-оор овоглох болсон. Гэр бүлийн тухай хуульд зааснаар үрчилж авсан эцэг Л.А болон Д.О бидний хооронд эцэг, хүүхдийн эрх үүссэн болно. Үүний дараагаар Д.О  би гадаад улс руу явах болж, эцгийн нэрээ өөрчлөх шаардлага бий болсон тул өөрийн эцэг Л.А-ийн нэрийг Ц.Д болгон өөрчилсөн байдаг бөгөөд ийнхүү овгоо өөрчилсөн асуудал нь үрчлэлтийг хүчингүй болгосон гэсэн үг огт биш юм. Овог нэр өөрчлөх болон үрчлэлт хүчингүй болгох асуудал бол хууль зүйн хувьд ялгаатай, овог өөрчлөгдсөн нь үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Үрчлэлт хүчингүй болгосон, хүчингүйд тооцсон ямар нэгэн баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр огт байхгүй бөгөөд энэ үйл баримт хавтаст хэрэгт маш тодорхой авагдсан байхад шүүх энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бүрэн гүйцэт үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

5.4. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Т-аас түүний өмчлөлийн 100,000,000 төгрөгийн хувьцаанаас Л.А-д ногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны өвлөгч Д.Т, А.А, А.Ө нарт 3 хуваасны нэг хэсэг болох 11,111,111 төгрөгийг А.Ө-д (нэхэмжлэгчид) олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээд Д.О  би Л.А-ийн хууль ёсны өвлөгч мөн бөгөөд намайг Л.А-ийн хууль ёсны өвлөгч биш гэж дүгнэж, уг хувьцаанаас надад ногдох хэсгийг хасч тооцон Д.Т, А.А, А.Ө нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэж Л.А-д ногдох 33,333,333 төгрөгийг 3 хувааж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Шүүх гурван өвлөгчид бус намайг оруулан дөрвөн өвлөгчид ногдох хэсгээр хуваах ёстой байсан.

5.5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.3-т “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгчийн талаар тодорхой заасан ба 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.”, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх адил тэгш хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасан.

5.6. Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дүгээр шийдвэрийн гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын Л.А-ийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Т-аас 11,111,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1888 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хэргийн оролцогч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч А.Ө-ийг төлөөлж түүний эх Х.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Орон сууцны тухайд: Х.А, Л.А-той 2008 оноос гэр бүлийн амьдрал зохиож, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, 5-р байрны ... тоот, 4 өрөө орон сууцанд хамтран амьдарч, 2009.02.15-ны өдөр охин А.Ө нь төрсөн. Гэтэл 2011.09.03-ны өдөр Л.А гэнэт зуурдаар нас барсан. Орон сууцыг 175,514,654 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс Л.А-д оногдох хуваарьт өмч нь Л.А, А.А, Д.О  нарын нэр дээр бүртгэлтэй хөрөнгө тул Л.А-ийн хууль ёсны өвлөгч нь А.Ө, А.А, хууль ёсны эхнэр болох Д.Т нар гэж үзээд Л.А-д оногдох хэсгээс гуравны нэг буюу 19,501,628 төгрөгийг гаргуулах, гаражийн тухайд: Л.А агсны өмчлөлийн байрны дэргэд байсан автомашины гаражийг 7,250,000 төгрөгөөр шинжээч үнэлсэн. Л.А-ийг нас барах үед уг гараж Д.Т-ын нэр дээр шилжиж, Д.Т цаашлаад “И” ХХК-тай гаражийн оронд баригдсан компанийн барилгын доор авто зогсоол авахаар тохиролцсон нь тодорхой болсон. Иймд, Л.А агсанд оногдох хэсэг нь түүний хууль ёсны өвлөгч болох гурван хүнд хувааж, А.Ө-д ногдох 2,416,666 төгрөгийг гаргуулах, “И......... капитал ББСБ” ХХК-ийн хувьцааны тухайд: уг байгууллагыг анх Л.А агсан өөрөө байгуулаад тодорхой хувьцааг Д.Т болон Д.О  нарт шилжүүлсэн. Д.О-ын нэр дээрх хувьцаа дээр маргахгүй. Харин Д.Т-ын өмчлөл буюу эзэмшилд байгаа 300,000,000 төгрөгийн хувьцаа нь хуулийн дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул Л.А-д оногдох хэсгийг гурван хүнд хуваагаад А.Ө-д ногдох 33,333,333 төгрөгийг гаргуулна...” гэснийг,

