| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01855/И |
| Дугаар | 101/ШШ2020/02695 |
| Огноо | 2020-07-28 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2020/02695
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Ц К” ХХК/рд: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б-д холбогдох
"Орон сууц захиалах" гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвнямсүрэн, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц К” ХХК-нь 2016 онд “И С” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд тусгагдсан бартерын байруудыг 2017 оны 6 дугаар сараас эхлэн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг нь авч үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон гэрээ хийсэн. Худалдан авагч нар нь банкны зээл гараагүй байхад тус байрандаа орсон. Одоо хүртэл тус байрандаа амьдарч байгаа. Тус компани нь иргэн Б.Б-тэй 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалга 17/07 тоот гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд нягтлан бодогч н.******* нь захирлын зохих зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурж байгуулсан. “И С” ХХКнь “Ц К” ХХК--д ажлын хөлсөнд 13 ширхэг орон сууцыг ажлын хөлсөнд шилжүүлж өгсөн. “Ц К” ХХК-нь худалдах, захиран зарцуулах бүрэн эрхтэй этгээд бөгөөд, тус байрнууд “Ц К” ХХК--ийн өмч. Мөн дээрх орон сууцыг нягтлан бодогч нь захирал н.Гантөмөрийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж, орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Иргэн Б.Б- нь өнөөдрийг хүртэл манай компанид хохирол учруулсаар байна. Б.Б-тэй байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 17/07 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны ******* цогцолбор хорооллын 000 тоот орон сууцыг Б.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг харахад “Ц К” ХХК-болон Б.Б- нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан байгаа. “Ц К” ХХК-нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Б.Б- нь хариуцагчаар дуудагдсан. Тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. 2017 оны нэхэмжлэлийн агуулга нь одоо гаргасан энэ нэхэмжлэлтэй адилхан. Хариуцагчийн орон сууцнаас албадан гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд адилхан. Үүнийг шүүх шийдвэрлэсэн. Нэгэнт хэргийг шийдвэрлэсэн учраас Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахад үндэслэлд дурдагдсан хэргийг шийдвэрлэсэн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй үзэж байна гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц К” ХХК-нь хариуцагч Б.Б-өд холбогдуулан "Орон сууц захиалах" гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч хариуцагч нэхэмжлэгч талтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 3-т “..... уг байрыг улсын комисс хүлээн авсны дараа орон сууцны зээлд хамрагдсанаар төлнө.” гэж заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон шүүх энэ асуудлыг шийдвэрлэсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Зохигчдын хооронд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* цогцолбор хороолол, 1 дүгээр байр 1 орц 000 тоот хаягт байрлалтай, 44.48 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 66,720,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 20,016,000 төгрөгийг төлж, орон сууцанд амьдарч байна.
Уг гэрээнд нэхэмжлэгч “Ц К” ХХК--ийг төлөөлж нягтлан бодогч П.*******, хариуцагч Б.Б- нар харилцан тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр №17/67 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-г байгуулжээ./хх-ийн 6 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь “Орон сууц захиалах гэрээ” гэсэн нэртэй хэдий ч нэхэмжлэгч бэлэн болсон орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч түлхүүрийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр төлж амьдарч байгаа зэрэг тайлбараас үзэхэд талуудын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хавтас хэрэгт “И С” ХХК, “Ц К” ХХК--ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 06/АС901 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, ******* цогцолбор хороолол, 0дүгээр байр 1 орц F тоот хаягт байрлалтай, 44.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 57,824,000 төгрөгт тооцон гэрээний 2.2-т зааснаар Алтан цогцолбор барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК, ******* констракшн ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 16/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16/04 тоот “Нэмэлт гэрээ”-ний 2.9, 2.11-т заасны дагуу үнийг төлж барагдуулна.” “И С” ХХК-иас “Ц К” ХХК--д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Тодорхойлолт гаргах нь” баримт авагджээ./хх-ийн 8-12 дугаар тал/
Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* цогцолбор хороолол, 1 дүгээр байр 1 орц 000 тоот хаягт байрлалтай, 44.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц ашиглалтад орсон хэдий ч Улсын комисс хүлээн аваагүй, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, хариуцагч тухайн орон сууцанд амьдарч байгаа гэх тайлбарыг зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, энэ хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ;
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ******* констракшн ХХК-ийн эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгоогүй байхад нягтлан бодогч нь хариуцагчтай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрт дээрх маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу шилжүүлсэн, нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч мөн эсэх, “Ц К” ХХК--ийн захирал компанийн нягтлан бодогчид ямарваа хэлцэл, гэрээнд гарын үсэг зурах эрх олгоогүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч “Ц К” ХХК-нь хариуцагч Б.Б-өд холбогдуулан үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг тус шүүх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 101/ШШ2019/02651 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 30-35 дугаар тал /
Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууц захиалах гэрээ”-г байгуулж, хариуцагч орон сууцны урьдчилгаанд 20,016,000 төгрөгийг төлж, өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа гэдэгт нэхэмжлэгч тал маргаагүй атлаа “тус компанийн нягтлан бодогч нь хариуцагчтай байгуулсан гэрээг захирал хоёр жилийн хугацаанд мэдээгүй, 2019 онд мэдсэн” гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* цогцолбор хороолол, 1 дүгээр байр 1 орц 000 тоот хаягт байрлалтай, 44.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох баримтаар тогтоогдохгүй байх тул бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй болно.
Иймд зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, “Ц К” ХХК--ийг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* цогцолбор хороолол, 0дүгээр байр 1 орц 000 тоот хаягт байрлалтай, 44.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл тус тус нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц К” ХХК-/рд: /-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогт Б.Б /рд: /- д холбогдох “Орон сууц захиалах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 561,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