| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01601/И |
| Дугаар | 01601 |
| Огноо | 2020-08-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 01601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багт оршин суух, РМ74012064 регистрийн дугаартай, Бөө овогт Бадамсүрэнгийн Отгонбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багт оршин суух, РВ71081317 регистрийн дугаартай, Номт овогт Дарьсүрэнгийн Баатарт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Д.Баатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Д.Баатартай 1992 онд танилцаж, 1993 оны 10 дугаар сард гэр бүл болсон ба 1997 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Баасандорж, 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Баасансүрэн, 1996 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Пүрэвдорж, 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Батням, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Болорсүрэн нарыг тус тус төрүүлсэн. Бид хамт амьдарсан энэ хугацаанд Д.Баатар нь намайг бусадтай хардаж зодох, буу, хутга, сүх барьж айлган сүрдүүлэх болсон ба байнгын дарамт, доромжлол, хүчирхийлэлд байгаад аргагүйн эрхэнд 2009 оны 8 дугаар сараас тус тусдаа амьдарсан боловч хүүхдүүдээ бодоод 2011 оны 10 дугаар сард бид эргэж хамт амьдарсан. Хүүхдүүдээ насанд хүргэе гэж бодоод тэсэж тэвчиж явсан боловч Д.Баатар нь засраагүй бөгөөд 2019 оны 01 сараас хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Одоо би Сумъяа гэж хүнтэй хамт амьдарч байгаа бид Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд амьдарч байна. Намайг архи уудаг, архины хамааралтай гэдэг нь огт худлаа, тийм зүйл байхгүй. Д.Баатар нь 2020 оны 6 дугаар сард ирж намайг ална гээд хутга сүх барьж айлган сүрдүүлж байгаад хонь, ямаа, төлтэйгээ нийлээд бүгд 339 толгой малыг туугаад аваад явсан. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулна. Охин Б.Болорсүрэнг өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Хүү Б.Баасандорж, охин Б.Баасансүрэн нар тусдаа гарсан, хүү Б.Пүрэвдорж, хүү Б.Батням нар насанд хүрсэн одоо аавтайгаа цуг амьдарч байгаа болно.
Эд хөрөнгийн маргааны тухайд: хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 339 толгой малнаас өөрт болон 4 хүүхэддээ ногдох хэсэгт 15.390.000 төгрөгийн үнэлгээ бүхий 273 толгой мал гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.
Гэвч би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Одоо бидний дундын өмч болох 4 хошуу мал буюу 264 толгой малыг дараах байдлаар үнэлж байна. Үүнд: маргах зүйл байхгүй.
Дээрх үнэлгээ бүхий 4 хошуу 264 толгой малнаас Б.Отгонбаяр би өөрт болон охин Б.Болорсүрэнд ногдох хэсэгт бүгд 124 толгой мал буюу 7.210.000 төгрөгийг хариуцагч Д.Баатараас гаргуулж авахыг хүсэж байна. Үүнд:
Хариуцагч Д.Баатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Отгонбаяртай 1993 онд гэр бүл болсон. 1993 онд хүү Б.Баасандорж төрсөн, одоо 28 настай, 1994 онд охин Б.Баасансүрэн төрсөн одоо 27 настай, 1996 онд хүү Б.Пүрэвдорж төрсөн одоо 25 настай, 1997 онд хүү Б.Батням төрсөн, одоо 24 настай, 2011 онд охин Б.Болорсүрэн төрсөн, одоо 9 настай. 2014 онд хүү Б.Баасандорж, 2015 онд охин Б.Баасансүрэн нар тусдаа гарсан. Хамт амьдарсан хугацаандаа Б.Отгонбаярыг зодож нүдэж байсан гэх нь худлаа ба харин Б.Отгонбаяр нь эгч Оюунгэрэл, Сумъяа нарыхаа үгээр байдаг. Мөн Сумъяа гэх хүнтэй нийлж байнгын архины хамааралтай болсон. Охин Болорсүрэнг би өөрөө өсгөсөн, миний хүүхэд мөн, гэвч 2020 оны 7 дугаар сард ирээд аваад явсан. Бидний дунд охин Б.Болорсүрэн хэлмэгдэж байна. Нэгэнт өөр хүнтэй болж хамт амьдарч байгаа, цаашид надтай хамт амьдарч чадахгүй гэсэн учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Б.Болорсүрэнгээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөөс 124 толгой мал буюу 7.210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрч байна. Үүнд: Хургатай хонь 50*50.000=2.500.000 төгрөг, ишигтэй ямаа 48*40.000=1.920.000 төгрөг, тугалтай үнээ 2*400.000=800.000 төгрөг, Хязаалан эр үхэр 2*300.000=600.000 төгрөг, эм шүдлэн үхэр 2*200.000=400.000 төгрөг, шүдлэн хонь 6*45.000=270.000 төгрөг, Хязаалан ямаа 12*35.000=420.000 төгрөг, бяруу 2*150.000=300.000 төгрөг гэсэн энэ үнэ, үнэлгээн дээр маргах зүйл байхгүй. Би дээрх малыг мөнгөөр нь буюу 7.210.000 төгрөгийг Б.Отгонбаяр болон охин Болорсүрэндээ өгнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонбаяр нь хариуцагч Д.Баатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 4 хүүхэддээ ногдох хэсэгт 273 толгой малыг 15.390.000 /арван таван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгөөр үнэлж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “...гэрлэлт цуцлуулах, охин Б.Болорсүрэнг өөрийн асрамжид авч, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин Б.Болорсүрэнд ногдох хэсэгт бүгд 124 толгой мал буюу 7.210.000 төгрөгийг хариуцагч Д.Баатараас гаргуулна” гэжээ.