хариуцагч тал эс зөвшөөрч “... Д.Т, Л.А нар нь 1993.05.03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 1991.07.18-нд хүү А.А-төрсөн. Гэр бүл болохдоо Д.Т-ын хүү Д.О-ыг Л.А нь үрчлэн авч өөрөөрөө овоглосон. Маргаан бүхий 4 өрөө орон сууц нь Л.А, Д.Т нар гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө юм. А.Ө нь миний нөхөр Л.А-ийн охин болох нь тогтоогдсон тул энэ талаар маргахгүй. Хүү Д.О-ын тухайд Л.А-ийн үрчилж авсан хүү мөн. Иймд Л.А, Д.Т, Д.О, А.А-нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө тул өвлөгдөх эд хөрөнгийн дөрөвний нэг хэсэг нь талийгаач Л.А-ийн өмч бөгөөд өвлөгдөх эд хөрөнгө юм. Гаражийн тухайд, зөвшөөрөлгүй баригдсан байсан обьект тул эрх бүхий байгууллагын шийдвэрээр нураагдсан. Иймээс өвлөгдөх хөрөнгө байхгүй. “И.......... капитал ББСБ” ХХК-ийн хувьцааны тухайд:  Л.А хувьцаагаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Д.О-д шилжүүлсэн тул өөрт оногдох хувьцаагаа амьд байхдаа маргаангүй болгосон. Мөн хуулийн этгээдийн хувьцааны мөнгөн хэлбэртэй хөрөнгө гэр бүлийн хөрөнгө биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О  тайлбартаа “...Д.Т, Л.А нар нь 1993.05.03-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, Д.Т-ын хүү Д.О-ыг талийгаач Л.А нь 1993.05.05-ны өдөр үрчлэн авч өөрөөрөө овоглосон. Хүү А.О нь гадаад явах шалтгаанаар Баянгол дүүргийн Засаг даргын 2006.04.27-ны өдрийн 140 дугаартай захирамжаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10, 18 дугаар зүйлийг үндэслэж үрчилсэн эцэг Л.А-ийн нэрийг, өвөг эцэг Д-ээр өөрчилсөн. Үрчлэлтийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Зөвхөн овог өөрчлөгдсөн байдал харагдана. Ийм учраас байр болон хуваагдах эд хөрөнгө нь Д.О-д хамааралтай...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Хариуцагч Д.Т сөрөг нэхэмжлэлдээ “...маргаан бүхий 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болон талийгаач Л.А-ийн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох эрхтэй. Улсын дээд шүүхийн 2014.09.26-ны өдрийн 543 дугаар тогтоолоор Х.А болон талийгаач Л.А нарт оногдох 80,000 ам.долларыг нэр бүхий этгээдээс гаргуулж олгуулсан тул энэ 80,000 ам.доллароос 40,000 ам.доллар нь талийгаач Л.А-д хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэж, Д.Т, А.А, Д.О, А.Ө гэсэн 4 хүнд хувааж, өөрт оногдох хэсэгт 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.А-ээс гаргуулна. Хадгаламж банкинд талийгаачийн өрийг төлсөн 6,848,712 төгрөгийг өвлөгч Д.Т, А.А, Д.О , А.Ө нарт хувааж, А.Ө-д ногдох 1,712,178 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Х.А-ээс гаргуулна...” гэсэн,

Хариуцагч А.А сөрөг нэхэмжлэлдээ “... 4 өрөө орон сууцны өмчлөгч тул өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг, мөн талийгаач Л.А-ийн хөрөнгөөс хууль ёсоор өв залгамжлагч болохыг тогтоолгоно. Гурван шатны шүүхээр нэгэнт тогтоогдсон 80,000 ам.долларын Л.А-д хамаарах 40,000 ам.доллароос өөрт ногдох 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.А-ээс гаргуулж өгнө үү...” гэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “орон сууцны оногдох хэсгийг авахад нэхэмжлэгч маргаагүй учраас энэ шаардлагаасаа татгалзаж байна, бусад шаардлагаа дэмжинэ” гэсэн байна.

