Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0232

 

  


  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0241/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч ***,
Гэрч ***, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000621 дугаартай хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол улсын иргэн, ***төрсөн, *** настай, ***й, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 8 жил хорих ял,
- 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 8 жил 9 сар 8 хоног хорих ял шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 8-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 10 дугаар сарын 08-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 
-2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 6 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 6-нд 1 жил 11 сар 4 хоногийн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан

2.Монгол улсын иргэн, ***төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй*** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-д зааснаар 6 сар хорих, 
-2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил хорих,
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 3 жил хорих, 
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, 
-2004 оны 5 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж,  2006 оны 7 дугаар сарын 1-нд хугацаа дуусч суллагдсан

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа шүүгдэгч ***тай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт ***тоотод оршин суух иргэн сгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***тай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суух иргэн ***гийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    -Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ***гээд залуутай дөрвүүлээ орой 17 цаг 30 минутын воганаар Сэлэнгэ рүү загасанд явах гэж байсан. Тэгээд бирж дээр ***тай таарсан. *** лын ээжтэй манай аав ээж найзууд байсан. Тэгээд ***д загасанд явах гэж байгаа тухайгаа хэлэхэд “миний бие өвдөөд, толгой тархи өвдөөд байна, намайг аваад яваач, би салхинд хэд хоночихоод ирмээр байна” гэсэн. Тэгээд би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд ***  “манайд очиж солих хувцсаа авмаар байна, цуг манайх руу явчихаад ирье” гэсэн. Тэгээд такситай ***ын гэрт ирсэн. Эхлээд *** түрүүлээд орсон. Би гадаа нь тамхи татаад, бие засаад хүлээж байсан. Тэгтэл *** “ороод ирээ” гэж дуудсан. Тэгээд гэрт нь ортол “хөлдөөгчөө ломбарданд тавьчихаад буцаж ирээд авъя” гэж хэлсэн. Би ***ыг өөрийнхөө гэрт өөрийнхөө юмыг л авч байна гэж бодсон. *** манайх руу явчихаад ирье л гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг эмэгтэй ирсэн. Загнаад байсан. Би дүүгийнх нь гэр гэж мэдээгүй. Өөрийнхөө гэрт л ирж байна гэж бодсон. Удаагүй цагдаа ирээд эрүүжүүлэх рүү аваад явсан. 
…Үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсч байна. Би хөгшин настай эхтэйгээ амьдардаг. ***ыг би загасанд явъя гээд байхаар нь хамт авч явахаар болж гэрт нь цуг очсон. Надад бол үнэндээ хулгай хийх бодол байгаагүй. Би урьд нь шорон оронгоор явж байсан. Дахиж ийм алдаа дутагдал гаргаж орохыг юу гэж хүсэх вэ дээ. Би гэртээ очъё гэхээр нь өөрийнхөө гэрт ирж байгаа юм байх гэж бодсон. Цуг загасанд явах байсан хүмүүс хүртэл  мэдэж байгаа. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна.” гэх мэдүүлэг,  

    -Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ***тай таарсан. Тэгээд *** ах бид хэд загасанд явах гэж байна гэсэн. Тэгээд би “миний толгой тархи эргээд байна, агаарт гармаар байна, хамт явъя” гэсэн. Тэгээд хамт явахаар болж солих хувцсаа авчихаад ирье гээд манайх руу явсан. Тэгээд би дүүгийнхээ гэрт очиж, гэр лүү нь түрүүлж орсон. Цоожийг нь эвдээгүй. Охин нь дээр надад зааж өгч байсан. Түлхүүргүй үед энэ шрүпийг нь аваад онгойлгочихдог гэж хэлж байсан. Тэгээд гэртээ орсноосоо хойш ***г дуудсан. Пийшинг санаандгүй байж байгаад унагаасан. Тэгээд хөргөгчөө барьцаанд тавьчихаад эргэж ирээд авна гэж ***д хэлсэн. Тэгж байтал дүү нөхөртэйгээ ирсэн. Цагдаа ирээд аваад явсан. 
…Буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна. Буруугаа гэмшиж байна. Хөргөгч бол дүүгийн хөрөнгө, барьцаанд тавих эрх надад байхгүй.” гэх мэдүүлэг,   

