Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2020/02696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К” ХХК-д холбогдох

42,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүү хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, түүний өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчид шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.О-миний бие нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “Энканто таун” хотхон орон сууцны хороололд 801 дүгээр байр, 6 дугаар давхар, 59 тоот 105.32м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаар 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 801/259 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г “К” ХХК-тай байгуулсан. Анх гэрээ байгуулахад үзүүлсэн загвар, барилгын зураг, олон нийтэд түгээсэн зар сурталчилгаагаар манай захиалсан байрны өмнө барилга барихгүй гэж байсан боловч тухай захиалсан байрны цонхны нарыг хааж урд талд нь барилга баригдсан байдаг. Тус гэрээгээр “К” ХХКнь 2013 оны 02 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч тухайн үүргээ хугацаандаа биелүүлээгүй ашиглалтад оруулаагүй 9 сараар хожимдсон байдаг.

Тухайн баригдсан барилга нь гэрээ байгуулах саналд дурдсан хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөсөн талбайд өөр орон сууцны барилга баригдсан, барилга хоорондын зай хэт ойрхон, барилгын норм стандартыг зөрчсөнөөс захиалсан байранд нар тусахгүй, харанхуй, хүйтэн болсон, орон сууцны дотоод заслыг захиалагчийн сонголтоор гүйцэтгэх үүргээ зөрчсөн зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн хугацаа хожсон, хуурсан мэхэлсэн, гэрээг зөрчсөн үйлдлээс болж Э.О-миний бие “К” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн164,719 ам.доллар буюу 397,083,152 төгрөг, гэрээний дагуу төлсөн 32.000.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 51,726,77 төгрөг, нийт 480,809,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/000000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэсэгчлэн хангасан байдаг. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2176 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ20119/00373 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн “...”К” ХХК-иас 436,670,337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.О- олгох...”шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

Үүнээс үүдэн “К” ХХКнь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол миний бие нь өнөөдөр цаг хугацаа, сэтгэл санааны болоод эд хөрөнгийн хохиролд орохгүй байсан. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн өөрийн эрхийг хамгаалуулахын тулд өмгөөлөгч авсан. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол өмгөөлөгч авч шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэхгүй байсан. Тухайлбал Иргэний хуулийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан болохыг хохиролд тооцно” гэсэн байдаг. Иймд Иргэний хуулийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан бусад хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасанчлан “К”ХХК нь гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарсан өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 42,000,000 зардлыг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд хянагдаж буй Э.О-ийн нэхэмжлэлтэй “К”ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлсөн 42,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага юм. Учир нь: Монгол улсын Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар... хууль зүйн туслалцаа авах... эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд иргэн хүн өөрийнхөө Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өөрт нь хохирол учруулсан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Хууль зүйн мэдлэг боловсролтой мэргэжлийн хүнтэй хууль зүйн  туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, энэ нь Э.О-болон өмгөөлөгч нарын хүсэл зоригийн үндсэн дээр үүссэн харилцаа байхад манай байгууллага өөрийнх нь өмнөөс хууль зүйн туслалцаа авахуулж хохироосон мэтээр нэхэмжилж байгаа нь энгийн ухаанаар бодоод үзсэн ч байж боломжгүй зүйл юм. Хохироогоод байгаа юм бол анхнаасаа хууль зүйн туслалцаа авалгүйгээр нэхэмжлэл гаргаад, шүүхээр шийдвэрлүүлэх боломж байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж, мөн Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж тус тус заасан байдаг. Гэтэл сайн дурын үндсэн дээр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ мөн өөр этгээдтэй байгуулсан гэрээний хөлсийг нь манай байгууллага хохирол болгож, тэрийг нь төлөх ямар ч үндэслэл байхгүй.

Манай байгууллагаас та өмгөөлөгч ав, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаа гээд байгуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зүйл байхгүй. Харин ч өөрөө өөртөө зориулж үйлчилгээ авч бусдад хөлс төлчхөөд тэрийг нь “К” ХХК-хариуцах учиргүй бөгөөд ямар ч үндэслэлгүй маргаан шүүхэд үүсгэж Э.О-нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, өмгөөллийн тухай хуульд заасны дагуу өмгөөлүүлэх эрхтэй бөгөөд хэрэгжүүлсэн эрхэнд нь манай байгууллагаас ямар нэгэн үүрэг хүлээхгүй юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдоос гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О-нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний үүрэг зөрчсөний улмаас өмгөөллийн хөлсөнд 42,000,000 төгрөгийг төлсөн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч иргэний эрх зүйн маргаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь Үндсэн хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрх. Манай компани өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа ав гэж нэхэмжлэгчээс шаардаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарт дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “К” ХХК-д холбогдох “Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 164,719 ам доллар буюу 397,083,152 төгрөг, гэрээний дагуу төлсөн 32,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 561,726,777 төгрөг. нийт 480,809,930 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2176 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00000 тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 8-26 дугаар тал/

Нэхэмжлэгч Э.О нь дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар тохиролцон, түүнтэй гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 42,000,000 төгрөгийг төлжээ.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчид өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж байсан талаар маргаагүй.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “......шүүхэд гомдол гаргах, ....өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж хуульчилсан. 

Нэхэмжлэгч Э.О, өмгөөлөгч Д.Мөнхтуяа  нар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгыг тодорхойлон чөлөөтэй байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжийг агуулсан гэж үзэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.” гэж зааснаар өмгөөлөгч нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, Э.О нь гэрээгээр тохирсон өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс төлөх үүргийг хүлээжээ.

Нэхэмжлэгч Э.О Хаан банкны 00000000 дугаар данснаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Лх*******ын 00000000 тоот дансанд 75,000,000 төгрөгийг шилжүүлж, ******* тоот данснаас  Д.Мөнхтуаягийн Хаан банкны  5059121657 дугаар дансанд 42,000,000 төгрөгийг шилжүүлсэн  баримт хавтас хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч Э.О-Иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 42,000,000 төгрөгийг  өмгөөллийн хөлсөнд төлсөн үйл баримт тогтоогдсон.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлж, Э.О-гэрээнд тохирсон өмгөөллийн хөлсийг төлж, тэдгээрийн хооронд гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн огноотой “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” нь өмгөөлөгч Д.Мөнхтуяа, үйлчлүүлэгч Э.О******* нарын хооронд байгуулсан, 42,000,000 төгрөгийг Д.Лх*******оос, Д.М_ийн дансанд тушаасан нь тухайн хэрэгт Э.О-с өмгөөллийн хөлс төлсөн эсэх баримтаар тогтоогдохгүй гэж маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд Э.О-, “К” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбогдон өмгөөллийн хөлсөнд төлсөн 42,000,000 төгрөгийг хохирол гэж шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Э.О-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч “К” ХХК-д холбогдох 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