Гэрлэгчид нь 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “РВ71081317, Номт овогт Дарьсүрэнгийн Баатар, РН74012067 Бөө овогт Бадамсүрэнгийн Отгонбаяр нарын 1993/10/07-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 0010-рт 1997/07/22-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй 115/005628 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрлэгчдийн дундаас 1993 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Баасандорж,
1994 оны 10 дугаар сарын 08-нд охин Б.Баасансүрэн /РВ94100802/, 1996 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Пүрэвдорж /РВ96031015/, 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Батням /РВ97062130/ нар тус тус төрж насанд хүрсэн, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Болорсүрэн /РВ11261506/ төрсөн болох нь №56 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчид 2019 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд уригдсан тал оролцоогүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийллэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Отгонбаяр нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Болорсүрэнг өөрийн асрамжинд авах талаарх шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, мөн хүүхдийн насны байдал, түүний санал болон өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Болорсүрэнг эх Б.Отгонбаярын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдав. Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Б.Болорсүрэнг эх Б.Отгонбаярын асрамжид үлдсэн нь эцэг Д.Баатарын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Б.Болорсүрэнтэй эцэг Д.Баатар хэдийд ч уулзах, тэжээн тэтгэх, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Отгонбаяр, хариуцагч Д.Баатар нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт харилцан тохиролцож “нэхэмжлэгч Б.Отгонбаяр болон охин Б.Болорсүрэн нарт ногдох хэсэгт бүгд 124 толгой мал буюу хургатай хонь 50*50.000=2.500.000 төгрөг, ишигтэй ямаа 48*40.000=1.920.000 төгрөг, тугалтай үнээ 2*400.000=800.000 төгрөг, хязаалан эр үхэр 2.300.000=600.000 төгрөг, эм шүдлэн үхэр 2*200.000=400.000 төгрөг, шүдлэн хонь 6*45.000=270.000 төгрөг, хязаалан ямаа 12*35.000=420.000 төгрөг, бяруу 2*150.000=300.000 төгрөг, нийт 7.210.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Отгонбаяр, охин Б.Болорсүрэнгийн өмчлөлд үлдээхээр” талууд тохиролцсон тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талуудын тохиролцсоноор хувааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 358.889 төгрөгөөс гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 15.390.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 234.900 төгрөг, нийт 305.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 53.789 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Баатараас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 7.210.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 130.310 төгрөг, нийт 200.510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Номт овогт Д.Б, Бөө овогт Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Б-г эх Б.О-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Д.Б-ас 124 толгой мал үүнд: хургатай хонь 50*50.000=2.500.000 төгрөг, ишигтэй ямаа 48*40.000=1.920.000 төгрөг, тугалтай үнээ 2*400.000=800.000 төгрөг, хязаалан эр үхэр 2.300.000=600.000 төгрөг, эм шүдлэн үхэр 2*200.000=400.000 төгрөг, шүдлэн хонь 6*45.000=270.000 төгрөг, хязаалан ямаа 12*35.000=420.000 төгрөг, бяруу 2*150.000=300.000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 7.210.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О, охин Б.Б нарын өмчлөлд өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.889 /гурван зуун тавин найман мянга найман зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ас 200.510 /хоёр зуун мянга таван зуун арав/ төгрөгийг, улсын орлогоос 53.789 /тавин гурван мянга долоон зуун наян ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Д.Б-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Б.О-т тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН