Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/7

 


   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2015/0018/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,

Хохирогч Б.Х,

Шүүгдэгчийн өмгөөөлөгч Ц.Гэнэндулам,

Шүүгдэгч Ү.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт Аовогт Ү-ийн  Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000762 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн .....  оны ..  дугаар сарын .... -ны өдөр .....аймгийн ....  суманд төрсөн,  ... настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ........-ийн хамт ....... аймаг, ..... сум, ......  дүгээр баг, ...... дугаар хороолол ...........  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх А овогт Ү-ийн  Б . /РД:........... /,

 

Шүүгдэгч Ү.Б  нь 2015 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 15 цагийн үед .... аймгийн .... сумын .....  багийн ....... гэх газар ........  улсын дугаартай, саарал өнгийн Демо мазда маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж машинд сууж явсан иргэн Р.Б   нас барж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгмөөргүй байна. Дахиж тэр асуудлын талаар дурсах хэцүү байна” гэв,

 

Хохирогч Б.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хэрэгт гомдол, санал байхгүй, ээжийгээ алдчихаад аавыгаа шоронд оруулах бодол алга..” гэв.

Шүүгдэгч Ү.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... .....-ны наана машины хойд хоёр дугуй шарваад халтираад байхаар нь машиныхаа жолоог баруун гар тал руу дараад тормозоо гишгэх гэсэн чинь андуураад хазан дээрээ гишгээд тэгсэн замын хажуу талын жалга руу ороод бөмбөрөөд эргээд машин маань дээшээ хараад газар унасан. Тэгсэн нэг мэдсэн чинь миний сууж явсан талын хаалгыг манай хоёр найзын хүү нь онгойлгосон, тэгээд машинаас гараад ирсэн чинь манай эхнэр газар толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/,

 

 Хохирогч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгсэн 15 цаг өнгөрч байхад манай ээжийн дугаар болох ........  дугаараас миний утсанд дуудлага ирэхээр нь авсан чинь тасарчихсан. Тэгэхээр нь би буцаагаад залгасан чинь аавын найз болох хамт явж байсан Б  нь “би нар ...... хаалганы энд аваарт орчихлоо, аав, ээжтэй чинь хамт явж байгаад” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр О-ын хамт гэрээсээ гараад аваар болсон гэх газар руу машинаа бариад явсан. Замд явж байхад эхнэр О  ээжийн утас руу залгасан чинь аав утас аваад ээж чинь нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр надад тэгж хэлсэн. Тэгээд осол болсон гэх газар /.......  хаалганы цаана/ .........-аас наана очиход аавын унаж явсан машин нь 4 дугуй нь дээшээ харчихсан байж байсан. Харин машинд сууж явсан хүмүүс нь машинаас гараад зогсчихсон, харин ээж минь машины баруун талд жолоочийн хаалганы тэнд дээшээ харчихсан хэвтэж байсан, дээрээс нь куртикээр бүтээчихсэн, аав хажууд нь сууж байсан... санал гомдол байхгүй, аавыгаа амьд байгаад баярлаж байна, нэг нь ч гэсэн бидэнтэй хамт байгаад” гэх мэдүүлэг /хэргийн 27  дугаар хуудас /,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд наашаа ...... хаалганы нэлээд цаана гэнэт машин маань мурилзаад байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь замын хажуу талын жалга руу ороод л машин эргэх шиг болсон, би сайн санахгүй байна. Тухайн үед айж сандраад юу болоод байгааг ч сайн ойлгоогүй, мэдээгүй. Тэгээд машин унасан хойно машинаас нэг цонхоор гарсан, яг аль цонхоор гарсанаа сайн мэдэхгүй байна. Тэгээд машинаас гараад ирсэн чинь талийгаач Р.Б .........  машины баруун талын хойд хаалганы хажууд дээшээ харчихсан нүүр толгой нь цус болчихсон байсан, би хараад айгаад сайн харж чадахгүй байсан. Тэгээд би нөхөртөө энэ хүн яачихсан юм бэ гээд айгаад орилсон... талийгаач Р.Б болон манай хүү Б.Э  бид гурав хамгаалалтын бүс зүүгээгүй байсан, харин урд сууж явсан манай нөхөр болон Ү.Б  ах хоёр суудлын бүсээ зүүсэн байсан.. цас ороод халтиргаа ихтэй байх шиг байсан, үзэгдэх орчин бол хэвийн байсан.. бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.. бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Эмнэлэгт үзүүлэхэд зүгээр байна гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 25-ны өглөө эрт босоод нохой хошуу түүж байгаад үдээс хойш цас орох гээд тэнгэр муухайрахаар нь бид нар юмаа бэлдээд явахаар болсон. Тэгээд ........ -ийн постны тэндээс машиндаа юмаа ачаад цагийг нь сайн санахгүй байна. Ү.Б  ах машинаа бариад аав жолоочийн хажуу талын урд суудалд нь суугаад харин би аавын хойд талд, ээж хойд талын голын суудалд, талийгаач жолоочийн ар талын суудал дээр сууж байсан. Тэгээд бид нар замын хажуу тал руу далийгаад байсан. Тэгж байсанаа гэнэт замын баруун хажуу талын жалга руу ороод эргэх шиг болоод газар дээшээ хараад унасан, тухайн үед яг хэд эргэж унасныг нь мэдэхгүй байна.. архи дарс хэрэглэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас /,

Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна ... руу хөдөлсөн. Манай найз болох Ү.Б  машинаа бариад харин би урд нь суугаад талийгаач Р.Б  жолооч талын хойд талд, эхнэр хойд талын голын суудалд манай хүү Б.Э хойд талын зүүн суудалд сууж байсан. Тэгээд бид нар ... орох гээд явж байгаад ....  хаалганаас нэлээн цаана явж байгаад гэнэт цасан дээр халтираад машин мурилзаад байсан. Тэгсэн Ү.Б  ах зүүн гар талруугаа машиныхаа жолооны хүрдийг дараад буцаагаад баруун гар талруугаа дарсан. Тэгээд гэнэт хурд нь нэмэгдээд жалга руу явж ороод бүтэн эргээд машин дээшээ харсан.. тэгээд Ү.Б  ах бид хоёрыг машинаас  гарахад талийгаач Р.Б   машины жолооч талын хойд хаалганы хажуу талд дээшээ харчихсан, амнаас нь цус гарчихсан, толгойны баруун тал, духны хажуу хэсэг нь дотогшоогоо хонхойчихсон юм шиг зүүн тал нь хөмсөгний дээд хэсэг буюу чамархай хэсгээр задарчихсан юм шиг цус гарчихсан хэвтэж байсан.. Ү.Б  ах бид хоёр хамгаалалтын бүсээ зүүчихсэн байсан, харин хойно сууж явсан гурван хүн зүүгээгүй байсан.. 40-50 км цагийн хурдтай явж байсан байх, цаанаас ирэхдээ л тиймэрхүү хурдтай явж байсан.. бид нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй.. манай эхнэр хүү бид гурав эмнэлэгт үзүүлэхэд эмч зүгээр байна гэж хэлсэн, бид бэртэж гэмтсэн зүйл байхгүй,.. нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас /,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 113 дугаартай “ Талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доор цус харвалт, дарагдлын ором, няцрал, дух ясны цөмрөл, хугарал, чамархай, дагз, суурь яс, самалдаг ясны цуурал, хугарал, хүзүү хоёр талын олон хавирганы хугарал, хуйханд цус хуралт, дух, хацар бугалганд зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2 болон 3.1.10 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын хурц дутагдалаар нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

Талийгаачийн цус нь А/2 бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хэргийн 3-9 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хэргийн 13-14 дүгээр хуудас/,

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-18 дугаар хуудас/,

Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хэргийн 49-51 дүгээр хуудас/,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 089 тоот техникийн шинжээчдийн дүгнэлт /хэргийн 53-56 дугаар хуудас/,

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа / хэргийн 67 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 69 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ү.Б  нь 2015 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 15 цагийн үед ......  аймгийн ....  сумын .. багийн ..........  гэх газар ....  улсын дугаартай, саарал өнгийн Демо мазда маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-б, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас бусдын амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ү.Б т тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ү.Б д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хохирогч Б.Х-аас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ү.Б  нь энэ хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичиг баримт болох Ү.Б ын ........  дугаарын “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг .....  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгй гэснийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Х-ийн эзэмшлийн 2 500 000 төгрөгийн үнэ бүхий .....  улсын дугаартай Демо мазда маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Ү-ийн  Б ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Алаг-Адуун овогт Ү-ийн  Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч, 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ү.Б д оногдуулсан 3 жил 10 хоногийн  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Ү.Б д оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ү.Б ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ү.Б д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Б д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Ү.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдан ирсэн бичиг баримт болох  Ү.Б ын ....... дугаарын “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Х-ийн эзэмшлийн 2 500 000 төгрөгийн үнэ бүхий ........  улсын дугаартай Демо мазда маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ү.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дуусан үеэс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ү.Б д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ЭНХЖАРГАЛ