Гуравдагч этгээд Д.О бие даасан шаардлагын үндэслэлээ “... Маргаж байгаа 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Д.О  болох нь орон сууц хувьчлалын гэрчилгээгээр нотлогдож байгаа тул орон сууцнаас өөрт оногдох хэсгээ авах эрхтэй болохыг тогтоолгох эрхтэй, талийгаач Л.А-ийн хууль ёсны өв залгамжлагч болно. Мөн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгогдсон 80,000 ам.долларын Л.А-д оногдох 40,000 ам.доллароос өөрт оногдох хэсэг 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.А-ээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагын хариуд “... Маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Т-ыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х.А өөрийгөө нэхэмжлэгч биш гэдэг байр сууриа илэрхийлсэн тул түүнд холбогдуулан гаргаж байгаа хариуцагч, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага энэ хэрэгт хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... 2014 онд Х.А-ийн нэхэмжлэлтэй, н.Э, н.Ц нарт холбогдох 80,000 ам.долларыг нэхэмжилсэн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн ч шийдвэрийн нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа... 2014 оны ам.долларын ханшаар бодогдож монгол төгрөгөөр олгохоор шийдэгдсэн ч нэг ч төгрөг аваагүй байхад 2019 оны ам.долларын ханшаар тооцож мөнгө нэхнэ гэдэг байж боломгүй асуудал. Зээлийн үлдэгдэл гэх 6 сая төгрөгийг Д.Т төлөөгүй. Төлбөр төлөгч Л.А нас бараад тэр өр хаагдсан. Д.О-ын хувьд өөр хүнээр овоглодог, 2 хүнээс хууль ёсны өв залгамжлагч байна гэсэн ойлголт байхгүй тул хууль ёсны өвлөгч биш...” гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хариуцагч нараас нас барагчийн өв болох орон сууцны оногдох хэсэгт 14,626,221.2 төгрөгийг адил хэмжээгээр хувааж гаргуулан, хариуцагч Д.Т-аас түүний “И......... капитал ББСБ” ХХК-д эзэмшиж байгаа хувь хөрөнгөөс нас барагчийн өвөөс ногдох хэсэгт тооцон 11,111,111 төгрөгийг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс Д.Т-ыг орон сууцны хамтран өмчлөгч болох, нас барагч Л.А-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тус тус тогтоож, үлдэх хэсэг болох Л.А-ийн банкинд төлсөн 6,848,712 төгрөгийг өв залгамжлагч нарт хувааж, А.Ө-д ногдох 1,712,178 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас орон сууцны хамтран өмчлөгчийн хувьд гуравны нэг хэсгээ шаардах эрхтэй болохыг тогтоож, үлдэх хэсэг болох нас барагч Л.А-ийн өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн Л.А-д ногдох 40,000 ам.доллароос өөрт ногдох 10,000 ам.доллар буюу 26,661,400 төгрөгийг Х.А-ээс гаргуулахаар тус тус шаардсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагчийн эхнэр Д.Т, хүү А.А, охин А.Ө нар нь Л.А-ийн хууль ёсны өвлөгч нар байна. Маргаан бүхий орон сууцыг төрөөс үнэ төлбөргүй хувьчилснаар гэр бүлд шинээр бий болсон хөрөнгө байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон бөгөөд тухайн орон сууц хэний нэр дээр байгаагаас үл хамааран мөн хуулийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна. Уг орон сууцыг шинжээчийн дүгнэлтээр 175,514,654.2 төгрөгөөр үнэлсэн тул уг дүнг гэр бүлийн гишүүн Л.А, Д.Т, А.А, өмчлөгчөөр бүртгэлтэй Д.О  нарын 4 хүнд хуваахад Л.А-д ногдох хэсэг нь 43,878,663.5 төгрөг болох бөгөөд үүнийг хууль ёсны гурван өвлөгчид адил тэнцүү хуваарилахад нэг өвлөгчид ногдох хэсэг нь 14,626,221.2 төгрөг болж байх ба үүнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Автомашины гаражийн тухайд өмчлөх эрхийн гэрчилгээгүй, анхнаасаа зөвшөөрөлгүй баригдсанаас нураагдсан, бодит байдалд байхгүй тул Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасны дагуу олж авсан хөрөнгө гэж үзэхгүй.  

10. Л.А- нь “И......... капитал ББСБ” ХХК-ийг Д.Т-тай гэр бүл болсноосоо хойш өөрийн хөрөнгөөр дангаараа үүсгэн байгуулж, улмаар дүрмийн сангаа нэмэгдүүлэн Д.Т-ыг нэмж гишүүнээр оруулсан, үүний дараа өөрийн нэр дээрх хувьцаагаа Д.О-д шилжүүлэн компаниас гарсан, уг компани нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байх тул Л.А-ийн эхнэр Д.Т-ын нэр дээрх компанийн хувьцаа буюу хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 126.2.3-т зааснаар “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө” гэж үзэхээр байна. Тодруулбал, уг хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөд хамаарахгүй. Иймээс “И......... капитал ББСБ” ХХК-ийн Д.Т-ын өмчлөлийн хувьцааг түүнийг тус компанид нэмж хөрөнгө оруулахаас өмнөх цаг хугацаагаар нь зааглан 100,000,000 төгрөгөөр үнэлж, гэр бүлийн дундын өмч гэж үзэн, 3 гишүүнд хувааж, Л.А-д ногдох 33,333,333 төгрөгийг хууль ёсны гурван өвлөгчид адил тэнцүү хуваарилж, нэхэмжлэгч А.Ө-д ногдох 11,111,111 төгрөгийг хариуцагч Д.Т-аас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул “шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ыг өв залгамжлах эрхгүй гэж дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрээр хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй, иймээс давж заалдах шатны шүүх шийдвэрийн холбогдох хэсэгт дүгнэлт өгөлгүй хэвээр үлдээсэн байна. Гэтэл гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй атлаа тус шүүхийн дүгнээгүй асуудлаар хяналтын журмаар гомдол гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилтэй, хяналтын шатны шүүх гомдлыг хүлээж авч хангах нь талуудын зарчимд нийцэхгүй.

12. Шүүхийн шийдвэр, магадлалын бусад хэсэгт хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй тул дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01501 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1888 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О  нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Т-ын улсын  тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 192,800 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА     

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ  

                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Д.ЦОЛМОН