    -Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай нөхөр бид хоёр 15 цагийн үед ажил дээрээ байж байхад манай дарга “та хоёр нэг гэрээ шалгачихаад ирэхгүй юм уу?” гэсэн.  Тэгээд гэртээ иртэл хаалга хаалттай байсан бөгөөд гэр лүүгээ ороход энэ хоёр хөлдөөгч өргөөд гарч байсан. Хаалганы хятад цүүг нь онгойлгоод орсон байсан. Энэ зурган дээр бүх юм байрлуулсны дараа авсан зураг, итгэхгүй байвал тэр хуулийн ажилчид чинь гэрчилнэ. Стенкний хажууд байсан зурагтын залгуур салгаад хөлдөөгчинд байсан 4 шийр гаргаад тавьсан байсан. Бас зуухны үнс хоймороор дүүрэн асгасан байсан. Энэ хоёр гарч зугатаах гээд байсан, би нөхрийгөө цагдаа дууд гэсэн. Тэгээд манай нөхөр цагдаа дуудсан, удалгүй цагдаа ирсэн. Хэрэгт байгаа манай гэрийн зураг бол энэ хоёр хулгай хийсэн өдөр авсан зураг биш, 5-6 хоногийн дараа намайг ажил дээрээ байхад цагдаагийн газраас дуудаж, тэгээд очиж авсан зураг байгаа юм. Би та хоёрын мууг үзэх гээд байгаа юм биш хэзээ хүртэл ингэж явах гээд байгаа юм бэ?, болиоч би та хоёрыг жаахан ч гэсэн халшраасай гэж цагдаад хандсан. Хөгшин настай эхээ бодооч, би таныг гэртээ байлгаж хооллож ундалж байна. Шөнө ирэхэд нь хүртэл манай нөхөр өлсөж байгаа, хоол хийж өг гэдэг.
…Өмнөөс нь хүртэл би хүнд цохиулж нүдээ хүртэл хөхрөөж байсан. Алийн болгон ингэж явах вэ  арай дэндлээ. Сүүлийнх нь үйлдэл дээр л цагдаад өгсөн. Өмнө нь бол хөргөгчинд байсан мах, сүү, хүүхдийн мотоцикль зэргийг хулгайлж аваад зарж байсан.
…Би бол худлаа яриагүй. Байгаа зүйлийг байгаагаар нь л ярьсан. Би энэ хоёрыг заавал ял шийтгэл эдлүүлэх гээд байгаа юм биш юмыг ухаараасай гэсэндээ л ингэж цагдаад хандсан. ***ын хөгшин настай ээж нь хүртэл ирсэн байна. Би ч бас төрсөн ахыгаа шорон оронгоор явуулаад байхыг хүсэхгүй байна.” гэх мэдүүлэг, 

    -Гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр түрүүлж орсон. Гэрийн гадаа ирэхэд яндан далийгаад унасан байсан болохоор нь машинаа гэрийн үүд рүү шахуулж тавиад зогссон. Тэгэхэд Амаржаргал, Баярбат хоёр хөлдөөгч өргөөд гэрийн босго бараг даваад гарч явсан.
…Пийшингийн үнс хоймороор нэг асгарсан байсан. Бас зурагтыг залгуураас нь салгасан байсан.” гэх мэдүүлэг, 

    -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-14 дэх тал/,
    -Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 17-18 дахь тал/,
    -Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай урд хашааны гадна жижиг цагаан машин ирж зогсоод машин дотроос 2 эрэгтэй хүн буугаад манай урд хашаанд монгол гэрт амьдардаг *** ахынх руу орох шиг болсон.
    ... ***  эгч хашхираад эхэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод яваад орсон. *** ахын гэрт байсан хөлдөөгчийг нь гэр дотор нь хаалганы хажууд тавьсан, зуухны янданг нь авч тавиад зуухыг нь хөргөгчний ард нь тавьсан байсан ба гэрт нь Амараа эгч, *** ахаас гадна ***  эгчийн ах нь гээд нүд муутай ах /нэрийг нь мэдэхгүй/ бас нэг өндөр хар эрэгтэй хүн байсан. ***эгч ах руугаа “би цагдаа дуудлаа, за юу” гэж хашхираад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дахь тал/,
    -Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаа /хэргийн 42 дахь тал/,
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 88, 105 дахь тал/,
    -Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 103-104, 121-122 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүй болох хугацаа дуусаагүй байхад ***тай бүлэглэн, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суух иргэн ***гийн гэрээс бага бус хэмжээний эд хөрөнгө /хөлдөөгч/ хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, шүүгдэгч *** нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суух иргэн ***ийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн гэрт нь нэвтрэн орж, улмаар ***тай бүлэглэн, бага бус хэмжээний эд хөрөнгө /хөлдөөгч/ хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Хохирогч ***нь “нөхөр, бид хоёрыг гэртээ ороход ***хоёр зурагтыг залгуураас нь салгасан, зуухны үнсийг асгаж, янданг нь салгаж авч явахад бэлэн болгосон байсан” гэх мэдүүлэг өгч байх боловч түүний энэ мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 Хэрэг учрал болсон даруйд Цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан талаар мэдэгдэж дуудлага өгөхөд мэдээлэл хүлээн авагч цагдаа хэргийн газарт шуурхай очсон боловч хэргийн газрын үзлэгийг 6 хоногийн дараа буюу 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийсэн байх тул хохирогч ***ийн “зурагт, зуух, яндан хулгайлахыг завдсан” гэх мэдүүлгийг нотлох боломжгүй болсон байх бөгөөд шүүгдэгч ***, *** нар нь “зурагт, зуух, яндан хулгайлахыг завдсан” болох нь тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нар нь эдгээр эд зүйлийг хулгайлах гэж байсан гэх субьектив санаа нь нотлогдохгүй байна.
    Иймд шүүгдэгч  ***, *** нарыг хохирогч ***ийн гэрээс зурагт, зуух, яндан хулгайлахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***ыг урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бүлэглэн, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, шүүгдэгч ***ыг бүлэглэн,  орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч *** нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоног, шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
    Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад
    
     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

    1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарыг хохирогч ***ийн гэрээс зурагт, зуух, яндан хулгайлахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
    2.Шүүгдэгч ***ыг урьд булаах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бүлэглэн, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, шүүгдэгч ***ыг бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч ***аас 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил 3 сар /нэг жил гурван сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***аас 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жил /нэг жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял дээр  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 4  хоногийн хорих ялаас заримыг буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ***ын биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
    6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэргийн улмаас 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоног, шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
    10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                         Ж.МӨНХТУЯА

                              Т.ЭНХЖАРГАЛ